Грэмми наадмын хоёр удаагийн шагналт, MTV Europe Music Awards-ийн гурван удаагийн шагналт Их Британийн дуучин Dua Lipa VOGUE сэтгүүлийн хоёрдугаар сарын дугаарын нүүрийг чимжээ. Ийнхүү Dua Lipa-г сонсох дуртай уншигчдадаа зориулан түүний ярилцлагыг орчуулан хүргэж байна.
VOGUE: Хөл хорионоос үүдэн бидний ярилцлага Zoom-ээр өрнөсөн юм. Лондон дахь гэрийнхээ буйдан дээр тухлан суусан Dua Lipa-гийн камер тийм ч нятаршил сайтай байсангүй. Мөн өрөө нь бүүдгэр гэрэлтэй тул түүний дүрс бүдэг харагдаж байлаа. Гэсэн хэдий ч үзэсгэлэнтэйгээр инээмсэглэж буй түүний арьс гэрэлтсээр байв.
Dua 2020 оны цөөхөн “ялагчдын” нэг байсан гэхэд хилсдэхгүй. Хэдийгээр Европ тивийг тойрсон аялан тоглолт нь хойшлогдсон боловч өнгөрсөн оны сүүлээр “Studio 2054” онлайн тоглолтоо амжилттай зохион байгуулж, дэлхийн өнцөг булан бүрд шууд дамжуулсан билээ. Таван сая гаруй хүн тус тоглолтыг үзсэн нь онлайн тоглолтын түүхэнд томоохон амжилт болж үлджээ. Мөн дуучин Miley Cyrus-тай хамтран “Prisoner” хэмээх уран бүтээл гаргасан нь хэсэгтээ л шуугиан тарьсан юм.
VOGUE: Тэрээр өнгөрсөн оны хөл хорионд Anwar Hadid-тай хамт тусгаарлагджээ. Тэр үед Lady Gaga, Sam Smith зэрэг уран бүтээлчид шинэ цомгийн нээлтийн хугацаагаа хойшлуулсан бол Dua Lipa өндөр хүлээлт үүсгээд байсан цомгийнхоо нээлтийг хийсэн билээ. Dua-гийн хувьд хүмүүс 1970-аад оны мэдрэмж өгөх дууг сонсохгүй байж магадгүй хэмээн айж байв. Гэсэн хэдий ч “Future Nostalgia” цомог нь санаанд оромгүй амжилт авчирсан байна.
Түүний 2017 онд гаргасан “New Rules” дуу нь YouTube дээр аль хэдийнэ тэрбум гаруй хандалт авчээ. Үүнээс харахад Dua-гийн карьер маш амжилттай юм шиг боловч амжилтынх нь жинхэнэ нууц нь бусдын сэтгэлийг хөдөлгөх чадварт оршино. Тэр өөрийнхөө уран бүтээлийн төрөл жанрыг “dance-crying” юм уу “dark pop” хэмээн тодорхойлсон юм.
- Би өөрийнхөө дотоод чөтгөртэйгөө тэмцдэг. Аз жаргалтай төрлийн дуу бичихээр "хөгийн" болчихдог учир илүү гунигтай, сэтгэл өвтгөм дуу бичихийг хүссэн. Гэхдээ дуу бичихдээ хэн нэгний төлөө бичиж байгаа юм шиг айдаст автахгүй байх ёстой. Яагаад гэвэл би хэн нэгнээс болж уйлдаггүй.
VOGUE: Тэрээр Anwar-тай жил гаруй хугацаанд үерхсэн бөгөөд өнгөрсөн жилийн зун Dexter нэртэй нохой үрчилж авчээ. Dua-тай Anwar-ийн тухай ярихад тэрээр улам л инээмсэглэж, аз жаргалтай болж байв. Өөрөө олны нүдэнд амьдарна гэдэг нэг хэрэг. Гэтэл хоёулаа олны танил байх нь өөр нэг асуудал болов уу.
- Бидний дунд гайхалтай туршлага, дурсамж байдаг. Хэрвээ олон нийттэй хуваалцах зүйл гарч ирвэл ОК. Үнэхээр хөгжилтэй байх болно. Өөрөөр хэлбэл зарим үед бидэнд хувийн орон зай хэрэгтэй учраас хүмүүст өөрсдийнхөө харуулахыг хүссэн зүйлийг л харуулна. Энэ нь бидний харилцаанд тэнцвэртэй байдлыг бий болгодог. Бас эргэн тойронд байгаа хүмүүстэйгээ хайраа хуваалцахыг хүссэн ч хэтрүүлэхгүй байхыг илүүд үзнэ. Зүгээр л бусад хүмүүсийн бодлоос үл хамаарах аз жаргалтай үерхлийг хүсэж байна.
VOGUE: Бусад алдартнуудын адилаар Dua Lipa ч бас цахим ертөнцөд нөлөөтэй. Тийм ээ! TikTok дээрх #dualipachallenge нь өнгөрсөн зуны хамгийн алдартай чэлленжийн нэг байсан. Гэсэн хэдий ч тэрээр цахим ертөнцийн сөрөг нөлөөтэй хүчтэй тэмцдэг бөгөөд 2019 онд Кембрижийн холбооны уулзалт дээр олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн эмэгтэйчүүдэд үзүүлж буй сөрөг нөлөөг онцолсон билээ. Мөн өнгөрсөн жил Twitter дээр #dualipaisoverparty хэмээх хаштаг трэнд болсон юм.
- Өмнө нь ярилцлага өгөхөөр хүмүүс надаас “Бусдын үзэн ядалтыг хэрхэн шийддэг вэ?” гэж асуудаг байсан. Тэр үед “Үзэн ядалт гэнэ ээ? Хүмүүс намайг үзэн яддаггүй. Та нар юу яриад байгаа юм бэ?” гэж хариулдаг байв. Гэтэл цаг хугацаа өнгөрөхийн хэрээр эцэс төгсгөлгүй үзэн ядалт бүхий сэтгэгдэл хүлээж авах болсон. Мэдээж би санаа зовдог. Хүмүүс намайг юу гэж хэлэх бол гэхээс айдаг болсон.
VOGUE: Хэдийгээр түүний амьдрал хүн бүрийн нүдэнд ил байдаг ч Dua-гийн хувьд юу ч өөрчлөгдөөгүй гэв.
- Манай гэр эгэл жирийн хэвээрээ. Миний эргэн тойрны хүмүүс намайг аль эртнээс л мэддэг байсан. Миний ажил миний амьдралын цар хүрээг тодорхойлохгүй.
VOGUE: Түүний гэр бүл 1992 онд Их Британи улс руу цагаачилсан бөгөөд үүнээс гурван жилийн дараа буюу 1995 онд Dua Lipa төржээ. Түүний аав нь шүдний эмч, ээж нь хуульч мэргэжилтэй боловч Их Британи улсад ирсэн эхний жилдээ хоёул зөөгчөөр ажилласан байна. Ийнхүү тэд хамтдаа аялал жуулчлалын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн аж.
- Хүмүүс илүү сайхан амьдрахын тулд л эх орноосоо явдаг. Гэхдээ төрөлх хэлээрээ ярьдаг, гэр бүл нь хүлээж байгаа тэр газарт л амьдрахыг хүсдэг.
VOGUE: 11 настай Dua эх орондоо буцаж очсон бөгөөд 15 нас хүрмэгцээ Их Британи улсад эргэн ирсэн юм. Харин одоо аавтайгаа хамтран байгуулсан "Sunny Hill" сангаараа дамжуулж эх орондоо бага ч болов тус хүргэхээр хичээж байна.
- Хүмүүс манай улсыг хаана байдгийг ч мэддэггүй. Зүгээр л дайны хөлд үрэгдсэн гэж боддог. Гэхдээ би үүнийг өөр нэг талаас нь харуулахыг хүссэн.
VOGUE: Гэр бүлээрээ Лондон хотод нүүж ирснийхээ дараа Dua амралтын өдрөөр "Sylvia Young" театрын сургуульд сурч эхэлжээ. Энэ сургуульд сурснаасаа хойш тэрээр өөрийн ковер дуунуудаа интернет орчинд байршуулж эхэлсэн байна. Багаасаа л цахим ертөнцтэй харьцаж эхэлсэн түүний хувьд загварын блог хөтөлж, Pepe Jeans, Puma, YSL Beauty зэрэг алдартай компаниудтай хамтарсан ажилласанд нь гайхах зүйл алга.
- Би загвартай холбоотой зүйлд дуртай. Яг одоо бол дуу, хөгжимдөө анхаарч байгаа ч цаашид өөр зүйл хийхийг хүсэж байна. Жижигхэн ч хамаагүй брэнд бий болгож, үүнийгээ бага багаар хөгжүүлэх болно.
VOGUE: Хөгжмийн ертөнцийн хөрвөх чадварыг бодоод үзвэл энэ үнэхээр нүдээ олсон зорилго юм аа.
- Эмэгтэйчүүдийн хувьд зөвхөн дуу, хөгжмөөр байр сууриа олох хэцүү байдаг. Төгс ертөнцөд амьдардаг байсан бол “эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонс” гэх шаардлага ч гарахгүй. Гэхдээ бид өнөөгийн дэлхий хэмээх гараг дээр амьдарч байгаа шүү дээ.
VOGUE: Гэхдээ л Dua амжилтаа бага багаар ахиулсаар байгаа тул цаашид эмэгтэйчүүдийг хөгжмийн ертөнцөд хөлөө олоход нь туслах агентлагтай болохыг хүсэж байгаа аж.
- Би чадна гэдгээ батлах дуртай. Би их зөрүүд хүн.
VOGUE: Ярилцсанд баярлалаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх