Red Burger: YouTube суваг хөтлөх тухай сургалтад сууснаас ӨӨРӨӨ хийгээд үзсэн нь дээр


“Намайг George гэдэг. Өнөөдрийн дугаарт би ... киноны тухай ярьж өгөх болно. Бичлэгээ дуустал нь үзээрэй”. Та эдгээр үгсийг YouTube-ээс бичлэг үзэж явахдаа сонсож байсан уу? Сэтгэлд хоногшихуйц дуу хоолой, киноны тухай маш ойлгомжтой тайлбар... Энэ бол “Red Burger”.

Бид энэ удаа “Улаан Бургер” YouTube сувгийг хөтлөн явуулдаг George-той ярилцлаа. 


YOLOЮун түрүүнд Youtube суваг нь 76 мянган subscribers-тай болсонд нь баяр хүргэе. Бичлэгийг нь үздэг хүмүүс өөрийг тань George гэдэг нэрээр мэддэг шүү дээ. Жинхэнэ нэрийг нь хэн гэдэг вэ? Өөрийнхөө тухай дэлгэрэнгүй танилцуулаач?

- Баярлалаа. Тохиромжтой цаг ирэх хүртэл өөрийгөө нууцлаг байлгахыг хүсдэг болохоор одоогоор олон нийтийн сүлжээнд жинхэнэ нэрээ мэдэгдэхийг хүсдэггүй. Ямартай ч удахгүй 17 нас хүрэх гэж буй айлын ганц хүү, Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн 11-р ангийн сурагч George гэж танилцуулъя. Миний сувгийн 1'000 гаруй subscribers-тай байх үеийн үзэгчид маань л миний жинхэнэ нэрийг мэдэж байгаа байх. Дэлгэсэн ном шиг байхыг хүсдэггүй хүн л дээ.

YOLOИх нууцлаг хүн байх нь. YouTube сувгийнх нь нэр сонирхол их татаж байна. Яагаад “Улаан Бургер” гэж нэрлэсэн юм бэ?

- Анх миний суваг GeorgeTcity гэдэг нэртэй байсан. Яалт ч үгүй хүн тогтооход, хайлт хийхэд ч хэцүү нэр байсан учраас амархан цээжлэгдэх, онцгой, бага зэрэг “гаж” нэр өгье гэж бодоод ийнхүү нэрлэсэн. Тэр үед манай сургуулийн дээд ангийн ахын Instagram хаяг нь “nisdegdog” гэдэг нэртэй байсан юм. Тэр нэрийг нэг уншаад л тогтоосон болохоор иймэрхүү нэр байх хэрэгтэй юм байна даа гэж бодсон.


YOLOЯах ч аргагүй их содон нэр шүү. Та ихэвчлэн аймшгийн, триллер, нууцлаг төрлийн киноны тухай ярьсан байдаг. Энэ төрлийн бичлэг хийх болсон шалтгаанаасаа хуваалцвал?

- Би багаасаа аймшгийн кино үзэх дуртай байсан. Яваандаа киног урлаг талаас нь харж, түүндээ маш их сонирхолтой болж эхэлсэн л дээ. Өөрөөр хэлбэл “Бүтээл” гэдэг талаас нь илүү хардаг болсон гэсэн үг. Мөн  зохиол, өгүүллэг бичих дуртай байсан болохоор нэг өдөр аймшгийн өгүүллэг бичиж үзье гэж шийдсэн юм. Дараа нь үүнийгээ бичлэг болгоод хийвэл гоё юм шиг санагдаад анхны бичлэгээ YouTube-д байршуулж байлаа. Тэгээд кино тайлбарладаг төрлийн бичлэг хийж үзье гэж бодоод одоогийн “Ямаршуу кино вэ?” бичлэгийг хийж эхэлсэн. Тухайн үед аймшгийн өгүүллэгүүд оруулдаг байсан болохоор энэ төрлөө дагнахаас өөр сонголт байгаагүй л дээ.

YOLOТэгвэл та аймшгийн төрлийн кинонд л дуртай гэсэн үг үү?

- Одоогийн би аймшгийн гэхээс илүү "Moonlight" (2016), "Marriage Story" (2019) зэрэг зохиол, дүрүүд дээр суурилсан драма төрлийн кинонд дуртай.


YOLOТаны сувагт одоогоор 77 бичлэг байршсан байна. Тэдгээрээс нэгийг нь онцолбол аль бичлэгийг нэрлэх вэ?

- Мэдээж “Oldboy” (2003) киноны тухай бичлэгээ нэрлэнэ. Үүнийг бусад бичлэгүүд шигээ арван минутын хугацаатай хийж болох байсан л даа. Гэхдээ би өөрийгөө сорих дуртай болохоор дуу оруулгын чадвар шаардсан бичлэг хийхээр шийдсэн юм. Мөн хоёр долоо хоногийн турш хийсэн болохоор хамгийн тэвчээр шаардсан бичлэг гэж боддог.

YOLOЕр нь “Улаан Бургер”-ийн нэг бичлэг хэдий хугацаанд бүтдэг юм бол?

- Асуугаасай гэж бодож байлаа. Ихэнх үзэгчид нэг бичлэг бүтэх үйл явцыг их амархан гэж боддог юм шиг санагддаг. Таны үзэж буй арван минутын бичлэгт маш их хөдөлмөр, цаг хугацаа ордог. Жишээ нь, судалгаагаа хийхээр англи хэл дээрх материалуудыг нэг бүрчлэн эрж хайн, цуглуулна. Дараа нь бичлэгийн script буюу унших эх бичвэрээ алдаагүй, найруулгатай бичихийн тулд хамгийн багадаа 1-3 хоногийг зарцуулдаг. Ингээд хоолойгоо бичихэд хоёр цаг хэрэгтэй. Эх бичвэрээ тийм ч сайнгүй уншсан юм шиг санагдвал ахин засаж бичдэг. Хамгийн чухал хэсэг бол эвлүүлэг. Киноны дүрс, нэмэлт мэдээллүүд, дундуур нь ордог хошигнол зэрэг нь олон нарийн ажиллагаа шаарддаг болохоор 2-4 хоногийг зайлшгүй зарцуулна. Мөн би жижиг алдаа гаргах дургүй болохоор тухайн киног судлах үеэс эхлээд эвлүүлэг хийж дуусах хүртэл ахин дахин нягталж, шалгадаг. Тухайн бүтээлийн агуулгаас шалтгаалан бичлэг бүтэх хугацаа мөн өөрчлөгдөж болно.

YOLOТэгвэл нэг бичлэг дунджаар 5-7 хоногт бүтдэг юм байна. Цаашдын зорилго болон YouTube сувгийнхаа ирээдүйг хэрхэн харж байна вэ?

- Би нэг төрлийн зүйлээ удаан хугацаанд хийх дургүй. Өөр төрлийн бичлэгүүд хийх санаа байна. Одоо хийж байгаа бичлэгүүд бол дөнгөж эхлэл төдийгүй ирээдүйд хийх том ажлын суурь болж байгаа гэж боддог. Зорилгодоо хүрсний дараа үр дүнг нь харуулахыг хүсэж байгаа болохоор одоо хэлмээргүй байна.

YOLOТэгвэл дараагийн контентуудыг нь тэсэн ядан хүлээж байя. Одоо George-ийн тухай асуултууд руу оръё. Өөрийгөө ямар зан араншинтай хүн гэж боддог вэ?

- Өөрийгөө бүрэн таньж амжаагүй ч одоогоор хүнд хэт итгэх, өөрийнхөө амьдралд бусдыг хэт их оруулах дургүй. Айлын ганц хүүхэд болохоор ганцаараа байхыг илүүд үздэг. Мөн өөрийгөө маш тайван, хэр баргийн зүйлд уурладаггүй гэж хэлнэ.


YOLOҮлгэр дуурайл авдаг хүн бий юу?

- Casey Neistat гэх эрхмийг нэрлэнэ. Өөр олон хүн байгаа ч энэ хүн надад хайрцагт баригдахгүйгээр өөрийнхөө мөрөөдөл, арга барилаар хэрхэн бүтээлч байх тухай мэдрүүлдэг. Нэг жилийн өмнөх би мөнгөний төлөө дургүй ажлаа хийж чадах нэгэн байсан л даа. Тэр үед нүдийг минь нээсэн хүн гэж хэлж болно.

YOLOӨөрийнхөө тухай сонирхолтой баримтыг хэлээч. Нууц авьяас ч юм уу?

- Instagram хуудасны маань онцлох сторинуудаас намайг гайгүй сайн зурдаг гэдгийг мэдэж болно. Мөн би өөрийгөө тун дажгүй дуулдаг гэж боддог. Хэдийгээр дотогшоо зан төлөвтэй боловч нүүрэмгий, өөртөө итгэлтэй, ярианы чадвартай хүн л дээ.


YOLOГэр бүлийнхэн нь бичлэг хийж байгааг нь хэрхэн хүлээн авдаг вэ?

- Миний хамгийн том фэнүүд. Намайг маш их дэмжиж, ойлгодог. Аав, ээжтэйгээ дотно найзууд шиг байдаг гэх үү дээ.

YOLOЧөлөөт цагаараа бичлэг хийхээс өөр юу хийх дуртай вэ?

- Зураг зурах дуртай. Япон хэл бие даан сурч байсан ч сүүлийн үед жаахан зав муутай л байна. Мөн кино үзэж, screenplay буюу эх зохиолыг нь уншиж, бүтсэн түүхийг нь судлах дуртай. Ер нь л чөлөөт цагийнхаа ихэнх хугацааг кино урлаг гэх их далайд сэлж өнгөрүүлдэг.

YOLOМэргэжлээ сонгосон уу? Кино урлагтай холбоотой мэргэжилтэй болох уу?

- Сонгосон ч хэлэх тохиромжтой цаг нь одоо биш гэж бодож байна.


YOLOХэрвээ нэг өдрийн амьдралаа ямар нэг кино шиг өнгөрүүлэх боломж олдвол таны нэрлэх бүтээл юу байх вэ?

- “Good Will Hunting” (1997) киног сонгоно. Яагаад гэвэл хэт зарчимч, бусдад хаалттай, хатуу зан чанарыг минь эвдэж, хий хоосон амжилтын төлөө ямар ч зорилгогүй зүтгэх намайг өөрчилж чадах ер бусын хайр, онцгой нэгэн хүнтэй учрахыг хүсдэг. Яг л энэ кино шиг тийм өдөр тохиогоосой хэмээн хүсэж байна. Мөн энэхүү ярилцлагыг уншиж байгаа хүн бүрд энэ киног санал болгомоор байна. Амьдралд эд хөрөнгө, амжилт, материаллаг хэрэгцээнээс илүү “хайр” хамгийн агуу гэдгийг мэдрүүлэх кино байгаа юм.


YOLOЯрилцлагынхаа төгсгөлд Youtube суваг хөтлөхийг хүсэж байгаа залууст хандан зөвлөгөө өгөөч?

- “Хэрхэн YouTube суваг хөтлөх вэ?” гэх мэт хэрэггүй сургалтад сууж байснаас зориг гаргаад, “халуун тогоо” руу нь үсэрч ороод биеэрээ мэдрэн, алдаа гаргаж, түүнээсээ суралцаасай гэж хүсэж байна. Subscribers-ийн тоо хөөлгүйгээр яг л өөрийнхөө сонирхдог төрлөөр, хүсэж байгаа бичлэгээ хийж, шаргуу хөдөлмөрлөөсэй гэж зөвлөе.

Нэг зүйлийг хэлэхэд яг тохиромжтой цаг нь ирсэн юм шиг санагдлаа. Би бүх бичлэгээ утсан дээрээ хийсэн. Тухайн үед 150 мянга орчим төгрөгөөр худалдан авч байсан Samsung Note 3 загварын утсан дээрээ бүх бичлэгээ янзалж оруулдаг. Гоё утасгүй, гоё камергүй, гоё компьютергүй гэж гомдлоод, бичлэг хийх боломжгүй гээд шантраад сууж байгаа хүмүүсийг хараад өөрт байгаа боломжоороо тэмцсэн 17 настай хүүхдийн хэлэх үг ийм байна. Контент хийхэд сайн төхөөрөмж чухал ч гэсэн хэзээ ч нэгдүгээрт тавигдах шаардлага биш. Хийх гэж буй зүйлээ хэр их хүсэж, түүнийхээ төлөө хэр том зорилго тавьж, зорилгынхоо төлөө хэр их хичээж байгаа нь л хамгийн чухал.

YOLOЯрилцсанд баярлалаа. 


#Ярилцлага #Залуус #Алдартан