Өмнөд Солонгосын кино урлагийн хөгжлийг “Оскар”-ын дөрвөн удаагийн шагналт “Parasite” (2019) бүрэн хэмжээний кино, “Netflix” болон БНСУ-ын “Studio Dragon” продакшны хамтран бүтээсэн “Sweet Home” (2020) цувралуудаас харж болно.
Тэгвэл “Үзээд үз” цуврал нийтлэлийнхээ энэ удаагийн дугаарт Өмнөд Солонгосын кино урлагийг шинэ түвшинд хүргэсэн нэгэн уран бүтээлийг танилцуулах гэж байна. Энэ бол шинжлэх ухааны уран зөгнөлт “Space Sweepers” (2021) бүрэн хэмжээний кино юм. “COVID-19” цар тахлын улмаас нээлтийн хугацаа нь хойшлогдсоор энэ сарын 5-нд “Netflix” дээр дэлхийн 190 гаруй оронд нэгэн зэрэг нээлтээ хийсэн энэхүү киног уншигч танд санал болгоё. Мөн энэ нийтлэлд ямар ч спойлер агуулагдаагүйг дуулгахад таатай байна.
1. “SPACE SWEEPERS” ГЭЖ ЮУ ВЭ?
Энэ нь “Bidangil Pictures”, “Dexter” студи, “Netflix” компанийн хамтран үзүүлж буй Өмнөд Солонгосын анхны сансар, гараг эрхэстэй холбоотой шинжлэх ухааны уран зөгнөлт бүрэн хэмжээний кино юм. Зохиолчоор Yoon Seung Min, найруулагчаар Ju Sung Hee нар ажилласан бөгөөд нийт 21.2 сая ам.доллараар бүтжээ. 2019 оны зургаадугаар сард жүжигчдийн сонгон шалгаруулалт дуусаж, долдугаар сараас арваннэгдүгээр сарын хооронд зураг авалт нь хийгдсэн юм.
2. “SPACE SWEEPERS” КИНОГ ЯАГААД ҮЗЭХ ЁСТОЙ ВЭ?
2092 онд манай дэлхий ямар байх вэ? Хүмүүс юу хийж, хэрхэн аж төрж байх бол? Ирээдүйд биднийг юу хүлээж байх тухай та бодож үзэж байсан уу? Тэгвэл та энэхүү киноноос сансрын уудам орон зайд өрнөх сэтгэл хөдөлгөм үйл явдлыг 136 минутын турш үзэх болно.
Үргэлжлүүлэн “Space Sweepers” киноны тухай сонирхолтой 7 баримтыг хүргэе.
1. ДАХИН ХАМТРАЛ
Найруулагч Ju Sung Hee болон гол дүрийн жүжигчин Song Joong Ki нар “A Werewolf Boy” (2012) бүрэн хэмжээний кинонд хамтран ажиллаж байсан юм. Энэхүү кино 41.5 сая ам.долларын ашиг олж байжээ.
2. “SPACE SWEEPERS” КИНОГ 12 ЖИЛИЙН ӨМНӨӨС ТӨЛӨВЛӨЖЭЭ
2009 онд найруулагч Ju Sung Hee нэгэн найзаасаа сансрын хог хаягдлын тухай сонссоноор энэхүү киног бүтээх санаагаа олжээ. Тэрээр “Сансрын ажилчид”, “Сансрын хог хаягдал” гэсэн хоёр түлхүүр үгнээс зохиолоо эхлүүлж өдгөө дэлгэцийн бүтээл болгоод байна. Найруулагч нэгэн ярилцлагадаа “Сансрын хог хаягдлыг цэвэрлэдэг хүмүүс байвал сонирхолтой юм шиг санагдсан” хэмээн ярьжээ.
3. “VICTORY” БАГ
Кинон дээр тэд үргэлж муудалцаж, хоорондоо зөрчилдөж байдаг өөр өөр зан араншинтай дүрүүд боловч эцэст нь хамтран ажиллаж чаддаг гайхалтай баг юм. Ингээд “Ялалт” багийг танилцуулж байна.
4. САНСРЫН “ЗАГВАРЛАГ” РОБОТ
Та киног үзвэл Bubs нэртэй роботтой танилцах болно. Энэхүү роботын дүрийг БНСУ-ын анхны хөдөлгөөнт технологиор бүтээжээ. Түүнийг загварлаг робот гэж нэрлэсний учир нь тэрээр киноны туршид бусад жүжигчдээс хоёр дахин олон удаа хувцсаа сольдог юм.
Мөнуг дүрд жүжигчин Yoo Hae Jin дуу оруулсан бөгөөд хэдийгээр та царайг нь харахгүй ч түүний дуу хоолой, биеийн хэлэмж, хошигнол зэргийг мэдрэх болно. Кино бүтэх үйл явцын ярилцлагадаа тэрээр “Бид бүгдэд төсөөллийн чадвар их хэрэгтэй болсон. Ялангуяа миний хувьд яаж харагдах, ямар царайтай гарахаа мэдэхгүй байсан болохоор жүжиглэхэд амаргүй байсан” хэмээн ярьжээ.
5. БЯЦХАН ЖҮЖИГЧИН PARK YE RIN
Энэхүү киноны хамгийн хайр хүргэм дүр бол Park Ye Rin-ий бүтээсэн Dorothy юм. Тэрээр 2013 онд төрсөн ба SBS телевизийн “Delayed Justice” цувралд туслах дүр бүтээж жүжигчний карьераа эхэлжээ.
6. ӨМНӨД СОЛОНГОСЫН САНСРЫН ХӨЛӨГ
Сансрын уудамд нисэх БНСУ-ын сансрын хөлгийн нэр нь “승리” буюу ялалт гэсэн утгатай юм.
7. АЛДАРТ ЖҮЖИГЧИН RICHARD ARMITAGE
Их Британийн жүжигчин Richard Armitage-ийг та энэхүү киноноос харах болно. Тэр бол “Hobbit”-ын цуврал ангиуд, “Into the Storm” (2014), “Captain America: The First Avenger” (2011), “Ocean’s Eight” (2018) кинонуудад дүр бүтээсэн чадварлаг жүжигчин юм. Тэрээр “Юун түрүүнд надад энэхүү кинонд дүр бүтээх саналыг тавьж Өмнөд Солонгос гэх гайхалтай орныг танилцуулсанд баярлалаа. Хамгийн гол нь би ийм түвшний кино бүтээж байгаа Өмнөд Солонгосын кино урлагийнхнаар маш их бахархаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Сансар огторгуй, гараг эрхсийн тухай киног зөвхөн Hollywood бүтээдэг цаг ард хоцорчээ. БНСУ-ын кино урлагийн хөгжлийг шинэ түвшинд хүргэсэн “Space Sweepers” киног үзсэндээ та хэзээ ч харамсахгүй.
Ингээд нийтлэлийн төгсгөлд таныг 2092 оноор аялуулах киноны танилцуулга бичлэгийг хүргэж байна. Та нар минь зүгээр л “Үзээд үз”!
Эх сурвалж: Wikipedia, Netflix, Hype, AsianWiki
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх