Кино тэмдэглэл: "SOUL" (2020)


Хүүхэд ахуй насны хамгийн гоё дурсамжуудын нэг бол яах аргагүй “Pixar” компанийн бүтээсэн олон гайхалтай бүтээлүүдийг үзэж өнгөрүүлсэн цаг үе минь билээ. “Toy Story” (1995), “Monsters Inc.” (2001), “Finding Nemo” (2003) зэрэг хүүхэлдэйн кинонуудыг үзэж өссөн хүний хувьд эл бүтээлүүд хүүхэд насны минь нандин дурсамжуудыг бүтээлцэж, адал явдалд дуртай, сониуч нэгэн болоход минь тусалсан гэж боддог. Энгийн хэрнээ сонирхолтой, өрнөлтэй үйл явдлуудын цаана бяцхан ухаарал, хайр энхрийлэл, урам зориг хайрласан утга санаа бүхий мессеж, юу ч болж байсан бэрхшээлийг даван туулах баатарлаг зоригт гол дүрүүд гээд бүх зүйлийн тун нь таарсан, чанартай бүтээлүүд төрөн гардаг гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ.

Энэ удаад тэд нэгэн сонирхолтой, субъектив дүрээр хүний амьдралын утга учир, хүсэл мөрөөдөл, аз жаргалын тухай харуулахаар шийдсэн нь “Soul” байв. Сонирхолтой, субъектив хэмээн тодотгон хэлсний учрыг тэмдэглэлээс үргэлжлүүлэн олж уншаарай. 

Тус бүтээлийн талаар би анх өнгөрсөн жилийн эхээр "2020 онд өндөр хүлээлт үүсгэж буй, заавал үзэх арван кино"-ны талаарх мэдээлэл бэлтгэж байхдаа нийтлэлдээ дурдаж байсан юм. Гэтэл жилийн сүүлээр кино ертөнцийн шилдгүүдийг тодруулах ажил хүлээн авч, хамгийн өндөр үнэлгээтэй бүтээлүүдийг жагсаан суухад тус бүтээл бас л багтаж байв. Анхаарлыг минь ингэтлээ их татаж байхад хэрхэн үзэлгүй өнгөрөөх билээ хэмээн бодож, киног үзсэн даруйдаа ийнхүү сэтгэгдлээ тэмдэглэл болгон уншигч танд хүргэж буй минь энэ юм. Нью Йорк Таймсын нэгэн сэтгүүлч нийтлэлдээ “Inside Out” (2015) анимэйшнээс хойш хүний дотоод сэтгэлийг гайхалтайгаар дүрсэлсэн кино дахин үзэх азтай завшаан тохиосон нь “Soul” байлаа хэмээн дурдсан байсан. Түүний үг хий хоосон магтаал биш гэдгийг Rotten Tomatoes сайтаас авсан 95 хувийн үнэлгээ, IMDb сайт дээрх 8,1 үнэлгээнээс харж болох юм.   

Киноны гол дүрийн баатар Joe Gardner бол дунд сургуулийн сурагчдад хөгжмийн хичээл цагаар заадаг залуу багш. Тэрээр үндсэн ажилтан бус цагийн ажил хийдэг тул ээж нь түүнийг бүтэн цагийн ажил хийж, нийгэмд эзэлсэн байр суурьтай, бие даасан нэгэн байлгахыг хүснэ. Гэвч бүх зүйл түүний хүссэнээр болсонгүй. Учир нь Joe-д өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл бий. Нэгэн өдөр тэрээр ээжтэйгээ энэ талаар маргалдаж байтал түүний утас дуугарч хуучны шавь нь өөрийгөө Dorothea Williams-ын бөмбөрчин болсон тухайгаа мэдэгдэхийн сацуу түүнийг нэг үдэш хамтлагийнхаа төгөлдөр хуурчийн оронд тоглож өгөхийг хүснэ.

Joe-ийн амиа өгөхөөс ч буцахгүй энэ тоглолт, энэ үдэш бол түүний бүхэл амьдралынхаа турш мөрөөдөж ирсэн хамтрал байлаа. Тэр энэ саналаас яахан татгалзах билээ. Ингээд тэрээр хамтлагт очиж шалгуулан өөрийн авьяасыг харуулав. Тийм ээ, тэр чадсан. Энэ үдэш бол түүний мөрөөдөл биелэх үдэш байсан юм. Харамсалтай нь тэрээр нь энэ баярт мэдээгээ хүмүүст дуулгахаар явж байгаад золгүй явдлаар амиа алдана. “Амьдрал минь дөнгөж эхэлж байхад, би үхэж болохгүй шүү дээ” хэмээн амандаа бувтнасаар Joe-ийн сүнс үхлийн дараах ертөнцөд хаачхаа мэдэхгүй тэнүүчилнэ. Та өөрийн хамгийн их хүсэж, мөрөөдөж байсан зүйлээ олох яг тэр мөчид хорвоог үүрд орхивол яах вэ? Бүх л амьдралынхаа туршид тэмүүлж ирсэн тэр л зорилгоо биелүүлэх үед шүү дээ.   

Ийнхүү амьдралд эргэн хөл тавихын төлөө тэмцэж байхдаа Joe хойд нас руу биш дэлхийд хүн болж төрөхөөр бэлтгэгдэж буй бяцхан сүнснүүдийн ертөнцөд орж ирнэ. Joe энд байх ёсгүй учир худал хэлж, 22 хэмээх хүн болж төрөхийг хүсдэггүй бяцхан сүнсэнд дэлхий рүү явахад нь туслах зөвлөгчөөр томилогдоно. Түүний үүрэг бол 22-т дэлхийд төрөхдөө хамгийн сайн хийж чадах нэг зүйл буюу урам зоригоор дүүрэн хийж чадах тэр зүйлийг нь олж өгөх юм. Угтаа түүний далд санаа бол бяцхан сүнсний дэлхий рүү явах эрхийг өөрийн болгох байлаа.

Тэрээр 22-т хэрхэн төгөлдөр хуурт дурласан, дуртай хөгжмөө хэчнээн урам зориг дүүрэн тоглодог байснаа харуулах гэж оролдох үедээ өнгөрсөн амьдралаа ямар уйтгар гунигтай, утгагүй өнгөрүүлснээ анзаарна. Удалгүй тэд оройны тоглолтоос өмнө Joe-г амжиж дэлхий рүү явуулах аргыг хайж эхэлнэ. Ийнхүү зорилгодоо хүрэхийн даваан дээр тэд хамтдаа дэлхий рүү унан, Joe муурын биед харин 22 Joe-ын биед ордог. Нэгэнт сүнсээ сольж болохгүй болсон учир тэд оройн тоглолт руу явахаар бэлдэцгээн, цааш сонирхолтой үйл явдлууд ар араасаа хөвөрнө. Тэмдэглэлийнхээ оршил хэсгийг энд өндөрлөөд киноны гол утга санаа болон өөрт таалагдсан хэсгүүдийн талаар цааш өгүүлье.

Хүн хорвоод мэндлэхдээ нэг л зүйлийг төгс хийхийн тулд төрсөн мэт, аль эсвэл аливаа нэг зүйлийг хийхдээ гаргууд сайн байх ёстой мэт байдаг. Жишээ нь, төгөлдөр хуурч, оёдолчин, үсчин, зураач, дуучин гэх мэт янз бүрийн мэргэжилтэй хүмүүс зөвхөн эдгээр зүйлсийг хийж байж л аз жаргалтай, урам зоригоор дүүрэн байх ёстой юм шиг боддог. Харин энэхүү кинонд заавал нэг зүйлд сайн байх албагүй, зүгээр л амьдралын хором мөч бүрийг таашааж, тэндээс аз жаргалыг мэдэрч чаддаг байх л хамгийн чухал гэдгийг харуулсан юм.

Тухайлбал, 22 хүний биед орсон тэрхэн агшинд дэлхий ертөнцөөс авч буй мэдрэмж бүр ямар гайхалтай болохыг ойлгодог. Түүний анх удаа амталж үзсэн зүсэм пиццаны амт, салхинд хийсэн шаржигнах шаргал навчис, Joe-ийн ээжийн оёдлын газрын зүү, утас, үсчний газраас авсан үнэгүй модтой чихэр гээд дэлхийд мэдэрсэн бүх мэдрэмж нь түүнд таашаал өгч, аз жаргалыг мэдрүүлж байсан юм. Урьд нь огтхон ч хүн болж төрөхийг хүсдэггүй байсан түүний гол шалтгаан бол сүнсэн биеэрээ юу ч мэдэрч үзээгүйд оршиж байсан аж. 

Зарим хүмүүс “гэр бүл зохиогоод, аз жаргалтай амьдарна” эсвэл “хүссэн сургуульдаа орсны дараа л жинхэнэ аз жаргал эхэлнэ” гэх мэтээр ярьдаг. Гэтэл аз жаргал зүгээр л бидний хажууханд байдаг гэдгийг хүн тэр бүр анзаардаггүй. Өглөө мандах нарны туяа, орой ажлаас тараад ирэхэд тань инээмсэглэн угтах гэр бүлийнхэн гэх мэтчилэн бид өдөр тутмын олон жижиг зүйлээс урам зориг, хайрыг мэдэрч болно. Хүссэн сургуульдаа орохоор шаргуу бэлдэж буй тэр хором мөч хүртэл өөрөө аз жаргал шүү дээ.

Хэн ч өөрийн нас барах өдрийг мэдэхгүй. Харин тэр цаг хугацаа ирэхэд өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралаа ямар ч аз жаргалгүй, утгагүй өнгөрүүлсэндээ бүү харамсаасай гэсэн утга санааг найруулагч Pete Docter ямар ч насны хүн үзээд ойлгохоор гайхалтайгаар бичиж, найруулжээ. Түүнчлэн бүтээл дэх дүр тус бүр өөр өөрийн гэсэн үүрэгтэй, үзэгчдэд ямар нэгэн байдлаар ухаарал хайрлахуйц үйл хөдлөл, харилцан яриаг харуулж байсныг хэлэх нь зүйтэй байх.  

Үүнээс гадна хүн дуртай зүйлээ хийж байхдаа хорвоо ертөнцөөс хэрхэн тасарч өөрийн тэрхүү нандин мэдрэмждээ хөглөгддөгийг, дургүй зүйлээ хүчилж хийвэл хэрхэн өөрийн дотоод хүнээ алддагийг энэхүү бүтээлээс харж болох юм.

Ингээд энд хүрээд миний тэмдэглэл өндөрлөж байна. Зөвхөн киноны талаар товчхон өгүүлсэн тул уншигч та бүхэн киногоо үргэлжлүүлэн үзэж, Joe-г киноны сүүлийн мөчид ямар шийдвэр гаргаж буйг үзэхийг зөвлөе. Хөгжилтэй, инээдмийн, адал явдалт тус бүтээл таныг эхлэлээсээ дуусах хүртлээ хором ч уйдаахгүй гэдэгт итгэж болно шүү. Магадгүй энэ кино таны амьдралыг харах өнцгийг ч өөрчилж магадгүй юм.

Тэмдэглэлийнхээ төгсгөлд тус бүтээлээс өөрт хамгийн их таалагдсан хэсгийг ишлэл болгон хүргэе.

“Terry – Joe, одоо юу хийх гэж байна? Амьдралаа хэрхэн өнгөрүүлэх вэ?
Joe – Сайн мэдэхгүй байна. Гэхдээ би амьдралынхаа хором мөч бүрд амьдрах болно”

#Кино урлаг #Тэмдэглэл