"Би НАЙЗГҮЙ болчихлоо"


ССҮТөв | YOLO.MN
2017-03-30

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би найзгүй болчихлоо

Би түүнийг сайн найзаа гэж боддог. Тэр ч бас намайг хамгийн сайн найзаа гэж хэлдэг. Үнэндээ тийм биш санагддаг боллоо.

Сайн байна уу. Энэ өдрийн мэндийг хүргэе. Би одоо 6-р анги. Намайг Н гэдэг.
Энэ жилийн 1-р улиралд сайн найз маань миний утсыг хулгайлж байгаад баригдсан юм. Тэр явдлаас хойш юу ч дуугараагүй. Харин 3-р улирлын эхээр бас нэг найзын маань зан ааш үнэхээр таалагдаагүй учраас бас харьцаагаа тасалсан. Харин одоо бүр 1-р ангиасаа найзалсан найз маань намайг үл ойшоох болсон. Тэр хөөрхөн ухаантай хүний сэтгэлийг татах чадвартай охин л доо. Даанч ойрын үед өөртөө тохиолдсон зарим нэг явдлаа хэлэхээр “Хохь нь, надад ямар хамаатай юм, би сонсмооргүй байна, зүгээр орхиоч дээ” гээд л өөрөөс нь юм асуувал чамд ямар хамаатай юм гэх юм. Би түүнийг сайн найзаа гэж боддог. Тэр ч бас намайг хамгийн сайн найзаа гэж хэлдэг. Үнэндээ тийм биш санагддаг боллоо. Би түүнд ашиглуулаад ч байгаа юм шиг. Бусад найзууд маань ч тэр занд нь дургүй. Харьцаагаа тасалчихвал яах бол. Тэр маш олон танилтай. Сургууль даяараа таньдаг бас шалиг... Багш нар ч сайн ханддаг. Саяхан манай ангид шилжиж ирсэн хүүхэдтэй нийлээд бараг одоо өмнөхөөсөө тэс өөр болсон. Үүнээс цааш ингээд нэг нэгээрээ хасагдсаар байвал яах вэ. Бас хуучин найз байсан хүүхдүүдтэйгээ яаж харьцах вэ. Тэд өдөр болгон миний сэтгэл зовох юм. Баярлалаа.  


ЗӨВЛӨГӨӨ: Өөрийнхөө санаа бодлыг зөвөөр илэрхийлэх, хамт цагийг өнгөрөөх гэх мэт маш олон зүйлсийг хийж болно

Бусад хуучин найзуудтайгаа яаж харилцах талаар юунаас болж найзлахаа больсон гэдгээ дараагийн захидалдаа илүү дэлгэрэнгүй дурдвал асуултад нь хариулахад илүү амар байх болно.

Захидал илгээсэнд баярлалаа. Чиний захидлаас найзын чинь зан араншингийн өөрчлөлтөнд чиний санаа зовж байгааг ойлголоо. Магадгүй найзад чинь өөр нэгэн хүнд асуудал тулгарсан байж болно, өмнө нь тийм зан ааштай байгаагүй хүн юунаас болж тийм ааш гаргаад байж болох уу гэдгийг өөрөө дотроо нэг бодоод үзвэл яаж байна ? Эсвэл чиний зүгээс найзыгаа гомдоосон зүйл хийсэн үү гэх мэт. Та хоёр найзын харилцаагаа авч үлдэхийн тулд найздаа өөрийнхөө бодлыг хэлээд үзвэл яаж байна?  Гэхдээ хэлэхдээ зөөлөн дуугаар өөрт нь санаа зовж байгаагаа илэрхийлж хэлвэл илүү үр дүнтэй. Жишээ нь : Чи бол миний сайн найзуудын нэг, ойрын үед таагүй зүйл тохиолдоо юу ? Юу чиний сэтгэлийг зовоож байна?  Миний туслаж чадах зүйл байна уу? Миний найз ойрдоо нэг л тавгүй байгаад байх юм? Юунаас болоо вэ? гэх мэтээр... Энэ мэтчилэн хүмүүс хоорондоо ярилцаад байвал ойлголцох байдал нэмэгддэг гэдэг.  Бусад хуучин найзуудтайгаа яаж харилцах талаар юунаас болж найзлахаа больсон гэдгээ дараагийн захидалдаа илүү дэлгэрэнгүй дурдвал асуултад нь хариулахад илүү амар байх болно. Найз нөхдөө авч үлдэхийн тулд өөрийнхөө санаа бодлыг зөвөөр илэрхийлэх, санаа бодлоо хуваалцах, бусдын бодлыг сонсох, хамт цагийг өнгөрөөх гэх мэт маш олон зүйлсийг хийж болно. Сайн бодож байгаад сонголтоо хийгээрэй.  Амжилт хүсье wink

 

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

Зөвлөгөө өгсөн: Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн туслах сэтгэл судлаач Б.Энхлэн

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Problem #Teenagers #Friends #School