К-Драма трэнд: Нэхмэл хийж сурснаар амьдралд гарах ЭЕРЭГ үр дагаврууд


Нэхмэл гэхээр таны санаанд юу хамгийн түрүүнд бууж байна вэ? Ахлах сургуулийн хөдөлмөрийн хичээл үү, аль эсвэл ᠌”Start-Up” (2020) цувралын Nam Do San уу? Аль нь ч байсан нэхмэл хийх нь таны бие махбод болоод сэтгэцийн эрүүл мэндэд ашиг тустай юм.

“True Beauty” (2021) цуврал дээр ч нэхмэлийн тухай гардгийг санаж байгаа биз дээ? Тэгвэл одоо нэхмэлийн ашиг тустай танилцъя. 

1. СТРЕССИЙГ БУУРУУЛНА

Ижил давтамжаар нэгэн хэвийн хөдөлгөөн хийх нь тархийг дээд зэргээр тайвшруулдаг. Ижил хөдөлгөөнөө давтан хийдэг амьтад амар тайван байдлын серотонин дааврыг ихээр ялгаруулдаг болохыг Принстон их сургуулийн доктор Barry Jacobs судалжээ.

Мөн сэтгэл судлаач Betsan Corkhill-ийн хэлж буйгаар өвчтөнүүд нэхмэл нэхсэнээр сэтгэл санаа нь илүү тайван, тогтвортой болж байсан бөгөөд “Нэхмэл таны анхаарлыг зөвхөн одоо цагт төвлөрүүлдэг. Нэг хөдөлгөөнөө тогтмол хийснээр өнгөрсөн болоод ирээдүйн талаар санаа зовних шаардлагагүй болно. Өөрөөр хэлбэл өөртэйгөө тулж ажиллахад тань тусална” хэмээн хэлжээ.

“Би нэхмэлээ нэхэж байгаа болохоор хэн нэгнийг хөнөөхгүй”

2. УНШИЖ СУРАХАД ТУСАЛНА

Дэлхийн 75 оронд салбар сургуультай Валдорфийн бага сургуульд хүүхдүүд уншиж сурахаасаа өмнө нэхмэл хийж сурдаг. Нэхмэл сүлжих нь хүүхдийн анхаарал төвлөрөлтийг сайжруулах тустайгаас гадна үлгэр бүтээхтэй төстэй аж. Тэд нэхмэлийн сүлжээснээс зурлагуудыг олж харан, зүүнээс баруун руу бичих үйл явцад суралцаж байдаг төдийгүй энэ нь тэдэнд сурах эрмэлзлийг төрүүлдэг гэнэ.

3. АЛДААГАА ДАВТАХГҮЙ БАЙХАД ТУСАЛНА

Нэхмэл хийж сурах нь мөн дугуй унаж сурахтай адил юм. Аль алийг нь сайн хийж сурахын тулд тууштай дадлага, хичээл зүтгэл шаарддаг. Тэгвэл нэхмэл танд алдаагаа давтахгүй байхад тусална. Сүлжих явцдаа эхний мөрөнд алдаа гаргавал дараагийн мөрний адил үед өмнөх алдаагаа санах тул ахин алдаа гаргахаас сэргийлж чаддаг. Өөрөөр хэлбэл сэрэмжтэй байх хариу үйлдлийг тархинд тань суулгаж өгдөг гэсэн үг юм.

4. АМЬДРАЛЫН ЧУХАЛ ХИЧЭЭЛИЙГ ЗААНА

2009 онд Lynn Zwerling гэх эмэгтэй найзтайгаа хамтран “Knitting Behind Bars” буюу “Торны цаадах нэхмэл” төслийг санаачилсан бөгөөд төслийн хүрээнд энгийн дэглэмтэй хорих газрын ялтнуудад нэхмэл сүлжих тухай заажээ. Тэрээр “Би тэдэнд зорилго тавих, эхэлснээ дуусгах, бусдад өгөх гэх зэрэг хүн байхын утга учрыг зааж өгөхийг хүссэн. Тэд буцаад нийгмийн нэг хэсэг болох үед илүү тайван байж, үнэ цэнэтэй зүйл хийх замыг сонгох болов уу гэж бодсон юм. Нэхмэл бол тэднийг нийгэмшүүлж, бараан дурсамжаа мартахад туслах боломж” хэмээн ярьжээ.

5. АМЬД ХАРИЛЦААГ ДЭМЖИНЭ

Өдөржин, шөнөжин дэлгэц ширтэж байгаа таны нүд хэчнээн их ядарч байгаа бол? Нэхмэл нь таныг дэлгэцээс хол байлгах буюу дижитал ертөнцөөс тусгаарлах хамгийн энгийн бөгөөд хямд арга юм. Танд амьдралынхаа хором мөч бүрийг үнэ цэнэтэйгээр мэдрэх боломж олгох нэхмэлийн тухай гэр бүл, найз нөхөдтэйгөө яагаад хуваалцаж болохгүй гэж?

Одоо танд нэхмэл яаж сүлжих заавар хэрэгтэй юу? Тийм бол ЭНД дараарай. 

Эх сурвалж: Health Fitness Revolution

#Кино урлаг #Сонин хачин #Зөвлөгөө