Өөрчлөгдөнө
Өнөөдөр биш ч
Хамтдаа мөрөөдсөн ирээдүй
Чамаар бүтсэн миний бүх зүйл
Явах чинь үнэн бол юу ч биш болж үлдэнэ... (Хайртай хүндээ дууны хэсгээс...)
Дуучин А.Хишигдалай, С.Зоригт нарын хамтарсан анхны тоглолт болох “Хайртай хүндээ” тоглолт ӨНӨӨДӨР Crocus Event Hall-д болно.
Тэд 2012 оноос хойш уран бүтээлийн хамтрагчид болж, “Хайртай хүндээ” дуунаас эхэлсэн тэдний хамтын уран бүтээлүүд нь үзэгч, сонсогчдын таашаалд хүрсээр ирсэн. Тиймээс анхны уран бүтээлээрээ тоглолтоо нэрлэжээ. Тоглолтод үзэгч, сонсогчдын сэтгэлд хүрсэн дуунуудаасаа дуулах бөгөөд бүх дуу амьд хөгжимтэй гэдгээрээ онцлог.
Тэдний тоглолтод урилгаар Рэппэр Цэцэ, Дандий, Маралжингоо, NMN нарын уран бүтээлчид өөрсдийн ая дуугаа өргөнө. Мөн үзэж амжихгүй хүмүүс Univision, DDish-ээр шууд дамжуулалтыг үзэх боломжтой. Тоглолтын тасалбар 10 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд ticket.mn-ээр захиалах боломжтой.
С.Зоригт, А.Хишигдалай хоёртой YOLO.mn сонирхолтой яриа өрнүүлснээ хүргэж байна.
YOLO: Та хоёрын хамтран дуулсан хамгийн дуртай дуу?
Х: Бидний хамгийн анхны хамтарсан уран бүтээл “Хайртай хүндээ” дуу. Энэ дуу хүмүүст их хүрсэн. Тиймдээ ч энэ удаагийн тоглолтын маань нэр болсон. Мөн сүүлд гаргасан “Үүлэн цоорхойн нар” хэмээх уран бүтээл хүнд их “хань болох” дуу болсон. Гээд дурдаад байвал, эцэг эх хүүхдүүддээ бүгдэд нь хайртай байдаг шиг бид хоёр бүхий л дуундаа хайртай даа.
YOLO: Тоглолтын үеэр нэг бүсгүй, залуу гарч ирээд хайраа илчилбэл яах вэ?
З: Баярлалаа л гэх байх даа, талархсан сэтгэлээр л хүлээж авна даа. (инээв)
Х: Өө тэгээд л... (хэсэг бодолхийлэв) Мэдэхгүй байна аа, надад өмнө нь тийм зүйл тохиолдож байгаагүй болохоор хэлж чадахгүй байна (инээв)
YOLO: Таны өсвөр насны амьдрал хэрхэн өнгөрсөн бэ?
Х: Миний хүүхэд нас ч дуу хууртай холбоотой байсан. Урлагийн үзлэг, тэмцээн наадам гээд бүхий л арга хэмжээнд оролцдог охин байлаа. Ер нь л миний амьдралын салшгүй нэг хэсэг бол урлаг.
З: Бусдын адил л хүү байсан. Гэхдээ нэг онцлог нь анги хамт олон, сургуулийн үйл ажиллагаанд их идэвхтэй оролцдог хүү байсан даа.
YOLO: Та хоёрын багын хоч?
Х: Аав ээж маань намайг багад “Бөмбөөлэй” гэж дууддаг байсан. Харин царай төрхийн хувьд зурамтай төстэй болохоор зарим хүн “зурам” гэж хочилдог (инээв)
З: Багын хоч Бумбаараа
“УУЛ РУУ ӨСГИЙТЭЙ ГУТАЛТАЙ МАЦДАГ НАД ШИГ ХҮН БАЙХГҮЙ БАЙХ”
YOLO: Хамтран дуулах саналыг анх хэн тавьж байсан бэ?
Х: Нэг өдөр Зоригт “Надад нэг гоё дуу байна, хамтдаа сонсоод үзье” гэж надад анх санал тавьж байсан. Анхны уран бүтээл “Хайртай хүндээ” дуу маань ч гарсан даруйдаа олонд хүрсэн. Тэрнээс хойш бид хоёр тус тусынхаа уран бүтээлийг хийхийн хажуугаар мөн хамтарч уран бүтээлээ хийж байна даа.
YOLO: Та хоёрын нууц авьяас?
Х: Ммм.... (хэсэг бодолхийлэв) Нууц авьяас гэхээр тийм ч сүртэй зүйл байхгүй л дээ. Гэхдээ аливаа юмыг эвийг нь олоод хийчихдэг, гарын ур дүйтэй байж магадгүй (инээв)
З: Би хөгжим тоглодог.
YOLO: Хамгийн хөгжилтэй үйл явдалтайгаар бүтэж байсан дууны клип?
Х: “Хайртай хүндээ” дууны клипийн зургийг авах гэж өндөр уул руу мацсан. Уул руу өсгийтэй гуталтай мацдаг над шиг хүн лав байхгүй байх. Дээш гарч байгаад халтирч унаад, нөгөө засч янзалсан үс нь сэгсийгээд, будаг шунх нь арилаад, хүзүү гар хөл шалбарч хөхрөөд их хөгжилтэй түүхтэй бүтсэн клип.
YOLO: Хэлэх дуртай үг?
Х: Өдөрт хамгийн их хэлдэг үг бол “Нам тайван, сайхан дөө”. Би үгийн энергит их итгэдэг. Тиймдээ ч “Юмгүй дээ” гэж хэлэх дургүй учир хүн “Юу байна даа” гэж мэнд асуух юм бол тэгж хариулдаг.
З: Аливаа ажлыг хийж дуусгаад “Ард нь гарчихлаа даа” гэж хэлэх дуртай.
YOLO: Бага насны мөрөөдөлдөө одоо хүрсэн гэж боддог уу?
Х: Тэгэлгүй яахав, багаасаа л дуучин болно гэж боддог байсан минь биелсэн.
З: Би ч мөн адил урлагийн хүн болох мөрөөдлөө биелүүлсэн.
YOLO: Цаг хугацааны машинд сууж аялах боломж гарах юм бол та аль үе рүү очих вэ?
З: Одоохондоо цаг хугацааны машинд суумааргүй байна. Нас тогтоод, 50 хүрчихээд л өнгөрсөн үе рүүгээ аялбал гоё шдээ.
Х: Ирээдүй рүү явна. Олон хүүхдийн ээж болчихсон, сайхан ханьтай болчихсон. Бид нэг орон дээр шахцалдаад хэвтэж байх үе рүү нэг оччихоод ирмээр байна.
YOLO: Дэлхийн оддын хэнтэй болзохыг хүсдэг вэ?
Х: Жүжигчин Леонардо Дикаприо. Оскарт нэр дэвшихэд нь түүнд зориулж Гандан орж хийморийн сан тавиулсан хүн чинь би шүү дээ (наргиа байлаа)
З: Дуучин Адель. Тэр их сонирхолтой, нууцлаг хүн санагддаг.
YOLO: Хүүхэлдэйн киноны баатраас хэнтэй нь адилхан бэ?
Х: Элса хавьцаа л байх даа. (инээв)
З: Оросын хүүхэлдэйн кинонд гардаг худалч тоть Кешатай адилхан (инээв)
YOLO: Шүтэн бишрэгчдээс хамгийн гоё сэтгэгдэл үлдээсэн үйл явдал байдаг уу?
Х: “Би тань шиг л хүн болно” гэж бичсэн нэг захиа авсан. Тэр их сэтгэлд тод үлдсэн байна. Хэн нэгний үлгэр жишээ болж яваадаа их баярлаж явдаг даа.
З: Тэгэлгүй яахав. “Дууг чинь сонсдог, хүндэлж явдаг шүү” гэсэн үгстэй захидал их ирдэг.
YOLO: Дуучин Хишигдалай дүр төрхийн хувьд өөртөө их өөрчлөлт, шинэчлэлтийг хийсэн шүү дээ. Ер нь эмэгтэй хүн, охид өөртөө цаг зав гаргаж гоо сайхандаа хэр анхаарах ёстой байдаг юм бол оо?
Х: Царай муутай болон царайлаг охид гэж байхгүй, одоо бол арчаатай болон арчаа муутай охид гэж ангилах болсон. Эмэгтэй хүн өөрийгөө арчлах хэрэгтэй, өөртөө цаг завыг заавал гаргах ёстой гэж би боддог. Тэр утгаараа би өөрөө урлагийн хүн, бусдын өмнө ил байдаг учраас өөрийгөө сайхан авч явах ёстой гэж бодож хичээдэг. Царай муутай охин гэж байхгүй, өөрийгөө л арчлах юм бол цэцгийг услаад байвал сайхан ургадгийн адилаар гоё болно шүү дээ.
YOLO: Хүн өөрийгөө байнга хөгжүүлэх хэрэгтэй байдаг шүү дээ. Дуулахаас бусдаар өөр ямар чадвараа хөгжүүлмээр байдаг вэ?
З: Би сүүлийн үед маркетингийн чиглэлийг их сонирхох болсон. Үүнийгээ ч хөгжүүлж сурч байгаа.
Х: Хүн өөрийгөө төрөл бүрийн зүйлд сорих хэрэгтэй байдаг юм болов уу гэж боддог. Би энэ жил “Сайн уу, амьдрал минь” кинонд тоглосон, мөн фото модель болж үзлээ. Тэгэхээр боломж л байвал олон зүйлд хүч сорьё, оролдоод үзье гэж боддог доо.
YOLO: Ярилцлага өгсөнд баярлалаа. “Хайртай хүндээ” тоглолтонд нь амжилт хүсье.
З,Х: За баярлалаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх