Э.Рэнцэнханд: Хичээлийн хажуугаар БИЕ МАХБОД болон СЭТГЭЛЗҮЙН эрүүл мэндээ бүү орхигдуулаарай


Амьдралынх нь бүхий л түүхээс урам зориг, эрч хүчийг авч чадахуйц Э.Рэнцэнхандыг энэ удаагийн дугаартаа урьж оролцууллаа. Тэрээр NYU буюу Нью-Йоркийн их сургуульд Төрийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалж, олон улсын томоохон байгууллагуудад ажиллаж байсан туршлагатай нэгэн. Мэдээж энэ бүхэн амар байгаагүй. Хичээлдээ хэт их анхаарснаасаа болоод сүрьеэ өвчин тусаж, олон сараар эмчлүүлж байсан удаатай. Энэ түүхээрээ дамжуулан тэрээр сүрьеэ өвчний талаарх нийгмийн сөрөг хандлага, буруу ойлголтуудыг өөрчлөх зорилготой “Stigmatized” номоо хэвлүүлжээ.


YOLOТаныг улсын сургуулийн сурагчийн ширээнээс Нью-Йоркийн их сургууль хүртэл суралцаж, дэлхийн хамгийн том хотуудын нэгт байрладаг олон улсын байгууллагад ажиллаж байгаа гэдгээр тань их бахархаж байна. Энэ түүхээ бидэнтэй хуваалцаач.

- Би хотын захын улсын сургуульд сурдаг гэдгээсээ үл хамаараад англи хэлээ сайжруулахын тулд хичээдэг, нийгмийн идэвхтэй, манлайлагч, хичээл бүрийнхээ олимпиадад оролцдог сурагч байлаа. Үүнийг маань зарим багш нар “юм болгонд оролцлоо” гэж шүүмжилдэг байсан. Гэхдээ надад өөрийгөө хайрцаглаж, ганцхан зүйл дээр төвлөрөх нь утгагүй санагдсан учраас дуртай зүйлдээ оролцохыг илүүд үзсэн. Үүнийг би Монголын боловсролын системд дутагдаж байгаа зүйлийн нэг гэж боддог. Хүүхдийн авьяасыг олон талаар сорьж үзэх ёстой байтал “Чи математикийн хичээлдээ сайн юм чинь үүгээрээ дагна” гэж хайрцаглаад байдаг. Гэтэл математикаа суурь болгоод өөр олон чиглэлээр, олон салбарт өөрийгөө сорьж үзэх боломж байна шүү дээ. Тэр утгаараа өөрийгөө олон зүйл туршиж үзсэн гэж боддог.

Сургуулиа төгсөх жилдээ SAT, TOEFL-ын шалгалтад эрчимтэйгээр бэлдсэний үр дүнд Болгар дахь Америкийн их сургуульд суралцахаар болсон. Болгарт хоёр жил сурах хугацаандаа “Work and Travel” буюу зуны амралтаараа Америкт ажиллаж, аялах хөтөлбөрт хамрагдсан. Америк маш их таалагдсан болохоор их сургуульдаа сурангаа Америкийн 10 гаруй сургуульд материалаа явуулж байлаа. Тэгээд 3-р курсээсээ Зүүн Теннесси мужийн их сургууль руу шилжиж, бизнесийн удирдлага, эдийн засаг мэргэжлээр 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцсан.

Сургуулиа төгсөөд Нью-Йорк хотын захирагчийн нэрэмжит хөтөлбөрөөр Хэрэглэгчийн ашиг, сонирхлыг хамгаалах байгууллагын шинжээчээр ажилласан. Түүний дараа Нью-Йоркийн их сургуульд Төрийн удирдлага мэргэжлээр магистрын хөтөлбөрт тэнцсэн. Магистрын хөтөлбөрт сурч байх хугацаандаа НҮБ, Дэлхийн банканд ажиллаж үзсэн. Одоо бол Дүрвэгсдийн олон улсын байгууллагад мэргэжилтнээр ажилладаг.


YOLOХотын захад байрлах улсын сургуулиас Америкт очиж суралцах замд тань ямар саад бэрхшээл тулгарч байв, түүнийгээ хэрхэн даван туулж байсан бэ?

- Ерөнхийдөө гурван төрлийн бэрхшээл тулгарсан.

1. Намайг ерөнхий боловсролын сургуульд сурч байх үед улсын сургуулиас гадаадын их сургуульд элсэж орсон хүүхэд маш ховор байсан. Миний өрсөлдсөн хөтөлбөр бүрд минь элит, хувийн сургуулийн хүүхдүүд шалгарчихдаг байв. Би дандаа урдуураа таслуулдаг байсан нь хамгийн том саад бэрхшээл байсан. Хувийн, элит сургуулийн монгол хэлнээсээ илүү англи хэлний чадвартай хүүхдийг хотын захын хүүхэдтэй хамт нэг ангилалд өрсөлдүүлэх нь маш шударга бус шүү дээ. Би дахиж тийм хөтөлбөрүүдэд материалаа өгөхийг хүсээгүй. Монголд зарлагдсан тэтгэлэг, хөтөлбөрүүдэд би угаасаа тэнцэхгүй юм байна. Тийм болохоор Монголоос цөөхөн хүүхэд авдаг гадаадын их сургуульд материалаа илгээвэл ялгарч гарч ирэх юм байна гэж бодсон. Энэ нь ч надад маш том боломжуудыг нээж өгсөн.

2. Улсын сургуулиас гадаадад сурах гэж буй сурагчдад үзүүлдэг дэмжлэг маш бага. Англи хэлний клуб, сонгон хичээл, гадаадад сурах гэж буй оюутнуудад зориулсан зөвлөгөө, мэдээлэл огт байдаггүй. Тийм учраас би сургуулиасаа гадуур англи хэлний сургалтын төв, үнэгүй ярианы клубуудыг хайж эхэлсэн. Хэрвээ сургуулиас дэмжвэл цаг хугацаа, санхүүгээ ч хэмнэх байх. 

3. Гурав дахь нь санхүүгийн асуудал. Англи хэлний сургалтын төвүүдийн төлбөр, их сургууль руу материалаа явуулах төлбөр, TOEFL, SAT шалгалтын төлбөрүүдийг төлөхөд санхүүгийн хувьд хүндрэлтэй байсан. Эргээд харахад Монгол дахь хөтөлбөр нь ч тэнцүүлдэггүй байсан охинд АНУ-ын их сургуулиуд итгээд, дэмжээд 200,000 орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийчихсэн байна. Америкт хаанаас ирсэн, хэний хүүхэд гэдгээс маань үл хамаараад тэгш боломж олгох зарчим үйлчилдэг нь их таалагддаг. Ямар гараанаас эхлээд, ямар замыг туулаад ирсэн бэ гэдэг хувь хүний түүхийг үнэлдэг. Боломж сайтай гараанаас гарсан хүүхдүүдээс илүүтэйгээр боломж багатай нөхцөл байдлаас гарч ирсэн хүүхдүүдэд давуу тал олгодог. Харин Монголд боломжийн тэгш бус байдлыг адилхан түвшинд харж, сонгон шалгаруулалт хийдэг нь шударга бус санагддаг.


YOLOГадаадад суралцах талаар мэдээлэл, зөвлөгөө элбэг байдаг мөртлөө тэтгэлэгт тэнцээд сургуульдаа очсоныхоо дараа яах талаар зөвлөгөө, мэдээлэл дутмаг байдаг юм шиг санагддаг. Та энэ тал дээр юу гэж зөвлөх вэ?

Нэгдүгээрт “personal development” буюу хувь хүний хөгжил. Үүнд сэтгэл зүйн эрүүл мэнд, бие махбодын эрүүл мэнд, бусадтай харилцах буюу нийгмийн эрүүл мэндийг хамруулж байгаа юм. Миний хувьд АНУ руу явахаасаа өмнө хүндээр өвдсөн учраас очоод эрүүл мэнддээ түлхүү анхаарсан. Гэхдээ “professional development” буюу мэргэжил, дадлага, магистрын зэргээ хамгаалах их сургуульд анхаарлынхаа 80 хувийг чиглүүлдэг байсан маань учир дутагдалтай байжээ. Олон ажлуудаа амжуулах гээд их бухимдалтай, шөнөдөө нойргүй, чөлөөт цагаараа найз нартайгаа гадагшаа гарахгүйгээр номын санд өнждөг байсан. Номын санд суусныхаа ачаар өсөж хөгжсөн гэдэг нь мэдээжийн хэрэг. Гэтэл эргээд харахад амьдрал дээр найзын хүрээлэл, хүмүүсийн хоорондоо үүсгэсэн харилцаа холбоо гэдэг маш чухал юм билээ. Тийм учраас сурч байх хугацаандаа аль болох олон улсын оюутнуудтай найзууд болоорой. Хичээлийнхээ хажуугаар бие махбодынхоо эрүүл мэнд, сэтгэл зүйн эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэндээ битгий орхигдуулаарай.

Багш нартайгаа харилцаа холбоотой байх маш чухал. Монголд багш нарын араас гүйсэн хүмүүст дургүй байдаг бол Америкт эсрэгээрээ энэ нь хамгийн чухал зүйл байдаг. Багш оюутны холбоо хамаарал бол насан турш үргэлжилдэг зүйл. Мэдэхгүй, чадахгүй зүйлээ чөлөөтэй асуудаг, багшийнхаа зөвлөгөө өгөх цагаар нь байнга очиж уулздаг байх хэрэгтэй.

Оюутан байх хугацаандаа төрөл бүрийн дадлага, мэргэжлийн хөтөлбөрүүдэд хамгийн багадаа хоёр удаа хамрагдаарай гэж зөвлөмөөр байна. Монголдоо буцаж ирэх ч бай, магистрт сурах ч бай, гадаадад үлдээд ажиллах ч бай дадлага хийснээр их зүйл сурч танилын хүрээгээ тэлдэг. Жишээлбэл би дадлага хийсэн газрынхаа даргатай одоо ч хүртэл холбоотой байдаг. Юу хийж байгаа, амьдралд маань ямар шинэ зүйл тохиолдсон талаараа тэр хүмүүст хэлэхээр маш дуртай, талархаж хүлээж авдаг. Залуучуудыгаа чөлөөтэй, нээлттэй байхад суралцаарай гэж хэлмээр байна.


YOLOТа сурагч байхдаа бүх зүйлд манлайлдаг, олон зүйлийг оролдож үздэг байсан гэлээ. Түүнээсээ юуг нь голчилж бакалаврын мэргэжлээ сонгосон бэ? Магистрт сурахдаа мэргэжлээ өөрчлөх болсон шалтгаан тань юу байсан бэ?

- Одоо эргээд бодохоор миний салбар нийгмийн ухааны салбар байсан юм билээ. Сурагч байхдаа Монголын залуучуудын холбоотой хамтраад өөрийн сурдаг сургууль дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хандивын аяныг өрнүүлж байсан. Дөнгөж 14 настайдаа хандивын хайрцаг тэврээд, ангиудаар ороод тайлбарлаад явж байснаа харахаар цаанаасаа л хүсэл эрмэлзэлтэй салбар маань энэ байсан байгаа юм. Гэхдээ би тэрийг мэргэжлээс маань тусдаа зүйл гэж харсан. Сонирхдог зүйл маань гэдгийг мэдсэн ч тэрийг тоолгүй "хүн бүрийн сонгоод байгаа Бизнесийн удирдлагын чиглэлийг сонгоё, бусад нарийн мэргэжлийг бодвол хөрвөх чадвар сайтай юм байна" гэж бодсон. Харин Зүүн Теннесси мужийн их сургуульд сурч байхдаа үүсгэн байгуулсан сайн дурын клуб, томоохон ТББ-д хийсэн дадлага маань миний дотоод хүсэл зоригийг бадрааж, ил гаргахад тусалсан гэж хэлж болно. Би нийгмийн салбарын хүн юм байна, энэ замаар явбал илүү амжилт гаргах юм байна, хүсээд байгаа зүйл маань энэ юм байна гэдгийг ойлгоод сонирхлоо карьер болгохын тулд магистрт сурахдаа мэргэжлээ сольсон.

Хүмүүс бакалавртаа эзэмшсэн мэргэжлээрээ магистрт сурах хэрэгтэй гэж буруу ойлгодог юм билээ. Магистрын хөтөлбөрт мэргэших, мэргэжлээ солих, удирдлагын түвшинд ажиллах эсвэл ажиллаж буй салбараа өөрчлөх зэрэг олон шалтгаанаар сурч болдог.


YOLOТа Нью-Йоркийн их сургуульд сурахынхаа хажуугаар томоохон байгууллагуудад ажилласан гэлээ. “Сурах үедээ сурсан шиг сураад дараа нь ажилла” гэсэн зөвлөгөө их байдаг. Таны бодлоор сурахынхаа хажуугаар ажиллах нь ямар санагдсан бэ?

- Аль алийг нь амжуулдаг байх хэрэгтэй. Ялангуяа Америкт “side hustle” буюу үндсэн ажлынхаа хажуугаар орлогын өөр эх үүсвэртэй байх гэдэг маш том соёл байдаг. Миний хувьд ажлаа хийхийн хажуугаар номоо бичиж байгаатай адилхан гэсэн үг. Магадгүй номоо дуусгасны дараа дахиад л шинэ зүйл гараад ирнэ. Монголд харин “Нэг зүйлээ л хийе” гэж хайрцаглаад байдаг. Яг үнэндээ хүний оюун ухаан олон зүйлийг зэрэг амжуулах өндөр чадвартай. Аливаа зүйлийг дэс дараатай хийнэ гээд цаг хугацаа, боломжоо алдах хэрэггүй. Тэгэхээр сурахынхаа хажуугаар ажил хийх нь чухал. Аль болох мэргэжилтэйгээ холбоотой ажил хийвэл бүр ч сайн.

Монгол оюутнууд тэтгэлэг аваад л санаа нь амарчихдаг нь хайран санагддаг. Тэтгэлэг чиний амьдралын баталгаа гэсэн үг огтоос биш. Цаашлаад Америкт дадлага хийнэ, ажиллана, магистрын зэргээ хамгаална гэдэг зорилготой яагаад байж болохгүй гэж? Би тэр философиороо Зүүн Теннесси мужийн их сургуульд орсон даруйдаа оюутны сайн дурын клуб үүсгэн байгуулсан. Клубынхаа хүрээнд хөрөнгө босгох, босгосон мөнгөө ашгийн бус үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад хандивлах, оюутнуудаа сайн дурын үйл ажиллагаанд холбож өгөх зэрэг үйл ажиллагаа хийдэг байсан. Мөн оюутны дотуур байрандаа “residence assistant” буюу давхар хариуцсан оюутнаар ажиллаад үнэгүй амьдарсан. Багш нарынхаа судалгаан дээр туслах, сургуулийнхаа сонинд сэтгүүлчээр ажиллах гээд зүгээр суусан үе гэж байгаагүй. Тэгснээрээ ч их зүйл сурсан.


YOLOХөл хорионы улмаас цахимаар ажиллаж байгаа гэсэн. Цахимаар ажиллах талаар сэтгэгдлээсээ хуваалцаач.

- Монгол, АНУ хоорондоо 13 цагийн зөрүүтэй. Энд орой болж байхад тэнд ажлын цаг дөнгөж эхэлж байдаг гэсэн үг. Ийм тохиолдолд уян хатан байх чадварыг тултал нь ашиглах хэрэгтэй юм билээ. Би ганцаараа уян хатан ажиллахаас илүү байгууллагын хамт олон маань тэр боломжийг надад олгодог. Хурлууддаа Монголын цагаар орой, Америкийн цагаар өглөө оролцдог. Харин бие дааж хийх үүрэгт ажлуудаа өдрийн цагаар хийдэг. Гэхдээ уян хатан байна гэхээр шөнийн 2, 3 цаг хүртэл хуралд оролцоод байхыг хэлэхгүй. Тодорхой хил хязгаартай байх хэрэгтэй. “Би эрүүл мэндээ бодох үүднээс шөнийн 23:00 цагаас хойш хуралд оролцмооргүй байна. Түүнээс хойших уулзалтуудыг и-мэйлээр мэдээллийг нь авч байя” гэхэд дарга нар маань эерэгээр хүлээж авсан. Уян хатан байх хэрэгтэй ч хил хязгаартай байх хэрэгтэй гэж хэлээд байгаа юм.

Дараа нь тодорхой цаг хугацааг, тодорхой нэг л зүйлд зарцуулах шаардлага үүссэн. Гэрээсээ ажиллахаар хувийн амьдрал, ажил хоорондоо холилдоод байдаг. Оффист ажилладаг байхад өглөө 09:00 цагаас оройны 17:00 цаг хүртэл ажлаа хийчхээд, түүнээс хойш хувийн ажлуудаа амжуулдаг. Гэтэл анх хөл хорионы үеэр ажлаа хийж байх үед хувийн амьдрал яг хажууд өрнөж байгаа учраас саад болоод байсан. Энэ цагийг зөвхөн энэ л ажилд зориулна гэдэг сахилга баттай байх нь тус болж байна. 


YOLOТа сүрьеэ өвчнийг хэрхэн даван туулсан тухай ном бичиж байгаа гэсэн. Номынхоо тухай бидэнтэй хуваалцаач. Энэ номоороо дамжуулаад ямар асуудлуудыг хөндөхийг зорьж байна вэ?

- Ном маань ерөнхийдөө гурван агуулгатай. Эхнийх нь нийгмийн болон хүмүүсийн сөргөөр хүлээж авдаг сүрьеэ өвчний тухай өгүүлнэ. Энэ өвчинг туссан хүмүүсийг нийгэмд нэг бол өрөвдсөн эсвэл ялгаварласан байдлаар ханддаг. Жишээлбэл ядуу хүн л тусдаг, удамшдаг өвчин гэх мэт буруу ойлголтууд их бий. Нийгмийн энэ сөрөг хандлагыг өөрийнхөө түүхээр дамжуулан өөрчлөхийг хүсэж байна. Миний олж мэдсэнээр сүрьеэ өвчнийг даван туулсан тухайгаа олон нийтэд хуваалцсан хүн надаас өөр байхгүй. Нийгмийн ялгаварлан гадуурхалт, сөрөг хандлагатай болохоор хуваалцахгүй байгаа юм. Тийм ч учраас их зоримог алхам хийж байна.

Хоёр дахь агуулга нь даван туулагчдын соёл. Сүрьеэ өвчнөөс гадна нийгмийн сөрөг хандлагад өртдөг маш олон төрлийн өвчин бий. Тиймээс даван туулагчдын соёлыг дэлгэрүүлье, ямарваа нэгэн өвчинг даван туулсан хүнийг вирус, бактери, нийгмийн статустай нь холбож ялгаварлахгүй байя. Харин тэр хүмүүсийг хэрхэн шийдэлд оролцуулж болох вэ гэдэг гарцыг хайдаг байя. Тухайлбал би сүрьеэ өвчинг даван туулсан болохоор энэ чиглэлээр гаргаж байгаа шийдвэрт оролцвол илүү бодитой, үр дүнтэй шийдвэр гаргахад тусална гэж бодож байна. Яг үнэндээ энэ өвчний талаар ямар ч практик ойлголтгүй хүмүүс л тухайн өвчтөнд зориулсан шийдвэрийг гаргаж байгаа шүү дээ. Даван туулсан хүмүүсийн дуу хоолой гэдэг бол маш чухал.

Гурав дахь нь улсын сургууль төгссөн хүүхэд дэлхийн шилдэг их сургуульд суралцаад, олон улсын байгууллагад ажиллаад явж болдог юм шүү гэсэн агуулгыг хүргэхийг зорьж байна. 


YOLOТа найман жилийн турш эх орноосоо хол байсан байна. Энэ урт хугацааны дараа эргэн ирэхэд тань хэр олон зүйл өөрчлөгдсөн байна вэ?

- Залуучууд сэтгэлгээний хувьд илүү нээлттэй болж байгаа юм шиг санагдаж байна. Тухайлбал сүрьеэ өвчнийг хэрхэн даван туулсан талаараа ном бичээд олон нийтэд танилцуулахад хүлээж авч буй хүмүүсийн хандлага нь ерөнхийдөө эерэг байсан. Хүн бүр өөр гэдгийг хүлээн зөвшөөрдөг болж байгаа бололтой. Намайг ерөнхий боловсролын сургуулиа төгсөх үед хүмүүс сайн дурын, ашгийн бус үйл ажиллагаанд оролцдоггүй, анхаардаггүй байсан бол одоо өөрчлөгдөж, нийгмийн асуудлуудад оролцдог, дуу хоолойгоо хүргэдэг болжээ. Энэ ч утгаараа иргэний нийгмийн байгууллагууд илүү хүчтэй болж байгаа юм шиг санагдсан. 

YOLOТа англи хэлээ хэрхэн сурч байсан бэ? Нийтлэлийн төгсгөлд манай уншигчдад англи хэл сурах зөвлөгөө өгөөч?

- Залуучууд маань англи хэлийг сунгаж буюу олон жилээр сурдаг. Өдөрт нэг цаг зарцуул, өдөр бүр нэг л даалгавар хий гэдэг зөвлөгөө их байдаг. Миний бодлоор хэл сурна гэдэг эрчимтэй үйл явц байх ёстой. Жилийн турш зүгээр л англи хэлээр амьсгал. Тэгэхгүй би сурч байна гээд олон жил явсаар байгаад идэвх нь буураад, анхаарал нь сарниад үр дүн гардаггүй. Би ахлах сургуулиа төгсөх сүүлийн хоёр жилдээ л англи хэлний хичээлдээ хичээсэн. Тэр хоёр жил эрчимтэйгээр хичээж суралцсаны үр дүнд хэлний мэдлэг маань огцом сайжирсан. Англи хэл сурахын тулд унших, сонсох, ярих, бичих дөрвөн чадварынхаа дагуу богино хугацаанд эрчимтэй хичээллэх хэрэгтэй шүү гэж хэлмээр байна.

YOLOЯрилцсанд баярлалаа.


#Ярилцлага #Залуус #Амжилт #Тэтгэлгийн ярилцлага