Дуучин Rihanna брэндийнхээ үйл ажиллагааг зогсоох уу?


Миау | YOLO.MN
2021-02-11

Францын тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч LVMH компанийн зүгээс дуучин Rihanna-гийн “Fenty Fashion House” хувцасны брэндийг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлж байгаа талаар мэдээллээ. 

Дуучин Rihanna 2019 оны тавдугаар сард LVMH /Moёt Hennessy Louis Vuitton/ компанитай хамтран “Fenty Fashion House” хувцасны брэндийг үүсгэн байгуулснаар уг групп компанитай хамтран брэнд гаргасан анхны эмэгтэй, мөн анхны өнгөт арьст эрхмээр тодорч байжээ. Тэгвэл байгуулагдаад хоёр жил хүрэхгүй хугацааны дараа тэд хамтын ажиллагаандаа түр хугацааны завсарлага авахаар шийдсэн байна. 

LVMH компанийн зүгээс энэхүү шийдвэрийг дуучин Rihanna-тай хамтран гаргасан бөгөөд цаашид түүний гоо сайхны “Fenty Beauty”, арьс арчилгааны “Fenty Skin”, дотуур хувцасны “Savage x Fenty” зэрэг брэндүүдийн урт хугацааны хөгжилд анхаарч, дэмжиж ажиллана хэмээн мэдэгдсэн юм. 

Тус компанийн зүгээс илүү дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй ч “COVID-19” цар тахал маш олон салбар болоод түүн дотор ажиллаж буй хүмүүст урьд өмнө ч хэзээ ч өгч байгаагүй хүнд дарамт шахалтыг үзүүлсэн нь нууц биш юм. McKinsey зөвлөх байгууллагаас гаргасан тайланд дурдсанаар 2020 онд загварын зах зээлийн борлуулалт эрс буурсан аж. “Fenty Fashion House” брэндийн үйл ажиллагаа ч мөн сайнгүй байгаа нь тодорхой байсан билээ. Тухайлбал, тус брэндийн албан ёсны Инстаграм хаягт он гарснаас хойш нэг ч шинэ зураг нийтлэгдээгүй бөгөөд өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш нэг ч шинэ цуглуулга гаргаагүй юм. 

Эх сурвалж: CNN

#Загвар #Гоо сайхан #Rihanna #LVMH