Эмэгтэй хүний цүнхэнд ЗААВАЛ байх ёстой 10 зүйл


Д. Номингэрэл | YOLO.MN
2021-02-02

Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол цүнх гэх эдлэлийг өдөр тутамдаа хэрэглэдэг. Хэрэглэх хэрэглэхдээ хичээлийн, аяллын, үдэшлэгийн, өдөр тутмын гэх мэтчилэн олон төрлөөр нь ангилан хэрэглэнэ. 

Гэхдээ эдгээрийн алийг нь ч барьсан бай, дотор нь заавал багтаах ёстой зүйлс гэж бий. Ингээд эмэгтэй таны цүнхэнд зайлшгүй байх ёстой 10 зүйлийг танилцуулъя. 

1. УРУУЛ ӨНГӨЛӨГЧ /БУДАГ/

Өглөө гэрээсээ гарахдаа түрхсэн уруул өнгөлөгч, уруулын будаг тогтцоо өдрийн туршид барина гэдэг бараг л боломжгүй зүйл. Тиймээс будаг тань зарим хэсгээрээ арилж бүдгэрсэн бол, уруул тань хатсан бол чийглэх зорилгоор энэ төрлийн бүтээгдэхүүнийг заавал авч явах ёстой ажээ. 

2. СҮРЧИГ /ҮНЭРТЭЙ УС/

Гудамжинд сайхан үнэртэй нэгэнтэй зөрөхөд хэсэг хугацаанд ч болтугай сайхан мэдрэмж төрдөг шүү дээ. Мөн тухайн хүнийг танихгүй ч сэтгэлд нэг л эерэг сэтгэгдэл төрдөг. Тиймээс үнэртэй ус бол таны цүнхэнд заавал байх ёстой дараагийн бүтээгдэхүүн юм. Гэнэтийн уулзалт, болзоо зэрэгт байнгын бэлэн байх нь байна шүү дээ. 

3. ТОЛЬ, САМ

Будгаа сэргээх, яаралтай үед нүүр болон үсээ харах шаардлагатай тохиолдолд толь хэрэг болно. Ер нь эмэгтэйчүүд бидэнд дээрх шаардлагууд цөөнгүй тохиолддог шүү дээ. Мөн Монгол шиг уур амьсгалтай газарт зунаас бусад улиралд самыг зайлшгүй авч явах шаардлага гардаг. 

4. ХӨЛС ДАРАГЧ

Та их хөлөрдөг төрлийн хүн бол цүнхэнд тань хөлс дарагч зайлшгүй байх ёстой. Гэхдээ чанартай хөлс дарагч хэрэглэхгүй бол хөлсийг тань дарж, асуудлыг шийдвэрлэхээсээ илүүтэйгээр улам эвгүй үнэр бий болгож мэдэх юм. 

5. АМНЫ ГАА

Бусадтай ойроос харьцах, ярилцах үед амнаас эвгүй үнэр гарч буйг хүн өөрөө ч тэр бүр анзаардаггүй. Тиймээс харьцаж буй хүндээ онцгүй сэтгэгдэл үлдээхгүйн тулд гаа хэрэглэж хэвшээрэй. 

Хэрэв сургуульд сурах, оффист ажиллах зэргээр өдрийн ихэнх хугацааг нэг газраа өнгөрөөдөг бол өдрийн хоолоо идсэний дараа шүдээ угааж ч болох юм. 

6. ГАРЫН ТОС

Цар тахлын энэ үед бид гараа энгийн үед угаадаг байснаас хэд дахин илүү угаадаг болсон нь нууц биш. Тэр чинээгээрээ гарын арьс хуурайшиж байгаа билээ. Тэгвэл харсан, шууд харьцсан хүндээ таагүй сэтгэгдэл үлдээхгүйн тулд гараа угаасны дараа арьсыг нь чийгшүүлж хэвшээрэй. 

7. НОЙТОН, ХУУРАЙ САЛФЕТИК

Улс маань хэдий хөгжиж яваа ч үйлчилгээний байгууллагуудын угаалгын өрөөнд ариун цэврийн цаас, хуурай салфетка байхгүй байх нь элбэг. Тиймээс охид, бүсгүйчүүд маань нойтон болон хуурай салфетка цүнхэнд заавал байх ёстойг сайн мэднэ. 

8. НҮДНИЙ ДУСААЛГА

Гадуур удаан явах үед нүд аргаж улайх нь энгийн л үзэгдэл. Харин улайсан нүдтэй хүн тийм ч тааламжтай харагдахгүй нь ойлгомжтой. Тунгалаг сайхан нүдтэй байхын тулд цүнхэндээ үргэлж нүдний дусаалгатай явах хэрэгтэй шүү.

9. ГУТАЛ ӨНГӨЛӨГЧ БА ГУТЛЫН АЛЧУУР

Ихэнх хүмүүс хэн нэгэнтэй анх удаа уулзахдаа тухайн хүнийг гутлаар нь дүгнэдэг талтай. Гэхдээ мөн л манай орны нөхцөлд өглөөдөө гутлаа сайтар цэвэрлээд гарсан ч удалгүй бохирдчихдог. 

Тиймээс цэвэрхэн, цэмцгэр гуталтай байхын тулд гутал өнгөлөгч эсвэл гутлын алчууртай явах хэрэгтэй.

10. УСНЫ САВ

Усны ач тусыг дурдах ч шаардлагагүй биз. Гадуур явахдаа харин хуванцар савтай цэвэр ус худалдан авахгүйгээр өөрийнхөө савтай уснаас ууж хэвшээрэй. Биед ч тустай, байгальд ч ээлтэй шүү дээ. 

#Зөвлөгөө #Гоо сайхан