Сэтгэцийн эрүүл мэндийн тухай цуврал нийтлэлийнхээ энэ удаагийн дугаарт мэдрэлийн ядаргаанд орсон үед илрэх шинж тэмдгүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна.
Мэдрэлийн ядаргааны үеийн шинж тэмдгүүдийг бие махбод, сэтгэц болон зан төлөвт нөлөөлөх гэсэн үндсэн гурван бүлэгт авч үздэг ажээ.
МЭДРЭЛИЙН ЯДАРГААНЫ ҮЕД БИЕ МАХБОДОД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ
- Толгой өвдөх
- Нойргүйдэх
- Хүзүү хөших
- Хоолны дуршил буурах
- Гар салгалах, чичрэх
- Булчин өвдөх
- Үе мөч өвдөх, улайх
- Жин хэт их нэмэх эсвэл хасах
- Ханиад, томуу амархан тусах
СЭТГЭЦЭД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ
- Сэтгэл хямрах
- Түгшүүрлэх
- Уур уцаартай болох
- Анхаарал төвлөрөлт муудах
- Ажлын бүтээмж буурах
- Ой тогтоолт муудах
- Хайхрамжгүй болох
ЗАН ТӨЛӨВТ ИЛРЭХ НИЙТЛЭГ ШИНЖ ТЭМДЭГ
- Нийгмээс өөрийгөө тусгаарлах
- Хувийн болон ажлын амжилтаа ахиулах чадваргүй болох
- Өвдөхөөрөө үргэлж хэн нэгнийг хажуудаа байлгахыг хүсэх
- Хүсэл эрмэлзэлгүй болох
Дээр дурдсан шинж тэмдгүүд хүн бүрд харилцан адилгүй илэрнэ. Ихэнх хүмүүс мэдрэлийн ядаргаанд орсон үедээ дусал хийлгэх, амин дэм уух, сувилалд явах зэрэг янз бүрийн арга хэрэглэдэг. Гэвч эдгээр аргуудыг дур мэдэн хэрэглэлээ гээд мэдрэлийн ядаргаа тайлагдахгүй.
Мэдрэлийн ядаргааг тайлах хамгийн зөв арга зам бол амьдралын хэв маягаа өөрчлөх юм. Дасгал хөдөлгөөн тогтмол хийх, сэтгэл санаагаа тайван байлгах, сайн унтаж амрах, өөртөө амралт, чөлөөт цаг гаргах гээд буруу зуршлуудаа багасгаж амьдралын зөв хэв маягт шилжсэнээр мэдрэлийн ядаргаанаас ангижирна.
МЭДРЭЛИЙН ЯДАРГААГ ГЭРИЙН НӨХЦӨЛД ЭМЧЛЭХ АРГУУД
Дасгал хөдөлгөөн хийх нь маш олон төрлийн ашиг тустай. Мэдрэлийн ядаргааны үед тогтмол дасгал хөдөлгөөн хийснээр стресс тайлагдаж, бие махбодод үүсэж буй шинж тэмдгүүдийг арилгах эерэг нөлөөтэй ажээ.
Сайн унтаж амарснаар эрч хүч нөхөгдөж, шинэ өдрийг урам зоригоор дүүрэн угтахад тусалдаг. Гэвч мэдрэлийн ядаргааны улмаас нойргүйдэл үүсэж болзошгүй тул нойр сайн авахад туслах ЗӨВЛӨМЖ-ийг хэрэгжүүлж үзэхийг зөвлөж байна.
Өдөржин завгүй ажилласны дараа өөртөө бага ч болтугай амрах цаг гаргаж хэвшээрэй. Ихэнх хүмүүс орой ажлаа тарж ирсний дараа өөртөө амралт өгч байна хэмээн утас ширтэж, зурагт үзэж оройг өнгөрүүлдэг. Энэ нь мэдрэлийн ачаалал ихсэхэд нөлөөлж буйн хэрэг юм. Иймд утсаа унтраагаад намуухан хөгжим сонсонгоо ном унших эсвэл хөөстэй ваннд сууж ядаргаагаа тайлаарай.
Тэмдэглэл хөтөлснөөр ой санамж сайжрах, анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлэх олон талын ач холбогдолтой. Юу бичихээ хараахан шийдээгүй байгаа бол өдрийн тэмдэглэл бичихийг санал болгож байна. Тухайн өдөр хэрхэн өнгөрсөн, таны хувьд ямар чухал үйл явдал тохиосон болон юу таны санааг зовоож буй талаараа хүртэл бичиж болно. Ингэснээр толгой доторх олон бодол цэгцэрч, стрессийг буруулахад тусална.
Ядаргаанд орсны улмаас сэтгэл санаа тавгүйрхэж, ажлын бүтээмж буурах үе хүн бүрд бий. Энэ үед хэсэгхэн хугацааг өөр зүйлд зарцуулж байгалиас таашаал мэдрээрэй.
Бид дараагийн дугаарт мэдрэлийн ядаргаанд орсон эсэхээ шалгах сэтгэл зүйн тестийг бэлтгэн хүргэх болно.
Эх сурвалж: Health Line
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх