Лос Анжелесийн түймэр: "Атомын бөмбөг дэлбэлсэн юм шиг л байна"


А.Номин | YOLO.MN
ӨЧИГДӨР

АНУ-ын Калифорни мужид мягмар гаргаас эхлэн гарсан түймэр хүчтэй салхины улмаас Лос Анжелес руу орж, тус хотын түүхэнд хамгийн их хохиролтой түймэр болоод байна. Лос Анжелес болон ойролцоох бүс нутгийн таван газарт түймэртэй байна.

Түймрийн байршлууд:

  • Палисэдс: Санта Моника болон Малибу хоорондын талбайг хамарч буй энэ хэсэгт түймэр анх дэгдсэн. Бүс нутгийн түймрийн хамгийн том голомт бөгөөд 6900 га талбайг шатаасан.
  • Итон: Лос Анжелесийн хойд хэсэгт дэгдэж, Алтадена зэрэг хотуудыг хамарч байна. Энэ нь бүс нутгийн хоёр дахь том түймэр бөгөөд 5600 га талбайг шатаажээ.
  • Херст: Сан-Фернандогийн хойд хэсэгт байрлах энэ газарт түймэр мягмар гаргийн орой дэгдэж, 271 га талбайг хамраад байна.
  • Лидиа: Лос Анжелесийн хойд хэсгийн уулс бүхий Актон бүсэд лхагва гаргийн үдээс хойш түймэр гарч, 140 га талбайг шатаасан. Албаныхан түймрийн 60 орчим хувийг хяналтдаа аваад байна.
  • Кеннет: Лос Анжелес болон Вентура орчмын хилд пүрэв гарагт гарсан шинэ түймэр бөгөөд одоогоор 20 га талбайд тархжээ.
  • Сансет: Холливүүдийн толгодод лхагва гарагийн орой дэгдсэн энэ түймэр нэг цаг хүрэхгүй хугацаанд 8 га талбайд тархсан. Түймрийг цурманд оруулсан.

Түймэр хурдацтай тархсан шалтгаан

Албаныхан тухайн бүс нутагт хүчтэй салхи, ган гачиг зонхилж байгаа нь ургамлыг маш их хуурайшуулж, амархан, хурдан шатах нөхцөл бүрдүүлсэн гэж үзэж байна.

Одоогийн байдлаар түймрийн шалтгаан тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм.

Калифорнид ой хээрийн түймэр ихэвчлэн зургаа, долоодугаар сард эхэлж, аравдугаар сар хүртэл үргэлжилдэг. Гэвч энэ жилийн хувьд өвлийн хамгийн хүйтэн сар болох нэгдүгээр сард түймэр дэгдлээ.

Калифорнид гарч буй түймэр нь хэдэн сар үргэлжилсэн ган гачигтай холбоотой гэж тайлбарлаж буй. Өнгөрсөн жил Калифорнийн нутаг дэвсгэрийн дөрөв хүрэхгүй хувь нь ган гачигт өртсөн бол энэ жил бараг 60 хувь нь гангийн байдалтай байна.

АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлагийн тайланд дурдсанаар уур амьсгалын өөрчлөлт нь ой хээрийн түймрийн давтамж болон түймэрт өртөх талбайн хэмжээг нэмэгдүүлэхэд нөлөөлжээ.

Мөн Лос Анжелес хотод шатамхай материалууд тухайлбал нам доогуур татсан цахилгааны утас, модон утасны шонгууд түймрийн эрсдэлийг улам нэмэгдүүлж байна.

Хохирлын хэмжээ

Түймрийг бүрэн унтраатал хохирлын хэмжээг нэгдсэн байдлаар тодорхойлох боломжгүй. Урьдчилсан тооцооллоор 10 мянга орчим байшин, байгууламж түймэрт шатаж, сүйдсэн.

Эдгээрийн дотор Холливүүдийн алдартай оддын гэр ч багтаж байгаа юм. 

Түймрийн улмаас долоон хүн амиа алдсан бөгөөд энэ тоо нэмэгдэж магадгүй гэдгийг албаныхан мэдээлсэн. Одоогоор 179 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч байна.

Хотын цагдаагийн хэлснээр нөхцөл байдал “атомын бөмбөг дэлбэлсэн” юм шиг л байна гэсэн юм. JPMorgan-д мэдээлснээр даатгалын хохирлын хэмжээ 20 тэрбум ам.доллар давж магадгүй байна гэв.

Лос Анжелесийн түүхэнд хамгийн их хохиролтой түймэр болж байгааг эрх баригчид хэлж буй. Мөн түймрийг далимдуулсан хулгай, дээрмийн 20 гаруй хэрэг гарчээ.

Лос Анжелес хотын дарга энэ хүнд үеэр гадаадад томилолттой байгаа нь иргэдийн дургүйцлийг хүргэж буй. Тэрбээр мөн хэдэн сарын өмнө хотын гал, түймэртэй тэмцэх албанд төсөвлөсөн мөнгөнөөс хассан нь улам их шүүмжлэлийг дагуулж байна.



#Los Angelos