Аяллын улирал эхэлж буйтай холбогдуулан та бүхэнд үүргэвчтэй аялагч Б.Сарантуяатай хийсэн сонирхолтой ярилцлагыг хүргэе. Тэрээр насныхаа тоогоор олон улсад аялсан маш туршлагатай аялагч төдийгүй бусдад үүргэвчтэй аялал хийхэд нь тусалдаг.
YOLO: Сайн байна уу? Та өөрийгөө манай уншигчдад танилцуулаач.
-Сайн байна уу? Намайг Баярын Сарантуяа гэдэг. Үүргэвчтэй аялагч. Анх 2015 оноос үүргэвчээ үүрээд аялж эхэлсэн. 2 жилийн өмнө, 25 нас хүрэхээсээ өмнө 25 улсаар аялна гэсэн зорилгыг өөртөө тавьж байсан. Тэгээд өнгөрсөн хавар, хоёрдугаар сард 25 дахь насныхаа төрсөн өдрөөр 25 дахь улсаар аялсан. Одоогийн байдлаар Монгол улсаа оролцуулаад нийт 33 орноор аялсан.
YOLO: Хамгийн анхны үүргэвчтэй аяллаа, хэдэн настайдаа хаашаа хийж байсан бэ?
-Хамгийн анхны аяллаа 22 настайдаа хийж байсан. 2015 онд Индонезоос Тайланд руу аялж байсан.
YOLO: Та аяллын зардлаа яаж олдог вэ?
-За, анх ганцаараа үүргэвчээ үүрээд аялдаг байхдаа хэд хэдэн газар ажил хийж зардлаа олдог байсан. Жишээ нь, гадаад харилцааны ажилтнаар үндсэн цагаар өглөө 9-өөс орой 6 хүртэл ажиллаад, үүний хажуугаар гадаад хүмүүст монгол хэлний хичээл зааж, амралтын өдрүүдэд жуулчдад аяллын хөтөч хийдэг байв. Өөр бас нэгэн төсөл хэрэгжүүлж байсан гэх мэтчилэн надад өөрт байгаа боломж бололцоо юу байна, түүнийгээ ашиглаад хэд хэдэн ажил давхар хийгээд аяллынхаа зардлыг олдог байсан. Яваа яваандаа ганцаараа аялдаг байхдаа Nomadic Soul гээд хуудас нээж байсан. Тухайн үед одоогийнхтой харьцуулахад над шиг эмэгтэй аялагч маш цөөхөн байсан. Дээрээс нь миний үеийн, залуучууд болон надтай адилхан дундаж орлоготой гэр бүлийн хүүхэд аялах боломж байдаг юм шүү гэдгийг харуулах гэж тэр хуудсыг нээж байлаа. Тэгээд тэр пэйжээрээ дамжуулаад хэрхэн яаж хямдхан аялж буй тухай мэдээллүүдээ аяллын тэмдэглэлээр хуваалцсан. Энэ маань маш олон хүнд хүрч, хүмүүс надад санал тавьж эхэллээ. Чамтай хамт аялах боломж байдаг уу, яаж хямдхан аялах вэ гэсэн тэр саналуудаас санаагаа олж үүргэвчтэй аялал зохион байгуулж эхэлсэн. Яг одоогийн байдлаар ихэвчлэн зүүн өмнөд Азийн орнуудаар үүргэвчтэй аялал зохион байгуулдаг. Одоогоор аяллын зардлаа ийм байдлаар олдог.
YOLO: 25 насандаа 25 орноор аялсан байя гэсэн зорилгоо анх яагаад тавьсан бэ?
-Яагаад гэвэл, би сая хэлснээр ажлынхаа хажуугаар аяллын хөтөч хийдэг байлаа. Нэг зун 30 орчим насны Герман эмэгтэйтэй танилцсан юм. Түүнээс яагаад Монголд ирсэн тухай асуухад, нэг жилд нэг улсаар аялах зорилгынхоо дагуу энэ жил Монголыг зорьсон тухайгаа ярьсан. Насныхаа тоог аялсан улсынхаа тоотой тэнцүүлнэ гэж хэлж байхыг нь сонсоход надад маш сонирхолтой санагдаж байсан. Яг тэр үед бол би арав гаруй улсаар аялчихсан байсан. Би 25 наснаасаа өмнө 25 улсаар аялъя гэсэн зорилго тавьбал амжих болов уу? Ер нь би яагаад ийм зорилго тавьж болохгүй гэж гээд нэг их нарийн тооцоо төлөвлөгөө гаргалгүй, битүүхэндээ уг зорилгоо тавьчихсан юм. Гэтэл нэг мэдэхэд түүндээ хүрчихсэн байсан.
YOLO: Та анх ганцаараа аялдаг байсан гэлээ. Эмэгтэй хүний хувьд гадаад оронд ганцаараа аялахад хүндрэлтэй талууд гарч байсан уу?
-Эмэгтэй аялагч гэдэг утгаараа эрэгтэй хүнтэй харьцуулахад эрсдэлийн хувьд хоёр, гурав дахин илүү л дээ. Гэхдээ хэд хэдэн улсуудаар аялсныхаа дараа өнөөдрийн өнцгөөс эргээд бодоход, аялахаар шийдсэн надтай адилхан залуухан охид тухайн аялах гэж байгаа орныхоо түүх болон шашин, ямар зүйлийг хориглодог цээрлэдэг гэх мэт зүйлсийг нь маш сайн судлах хэрэгтэй юм шиг санагдсан. Иран, Палестин, Индонез гэх мэт Исламын шашинтай орнуудад явж байхдаа хэтэрхий богинохон шорттой, энгийн майктай явах нь тэдгээр хүмүүсийн хувьд шашныг нь үл хүндэтгэсэн, эргээд надад өөрт муугаар нөлөөлж болохуйц үйлдэл болж байгаа юм.
YOLO: Эхлээд ганцаараа аялдаг байж байгаад, дараа нь хүмүүстэй аялдаг болохын ялгаа нь юу байна вэ?
-Ганцаараа, хүмүүстэй гээд одоо бол холимог байдлаар л аялж байна. Би ганцаараа хүссэн газар луугаа, хэнд ч баригдахгүйгээр аялж, хүссэн зүйлээ хийж чадаж байгаа нь надад маш их таалагдсан юм. Өөрөө шийдвэрээ гаргаад, өөрөө дуртай газраа очоод, дуртай хоолоо идээд хэн ч надад нөлөөлөхгүй байгаа нь надад маш их таалагддаг байсан. Гэхдээ ингээд, яваа яваандаа ганцаараа аялаад байхад нэг зүйл дутагдаж эхэлж байгааг ойлгосон. Тэр нь яг юу вэ гэхээр, би мэдрэмжээ хэн нэгэнтэй хуваалцахыг хүссэн. Багаараа аялахын давуу тал нь хөгжилтэй, жаргалтай гоё мөчүүдээ хамтдаа хуваалцдагт байдаг ч, хувийн орон зай хэрэгтэй байхад олуулаа аялахад тэр бүр боломжтой байдаггүй. Ийм л ялгаатай байдгийг ойлгосон.
YOLO: Таны очиж байсан орнуудаас хамгийн гоё нь аль орон байсан бэ?
-Зөндөө орон байгаа. Тив тивээр нь хэлэхэд, Өмнөд Азиас гэвэл Налбин надад маш их таалагдсан. Үнэхээр гоё байгальтай. Хүмүүс нь маш сайхан сэтгэлтэй. Хэзээ ч , хэн ч , хэнийг ч хууръя гэсэн бодолгүй байдаг нь надад гоё мэдрэмж төрүүлсэн. Европоос Итали их таалагдсан, яагаад гэвэл, маш гоё хоолтой, мөн хүмүүсийнх нь биеэ авч явж байгаа байдал, хэл ярианы аялга нь маш их таалагдсан. Очсон хот бүр маань хоорондоо давтагдахгүй өөр байсан нь их таалагдсан. Жишээ нь, Венец, Ром, Милан, Кренто зэрэг хотууд хоорондоо тэс өөр байсан.
Тэгээд зүүн өмнөд Азиас гэвэл Индонез байгаа. Яагаад гэвэл, би тэнд нэг жилийн хугацаанд сурч байсан. Хэд хэдэн арлууд гээд надад маш их таалагддаг газар байгаа.
YOLO: Нийт аяллууд дундаас танаас хамгийн их эр зориг, тэсвэр тэвчээр шаардаж байсан улс гэвэл алийг нэрлэх вэ?
-Иран, Израиль, Палестин гэхээр хүмүүс их аюултай газар гэж боддог. Би аялж үзсэнийхээ дараа тийм ч аюултай биш юм байна гэдгийг ойлгож авсан. Тэнд дайн самуун үргэлж болоод байдаггүй. Бас ард иргэдээс нь шалтгаалж биш, магадгүй засгийн газар гэх мэт өөр хүчин зүйлсээс болдог байх. Миний аялж явахдаа хийдэг зүйл бол аль болох нутгийн хүмүүстэй ярилцах, хүмүүстэй илүү их харилцаа холбоо тогтоох байдаг болохоор тухайн үед тийм аюултай, аймаар санагдаагүй. Яг хүнд хэцүү, тэсвэр тэвчээр шаардсан зүйлүүд тийм ч их байхгүй. Анхны аяллууд л нэлээд хүндрэлтэй байдаг байсан.
YOLO: Монгол орноо оруулаад 33 улсаар аялсан гэж та хэлсэн. Монгол орондоо аялсан тухайгаа яриач, хэдэн аймагт очиж үзсэн бэ?
-Монголоороо аялах маш их дуртай. Одоогийн байдлаар 11 аймагт очсон байх аа, магадгүй түүнээс олон байж магадгүй. Миний хувьд маш азтай. Оюутан байхдаа хийдэг байсан ажлын шугамаар хэд хэдэн аймгаар аялж амжсан. Гэхдээ аль болох найзуудтайгаа цаг зав гаргаад, зуны амралтаараа ч юм уу, эсвэл намар хаврын цагаар очиж үзээгүй газруудаараа очиж үзэхийг хүсдэг.
YOLO: Таны үндсэн мэргэжил бизнесийн удирдлага. Аялал жуулчлалын салбар луу шилжих болсон шалтгаан юу вэ?
-Тухайн хөтөлбөрөөс л их хамаарсан. Оюутан байх хугацаандаа Монголын нутгаар аялж үзээд, аялах надад маш их таалагдсан. Тэгээд Индонезийн тэтгэлэгт хөтөлбөрийг хараад, ямар чиглэлээр суралцах боломжууд байна гэдгийг судалсны үр дүнд аялал жуулчлалыг сонгосон. Дээрээс нь яг Бали арал дээр сурахаар байсан нь нөлөөлсөн. Магадгүй би тийшээ яваагүй бол өнөөдөр ийм олон газраар аялахгүй байх байсан гэж боддог.
YOLO: Аялж явахын хамгийн сайхан зүйл нь юу вэ?
-Хамгийн сайхан зүйл нь шинэ хүмүүстэй танилцах, шинэ газар очих, шинэ соёлыг олж харахад байдаг. Тэд нар нь гоё боловч, одоо эргээд бодоход гэрээ санах нь бас гоё ч юм уу? Илүү хол явах тусмаа гэрээ санадаг. Маш дорой буурай, эсвэл хэт өндөр хөгжилтэй орнуудаар аялахад, аялж яваад төөрөх гэх мэт хүнд зүйлстэй учрахад болгонд гэрээ санадаг, харин гэрээ санаад би гэртээ ямар аз жаргалтай амьдардаг юм бэ гэдгээ мэдэрдэг. Тэр мэдрэмжүүд нь л сайхан.
YOLO: Та Nomadic Soul компанийнхаа талаар танилцуулбал?
-Энэ маань ихэвчлэн зүүн өмнөд Азийн орнууд руу аялал зохион байгуулдаг, дөнгөж эхэлж байгаа компани байгаа. Удахгүй дундад Ази руу аялал төлөвлөөд, ажил явц дундаа явж байна. Манай яг үндсэн гол зорилго бол залуучуудад, залуу хүмүүст аяллаар дамжуулж шинэ сэдэл санааг өгөх зорилготой. Хэрвээ сайн анзаарвал манай аяллууд маш хямд байдаг. Жишээ нь зүүн өмнөд Азийн 4-6 улсаар 2 долоо хоног аялахад 2.9 саяас 4.2 сая төгрөгийн хооронд. Тооцоолоод үзвэл ийм хэмжээний мөнгөөр нэг юм уу хоёр орноор л аялах боломжтой байхад, 4-6 улсаар аялаад ирнэ гэдэг маш хямдхан. Сүүлийн 2 жилийн дотор манайх 19 аялал зохион байгуулсан. Дунджаар сардаа нэг аялал зохион байгуулдаг. Хүмүүсийг ажиглахад аялалд яваад ирснийхээ дараа нэлээд өөрчлөгдсөн байдаг. Яагаад юм бол гээд бодоод үзэхэд, магадгүй бид нар шинэ газарт ирээд өөрсдийн comfort zone-өөс гараад, өөрсдийгөө гадаадын залуучуудтай харьцуулдаг. Монгол улсаа, хийж буй зүйлээ гээд бүх зүйлсийг харьцуулж үздэг юм шиг санагдсан. Тэгээд илүү урам зориг, эрч хүч авч нутагтаа ирээд амжилттай байдаг юм шиг санагддаг.
YOLO: Аяллаар явахаар төлөвлөж буй хүүхэд залууст хандаж юу гэж зөвлөх вэ?
-Ерөнхийдөө YOLO маань өсвөр үе, залууст зориулсан вебсайт тийм ээ? Би аяллаар явж байх үедээ гаднын маш олон залуу хүмүүстэй таарч байсан. Ихэвчлэн дунджаар 18-25 насны гэж болохоор нэлээн залуу хүмүүс маш их аялдаг юм байна лээ. Тэд яагаад тэгж их аялдаг вэ гэхээр, ахлах сургуулиа төгсөөд Gap Year аваад, их сургуульд орохоосоо өмнө нэг жилийн хугацаанд өөрийгөө таньж мэднэ, өөрийнхөө хүсэл сонирхлыг олно, ямар мэргэжлээр цааш суралцах, ямар карьер хөөх вэ гэх мэтчилэн зүйлсээ олж мэдэхийн тулд нэг жилийн хугацаанд боломжтойнууд нь бүр дэлхийг тойрч аялдаг.
Тэгэхээр өөрийнхөө үеийн залуучуудад болон дүү нартаа хэлэхэд, залуу байгаа дээрээ заавал аялаарай, боломжтой бол gap year аваад, боломж олдохгүй бол зуны амралтаараа ч юм уу хаа нэг тийшээ яваад үзээрэй л гэж хэлье. Тэгж орчноо сольж үзсэнээр шинэ санаа, шинэ сэдэл олж авдаг юм шүү.
YOLO: Олон орноор аялахад гадаад хэл маш чухал. Та хэдэн хэлээр ярьж чадах вэ?
-Би монгол хэл мэднэ /инээв/. Англи, Бахаса гээд Индонез хэл, Орос хэл бага зэрэг мэднэ. Гэхдээ ихэвчлэн Англи хэлээ ашиглаад л явчихдаг.
YOLO: Хүмүүст хандаж Англи хэлний түвшингээ ахиулах тал дээр зөвлөгөө өгөөч?
-Миний хувьд Индонез руу явахаас өмнө Англиар ярьж чаддаггүй, ярихаас нэлээд ичдэг байсан юм. Тэнд очтол надаас өөр нэг ч Монгол хүн тэнд байгаагүй, тэгээд зайлшгүй шалтгаанаар л ярьж эхэлсэн дээ.
Эхний 6 сард ярианы Англи хэл маань маш их сайжирсан хэрнээ, бичгийн хэл маань уран яруу болж чадахгүй хэвээр л байсан. Харин буцаад ирэхдээ өдрийн тэмдэглэлээ Англиар бичдэг болчихсон байсан. Өөртөө зорилго тавиад, түүнийхээ араас бага багаар зүтгээд байвал болохгүй зүйл байхгүй гэж бодож байна.
YOLO: Төгсөх ангийн сурагчдын хувьд мэргэжил сонголтын тал дээр эргэлзэх хандлага түгээмэл. Аялал жуулчлал Монголд хөгжөөгүй шүү дээ, улирлын чанартай гэх хандлагаар үүнээс татгалзах тохиолдлууд бий. Энэ тал дээр таны бодол?
-Аялал жуулчлалын хувьд, би залуучуудыг илүү их суралцаасай гэж хүсч байна. Яагаад гэвэл Монгол улсын хувьд аялал жуулчлал бүр илүү, маш их хөгжих боломжтой. Маш цөөн хүмүүс Монгол улсыг мэддэг. Манайх руу аялахаар зорьдог. Бидэнд боломж бий. Аялал жуулчлалыг цагаан алт гэж нэрлэдэг. Дуусашгүй, шавхагдашгүй тийм зүйл юм. Гэхдээ их мөнгө олдог гэх мэт талаас нь биш, монгол улсаа илүү их хөгжүүлж, сурталчлах юмсан гэсэн үүднээс хандвал аялал жуулчлал маш их сонирхолтой талбар байгаа.
YOLO: Огт аялж үзээгүй байсан бол Сарантуяа ямар ялгаатай хувь хүн байх байсан бол?
-Би өөрийгөө аялж үзээгүй байсан бол гэж бодож үзсэн. Хаа нэг газрын байдаг л нэг оффист сардаа тийм ч хангалттай биш цалин аваад сууж байх болов уу гэж боддог. Тиймээс миний хувьд аяллаар явсан минь маш азтай тохиолдол. Ингэснээр илүү их боломжууд байгаа гэдгийг олж харсан гэж өөрийгөө боддог. Тэгэхээр одоогийн байгаагаасаа шал өөр төрлийн хүн л байх байсан байх даа.
YOLO: Таныг сайн дурын ажлуудад идэвхтэй оролцдогийг цөөнгүй хүмүүс мэднэ. Ер нь сайн дурын ажил гэдэг зүйлийн тухайд буруу ойлголт их түгээмэл.
-Сайн дурын ажлын давуу тал маш их шүү дээ. Магадгүй миний аялах болсон шалтгаан ч сайн дурын ажилтай холбоотой байсан байх. Сайн дурын ажил хийснээр миний зохион байгуулах чадвар маш их сайжирсан гэж боддог.
Өөрийгөө бусад улсын мундаг залуучуудтай харьцуулж үзсэн. Сайн дурын ажил гэдэг хүнийг хөгжүүлэх маш том түлхүүр юм байна гэж бодсон.
Сайн дурын ажил хийгээд өнөөдөр танд сар болгон цалин өгөхгүй ч гэсэн, ирээдүйд тэр байтугай том хөрөнгө оруулалт хийдэг зүйл гэж би хэлнэ.
YOLO: Таны хувьд яръя, хүмүүст хүргэе гэж бодсон зүйлс байвал ярьж болно.
-Бид нарын арван жилд сураагүй, их сургуульд сураагүй тэр амьдралын чадварууд, тэдгээр зүйлсийг аялал бидэнд сургадаг юм шиг санагддаг. Аль болох залуу байгаа дээрээ бид нар аялах хэрэгтэй. Өмнө нь огт аялж үзээгүй 60 настай та анх удаа өнөөдөр аяллаар явлаа гэж төсөөлөхөд, түрүүний ярьсан экстрим спортуудыг хийж чадах болов уу? Гоё гоё газруудад удаан хугацаагаар үүргэвчтэй аялагч хийхэд таны бие дийлэх үү? Аяллынхаа үеэр бүтээсэн дурсамжаа хадгалаад дахиад хэдэн жил цаашид амьдрах билээ? Гэтэл 18 настай байхдаа тэр адал явдлуудтай зүйлсийг хийхэд ямар гоё байх бол? Тэгэхээр аль болох залуу байгаа дээрээ аялж, их зүйлийг харж үзэж, сураасай гэж хэлмээр байна.
YOLO: Ярилцсанд баярлалаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх