-ӨГҮҮЛЛЭГ-
Гэрийнхээ халаадыг чангахан бүслээд, үсээ дээшээ шуучихлаа. Энд тэндээс илүү дутуу унжаад байх юмгүй ингээд цэмцийгээд гэрийн ажилдаа ханцуй шамлан орох ч бас сайхан шүү. Зөөврийн компьютероо дэлгээд бичиг цаасан дунд хөглөрөн суухдаа хамгийн жаргалтай байдаг үсээ задгайлж албаны хувцасласан тэр бүсгүй хэзээдээ гэрийн ажил хийх дуртай болчихсоныг хэлж мэдэхгүй юм.
Тэрсхэн хоёр үр минь хөл доор орж гишгэгдчих гээд сахилгагүйтэн өрөөнөөс өрөө дамжин гүйнэ. Нөхөр хүүхдүүдийнхээ хувцсыг өнгөөр нь ялган угаалгын машиндаа хийж эргүүлчихээд, гал дээр цай тавин, өрөөгөөр нэг хөглөрсөн тоглоомуудыг хурааж эхлэв. Орон доогуур орох шахан тоглоом цуглуулж байтал гарт нэг хайрцагтай зүйл баригдах нь тэр. Юу байдаг билээ хэмээн гайхшран гаргаж ирлээ. Шороо тоос болсон цаасан хайрцгийн тоосыг нь үлээгээд эгээтэй л тэсрэх бөмбөг байгаа юм шиг аяархан нээлээ. “Бурхан минь би энэ бүхнийг орон доогуур хийснээ мартаж орхиж... Түүний захидлууд түүний зургууд...”
Багаасаа л нийгмийн идэвхтэй, хичээл сурлагадаа сайн, манлайлагч охин байсан болохоор ч тэр үү хүн болгон надтай сайхан харьцдаг хэрнээ цаагуураа эмээгээд ч байх шиг эсвэл жийрхээд ч байх шиг дөлдөг байж билээ. Магадгүй номноос уншсанчлан дэндүү хүчирхэг эмэгтэйчүүд рүү эрчүүд халдаж чаддаггүй байх л даа. Гэхдээ тэр хил хязгаарыг цэргийн сургуулийн нүдэнд дулаахан сонсогч хөвгүүн зоригтойгоор давсан юм.
Нарангэрэл гэх тэр хөвгүүнтэй есдүгээр ангидаа учирч билээ. Хайр сэтгэлийн талаар ямар ч мэдлэггүй жаахан хүүхдүүд хөтлөлцөн алхахаасаа ч санаа зовон чимээгүйхэн зэрэгцэн явна. Нэгнийхээ зүрхний цохилтыг сонсох гэсэн мэт чив чимээгүй доошоо харан алхдаг байсан тэр үеэ эргээд санахад дэндүү гэнэхэн юм. Хайрын үгтэй зурвас авч үзээгүй надад өдөр бүр халуун дулаан үгс утас жингэнүүлэн ирнэ. Төрсөн өдрөөр маань байсан юм даг. Гэрийн хаалга тогшлоо. Хэн бэ гэж хоолой засан асуутал хэн ч хариулсангүй. Гайхан хаалга нээвэл бүр гайхширч гүйцэх нь тэр. Кинон дээрээс л харж байсан зүйлс нүдний минь өмнө өрнөж байлаа.
Гэрийн үүднээс шат дагуулан асгасан сарнайн дэлбээг даган алхахдаа зүрх минь хэчнээн хурдан цохилж байсан гээч. Лифтний урд лаагаар томоос том зүрх хийн сарнайн дэлбээгээр дүүргэсэн байлаа. Тэгтэл лифт дуугаран лифтний хаалга алгуур нээгдлээ. Гартаа бялуу барин инээмсэглэн зогсох Нарангэрэлээс гэрэл цацраад ч байх шиг. Магадгүй тэр дэндүү чин сэтгэлээсээ инээсэн учраас бүх л биеэрээ гэрэлтэн харагдсан ч юм билүү. Ийм гайхалтай гэнэтийн бэлэг барихын чинээ санаагүй байсан би тэр чигтээ шоконд орчихов. Өөр хэн нэгэн байсан бол баярлан инээгээд тэврэх байх эсвэл уярсандаа асгартал уйлах байх.
Харин би чулуу шиг хувиралгүйгээр түүний нүд рүү харж билээ. Хөөрхий минь дотроо бол баярлаад уйлаад инээгээд хашхираад үсэрч цовхчоод бөөн юм болж байгаа шдээ. Бас л азтай байгаа шүү. Тийм жаахан охин хэн нэгнээр тэгж их хайрлуулж тийм бэлэг авч явсан гэхээр... Дэндүү их хайрыг нь дааж чадахгүй унагаж хагалахаас эмээж тэр үедээ би бодлогогүй алхам хийн түүнтэй дахиж үерхэхгүй гэдгээ хэлээд “Хоёулаа 12-р ангиа төгсөөд л үерхье” гэж амлан бэлэглэсэн бөгжийг нь ядам хуруунаасаа сугалан алгаа дэлгэн сарвайж билээ. Санаа алдан инээмсэглэж гартаа барьсан бөгжийг минь атгуулан “Ор доо” гэж хэлээд дээшээ харсан юм.
Нарангэрэл надаас дэндүү өндөр байсан болохоор ч тэр үү түүний царайг харах гэж дээшээгээ их өлийдөг байв. Харин тэр үед дээшээ харсан царайг нь харна гээд бүр үлгэр болоод байлаа. Түүнийг орхин хаалгаа татахдаа санаа алдан хамраа шуухитнуулахыг нь сонсоод уйлж байна даа хэмээн таамагласан ч шууд л гэр лүүгээ орчхож билээ. Удалгүй тэр Турк руу явсан. Тэнд байх нэг жилийн хугацаандаа боломж л олдвол над руу залгадаг байлаа. Утас ашиглах хориотой учраас хааяа нэг зөвшөөрлийн дагуу тэднийг гэр бүлийнхэнтэй нь яриулна. Олдсон боломжоо ашиглан гэрийнхэнтэйгээ ярихын хажуугаар сэтгэл гарган над руу залгах түүнийг бодохоор зүрх минь дэвтдэг байлаа. Монголдоо буцаж ирснийх нь дараагаар бид холбоо тасарсан. Хааяа нэг нууцалсан дугаараас хэн нэгэн залгаад юу ч ярихгүй санаа алдаад тасалдаг байсныг эс тооцвол амьдралд маань өөр соргог зүйл болсонгүй.
Цэцгийн дэлбээ, бялуу, өдөр бүр ирдэг хайрын зурвас, хилийн цаанаас санан санан залгадаг байсан дуудлага аль нь ч байхгүй. Энэ байдалдаа ч дасан хичээл ном гэж гүйсээр хэдийн төгсөх ангийн сурагч болчхож. Нэг өдөр гэртээ найзтайгаа цуг хичээлээ давтангаа хол ойрын элдэв зүйлс ярилцах үедээ нэг л мэдэхэд Нарангэрэлийн тухай ярьчихсан байлаа. Найзыгаа явсны дараа шуудхан өрөөндөө орж бүх шүүгээ шургуулгаа онгичсон ч түүний бэлэглэсэн бөгжийг ололгүй санаа алдан орон дээрээ унан тусав. Цаг хугацаа ч урсан өнгөрсөөр хаврын шалгалт хаяанд тулчихжээ. Нарийн сайн санахгүй байгаа ч Нарангэрэлтэй буцаад холбоотой болж гэрийн маань ард байрлах жижигхэн кафед хамтдаа суугаад хичээл давтдаг болсон юм. Тэр математикийн хичээлдээ их сайн байсан учир түүнээс их юм сурдаг байлаа. Хааяа өөрөөсөө ичих ч шиг.
Математикаа бэлдсэний дараагаар хамтдаа англи хэлээ бэлдэнэ. Удаан хугацааны бэлтгэлийн үр шимээр бид хоёр хоёул шалгалтаа амжилттай өгсөн. Харин би Хятад руу сургуульд явахаар болсон. Тийм ч болохоор Нарангэрэлд “найз охинтой болоорой, сайн хүнтэй үерхээрэй” гэж захидаг байв. Нэг орой утас дуугарахад нь автал Нарангэрэл санаа зовсон өнгөөр “Чи зүгээр үү? Зүгээр биз дээ” гэв. Юу яриад байгааг нь ойлголгүй “Зүгээр яасан?” гэвэл “Чи үхэх гэж байгаа хүн шиг захиас хэлээд л тэгээд бас ойрдоо хоолоо ч сайн идэхгүй гар чинь ч гэсэн хөлрөөд нэг л эвгүй байх шиг. Бие чинь өвдөөгүй юу? Жинхэнээсээ зүгээр үү?” гэдэг юм даа. Ингэж бодно гэж санаагүй байсан миний инээд эгдүү хоёр зэрэг хүрээд эхлэв. “Ийм солонгос кино шиг юм гэж хаана байсан юм” гэж бодоод хажуугаар нь хайр хүрээд инээмсэглэн “Зүгээр дээ” гэж хэлээд утсаа тасаллаа.
Замдаа явсан урилга маань ч Хятадаас гар дээр минь ирж мөрөөдлийнхөө сургууль руу явах болсон. Явахынхаа өмнөх өдөр түүнд зориулж авсан номоо бэлэглээд л явсан даа. Онгоцны цонхоор харан “Таван жил, таван жил, бүтэн таван жил шүү дээ. Нарангэрэл ээ, чи хүлээж чадах уу?” хэмээн амандаа шивнэхэд шорвогхон нулимс ам руу маань орлоо. Хүний нутагт таван жилийн турш эх орондоо ирэлгүйгээр суралцан эх нутаг ижий ааваа санахын хажуугаар өөр хэн нэгнийг битүүхэн бодсоор. Ингээд эх орныхоо хөрсөн дээр хөлөөрөө бат гишгэсэн тэр өдрөө хаалга нүдээд хэн нэгэн ороод ирэх юм шиг гэгэлзэж, утас дуугараад залгах юм шиг санаж утас хаалга хоёроо чагнан үе үе санааширсан ч хэн ч залгаж хэн ч ирсэнгүй.
Гал дээр тавьсан цай буцалж данх нь шүгэлдэхэд л сая сэхээ аван гал тогоо руугаа ухасхийлээ. Түлхүүр тааруулан хаалга гаднаасаа онгойх дуулдахад хоёр дүрсгүй үрс минь уралдан шуугилдаж хаалга руу гүйв. Гараа арчсаар үүд рүү очвол тэр өдөр санаашран суухад минь цочоон хаалга нүдэж орж ирэхдээ гартаа барьсан байсан гал улаан сарнайн баглаа шигээ гайхам сайхан цэцгийг гартаа атгаад яг л тэр үе шиг инээмсэглэн “Сарнай, хайртай шүү чамдаа” гээд сарнайн баглаагаа сунгалаа. Яг л тэр үе шиг нүдийг минь нулимс бүрхээд ирэхэд тэрсхэн хоёр үр минь “Аав, аав” хэмээн шуугилдсаар хоёр гараа алдлан гүйлээ.
2017.06.18
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх