Зуны шөнө тэнгэр өөд харахад тэнгэр яг л том хар хөшгин дээр эрдэнийн чулуу асгарсан мэт харагддаг. Бодит байдалд дээр жижиг гэрлийн цэгүүд нь сансрын бодит өнгийг илэрхийлдэг ажээ.
Орчлон ертөнцийн ихэнх оддыг ойролцоогоор таван тэрбум жилийн өмнө үүссэн гэж үздэг. Өмнө нь эдгээр одод өөрөөсөө тод цэнхэр өнгийн туяа ялгаруулдаг байв. Гэвч оддын өнгө жил ирэх тусам шарлаж эцэстээ улаан туяатай болж хувирдаг. Энэ хувирлын явцад орчлон ертөнцийн өнгө цэнхрээс аажмаар улаавтар өнгөтэй болжээ.
Хүний нүд ертөнцөд орших янз бүрийн гэрлээс ердөө өчүүхэн хэсгийг нь л ялгаж харах чадвартай байдаг. Хэрвээ та орчлон ертөнцийг бүхэлд нь хайрцагт хийж, гэрлийг нь нэгэн зэрэг харлаа гэж бодоход цөцгийтэй кофены өнгөтэй төстэй цайвар шаргал өнгийг харах болно.
Орчлон ертөнцийн дундаж өнгийг нээсэн эрдэмтэд үүнийг “Cosmic latte” гэж нэрлэжээ.
Жон Хопкинсийн их сургуулийн эрдэмтэд ертөнцийн дундаж өнгийг тодорхойлохын тулд 200 гаруй мянган оддыг хамарсан маш өргөн хүрээтэй судалгаа явуулсан билээ.
Сансар огторгуй харагддаг, харагддаггүй өнгөөр дүүрэн байдаг аж. Бидний сая мэдэж авсан “Cosmic latte” өнгө ч гэсэн хэсэгхэн хугацаанд л орчлон ертөнцийг тодорхойлох өнгө юм. Том цэнхэр одод хөгширч үхэхийн хэрээр зөвхөн одой оддын гүн улаан туяа үлдэх болно. Эцэст нь хэдэн тэрбум жилийн дараа одой оддын гэрэл хүртэл бүдгэрч орчлон ертөнц гүн харанхуй далай болно.
Бүх өнгө цаг хугацааны явцад бүдгэрдэг. Харин ертөнц тэлсээр байгаа. Дэлхийгээс хэдэн тэрбум гэрлийн жилийн зайд байгаа галактикууд секунд тутамд 100 мянган километрийн хурдтай алсран одож байна. Энэхүү хурдацтай тэлэлтийн үр дагавраар гэрлийн долгионы урт сунаж байгаа нь ч мөн адил орчлон ертөнцийн өнгө өөрчлөгдөхөд нөлөө үзүүлдэг байна.
Гэвч одоохондоо орчлон ертөнцийн өнгө бол “Cosmic latte”. Хэрэв та зуны шөнө тэнгэр өөд харангаа цөцгийтэй кофе уухаар шийдсэн бол өөрийгөө сансар огторгуйд сэлж байна гэж төсөөлөөрэй.
Өнгөрсөн, одоо, ирээдүйд.
Эх сурвалж: NASA
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх