Дуучин Olivia Rodrigo анхны уран бүтээлээрээ Ariana Grande-гийн рекордыг эвджээ


Э. Номин | YOLO.MN
2021-01-21

Өдгөө 17 настай дуучин Olivia Rodrigo анхны уран бүтээлээрээ хөгжмийн стрийминг үйлчилгээний Spotify сүлжээний рекордыг шинэчилжээ. 

Тэрээр энэ сарын 8-ны өдөр “Driver’s License” хэмээх анхны бие даасан уран бүтээлээ цацсан юм. Гэтэл уг дуу Spotify сүлжээний “Тэмдэглэлт бус өдөр цацагдсан хамгийн өндөр хандалттай уран бүтээл” хэмээх рекордыг бүр хоёр ч удаа шинэчилсэн байна. Тухайлбал, уг дуу тус сүлжээнд байршсан эхний өдрөө 15.7 сая удаа тоглогдсон бол дараагийн өдөр нь 17 гаруй сая удаа тоглогджээ. Түүнээс өмнө уг рекордыг та бидний сайн мэдэх дуучин Ariana Grande “Thank U, Next” дуугаараа эзэмшдэг байсан билээ. 

Ингээд ч зогсохгүй тус сүлжээнд байршсан долоо хоногтоо 65,878,080 удаа тоглогдсоноор Эхний долоо хоногтоо хамгийн олон удаа тоглогдсон уран бүтээл” хэмээх рекордыг ч мөн шинэчилжээ. 

Энэхүү хит уран бүтээл зөвхөн Spotify хэрэглэгчдийг доргиогоод зогсохгүй АНУ, Австрали, Канад тэргүүтэй дэлхийн олон орны хөгжмийн чартуудыг тэргүүлсэн амжилттай яваа аж. 

“Driver’s License” дууны клипэнд Olivia жолооны үнэмлэхээ авчхаад хотын захаар хэн нэгнийг санагалзан ганцаархнаа давхиж буй үйл явдлыг харуулах бөгөөд шүтэн бишрэгчид нь түүнийг уг дуугаа хуучин найз залуу Joshua Bassett-д зориулж бичсэн хэмээн таамаглаад байгаа юм. 

Ингээд дэлхийг байлдан дагуулаад буй түүний шинэхэн уран бүтээлийг хүлээн авна уу. 

Olivia Old Navy хувцасны брэндийн сурталчилгаанд тоглон карьераа эхлүүлж байсан бөгөөд Disney сувгийн “Bizaardvark” (2016-2019), High School Musical: The Musical: The Series” (2019) зэрэг цувралуудад дүр бүтээж байжээ. 

Эх сурвалж: CNN

#Дуу хөгжим #Амжилт