Бид энэ удаагийн ярилцлагын буландаа Монголд хүлээлгийн кофены соёлыг дэлгэрүүлж буй “The Seed Book Cafe”-гийн үүсгэн байгуулагч Ж.Бямбасайханг урьж оролцууллаа. Уг кафед кофе уух хэрэгцээтэй байгаа нэгнийг дайлж, эрч хүч бэлэглэх боломжтой бөгөөд биднийг очиход цэс бичих самбар дээр 11 ширхэг хүлээлгийн кофе эзнээ хүлээж байсан юм.
Ингээд өвлийн жиндүүхэн өдөр түүнтэй халуун кофе уунгаа хүлээлгийн кофены соёлыг нэвтрүүлэх болсон шалтгаан, залуу бизнес эрхлэгчдэд тулгардаг бэрхшээл болон бусад сэдвийн тухай ярилцсаныг хүлээн авна уу.
YOLO: Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Бизнесээ эхлүүлэх санаа тань анх хаанаас төрсөн бэ?
- Залуучуудын боловсрол, хөгжлийн төлөөх төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулж, сүүлийн арав орчим жил үйл ажиллагаа явуулж байна. Энэ байгууллага маань залууст сэтгэл зүй болон гэр бүл төлөвлөлтийн тухай мэдлэг олгохоос гадна тэднийг мэдлэг боловсролтой боловсон хүчин болгоход туслах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Ингээд энэ чиглэлээр ажиллах явцад залууст өсөж хөгжих тав тухтай орчин хэрэгцээтэй байгаа нь ажиглагдсан. Залууст зориулсан төв нь ашгийн бус үйл ажиллагаа явуулахад түрээс төлөхөөс эхлээд зардал ихтэй. Харин кофе шоп байгуулснаар энэ зардлыг нөхөж, ашигтайгаар ажиллах боломжтой гэж үзсэн юм. Залуус кофе шопд цагаа их өнгөрүүлдэг шүү дээ. Ингээд л “The Seed Book Cafe”-г нээсэн дээ.
YOLO: Зарим уншигчид маань хүлээлгийн кофе гэж юу болохыг гайхаж байгаа байх.
- Энэ нь кофе уух үнэхээр шаардлагатай байгаа нэгэнд зориулагдсан үйлчилгээ юм. Та хангалттай мөнгөтэй байгаа бол хүлээлгийн кофеноос авах шаардлагагүй. Үүний оронд мөнгө муутай яваа ч кофе уух шаардлагатай байгаа хэн нэгэнд кофе үлдээх боломжтой. Кофе шопд хүнтэй уулзах, интернэт ашиглах, хичээлээ хийх тохиолдолд ямар нэг бүтээгдэхүүнийг заавал худалдан авах шаардлага гардаг. Энэ бол бичигдээгүй хууль шүү дээ. Гэвч хүний амьдралд мөнгөтэй, мөнгөгүй үе ээлжлэн тохионо. Кофе шопоо нээснээс хойш үүнийг анзаарч, мөн нэгэн үйлчлүүлэгч маань санал тавьснаар хүлээлгийн кофены үйлчилгээг нэвтрүүлсэн. Сонирхуулахад тэр үйлчлүүлэгч маань тухайн үед гурван кофег хүлээлгэд үлдээснээр энэхүү үйлчилгээ маань нэвтэрч байлаа. Энэ цагаас хойш хүлээлгийн кофенд кофе байхгүй өдөр маш ховор болсон. Нэг үйлчлүүлэгч маань бүр 20 ширхэг кофег хүлээлгэд үлдээж байсан тохиолдол ч бий.
Үйлчилгээний Start-Up байгууллагууд зөвхөн өөрсдийн үйл ажиллагаагаа явуулж, ажилчдаа цалинжуулахаас гадна бусад бизнесүүдтэй хамтарч, нэгнээ дэмжин ажилладаг. Манайхтай хамтарч ажилладаг газрууд хүлээлгийн кофений үйлчилгээтэй болсон талаар сонсоод хүлээлгийн бялуу хүртэл үлдээж байсан удаа бий. Үйлчлүүлэгчдээс пицца болон бусад бүтээгдэхүүн үлдээх санал гарч байсан ч одоогоор зөвхөн кофе болон бялуу үлдээх боломжтой. Цаашид илүү олон бүтээгдэхүүнийг хүлээлгэд оруулах талаар судалж байна.
YOLO: Таны хувьд энэ соёл хэр үнэ цэнтэй вэ?
- Монголчууд эрт дээр үеэс “Өгье гэвэл ганцаасаа” гэж ярьсаар ирсэн шүү дээ. Энэ бол нэг талаасаа өгөөмөр, нинжин сэтгэлийг дэлгэрүүлж буй сайхан үг ч нөгөө талаасаа соёлын маань нэг хэсэг. Илүү гарсан бүтээгдэхүүнээ үйлчлүүлэгчдэдээ үнэгүй өгөх, аль эсвэл үйлчлүүлэх татах гэхээсээ илүүтэйгээр өгөх авахын соёлыг түгээн дэлгэрүүлэхийг зорьж байна. Халаасандаа мөнгөгүй ч ном уншиж хичээлээ хийхээр ирсэн залууст хүлээлгийн кофе маань бүтэн өдрийн эрч хүчийг мэдрүүлдэг. Одоогийн энэ хүнд хэцүү нийгэмд эерэг, зөв хандлагыг түгээж байгаа гэдэг утгаараа миний хувьд маш үнэ цэнтэй.
YOLO: Анх номын кафегаа нээхэд хүмүүс хэрхэн хүлээн авсан бэ?
- Сүүлийн жилүүдэд Монгол улсад олон кофе шопууд нээгдэж байна. Кофе сонирхогчид шинэ газар нээгдэх бүрд орж, шинэ орчинд шинэ амтыг амталж үздэг. Залуучуудын хувьд ажил, сургуультайгаа ойрхон, төв зам дагуу газруудаар үйлчлүүлэх дуртай. Тиймээс манайхыг хүмүүс маш эерэгээр хүлээн авч байсан.
YOLO: Залуу хүний хувьд бизнес эхлүүлэхэд ямар бэрхшээл тулгарч байв? Танай кафег нээгдээд удаагүй байхад “COVID-19” цар тахал гарсан.
- Өнгөрсөн жилийн нэгдүгээр сард эхнэртэйгээ төлөвлөгөө гарган түрээсийн гэрээ байгуулж, засвараа хийж эхэлсэн юм. Гэтэл арав гаруй хоногийн дараа хил хаагдаж хөл хорио тогтоосон. Тухайн үед засварын материал, тоног төхөөрөмж зэргээ худалдан авч, төлөвлөгөөний дагуу ажлуудаа эхлүүлчихсэн байсан учраас буцах зам байгаагүй. Ингээд зарим тохиолдолд уян хатан байж, төр засаг, цар тахлын байдал намжих болов уу гэсэн хүлээлттэй байсаар зургадугаар сард нь нээлтээ хийж байлаа. Нэг талдаа бэрхшээлтэй юм шиг боловч нөгөө талдаа шинэ бизнес эрхлэх гэж буй хүний хувьд ирээдүйн олон сорилтыг тооцоолж, бэлтгэлээ хангах хугацаа олгосон. Энэ жилийг давчихвал ирээдүйд энэ байтугай олон сорилтод бэлэн байх болно гэж найдаж байна.
YOLO: Танай номын кафены бусдаас ялгарах онцлог юу вэ? Хүмүүс танай кафег зорьж ирэх шалтгааныг нэрлэвэл.
- Анх төлөвлөгөө гаргахдаа үндсэн дөрвөн зүйлийг чухалчилсан. Нэгдүгээрт, тав тухтай орчин. Оюутан сурагчдын хувьд олуулаа хичээлээ хийх, уулзалт зохион байгуулах үе цөөнгүй учир VIP өрөөндөө зурагт байрлуулж, тайлан болоод илтгэл тавих орчинг бүрдүүлсэн. Хоёрдугаарт, ширээ бүрийн хажууд залгуур байршуулсан. Зөвхөн залуусын хувьд ч гэлтгүй хүн бүрийн хувьд энэ шаардлага тулгардаг. Зарим залгуур маань USB оролттой учир амар байдаг. Гуравдугаарт, номын сан. Одоогоор бүрэн тохижуулж амжаагүй байгаа бөгөөд үйлчлүүлэгчдийн бэлэглэсэн номуудаар номын сангаа баяжуулж байна. Бизнес маань тогтворжсоны дараа орлогынхоо тодорхой хувийг шинэ номд зарцуулахаар төлөвлөсөн. Дөрөвдүгээрт, хямд үнэ + чанартай үйлчилгээ. Кофе шопоо залуусыг дэмжих зорилгоор нээсэн учир бүтээгдэхүүнийхээ үнийг хамгийн хямдаар тогтоохыг зорьсон.
