ЗАХИДАЛ: Гуравдугаар сарын захидлын хариу №4


ССҮТөв | YOLO.MN
2020-03-18

mail Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Энэ миний хүсч байгаа мэргэжил биш гэдгийг саяхан олж мэдсэн

Сайн байна уу? Захидал очих өдрийн мэндийг хүргэе. Би 16 настай, 11-р ангийн сурагч. Бага байхаасаа л ирээдүйд эмч болно гэж боддог байсан. Дараа нь дунд ангидаа аавынхаа мэргэжлийг өвлөж авна гээд хуульч болно гэж боддог болсон. Гэвч үнэндээ энэ миний хүсч байгаа мэргэжил биш гэдгийг саяхан олж мэдлээ. 

Би ярих дуртай, бусдыг сонсож, тулгарсан асуудлыг нь шийдвэрлэх зөвлөгөө өгөх дуртай. Ер нь найзуудынхаа дунд сэтгэлзүйч нь гэх үү дээ. Сүүлийн үед өөрийн чаддаг, хийхийг хүссэн зүйлээ бодоод үзэхэд яах аргагүй сонсогч, зөвлөгч болж таараад байгаа юм. Сэтгэл судлаач таныг энэхүү мэргэжлийн давуу болон сул тал, энэ мэргэжлийг эзэмшихэд юу сурах хэрэгтэй гэх мэт зөвлөгөө өгөхийг хүсч байна. Баярлалаа. 

ЗӨВЛӨГӨӨ: Мэргэжил сонголтын тестээр өөрийгөө оношлоорой

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Захидал илгээсэн танд баярлалаа. 

Хүүхэд бүр ӨӨРИЙН УР ЧАДВАР, ХҮСЭЛ СОНИРХОЛ, НИЙГМИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ гурав дээр тулгуурлан мэргэжлээ сонговол ирээдүйд харамсахааргүй зөв шийдвэр гаргах болно. Ямар ч мэргэжил сонгосон тухайн мэргэжлийнхээ онцлог, давуу тал, сул талыг судлах зайлшгүй шаардлагатай. Жишээ нь: Эмч мэргэжлийн онцлог нь эрүүл мэндийн асуудалтай, байнгын өвдөж шаналсан зовиурласан хүмүүстэй нүүр тулан ажилладаг. 

Ямартай ч та юуны өмнө мэргэжил сонголтын тестээр өөрийгөө оношилж, мэргэжлийн чиг баримжаагаа олж мэдээрэй. Мөн сэтгэл судлаач болохын тулд зайлшгүй мэдэх ёстой зүйлсийн талаар Yolo.mn-ээс бэлтгэсэн нийтлэлийг ЭНД даран хүлээн авч уншаарай. Танд амжилт хүсье! 

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Ц. Нямцэцэг


АСУУДАЛ: Хонхны баяр дээр нь баглаа цэцэг бариад очмоор байгаа ч...

Сайн байна уу? Захидал очих өдрийн мэндийг хүргэе. Би 16 настай, 11-р ангийн сурагч. Би сүүлийн үед өөрөөсөө гадна нэг хүнд санаа тавьж, хайрлан халамжилдаг болсон. Тэр хүн надаас 1 насаар ах. Өөрөөр хэлбэл төгсөх ангийн сурагч. Би хотод, тэр аймагт амьдардаг. Ижил сонирхолтой учраас сонирхлынхоо болон өөрсдийнхөө талаар их зүйлийг ярилцдаг. 

Гэхдээ тэр сүүлийн үед надтай харьцахаас зайлсхийж өөрөөсөө түлхээд байгаа юм шиг санагдаад байх боллоо. Би түүнд дараа болоод байгаа юм болов уу? Уг нь түүнтэй маш олон зүйлийг хамт хийнэ гээд төлөвлөчихсөн байсан юм. 

Энэ жил тэр маань сургуулиа төгсөнө. Хонхны баяр дээр нь баглаа цэцэг бариад өөрийн биеэр очиж боломжгүй учраас шуудангаар захиа илгээнэ гээд бодчихсон байгаа. Ер нь энэ мэтчилэн хамт хийхийг хүссэн олон зүйл байна. Гэвч одоо хүссэн зүйлээ хийх эсэхдээ итгэлгүй болчихлоо. Надтай харьцахыг хүсэхгүй байгаа юм шиг санагдаад яахаа мэдэхгүй юм. Сайхнаар төсөөлсөн зүйлсээ өөртөө итгэлтэйгээр хийж эхлэх ёстой юу, эсвэл төвөг удахгүйгээр ингээд л орхих ёстой юм болов уу? Туслаач. 

ЗӨВЛӨГӨӨ: Харилцааг тодорхой болгох зүйл бол ярилцах

Сайн байна уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Захидлаас нь харахад чи өөрийн бодлуудыг нэлээн бичсэн байна. Харин нөгөө хүн тань энэ харилцааг юу гэж бодож байгаа бол ? Өөрөөр хэлбэл чамтай ярилцахад таатай найзаа гэж боддог уу, эсвэл та 2 бие биедээ татагдаг буюу үерхдэг юм уу гэдэг нь жаахан ойлгомжгүй байна. Тэгэхээр хэрвээ чи ганцаараа л энэ бүхнийг дотроо бодоод яваад байгаа бол магадгүй тэр хүн чиний дотроо өөрийнх нь талаар юу гэж боддог гэдгийг мэдэхгүй байж магадгүй. Энэ тохиолдолд тэр хүнийхээ бодлыг мэдэх нь хамгийн чухал. Харин тэр хүн чамайг өөрт нь татагддаг гэдгийг мэдэж байгаа тохиолдолд харилцааг илүү ойлгомжтой, хялбар болгох зүйл нь хоёр тал хоорондоо ярилцах юм. Тиймээс дараагийн захидалдаа тэр хүн юу гэж бодож байгаа, энэ харилцааныхаа талаар та хоёр өмнө нь ярилцаж байсан уу гэх зэрэгтэй холбоотой мэдээллийг илүү дэлгэрэнгүй оруулж өгвөл бид чамд туслах боломжтой. Тиймээс захидлаа илүү дэлгэрэнгүй болгоод дахин илгээгээрэй. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Б. Энхлэн


АСУУДАЛ: Сүүлдээ донтож байх шиг байна

Сайн байна уу? Би 16 настай, 10-р ангийн сурагч. Ирээдүйд эмч болох зорилгыг урдаа тавин сурч байгаа охин. Хөдөө орон нутагт суралцдаг. 11-р ангидаа эцэг эхтэйгээ ЭЕШ өгнө гэж тохиролцсон ч өгч чадах эсэхдээ эргэлзээд, надад итгэж байгаа хүмүүсийн итгэлийг алдах юм шиг санагдаад байх боллоо. Бас ЭЕШ-д бэлдэнэ гэхээр яг юунаас, хаанаас эхлэхээ ч мэдэхгүй юм. 

Би 8-р ангиасаа хойш олимпиадад бэлдэж байгаа ч ямар ч амжилт олдоггүй. Дандаа л 4, эсвэл 5-р байранд ордог болохоор өөртөө итгэх итгэлээ алдаад шинэ зүйлс оролдох итгэлгүй болоод байна. 10-р ангидаа хичээл сонголтоос болоод найзуудаасаа ч салж, одоогийн ангийнхантайгаа таарч өгөхгүй, багш нарынхаа хичээлийг ч ойлгохгүй юм. Дунд ангидаа гүнзгийрүүлсэн сургалттай ангид сурч байсан болохоор одоо улам л дордоод байх шиг санагддаг боллоо. Дуртай хичээлээ ч хийх сонирхол алга. 

Шинэ ангидаа ороод шууд л ангийн дарга болсон. Манай ангид сумын хүүхдүүд их байдаг. Тэглээ ч бүгд өөр өөр ангиас шилжин орж ирсэн болохоор хоорондоо ч таардаггүй, дүн нь ч тааруу. Ангиа солихыг хүссэн ч олимпиадад бэлддэг багшаасаа болоод сольж чадаагүй. Эвтэй байх гэж хичээсэн ч тэвчиж чаддаггүй. Ядаж байхад ангийнхны дүн муу бол ангийн дарга намайг л бүгд загнана. Бөөн бөөн толгойн өвчин. Энэ их асуудлаас холдохын тулд утсаа их оролдсоор байгаад сүүлдээ ядаргаанд орлоо. Магадгүй донтож байх шиг байна. Бөөн бөөн асуудлууд ар араасаа гараад байгаа болохоор алийг нь түрүүлж шийдэхээ мэдэхгүй байна. Надад туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Асуудлууд дотроо төөрөх үе бий

Сайн байна уу? Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Захидал илгээсэнд баярлалаа. Захидал дээрээс нь харахад чамд хэд хэдэн төрлийн асуудлууд тулгарсан бололтой. Юуны өмнө асуудлуудаа эмх цэгцтэйгээр харахын тулд бичээд үзье. Жишээ нь: 

  • ЭЕШ бэлдэх, хичээлдээ анхаарлаа төвлөрүүлэх
  • Найз нөхөдтэйгөө харилцаагаа сэргээх 
  • Шинэ анги хамт олноо хүлээн зөвшөөрөх 
  • Утсаа оролдохоо багасгах гэх мэтээр. 

Хүн өөрт нь олон төрлийн асуудал тулгарах үед асуудлууд дотроо төөрөх, будлих үе тохиолддог. Тиймээс эхлээд асуудлаа нэг бүрчлэн бичээд үзье. Чамд тулгарсан асуудлууд дундаас хамгийн их санааг зовоож буй асуудлыг ЭЕШ гэж үзвэл үүнийг шийдэхийн тулд чи магадгүй хичээлдээ анхаарлаа хандуулах үйлдлийг хийх шаардлага гарч байна. За хичээлдээ анхаарлаа хандуулж өөртөө цаг гаргахын тулд юуны өмнө утасны хэрэглээгээ багасгах хэрэгтэй. Үүний дараагаар ЭЕШ–даа бэлдэх цагийн хуваарийг гаргаж болно. Цагийн хуваарь гарсан үед тууштай, хуваарийн дагуу өөртөө үнэнчээр, тогтсон цагийн дагуу бэлдэх хэрэгтэй. Хэрвээ юунаас бэлдэхээ мэдэхгүй байгаа бол багш нараас тусламж аваарай. Бас чамд хугацаа байна, чи одооноос бэлдвэл ямар ч шалгалтыг өгч чадна.

Гэх зэргээр тулгарч буй асуудал бүрийг бичээд шийдэх арга замаа ард нь бичээрэй. Тэгвэл бодлоо цэгцлэхэд тусална. Үүний дараа энэ асуудлаа үнэхээр шийдвэрлэж чадахгүй байна гэсэн үедээ дахин захидал илгээх боломжтой. Чамайг өөртэйгөө ажиллаж чадна гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье. 

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Б. Энхлэн


АСУУДАЛ: Найзууд бэлэгний үнэтэй юм гэж үү?

Сайн байна уу? Би 13 настай, эмэгтэй. Манай найзууд Шинэ жилийн баяраар, Төрсөн өдрийн баяраар өөрт нь өгсөн бэлгэнд их ач холбогдол өгдөг. Хямдхан, жижигхэн бэлэг өгсөн найздаа бэлэгнийх нь хэмжээгээр харьцаж, дараа нь өөрт нь ижилхэн бэлэг өгөх хэрэгтэй гэж боддог нь илт байдаг. Энэ нь надад их муухай санагддаг. Найзууд гэдэг бэлэгний үнэтэй юм гэж үү? Яах ёстой вэ? 

ЗӨВЛӨГӨӨ: Чиний зөв

Сайн байна уу ? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Хүмүүс бие биедээ бэлэг өгөх нь ихэнхдээ ойр дотно харилцаатай, бие биедээ таатай мэдрэмж төрүүлдэг хүмүүсийн дунд болдог үйлдэл. Гэхдээ энэ нь баяр хүргэх хэлбэр болохоос бэлэгний үнэтэй - хямд, том - жижиг зэргээр тэр хүнийг тэр чигээр нь дүгнэнэ гэдэг тийм зөв зүйл биш. Хүмүүсийн харилцаа дунд хамгийн чухал зүйлсийн нэг бол биетэйгээ ярилцах, бие биенээ сонсох, бие биедээ итгэх, бие биенээ ойлгох. Эдгээрийг бэлэгтэй харьцуулах боломжтой болов уу? Чамд маш гоё бэлэг өгсөн хэрнээ, чиний хэцүү үед огт чамайг сонсохгүй чамайг ойлгохгүй байгаа хүнтэй хэр удаан найзалж нөхөрлөх бол? Тиймээс чиний бодож байгаа зөв. Өөрөөр хэлбэл найз нөхөд гэдэг өгсөн бэлгээрээ бус чамд яаж ханддаг, чамайг юу гэж боддог, чамд яаж сэтгэл гаргадаг, чамтай хамт байхдаа юу хийдэг, ярилцдаг уу, сонсдог уу зэрэг нь хамгийн чухал. Тиймээс найз нөхөд гэдэг бэлэгний үнэ цэнээс хамаагүй илүү үнэ цэнэтэй.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Б. Энхлэн


АСУУДАЛ: Ээжтэйгээ ч үл ойлголцох болсон

Сайн байна уу? Би 16 настай, эмэгтэй. 8 сарын өмнө гадаадад ирсэн ч одоо хүртэл дасаж чадахгүй байна. Аав, түүний эхнэр, бусад гэр бүлийнх нь хүмүүстэй хамт амьдардаг. Хамт амьдардаг хүмүүстэйгээ дотно биш, найз ч байхгүй. Уг нь тэдэнтэй дотно болж шинээр найзтай болох оролдлого хийсэн ч амжилт олоогүй. 

Сүүлийн үед ээжтэйгээ ч үл ойлголцох болсон. Монголд үлдсэн найзууд маань ч надаас хөндийрч, зарим нь харилцаагаа тасалсан. Надад хэцүү байна. Ганцаардаж байна. Ямар ч найзгүй, гэр бүлийнхэнтэйгээ таарамжгүй харилцаатай байдлаас хэрхэн гарах вэ? Туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Юу мэдэрч, юу хүсч байгаагаа хэлээрэй

Сайн байна уу? Бидэнд хандсанд баярлалаа. Гадаадад очиж амьдрахад дасан зохицох том асуудалтай тулгардаг. Энэ үед хүн өөрөө ч мэдэлгүй маш эмзэг, стресстэй, бухимдалтай болчихсон байдаг. Чиний хувьд зөвхөн гадаад улсад амьдарч дасахаас гадна шинэ гэр бүлд дасах хэрэгтэй болсон гэж ойлголоо. “Бусад гэр бүлийнх нь хүмүүстэй” гэж бичсэнийг бодвол чи тэднийг өөрийнхөө гэр бүл гэж бодохгүй байгаа бололтой. Хэрвээ чи дотроо тэднийг гэр бүлийнхнээ гэж итгэхгүй бол гаднах хандлага чинь хүйтэн хөндий байх болно. Тиймээс эхлээд доторх бодлоо өөрчлөөрэй. Одоо тэд чиний гэр бүл шүү дээ. Бүгдийнх нь нэрийг бичиж байгаад миний ах, миний эгч гэх мэтээр хэлээд үзээрэй.

Дараа нь аав, хойд ээжээсээ тусламж гуйгаарай. Чи аль хэдийн тэдэнтэй дотносохыг хүсч оролдлого хийсэн байна. Ахиад хэд ч оролдож болно шүү дээ. Ихэнхдээ хүүхдүүд аав ээждээ яг юу бодож, мэдэрч байгаагаа ойлгомжтой хэлж нээлттэй яриагүйгээс аль аль нь хэн хэнээ буруугаар ойлгоход хүрдэг. “Намайг шинэ гэр бүлтэйгээ дотносоход туслаач, би их ганцаардаж байна” гэж хэлбэл ойлгох байх. Хүмүүс чамайг энэ их өөрчлөлт, дасан зохицол дунд стрессдэж байгааг мэдэхгүй учраас чамд цаг гаргахгүй байгаа байх. Тиймээс монголд байгаа гэр бүл, найз нөхдөдөө ч юу мэдэрч байгаагаа тэднээс юу хүсч байгаагаа илэн далангүй бичээрэй. Дараагийн захидлаар бидэнтэй үр дүнгээ хуваалцаарай. Амжилт хүсье.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter