Төрөлхийн буржгар үсийг арчлахдаа гаргадаг түгээмэл 7 алдаа


Б. Хатан-Эрдэнэ | YOLO.MN
2021-01-23

Төрөлхийн буржгар үсийг арчлах амаргүй. Шулуун эсвэл долгионтой үсний арчилгаатай харьцуулшгүй хүнд сорилтуудыг буржгар үс бидэнд өгдөг билээ. Хуурайших, хугарах, арзайх. Буржгар үст тань эдгээр үгсийн аль нэг нь эсвэл бөөндөө удаан хугацааны турш асуудал болж байгаа юм биш биз? 

Тэгвэл энэхүү нийтлэлээрээ танд үсээ эрүүл, гялалзсан болгоход саад хийж байж болзошгүй долоон алдааг танилцуулж байна. 

АЛДАА #1: ҮСЭЭ ХЭТ ОЛОН УДАА УГААХ

Таны үсээ хэр ойрхон давтамжтай угаах нь хуйхны тань чийгшил, тослог, эрүүл ахуйд нөлөөлдөг. Мэргэжилтнүүдийн зүгээс буржгар үсийг угаахад шампунийг бага хэмжээтэйгээр, цөөн давтамжтайгаар хэрэглэхийг зөвлөдөг билээ. Өөрөөр хэлбэл та үсээ өдөр бүр угаахаас зайлсхийх хэрэгтэй гэсэн үг. 

Буржгар үсийг эрүүл байхад хуйхны өөрийнх нь тослог тусалдаг тул үсээ долоо хоногт дээд тал нь хоёр удаа л угаах нь зүйтэй. 

АЛДАА #2: АНГИЖРУУЛАГЧ ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХ

Буржгар үс шулуун болон долгионтой үсийг бодвол илүү хуурай бүтэцтэй учир чийгшил сайн өгөх нь чухал. Ангижруулагч худалдан авахдаа ч буржгар үсэнд зориулагдсаныг нь сонгоорой.

Танд л гэж хэлэхэд найрлагад нь кокосын тос, авокадо жимсний тос, алоэ вера агуулагдсан бол бүр сайн.  

АЛДАА #3: ХЭЛБЭРЖҮҮЛЭГЧЭЭ БУРУУ ҮЕД ТҮРХЭХ

Буржгар үсний хэлбэрийг удаан хадгалж үлдье гэвэл хэлбэржүүлэгч гель, тос, цацлагатай нөхөрлөх хэрэгтэй. Гэхдээ хэрэглэсэн ч үр дүнгээ өгөхгүй байна гэж үү? Тэгвэл эдгээр бүтээгдэхүүнүүдийг үсээ угаасны дараа буюу нойтон дээр нь түрхэж хэвшээрэй. Ингэснээр үсний буржгар хэлбэр жигд болж, илүү дээр харагдах болно. 

АЛДАА #4: ҮСИЙГ БУРУУ ХАТААХ

Үсийг өөрөөр нь хатаахаас илүү зөв арчилгаа гэж үгүй. Гэхдээ яаралтай тохиолдолд үсээ сэнсээр хатаах шаардлага гарвал зурагт үзүүлсэн саглагар хэлбэрийн хошууг ашиглахыг зөвлөе. Энэ нь үсийг арзайлт багатай, цагираг хэлбэртэй болгоно. 

АЛДАА #5: ҮСНИЙ ШИРЭЛДЭЭГ САМААР ГАРГАХ

Буржгар үсийг угаасны дараа хэзээ ч битгий самна. Үүний оронд үсээ ангижруулах явцад том зайтай шүдтэй самаар алгуурхан самнаж ширэлдээг нь гаргаарай.  

Харин үсээ усаар зайлж ангижруулагчийг арилгасны дараа сам хэрэглэх, тэр бүү хэл хуруугаараа самнахаас ч зайлсхийгээрэй.

АЛДАА #6: СУЛЬФАТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭХ

Буржгар үстнүүдийн уриа үг - “Сульфат агуулсан бүтээгдэхүүнээс хол байцгаая!”. Сульфат гэх бодис буржгар үсийг арзгар, хуурай, хэврэг болгодог тул ийн уриалдаг билээ. Хэрэв та үсээ төрөлх шинжээр нь эрүүл байлгахыг хүсвэл “ 100 хувь сульфатгүй” гэсэн тодотголтой бүтээгдэхүүн сонгон хэрэглээрэй. 

АЛДАА #7: УНТАХДАА ҮСЭЭ ХАМГААЛАХГҮЙ БАЙХ

Маш хачирхалтай сонсогдож байж магадгүй ч энэ нь үс арчилгаанд ихээхэн том үүрэг гүйцэтгэдэг. Хэчнээн үнэтэй дэрний уут байлаа ч хөвөн даавуун материал ямагт буржгар үсэнд харшилдаг. Даавуу хуйхны тослог болон үсний чийгшлийг өөртөө шингээдэг тул үсээ торгон алчуураар ороох эсвэл торгон дэрний уут хэрэглээд үзээрэй. Өглөө сэрэхэд үс тань гялалзсан, торгомсог, амьдрал дүүрэн байх болно.

Эх сурвалж: Function of Beauty

#Гоо сайхан #Үс арчилгаа #Зөвлөгөө