ОЮУТНУУД: Энэ бол цөөнхийн биш НИЙТИЙН эрх ашиг!


Тун удахгүй Их дээд сургууль, коллежуудын хаврын улирлын хичээл сонголт эхэлнэ. Зарим сургуулиудын хичээл сонголт энэ долоо хоногт эхэлсэн. Гэвч оюутнуудын зүгээс цахим сургалтын чанар, хүртээмжтэй байдал хангалтгүй байна хэмээн үзэж сургалтын төлбөрийг хөнгөлөх хөдөлгөөн өрнүүлж эхлээд байгаа билээ. Зөвхөн цахим сургалтын чанар ч бус сургуулиудын хэмнэж буй урсгал зардлын мөнгө болоод танхимаар хичээллэдэг шиг хангалттай хэмжээний цогц мэдлэг олж авах боломж бололцоо дутмаг байх, практик дээр дадлага хийх боломж, ар гэрийн бололцоо зэрэг шалтгаанууд дээр үндэслэн сургалтын төлбөрийг хөнгөлөхийг шаардаж буй юм.

Иймд оюутнууд нэгдэн “Монголын оюутнуудын эрхийг хамгаалах хөдөлгөөн” бүлгэмийг байгуулж, Их дээд сургуулиудын засаг, захиргаа болон холбогдох албан тушаалтнуудад дуу хоолойгоо хүргэхээр байгуулагдаад хоёр долоо хоногийн нүүр үзэж байна. БШУ-ны сайдын нэгдүгээр сарын 18-нд гаргасан тушаалаар Сургалтын төлбөр хөнгөлөх, шилжүүлэхтэй холбоотой түр журам гаргасан. Гэвч журамд тусгасан сургалтын төлбөрийг хөнгөлөхтэй холбоотой заалтуудыг их дээд сургуулиуд авч хэлэлцэн, хэрэгжүүлэхгүй байгаад оюутнууд бухимдаж байна.

Ингээд оюутнуудын төлөөлөл цахим сургалтын төлбөр хөнгөлөхтэй холбоотой байр суурь, үзэл бодлоо хэрхэн илэрхийлснийг хүлээн авна уу.

“Монголын оюутны эрхийг хамгаалах хөдөлгөөн” бүлгэмийн чиглүүлэгч, ШУТИС-ийн Архитектурын ангийн төгсөх курсийн оюутан Б.Аззаяа: Бид шударга бус зүйлийг ялгаж, тэмцэж дуу хоолойгоо хүргэж чадна.

- "Сайн байцгаана уу. Намайг Бүрэнбаатарын Аз-заяа гэдэг. Би ШУТИС-ийн БАС-д Архитектур мэргэжлээр суралцдаг. Төгсөх курсийн оюутан.

Бид "Монголын оюутнуудын эрхийг хамгаалах" хөдөлгөөнийг оюутнуудад тулгамдаад байгаа асуудалд хариу нэхэх, шийдэх зорилготой нээсэн. Учир нь биднийг төлөөлж үг дуугарах оюутны холбооныхон дорвитой арга хэмжээ авахгүй байсан учир бид өөрсдөө зоригтойгоор хөдөлж эхэлсэн. Бид ямар нэгэн нам, оюутны холбоо, ТББ-д хамааралгүйгээр өөрсдийн үзэл бодлоороо нэгдсэн залуус. Одоогоор бид дотроо таван баг болон хуваагдаж ажиллаж байна. Төлбөрийн хөнгөлөлт хийгдэх дараах хэд хэдэн шалтгаан бий.

1. Цахим хичээлийн чанар.

2. Танхимын сургалт, цахим хичээлийн зардлын зөрүүтэй байдал.

3. Оюутанд чиглэгддэг үйл ажиллагааны зардлууд буюу ЭШ-ний хурал, урлагийн наадам, спортын наадам, оюутны холбооны үйл ажиллагааны зардал гэх мэт.

4. Урсгал зардал зэрэг зүйлс дээр үндэслэн төлбөрийн хөнгөлөлтийг хүсэж байна.

Манай сургуулийн хичээл сонголт нэгдүгээр сарын 19-нд эхэлсэн. Сургуулийн зүгээс төлбөрөө 50/50 хувиар төлж байж хичээл сонголтоо хий гэсэн байр суурьтай байгаа. Мөн төлбөрийн хөнгөлөлт хийх боломжгүй, цахилгаан дулааны мөнгийг улсаас хөнгөлөөгүй. Оюутны сургалтын төлбөрөөр багш нараа цалинжуулдаг. Цахим хичээлийн чанарыг сайжруулахын тулд багш нараа сургалт, семинарт хамруулж байгаа гэсэн мэдэгдэл ирсэн. Миний хувьд энэ хариултад сэтгэлээр унасан. Оюутнуудын санал хүсэлтийг огт сонсохгүй байгаад нь бухимдаж байна. Цахим хичээлийн төлбөрийн хөнгөлөлтийг хийх нь зүйтэй. Сургалтын хувьд мэргэжлийн багш нар даалгаврыг цаг тухай бүрд нь өгөөд хичээлээ чанартай ордог. Миний хувьд хөдөө орон нутагт байгаа болохоор компьютерийн асуудал, дата хэрэглээ зэргээс болоод хичээл хийх явцад хүндрэл гардаг. Энэ нь цахим сургалтын үр дүнд сөргөөр нөлөөлж байна. Цахимаар хичээллэх үед хөдөө орон нутагт байгаа хүүхдүүдэд надтай ижил маш олон бэрхшээл тулгардаг. Нэн ялангуяа архитектурын мэргэжлийн хичээлүүд практик тал руугаа түлхүү ордог учраас оюутнуудад маш хүндрэлтэй байдаг. Жишээ нь: хичээлдээ ашигладаг макетний материал, цавуу, харандаа, ватом цаас зэрэг хичээлийн хэрэглэлүүд аймгаас олддоггүй учир аль болох өөрөө зохицуулахыг хичээдэг. Мэргэжлийн хичээлийн дадлага үнэхээр үр дүнгүй болж байна. Хөл хорионы улмаас бүхэл бүтэн нэг улиралд хийх дадлагыг сар гаран л хийж байсан. Дадлагын төлбөрт 12 кредитийн төлбөр буюу 963,600₮ төлөх жишээтэй. Бид дадлагын хугацаанд цалин авдаггүй шүү дээ. Энэ мэт олон оюутан хохирч байна.

Сургалтын төлбөрийг ар гэрийнхэн маань төлдөг. Би дөрвөн дүүтэй, айлын том хүүхэд. "COVID-19" цар тахлын хөл хорионоос болж манай өрхийн орлого эрс буурсан. Миний хувьд төлбөр төлөх асуудалтай байгаа. 

Залуу хүмүүс дүлий хүн шиг үргэлж хараад суухгүй ээ!!! Бид шударга бус зүйлийг ялгаж, тэмцэж дуу хоолойгоо хүргэж чадна. Бугшсан идээ бээрийг шахаж тэгш хүртээмжтэй, оюутнуудын дуу хоолойг сонсдог нийгмийг бүтээцгээе! Оюутнууд бид өөрсдийнхөө төлөө дуугарах цаг болсон шүү гэж хэлмээр байна".

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн 4-р курсийн оюутан П. Бодьсайхан: Цэцэрлэгээс бага төлбөртэй гэдэг нь үнэн ч Монголд зөвхөн баян хүмүүс амьдардаггүй шүү дээ.

- "Цахим сургалтын чанар муу байгаатай холбогдуулан сургалтын төлбөрийг хөнгөлүүлэхийг хүсэж байна. Цахим сургалтаас гадна их сургуулиуд урсгал зардалд маш их хөрөнгө зарцуулдаг. Гэхдээ сургууль дээр оюутан байхгүй байхад ус, тог, цахилгааны мөнгө хэмнэгдэж байгаа шүү дээ. Тэгвэл энэхүү хэмнэсэн зардлаа сургалтын төлбөртэй дүйцүүлэн, адилхан хэмжээнд хувь тооцож хөнгөлж өгөхийг хүсэж, хөдөлгөөнд нэгдсэн.

МУИС-ийн хичээл сонголт хичээл орохоос долоо хоногийн өмнө эхэлдэг. Сургууль бол боловсролын үйлчилгээ үзүүлдэг байгууллага. Үйлчлүүлэгч чанартай үйлчилгээ авсныхаа хариуд өндөр төлбөр төлдөг. Гэтэл бид нар чанаргүй үйлчилгээ авсныхаа төлөө бүтэн төлбөр төлөх нь шударга бус гэж бодож байна. Хүмүүс олон нийтийн сүлжээнд их сургуулийн төлбөр цэцэрлэгийн сургалтын төлбөрөөс ч бага гэж бичсэн нь нэлээн шуугиан тарьсан. Цэцэрлэгээс бага төлбөртэй гэдэг нь үнэн ч Монголд зөвхөн баян хүмүүс амьдардаггүй шүү дээ. Энэ төлбөрийг арай ядан төлөх гэж хичээж байгаа мянга мянган оюутан залуус бий. Цар тахлын улмаас тэг зогсолт хийгээд ямар ч орлогогүй болсон ч хүмүүс их байгаа.

Миний хувьд сургалтын төлбөрөө оюутан хөгжлийн зээл болон сурахынхаа хажуугаар ажил хийж олдог байсан ч одоо боломжгүй болсон.

Эцэст нь нийт оюутнуудад хандаж хэлэхэд “Тэмцээгүй ард түмэн мөхдөг” гэдэг үг бий. Сургалтын төлбөрөө төлөх бүрэн боломжтой оюутнууд ч бий, төлөх боломжгүй, дунджаас доогуур орлоготой оюутнууд ч бий. Тэр оюутнуудынхаа төлөө нэг ч гэсэн удаа тэмцээд, дэмжээд өгөөч. Ганцхан таны хувьд болж байгаа зүйл бусдын хувьд боломжгүй байж болно. Нэгдвэл хүч нэг, дуугарвал дуу нэгтэй байх хэрэгтэй. Дараагийн удаа таны ээлж ч бас ирж болно гэдгийг бүү мартаарай".

МУБИС-ийн МХУЗ-ын тэнхимийн 3-р курсийн оюутан Ц.Номин: Бид сургалтын төлбөрөөс гадна гэртээ интернет болон тог цахилгааны мөнгийг ИЛҮҮ төлж байна.

- "Бид сургалтын төлбөрөөс гадна гэртээ интернет болон тог цахилгааны мөнгө илүү төлж, хичээлээ алсын зайнаас үзэж байна. Мөн хичээлийн чанар танхимаар орсноос илүү байж чадахгүй байна. Манай сургуулийн 1 болон 2-р курсийнхний хичээл сонголт нэгдүгээр сарын 18-наас  эхэлсэн. Энэ сарын 25-наас 3 болон 4-р курсийн оюутнуудын хичээл сонголт эхэлнэ. Уг нь төлбөр төлж баталгаажуулахгүйгээр хичээл сонголт хийж болно гэдэг шийдвэр гарсан гэж сонссон ч сургуулиас маань өргөдөл бичүүлээд нээлгэ гэж хэлсэн. Зарим хүүхдүүдээс сонсохоор 50 хувиа төл гэсэн яриа ч яваад, учир нь олдохгүй байсаар байна.

Цахимаар сурах хэдийгээр олон давуу талтай ч зарим сурах бичиг олдохгүй, багш нар нэг лекцээ олон давтаж явуулах, аль эсвэл ямар нэгэн мэдээлэл оруулахгүй байх тохиолдол их бий. Хичээлээ ихэнхдээ утсаараа орж хийдэг болохоор жижиг хэмжээтэй текстийг олон цагаар уншсанаар нүд өвдөх, толгой өвдөх, дархлаа муудах гэх зэргээр эрүүл мэндэд хүртэл сөргөөр нөлөөлж эхлэв. Өнгөрсөн хоёр жил аав ээжийнхээ цалин, тэтгэврээр төлбөрөө төлж байсан. Уг нь энэ жил өөрөө ажил хийгээд төлбөрийнхөө талыг төлсөн юм. Дараа жил ч бас тэгэх байх гэж бодож байна.

Учраа мэдэхгүй залуу оюутнууд гэж биднийг үл тоомсорлох зүйлс их анзаарагдах болсон. Бид нар учраа мэдэхгүй биш учрыг таниулах гэж гарч ирж буй залуу үеийнхэн гэдгээ харуулах хэрэгтэй".

АШУҮИС-ийн Хүүхдийн их эмчийн 3-р курсийн оюутан Н.Цэлмэгнаран: Өмнөх курсийнхээ дутуу дулимаг мэдлэг дээр нэмж хичээл үзсээр хоёр хичээлийн жил боллоо.

- "Энэ бол цөөнхийн биш нийтийн эрх ашиг. Монголын бүх оюутнуудад хамаатай асуудал. Цар тахлын хөл хорионы улмаас танхимын сургалт цахим руу шилжсэн нь мэргэжлийн боловсролыг чанаргүй эзэмших шалтгаан болж байна. Иймд танхим болон цахим хичээлийн сургалтын зөрүүг гаргаж буцаан олгох, ирэх улирлын төлбөрт шилжүүлэх шаардлагатай гэж үзсэн.

Манай сургуулийн хувьд хичээл сонголт хийдэггүй. Сургуулиас гаргасан хуваарийн дагуу үздэг. Төлбөрийг хичээлийн жил эхлэхээс өмнө төлсөн байх ёстой. Хэрвээ өмнөх төлбөрөө гүйцэд төлөөгүй бол дэвшин суралцах боломжгүй. Бид энэ асуудлаар албан бичиг удаа дараалан явуулсан боловч сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй холбоотой ямар ч шийдвэр гараагүй. Дүнгийн төлөө биш, мэдлэгийн төлөө сурах ёстой гэдэг ч эцсийн эцэст манай боловсролын систем хичээл зүтгэл биш дүнг л чухалчилдаг.

Цахим шалгалт өгөхдөө оюутнууд ном, дэвтрээ бүгдийг нь дэлгэж тавиад асуултын хариултыг л хайдаг боллоо. Суурь боловсролын 2-р курст бүтэн семестр цахим хичээл үзээд 3-р курст орж ирэхэд курсээрээ суурьгүй муу байна гэж багш нартаа загнуулсан. Энэ жилийн хувьд шинжилгээ сорьц авах, өвчтөндөө үзлэг хийх, онош тавих, яаралтай тусламж үзүүлэх зэрэг гардан үйлдлийн хичээлүүдийг практик дээр бүрэн гүйцэд эзэмшиж чадсангүй.

Өмнөх курсийнхээ дутуу дулимаг боловсрол дээр нэмж хичээл үзсээр хоёр хичээлийн жил боллоо. Энэ байдлаараа зураг, бичлэг үзэж цахимаар төгсвөл ямар эмч болох нь ойлгомжтой биз дээ. Дээр хэлсэнчлэн цахим сургалтад сэтгэл ханамж муутай байна. Цахим номын сангаас хичээлүүдээ уншиж судалж байгаа боловч дэлгэрүүлэн судлах ном , сурах бичгийн олдоц, хүрэлцээ муу. Багшийн бодит заавар, зөвлөгөө хэрэгтэй байна.

Би ээж аавынхаа болон өөрийн цагийн ажил хийж олсон цалин, хөлсөөр төлбөрөө төлдөг. Ирэх семестрт төлбөрийн чадамж муу байна. Оюутны хөгжлийн зээлд хамрагдах гэсэн боловч олгох эсэх шийдвэр хараахан гараагүй байгаа тул үлдсэн сарууддаа ажил хийхээр төлөвлөж байна даа. Өнөөдөр би л болж байвал бусад нь хамаагүй гэдэг сэтгэхүйгээ орхиод бидний ирээдүй нэг газар, нэг цаг хугацаанд огтлолцоно гэдгийг үргэлж сана, залуус аа!" 

ХУИС-ийн Бизнесийн танхимын 4-р курсийн оюутан Х.Хонгорзул: Нялх хүүхэдтэй, хөл хорио гээд гэр бүлээрээ ажилгүй болсон.

- "Оюутнуудын цахим хичээлд 85 хувийн сэтгэл ханамжтай гэсэн судалгаа яаж гарсныг огт ойлгохгүй байна. Танхимаар хичээл орсноор багшаасаа чөлөөтэй асууж, лавлаад байж болдог. Гэтэл цахим хичээлээр багшаас асуулт асуухад тодорхой хариу ирдэггүй. Мэйл бичихэд ч хариу өгдөггүй багш нар олон. Манай сургуулийн хичээл сонголт ирэх сар гараад эхлэх байх. Сургуулийн зүгээс тодорхой мэдээлэл өгөөгүй л байна. 

Өчнөөн кредитийн төлбөр төлсөн ч дадлагаа онлайнаар судалгаа хийж, илтгэл бэлдэж тооцуулсан. Үйлчилгээний чиглэлээр суралцаж байгаа бидэнд ямар ч хэрэггүй, шаардлагагүй кредитүүд байсан. Төлбөрийг аав ээж маань төлдөг. Мэдээж өөрөө ч бас ажил хийж төлбөртөө нэмэрлэдэг. 4-р курсийн эхний семестрт бие давхар байсан учраас огт тусалж чадаагүй. Ирэх семестрт яах учраа олоогүй л сууж байна. Нялх хүүхэдтэй, хөл хорио гээд гэр бүлээрээ ажилгүй болсон. Хувиараа жижиг бизнес хийж байгаа ч боломж хангалттай байхгүй байна. Чанаргүй, наалдац муутай цахим хичээлд төлбөрөө 3,4 саяар нь төлөөд сурсан мэдсэн зүйлгүй хайран санагдаж байна. Тэр мөнгийг яаж зовж олдог билээ дээ. Иймд цахимаар үзсэн семестрүүдийн төлбөрөөс бага ч гэсэн хөнгөлж ирэх семестрт шилжүүлж өгөх, оюутны төлбөрийг хөнгөлөхийг шаардаж байна. Зээл хөнгөлөлт биш!"

#Боловсрол #Их сургууль #Сургалтын төлбөр