Энэ жил ТРЭНД болж буй нүүр будалтын 7 төрөл


Миау | YOLO.MN
2021-01-18

Бид өмнөх удаагийн нийтлэлээр 2021 онд трэнд болж буй хумс будалтын долоон төрлийг танилцуулсан билээ. Тэгвэл энэхүү нийтлэлээрээ эмэгтэйчүүдийн загварын Cosmopolitan сэтгүүлээс энэ оны нүүр будалтын трэндийг хэрхэн тодорхойлсныг хүргэж байна. 

1. УЛБАР УЛААН УРУУЛ

Охид, бүсгүйчүүд уруулаа час улаан, бүдэг ягаан, аль эсвэл nude өнгөөр будах нь элбэг. Өөрөөр хэлбэл та энгийн үед гудамжаар алхахад улбар улаан өнгөөр уруулаа будсан бүсгүйтэй тэр бүр таарахгүй гэсэн үг. 

Тэгвэл яг энэ өнгийн уруулын будаг болон өнгөлөгч шүүгээнд нь хадгалаастай байдаг, будах гэхээр нэг л тохироо нь бүрдэж өгдөггүй байсан бол хэрэглэх цаг нь одоо иржээ. Бас нэгэн зөвлөгөөг өгөхөд энэ өнгөөр уруулаа будсан бол хацраа энгийн үед өнгөлдгөөсөө арай тодоор өнгөлж, хөмсгөө өнгөрсөн онд трэнд болсон үслэг мэт хэв маягаар янзалбал илүү "орчин үеийн" харагдах аж. 

2. НЕОН ӨНГИЙН КОНТУР

Өнгөрсөн онд "Euphoria" цувралын будалтууд трэнд болсныг уншигчид маань мэдэж буй байх. Тэгвэл энэ онд тод, неон өнгийн нүдний будалт трэнд болно гэнэ.

Контурны тань өнгө тод, үзүүр нь хурц тусмаа гайхалтай харагдах болно.  Мөн нүднийхээ ухархай хэсэгт гялалзуулагч саа түрхэн чимэглэхээ бүү мартаарай.

Нүд болон уруулыг хамтад нь тод өнгөөр буддаггүй гэх нүүр будалтын алтан дүрэм бий. Энэ нөхцөлд нүдээ тодоос тод өнгөөр будаж байгаа тул уруулаа бүдэг өнгөөр будах нь зүйтэй. 

3. НИЛ ЯГААН НҮД

Лаванда цэцгийг санагдуулам нил ягаан өнгөөр нүдээ будаж, үл ялиг бараан өнгөөр нүдээ хүрээлээрэй. Яг л зураг дээрх шиг. 

Хөмсөгний хувьд өмнө жилийн үслэг мэт трэнд энэ онд ч үргэлжлэх төлөвтэй байгаа гэнэ. 

4. ТООРОН УРУУЛ

Та хүмүүсийн хэл амнаас эмээн нүүрээ хэтэрхий тод өнгөөр будахаас зайлсхийдэг нэгэн бол бараг л таны үе ирсэн гэсэн үг. Учир нь зөөлнөөс зөөлөн, эмэгтэйлэг, тоорон ягаан өнгийн уруул энэ онд трэнд болж байна. 

Будах будахдаа матт бус гялалзсан маягаар будвал зүгээр шүү. 

5. ТОД ӨНГИЙН СОРМУУС

Дээр дурдсан нил ягаан өнгийн смоки будалт танд арай л "хурц" санагдсан бол бас нэгэн будалтыг санал болгоё. 

Нүдээ арьстайгаа өнгө нэг тениэр будсаныхаа дараа нил ягаан эсвэл цэнхэр өнгийн сормуусны будгаар будаарай. Үнэхээр амархан. 

6. УРУУЛЫН ТИНТ

Өглөө нь гэрээсээ гарахдаа будчихаад орой гэртээ орж ирэхэд өнгө нь бараг л өөрчлөгдөөгүй байдаг учир охид уруулын тинт хэрэглэх их дуртай байдаг. Энэ жилийн хувьд улаан хүрэн буюу интоорын өнгөтэй тинт трэнд болж байна. 

Гэхдээ уруулаа зөөлөн бумбагар болгохын тулд будахаасаа өмнө сайтар гуужуулж, чийгшүүлээрэй. Ингэвэл будсаны дараа үнэхээр цэвэрхэн, дур булаам харагдах болно гэж амлаж байна. 

7. ГЯЛАЛЗСАН НҮД БОЛОН УРУУЛ

Нүүр будалтыг их бага хэмжээгээр сонирхдог охид нүдний гялалзсан будалтын бичлэгийг интернэтээс бишгүй л харсан байх. Энэ жилийн хувьд нүд болон уруулаа аль алийг нь гялалзуулан будах нь трэнд болсон байна. 

Эх сурвалж: Cosmopolitan

#Гоо сайхан #Нүүр будалт #Трэнд