Арьсанд тань АЮУЛ учруулж мэдэх 10 трэнд


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2021-02-03

Сүүлийн үед арьс арчилгааны олон трэнд бий болсон хэдий ч бүгд арьсыг сайхан харагдуулна гэсэн үг биш юм. Өөрөөр хэлбэл хүн бүрийн арьсны онцлог өөр учраас арьс арчилгаа, бүтээгдэхүүн сонголт зэрэг нь харилцан адилгүй байх ёстой. Тиймээс арьсны эмч нарын нэрлэсэн “арьсанд аюул учруулж мэдэх 10 трэнд”-ийг мэдээд аваарай.

1. КОСМЕТИК МЭС ЗАСАЛ БОЛГОН АЮУЛГҮЙ ГЭСЭН ҮГ БИШ

Сүүлийн үед хүмүүсийн дунд нүүрнийхээ аль нэг хэсгийг янзлуулах нь бараг л трэнд мэт түгээмэл болсон билээ. Гэвч косметик мэс засал хийж байгаа хүн бүр мэргэжлийн түвшинд байдаггүй. Тиймээс нэгэнт л косместик хагалгаа хийлгэхээр шийдсэн бол хамгийн түрүүнд эмчийнхээ мэргэжлийн ур чадвар болон туршлага зэргийг нь сайтар судалж байхыг сануулъя.

2. ГЭРИЙН НӨХЦӨЛД АРЬС АРЧИЛГААНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХИЙХ НЬ АЮУЛТАЙ

Нью-Йорк хотын арьс, гоо заслын эмч Dhaval Bhanusali бүсгүйчүүдэд хандаж, “гэртээ маск, серум, чийгшүүлэгч хийх нь тийм ч зөв зүйл биш” гэжээ. Энэ нь арьсанд сайнаас илүү муугаар нөлөөлөх нь түгээмэл аж. Мөн ингэснээр химийн түлэгдэл үүсгэх боломжтой бөгөөд гэртээ шинэ зүйл туршихаас өмнө сайтар судалж, мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй гэжээ.

3. ХУУЛДАГ ХАР МАСК АРЬСЫГ ГЭМТЭЭДЭГ

Хар маск хэрэглэсний дараа нүүрний арьс толийгоод цэвэрхэн болсон юм шиг мэдрэмж төрдөг. Тиймдээ ч хүмүүс нүүрээ цэвэрхэн болчихлоо гэсэн сэтгэл ханамж авдаг. Гэсэн хэдий ч арьс, гоо заслын эмч Holly Hanson, “Хуулдаг хар маск нь арьсны өнгөн хэсгийг гэмтээдэг. Үүнээс өөрөөр арьсаа гэмтээхгүйгээр цэвэрлэх олон арга бий” хэмээв.

4. ШҮРШҮҮРТ ОРОХДОО ХАТУУ САВАН ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХ

Мөн тэрээр “Эрчүүд шүршүүрт орохдоо хатуу савангаар биеэ угаах нь олон жил уламжлал болсон зүйл юм. Гэвч хатуу саван нь арьсыг мэдэгдэхүйц хуурайшуулж, ялангуяа өвлийн улиралд арьсны тууралт үүсгэдэг. Харин хатуу савангийн оронд хөөсөн угаагч болон үнэргүй чийгшүүлэгч хэрэглэхийг зөвлөе” гэжээ.

5. ИНТЕРНЕТ ДЭЭРХ ЗӨВЛӨГӨӨ БҮР ҮНЭН БАЙДАГГҮЙ

Сүүлийн үед дэлгэрсэн арьс арчилгааны зөвлөгөөнүүд нь гоо сайхны эмч, судлаачдаар баталгаажаагүй учраас болгоомж илүүдэхгүй. Мөн интернетээр хүн бүр арьс арчилгааны мэргэжилтэн шиг зөвлөгөө өгөх гээд байдаг болсон нь хянах боломжгүй олон асуудлыг дагуулж байгаа юм.

Тиймээс арьсныхаа асуудлыг шийдвэрлэх гэж байгаа бол заавал мэргэжлийн хүнд хандах хэрэгтэй. Учир нь тэд олон жилийн туршлага, сурсан мэдсэн зүйл дээрээ үндэслэн танд зөвлөж чадна.

6. МОДНЫ НҮҮРСНЭЭС ГАРГАЖ АВСАН МАСК БҮР АДИЛ БАЙДАГГҮЙ

Хүмүүс модны нүүрснээс гаргаж авсан маск л байвал арьсыг цэвэрлэж, нүх агшаах үйлчилгээтэй гэж боддог. Хэдийгээр модны нүүрс нь асуудал биш боловч уг маскийг хийсэн орц найрлагыг нь судалж үзэх хэрэгтэй. Хэт их цавуулагтай бол арьсыг цочроож, хуурайшуулдаг.

7. БАЙГАЛИЙН ТОС НЬ ТИЙМ Ч САЙН ЧИЙГШҮҮЛЭГЧ БИШ

Тос болгоныг нүүрэнд түрхэх албагүй.

Нью-Йорк хотын арьс, гоо заслын эмч Marisa Garshick, “Хүмүүс дэлгүүрээс авсан чийгшүүлэгчийнхээ оронд байгалийн гаралтай тосыг орлуулж хэрэглэх гээд байдаг. Гэвч энэ нь арьсны асуудал үүсгэж болзошгүй юм” хэмээв.

Тэрээр үргэлжлүүлэн, “батга гарсан, хэт эмзэг арьстай бол сайн чийгшүүлэх хэрэгтэй. Гэхдээ байгалийн гаралтай тосыг шууд хэрэглэх нь арьсны нүх сүвийг бөглөж улмаар батга дахин гарах, нүхжилт үүсэх шалтгаан болж мэдэх юм. Тиймээс аль болох зориулалтын шингэн хэрэглэж байхыг зөвлөе” гэжээ.

8. “NATURAL” БОЛОН “ORGANIC” ГЭДЭГ НЬ ЯЛГААТАЙ ОЙЛГОЛТ

Ихэнх хүмүүс арьс арчилгааны бүтээгдэхүүнд байдаг “байгалийн гаралтай”, “органик” хэмээх нэршлийг нэг утгатай гэж боддог. Гэвч үнэндээ эдгээр үгс нь өөр утгыг илэрхийлдэг бөгөөд зарим хүмүүс аль нэгийг нь цэвэр, аюулгүй гэж хүлээж авдаг.

“Natural” гэсэн шошготой нь амьд байгалийн ургамал, эрдэс давс гэх мэт зүйлсээс бүтээгдэхүүнээ гаргаж авсан байдаг бол “organic” нь тухайн бүтээгдэхүүнд орсон орц найрлагыг химийн бордоо, парабен, антибиотикгүйгээр боловсруулсныг хэлнэ.

9. ОНЛАЙНААР ЗАХИАЛАХ НЬ ТИЙМ Ч ЗӨВ СОНГОЛТ БИШ

Өмнө нь хэрэглэж хэвшсэн бүтээгдэхүүнээ онлайнаар худалдаж авах нь асуудал биш ээ. Харин огт хэрэглэж үзээгүй бүтээгдэхүүнийг заавартай нь танилцаад л захиалах нь тийм ч зөв сонголт биш юм. Учир нь тус бүтээгдэхүүний орц найрлага нь таны арьсанд таарахгүй ч байж болно. Магадгүй орц найрлага, үйлдвэрлэсэн газар нь тодорхой биш байвал бүр ч зайлсхийх хэрэгтэй.

10. ТОНИК БОЛГОН САЙН ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ БИШ

Тоникоор арчсаны дараа арьс маань цэвэрхэн болсон юм шиг санагддаг. Гэхдээ арьс, гоо заслын эмч Meshkov Bonati, “Үйлчлүүлэгчид маань тоник хэрэглэх дуртай байдаг. Гэхдээ өөрт тохироогүй тоник сонговол эмзэг мэдрэмтгий арьсыг цочроож, арьсны олон асуудлыг дагуулах болно. Ялангуяа өвлийн улиралд спирт агуулсан тоникийг огт хэрэглэж болохгүй. Ер нь спирт агуулаагүй тоник сонгох нь хамгийн шилдэг сонголт болно” гэжээ.

Эх сурвалж: Insider

#Гоо сайхан #Арьс #Зөвлөгөө