Берни Сандерс өөрийнх нь зурагтай бүтээгдэхүүнээс 1.8 сая доллар олжээ


А. Мишээл | YOLO.MN
2021-01-29

АНУ-ын Вермонт мужийн сенатч Берни Сандерс өөрийнх нь зурагтай бүтээгдэхүүний борлуулалтаас 1.8 сая доллар олсон байна.

Ерөнхийлөгч Жо Байдены тангараг өргөх ёслолын үеэр түүний бор эрээн бээлийтэй сууж байгаа зураг нийгмийн сүлжээгээр хурдацтай тархаж, төрөл бүрийн мийм болгон ашиглагдсан юм. Тиймээс энэ боломжийг ашиглан Сандерсын багийнхан сандал дээр сууж байгаа зурагтай цамц худалдаанд гаргажээ. 45 долларын үнэтэй уг цамц худалдаанд гарсан даруйдаа 30 минутад зарагдаж дууссан байна.

Тэрбээр энэ орлогоо буяны ажилд зарцуулна гэдгээ зарласан байна. "Жэйн /Сандерсийн эхнэр/ бид хоёр хүмүүсийн бүтээлч сэтгэлгээг үнэхээр биширсэн. Бид хоёр тусламж хэрэгтэй байгаа Вермонтын оршин суугчдадаа хандивлах болно" гэжээ.

Сандерсын бээлийг Вермонтын бага сургуулийн багш Жен Эллис хийсэн байна. Түүнээс олон хүн захиалгаар бээлий хийлгэхийг хүссэн ч тэрбээр надад зарах өөр бээлий байхгүй хэмээн Твиттерээрээ дамжуулан хариулжээ.

Берни Сандерсын зургийг цахим хэрэглэгчид төрөл бүрээр өөрчилжээ

Берни Сандерсын зургийг ашиглан бүтээгдэхүүн хийсэн нь

Эх сурвалж: CNN

#Мэдээ #Үйл явдал