YOLO: “The Seed” нэрийн утгыг тайлбарлавал.
- Бүх зүйл жижиг үрээс эхэлдэг. Хүн хүртэл үр хөврөлөөс бий болдог. Үр анхандаа асар жижигхэн байдаг ч түүн дотор хэмжээлшгүй их нөөц баялаг, боломж бий. Өмнө нь хэлсэнчлэн залуучуудад өсөж, хөгжих маш их хүсэл эрмэлзэл, нөөц баялаг байдаг. Харин тэдэнд бага зэргийн усалгаа, хөрс, орчин нөхцөл шаардлагатай юм. Эдгээрийг зөвхөн төр засаг хийхийг хүлээвэл цаг хугацаа алдах болно. Тиймээс бид залуучуудыг дэмжих хөрс, шороо, ус, агаар нь болохоор ажиллаж байна.
Бид лого дээрээ “READ, LEARN, GROW” гэсэн гурван үгийг уриа болгон шигтгэсэн. Энэ нь унш, тасралтгүй суралц, өсөж хөгж гэсэн утгатай.
YOLO: Манай улсад кофе шопоор үйлчлүүлэгчдийн соёл ямар түвшинд байна вэ?
- Манай улсын хувьд кофе харьцангуй шинэ соёл хэдий ч хурдтай дэлгэрч байна. Үйлчлүүлэгчид ч мөн энэ соёлд богино хугацаанд дасан зохицож соёлтой үйлчлүүлдэг болсон. Зарим тохиолдолд бууз, хуушуур асууж цайны газруудтай андуурах тохиолдол байдаг. Мөн ахимаг насны хүмүүс орж ирээд ганц аяга кофе ийм үнэтэй байдаг юм уу гэж гайхах үе ч бий. Гэхдээ бид нар үүнийг нь төвөгшөөлгүйгээр ганц аяга гэж хэлж байгаа кофе ямар олон шат дамжлагаар бэлтгэгддэгийг тайлбарлаж ойлгуулахыг зорьдог. Богинохон хугацаанд ч гэсэн мэдлэг олгож, энэ соёлыг дэлгэрүүлээд л явж байна даа.
YOLO: Кофе шопын үйл ажиллагааг явуулахад ямар үндсэн зарчим баримталдаг вэ?
- Кофены амт чанар хамгийн чухал учраас бэлтгэхдээ олон улсын стандартыг баримталдаг. Кофены үрийн хувьд зөвхөн манайд зориулан Монголдоо хуурсан шинэхэн кофег ашиглаж байна. Мөн кофенд дуртай, амтыг нь мэдэрч уудаг хүмүүсийг ажилд авдаг. Стандартаас гадна мэдрэмж их чухал шүү дээ. Харин үйл ажиллагаагаа явуулахад харилцааны соёл, найрсаг, тусч байдлыг зарчим болгодог. Манайхаас ямар нэгэн зүйл худалдаж авахгүй байсан ч үйлчлүүлэгчдэдээ хэрэгцээтэй зүйлээр нь туслахыг хичээж байна.
YOLO: Бүхий л бизнест эрсдэл байдаг шүү дээ. Таны бизнест ямар эрсдэл байна вэ?
- Үйлчилгээний салбарт гаднын гэхээсээ илүүтэйгээр дотоод хүчин зүйлээс шалтгаалах эрсдэл их бий. Жишээлбэл үйлчилгээний болон эрүүл ахуйн стандартыг дагаж мөрдөхгүй байх, тогтвортой хадгалахгүй байхаас эхлээд үйлчлүүлэгчдээ алдах, үйл ажиллагаа доголдох олон эрсдэлтэй. Тиймээс ажилчдаа энэ тал дээр сайтар сургаж, тасралтгүй хөгжүүлж, өөрсдөө ч мөн хөгжихийг зорьж байна.
YOLO: Хөл хорионоос шалтгаалж бизнесүүдэд хүний нөөцийн асуудал тулгарах болсон. Одоогоор хэдэн ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна вэ?
- Сүүлийн хоёр удаа хөл хорио тогтоохоос өмнө найман ажилтантай байсан бол одоогоор таван ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Үйлчлүүлэгчдийн тоо бага байгаа учир гурван ажилтнаа түр хугацаанд амраасан.
Ажилтан сонгон шалгаруулах тухайд зарим ажлын байранд заавал тогтвортой ажиллах шаардлага тавьдаггүй. Ажилд горилогч маань оюутан байсан ч болно. Үнэхээр л кофенд дуртай залууст үгүй гэж хэлж чаддаггүй юм. Кофены соёлыг мэддэг, мэдэрч амталдаг хүн бусдад сайхан кофе бэлтгэж өгнө. Манай бүх бариста нар дээд зэргийн кофечид /инээв/. Тэд зөвхөн уух дуртай гэхээсээ илүү таашааж мэдэрдэг.
YOLO: Сүүлийн үед олон нийтийн сүлжээнд бүтээгдэхүүн, брэндээ сурталчлах нь үр дүнтэй болсон. Таны хувьд сошиалыг хэрхэн, ямар арга барилаар ашигладаг вэ?
- Манай бариста нар энэ тал дээр санаачилга их гаргадаг. Одоогоор Фэйсбүүк болон Инстаграмыг идэвхтэй ашиглаж байна. Өөрсдийн бэлтгэж буй кофены зураг, мэдээ, мэдээллийг цаг алдалгүй оруулдаг. Цаашлаад хэд хэдэн контентууд хийхээр бэлтгэл ажилдаа орсон. Зөвхөн үйл ажиллагаагаа сурталчлахаас гадна кофены соёл болон залуучуудыг өсөж хөгжихөд чиглэсэн контентуудыг олон нийтэд хүргэх болно. Анх зааландаа сонирхолтой клуб, уулзалт зэрэг олон үйл ажиллагаа хийхээр төлөвлөсөн ч цар тахлын улмаас хийж чадалгүй өдийг хүрлээ. Цаг сайхан болох үед маш олон зүйлсийг хийхээр төлөвлөсөн.
YOLO: Кафегаар үйлчлүүлсэн хүмүүсээс сэтгэлд тод үлдсэн үйлчлүүлэгч байдаг уу?
- Хүлээлгийн кофе авсан хүмүүс маш гоё хариу үйлдэл үзүүлдэг. Үнэхээр хэрэгцээтэй үед нь тусалсан болохоор бидний зүгээс ч маш их баярладаг. Мөн хүлээлгийн кофе авсан хүн хэзээ ч мартдаггүй. Дараа нь боломжтой болох үедээ бүр нэмж ч өгдөг. Энэ нь эргэх холбоог бий болгож байгаа юм. Манай байнгын үйлчлүүлэгчид орж ирэхдээ "нэг кофе аваад нэг кофе үлдээе" гэдэг бичигдээгүй соёлтой болсон. Тэр хүний дотор бусдад туслах юм сан гэдэг сэтгэл үргэлж байж байдаг нь надад их сайхан санагддаг.
YOLO: Ирээдүйд шинэ салбар нээхээр төлөвлөж байгаа юу? Таны цаашдын зорилго юу вэ?
- Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж, илүү олон залуучуудын амьдралд дэмжлэг болохыг зорилго болгож байна. Цагаан сарын хөл хорионы дараа дахин нэг салбар нээж үйлчилгээний стандартаа нэг түвшин ахиулахаар төлөвлөсөн. Бидний явуулж буй энэхүү үйл ажиллагаа хөдөө орон нутгийн иргэдэд ч таалагдсан учир хамтран ажиллах санал их ирдэг. Манайх зөвхөн бизнес биш залуучууд хөгжлийн төв гэдэг зорилготой нийцэж буй хүмүүстэй хамтарч ажиллахад хэзээд нээлттэй.
YOLO: Шинээр бизнесээ эхлүүлэх гэж буй залууст зөвлөгөө өгөөч. Залуучууд зах зээлд өрсөлдөхөд хэр их боломж байдаг вэ?
- Миний 18 настай байх үеийг одоо үетэй харьцуулахад залуучууд бизнес эрхлэхэд асар их боломжтой болжээ. Тухайн үед бизнес хийнэ гэдэг санаанд ч багтдаггүй байлаа. Цахим орчин сайн хөгжөөгүй, боломж нь ч бага байсан. Бүх зүйл аав, ээжээс хамааралтай. Харин одоо залуучууд бизнес хийхэд боломж, орчин, нөхцөл нь хангалттай бүрдсэн. Гэхдээ сэтгэл хөдлөлөөр битгий хандаарай. Тодорхой судалгаа, төлөвлөгөө заавал хэрэгтэй. Судалгаан дээр үндэслэсэн бизнес амжилттай, тогтвортой байх магадлал өндөр. Зөвхөн сайхан санаа байх хангалтгүй учир түүнийгээ хөгжүүлж, алхам хийгээрэй.
YOLO: Ярилцсанд баярлалаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх