Дэлхийн 50 гаруй оронд 78 оффистой “Google” компанид ажилд орно гэдэг технологийн салбарын хэн бүхний мөрөөдөл бие ээ. Тэгвэл жил бүр гурван сая гаруй ажилд орох өргөдөл хүлээн авдаг энэхүү байгууллага биднээс ямар ур чадварыг голчлон хардгийг танилцуулж байна.
Дэлхийн шилдгүүдийн тоонд зүй ёсоор багтах энэхүү байгууллагын нэг хэсэг болох амаргүй нь мэдээжийн хэрэг. Нийт өргөдөл илгээгчдийн ердөө 0.2 хувьд нь л ажлын санал тавьдаг гээд бод доо. Өөрөөр хэлбэл “Google”-д ажилд орох магадлал Харвардын их сургуульд элсэн орох магадлалаас ч бага байна гэсэн үг.
Тэгвэл тэд чухам ямар “төгсөрчихсөн” хүмүүсийг сонгодгийг уг байгууллагад ажиллаж байсан, одоо ч ажиллаж байгаа эрхмүүд тодорхойлжээ.
1. ТАНИН МЭДЭХҮЙН ЧАДВАР САЙТАЙ
“Google”-ийн Хүний нөөцийн газрын дэд захирал асан Laszlo Bock нэгэн ярилцлагадаа, “Ажил олгогч та сэргэлэн цовоо, сониуч, аливааг сурч мэдэх хүсэлтэй нэгнийг сонгон авбал тэд танд урьд хожид хэзээ ч харж байгаагүй гайхамшигтай шийдлүүдийг санал болгох боломжтой” гэж хэлсэн байдаг.
2. “GOOGLEY” ШИНЖ ЧАНАРТАЙ
Тэрээр “Googley” шинж чанарыг өөрийн бичсэн “Work Rules!” номд, “Хэрэв та хамт олондоо найрсаг ханддаг, буруугаа хүлээн зөвшөөрч чаддаг, шударга, хичээнгүй, амьдралдаа огцом өөрчлөлтүүдийг хийж ирсэн нэгэн бол яах аргагүй “googley” буюу уг компанид тохирсон шинж чанартай нэгэн юм” хэмээн бичсэн байдаг.
3. ЗӨВ МАНЛАЙЛДАГ
Энэхүү эрхэм ажлын байранд орохын тулд танд байх ёстой дараагийн чадвар бол зөв үед бусдыгаа манлайлах чадвар юм. Тухайлбал, та үргэлж бусдыгаа оройлон манлайлах шаардлагагүй бөгөөд асуудал гарах үед үсэрч ороод асуудлыг шийдэж чаддаг байх ёстой аж. Мөн үүнээс ч чухал зүйл бол таны мэдлэг чадвар шаардлагагүй болсон нөхцөлд энэхүү манлайлагчийн байр суурийг зөв нэгэнд тавьж өгч чаддаг байх ёстой гэжээ.
4. ХӨДӨЛМӨРЧ
Хэд хэдэн судалгааны үр дүнгээс харахад шаргуу хөдөлмөрлөдөг хүмүүс өндөр IQ-тэй, төрөлхийн гоц ухаантай хүмүүсээс илүү өндөр амжилтад хүрдэг байна. Тиймээс хүнд хэцүү даалгаварт бууж өгөлгүйгээр эцсийн нь үздэг хүмүүс “Google”-ийн хувьд чухал ажээ.
“Google”-ийн ажилчдадаа олгодог цалингийн хэмжээ чамгүй өндөр тул ажилчдаа сонгохын тулд хэд хэдэн удаагийн шат дамжлагыг бий болгожээ. Таны багаар ажиллах болон бусад шаардлагатай ур чадварыг шалгах олон шат дараалал бүхий ярилцлага, уулзалт зэргийг зохион байгуулахаас гадна дараах даалгаврыг гүйцэтгэхийг хүсэж ч магадгүй юм. Үүнд:
- Онлайн даалгавар: Таны мэргэжлийн ур чадварыг шалгах богино хэмжээний даалгавар гүйцэтгэхийг хүснэ.
- Богино виртуал чат: Үндсэн ярилцлагад орохоос өмнө богино хэмжээний яриа өрнүүлнэ. Энэхүү яриаг ирээдүйд тантай ажиллах багийн гишүүн, менежер зэрэг хүмүүс удирдан явуулах юм.
- Төсөл дээр ажиллах: Таны аливаа асуудалд хэрхэн хандаж, шийдвэрлэж байгааг шалгахаар загварчлагдсан жижиг хэмжээний төсөл даалгана.
Ийнхүү ярилцлага өгөх өдөр иржээ. Та ажиллах хүсэлт гаргасан салбар оффистоо очин ярилцлага өгнө. Өөр өөр салбарын туршлагатай мэргэжилтнүүд танаас өдөрт 4-5 удаагийн ярилцлага авна. Салбартаа нэртэй, чамгүй амжилт гаргасан манлайлагчидтай биечлэн уулзаж ярилцлага өгнө гэдэг мэдээж сандармаар...
Гэвч тэд албан ёсны вэбсайтдаа, “Манай ярилцлага хэдий хүнд байдаг ч энэ нь цаашид найрсаг, халуун дулаан уур амьсгалыг бий болгох зорилготой юм. Ярилцлагын хүрээнд бид хэн хэнээ илүү дотноор тавьж авах боломжтой” хэмээн бичжээ.
АНУ-ын Калифорни мужид байрлах “Googleplex” төв оффис нь дэлхийн хаанаас ч олж харахгүй цогц бүтэцтэй бөгөөд тус оффист ажиллах 120'000 гаруй ажилчдадаа ажиллах таатай орчин, үнэгүй хоол, унаа, дасгалын өрөө, сургалт семинар зэрэг олон олон боломжуудыг санал болгодог. Ажилчдынх нь сэтгэл ханамж 84 хувьтай байдаг нь уг байгууллагад жил бүр сая сая ажлын өргөдөл ирэх үндсэн шалтгаануудын нэг билээ.
Эх сурвалж: Business Insider, CNBC
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх