“Мөрөөдөлд хүрэх зам” арга хэмжээг мэдэхгүй хүүхэд, залуус ховор биз ээ. Тун удахгүй буюу энэ Ням гарагт (04.08) Тусгаар тогтнолын ордонд “Мөрөөдөлд хүрэх зам-3” болох гэж байгаа билээ. Тэгвэл тус арга хэмжээний зохион байгуулагч Х.Идэртэй цөөн хором ярилцлаа.
YOLO: Сайн уу. “Мөрөөдөлд хүрэх зам” арга хэмжээг зохион байгуулахын гол зорилго нь юу байдаг вэ?
- Манайд хүүхэд залууст зориулсан лекц, боловсролын өдөрлөг гээд маш олон төрлийн арга хэмжээ болдог болсон. Би өөрөө ч тухайн үйл ажиллагаануудыг судалж хэд хэдэн удаа оролцож байсан.
Миний бодлоор зарим өдөрлөг, үйл ажиллагаанд оролцсон хүүхэд авахыг хүссэн мэдээллээ хангалттай авч чаддаггүй юм болов уу гэж анзаарсан. Тиймээс тэдэнд зориулсан яг чухал мэдээллээр “цатгасан” үйл ажиллагаа зохион байгуулахыг хүссэн нь “Мөрөөдөлд хүрэх зам”-ыг анх санаачлах шалтгаан болж байсан.
Анхны үйл ажиллагаагаа бид 2017 онд “Улаанбаатар Элит” сургууль дээр 500 гаруй хүүхдүүдийн оролцоотойгоор хийж байсан. Дараагаар нь “Мөрөөдөлд хүрэх зам-2” арга хэмжээг бид Монголын Хүүхдийн Ордонд 600 гаруй хүүхдийн хамтаар хийсэн. Тухайн үед энэ үйл ажиллагааны хүрээнд “Мөрөөдөлд хүрэх зам” уран илтгэлийн тэмцээнийг амжилттай зохион байгуулж байсан.
YOLO: Энэ удаагийнх буюу “Мөрөөдөлд хүрэх зам-3” арга хэмжээ өмнөхөөсөө юугаараа онцлог вэ?
- Гол онцлог нь гэвэл бид энэхүү өдөр олон төрлийн зүйлийг нэг дор багтаахыг зорьж байна. Уламжлалт ёсоор амжилттай яваа эрхмүүдийн лекц болохын хажуугаар боловсролын өдөрлөг болох ба үүнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа сургалтын төв, номын дэлгүүрүүдийн төлөөлөл, тэтгэлэг зуучлалын олон улсын байгууллагын танилцуулга бүхий булангууд байршина гэсэн үг.
Хүүхэд залуусыг хэрэгтэй мэдээллээр “цатгасан” үйл ажиллагаа болох болно.
Х.Идэр
Хүүхдүүд эндээс өөрт хэрэгтэй, хайж байсан мэдээллээ олж авна гэсэн үг. “Би тэтгэлэгтэй сурмаар байна, гадаад хэл сурмаар байна, зорилготой байж амжилтад хүрмээр байна. Гэхдээ яг хаанаас яаж эхлэхээ мэдэхгүй байна” гэж маш олон хүүхэд хэлдэг. Тэгвэл тэрхүү “хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа” хүүхдүүдэд маш хэрэгтэй өдөрлөг болох юм.
Дараагийн нэг онцлог гэвэл завсарлагааны үеэр тайзаа сул орхихгүй. Харин энэ үеэр АНУ, БНСУ, БНХАУ, Япон гэх мэт улсуудын боловсролын төлөөлөл болсон хүмүүс гарч ирэн яриа хийгээд, хүүхдүүдийн сонирхсон асуултад хариулах болно.
YOLO: Мөн өмнөх удаагийн арга хэмжээнүүдээс хамаагүй илүү туршлагатай болох байх тийм үү?
Тэгэлгүй яахав. Бид анхны арга хэмжээгээ 100 гаруй л хүн ирэх байх гэсэн хүлээлттэй байсан ч 500 гаруй хүүхэд залуус ирэхэд нь маш их баярлаж билээ. Хэдий алдаа дутагдлууд байсан ч хүмүүсээс бидэнд маш сайхан урмын үгс, талархал биечлэн болон мессеж, постоор ирж байсан. Энэ нь бидний цааш цаашдын үйл ажиллагааг зохион байгуулахад урам болж өгсөн. Тиймдээ ч үйл ажиллагаагаа илүү их хүнд чанартай хүргэх үүднээс алдаан дээрээ суралцан хичээж байна.
YOLO: Илтгэгчдийг дэлгэрэнгүй танилцуулбал? Яагаад сонгох болсон шалтгаан бас их чухал байх.
- Салбар бүрээс сонирхолтой яриа өрнүүлж чадах хүмүүсийг бид эхлээд хайсан. Хүн бүрт л амьдралдаа бүдэрч шантрах, түүнийгээ сөрөн босох үе байдаг шүү дээ. Тэдгээр хүмүүс анх зорилгоо хэрхэн тодорхойлж байсан, шантрах үе гарахад хэрхэн өөрийгөө ялан дийлсэн гэдэг нь хүүхдүүдэд эерэг зөв мэдээлэл болно.
Илгэгчдийг дурдвал;
1. МУГЖ, Шинэ Үе продакшний захирал Н.Ариунболд (Бооёо)
2. “AIM4R”-ийн “STAGE Assassins Studio” –ийн захирал Э.Батзориг
3. Дэлхийн Банкны Зөвлөх Г.Энхболор
4. “Miss World 2017” тэмцээний оролцогч Ц.Энхжин
5. “Шар Айраг” хамтлагийн ахлагч, “Яг түүн шиг”-ийн оролцогч, Улс төрч Г.Ганхүү
6. МУИС-ийн ХШИУС-ийн дэд профессор, Монголын мэдээллийн технологийн консорциумын ерөнхийлөгч Ч.Лодойравсал гээд салбар бүртээ амжилт гаргасан чадварлаг хүмүүс бий.
YOLO: Тасалбарын үнэ ямар нэгэн урамшуулал багтсан уу?
- Tэгэлгүй яахав. “Мөрөөдөлд хүрэх зам-3” арга хэмжээнд оролцсоноор тухайн хүн байгууллага болон сургалтын төвийн маш олон хөнгөлөлт, урамшууллыг хүртэх боломжтой. Тэдгээрийг дурдвал;
-Universal англи хэлний сургалтын төв (10%)
-Coton Brand хувцасны дэлгүүр (15%)
-Internom (10%) -Art Dйcor Gallery уран зургийн сургалт (20%)
-Франклин Клуб - илтгэл, мэтгэлцээний сургалт (50%)
-Brain Center (Япон, Орос Хятад, Герман, Солонгос, Англи хэлний сургалтын төв (20%) -YUHAK Center Солонгос улс руу жуулчлах (10%)
-ICMA (International Cooperation of Mongolia and Australia) Австрали улс руу жуулчлах (33%)
-Poppy bakery (20%)
-Ziferblat coffee shop, cafe (30%)
-Story Hub coffee shop (10%) гэх мэт олон урамшууллыг авах боломжтой юм.
Багш хийнэ гэдэг миний бодож байснаас тэс ондоо буюу их гоё зүйл байдаг юм байна лээ.
Х.Идэр
YOLO: Чиний хувьд ойрын үед юу хийж, ямар ямар ажлуудыг амжуулаад байна вэ? Тэр талаараа сонирхуулаач?
- Миний хувьд багадаа “Багш л болохгүй юм шүү” гэж боддог байлаа. Учир нь гаднаас нь харахад их стрессний ажил юм шиг санагддаг шүү дээ. Гэтэл юманд хэзээ ч ам гарч болдоггүй гэдгийг батлах гэсэн шиг өөрөө хүүхдүүдэд багшлах үе ирдэг юм байна. (инээв) Энэ жил би мэтгэлцээн болон англи хэлний “Хөгжлийн галт тэрэг” сургалтаараа 40 гаруй хүүхэд төгсгөсөн. Одоо 23 хүүхдийг ирэх 7 хоногт төгсгөх гэж байна. Мөн энэхүү сургалтад хамрагдсан хүүхдүүд маань “Мөрөөдөлд хүрэх зам-3” арга хэмжээнд маань сайн дурын ажил хийж байна. Тэдэнд дан ганц хичээл заагаад байх биш практик дээр ажиллах боломжийг нь олгож байна гэсэн үг юм. Багш хийнэ гэдэг миний бодож байснаас тэс ондоо буюу их гоё зүйл байдаг юм байна лээ.
Мөн энэ оны тавдугаар сарын 18-20-ны өдрүүдэд Улаанбаатар Элит сургууль дээр НҮБ-ын Загвар хурал болох олон улсын нэрэмжит мэтгэлцээний тэмцээн болно. Бид өмнө нь олон улсын 20 гаруй сургууль руу энэхүү тэмцээнд сурагчдаа оролцуулахыг хүссэн албан ёсны хүсэлтийг явуулсан байсан, эхнээсээ хариу нь ирж байна. Энэ нь Монголд зохион байгуулж байгаа НҮБ-ын анхны загвар хурал гэсэн үг. Одоогоор ийм хоёр гол зүйл дээр л төвлөрч ажиллаж байна даа.
Мөн тооцоод үзсэн чинь хөдөө орон нутгууд болон Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын 60 гаруй дунд сургуулиудад сурагчдад яриа хийсэн байна. “Монгол Дархлаа” төслийг амжилттай хэрэгжүүлснээрээ төсөл хэрхэн удирдах талаарх мэдлэгийг олж авлаа Энэ хугацаанд бүх зүйл л дардан зам шиг амжилттай байсангүй, бүтэлгүйтэж ч үзсэн. Гэхдээ нэг жилийн хугацаанд гэхэд маш олон зүйл амжууллаа. Цаашид ч өөрийгөө хөгжүүлж сурах гээд хийх зүйлс их байна даа.
YOLO: Мэдээлэл өгсөнд баярлалаа. Амжилт хүсье.
- Баярлалаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх