Төлөвлөсөн ажлаа ХОЙШЛУУЛДАГ зуршлаасаа хэрхэн салах вэ?


М. Гарьд | YOLO.MN
2021-01-15

Бид ихэвчлэн баасан гараг, сарын сүүлч, хичээлийн дүн гарах үеэр даалгавраа эцсийн хугацаанд нь амжин өгөхийн тулд хамаг байдаг анхаарлаа төвлөрүүлэн, галзуурахад ганц хуруу дутуу суудаг. Би яагаад ингээд сууж байна вэ? Юу буруу хийсэн юм бол? Мэдээж энэ бүгд бидний цагийн юмыг цагт нь хийлгүй хойшлуулдаг сул талтай маань холбоотой.

Тэгвэл энэхүү буруу зуршлаа засахын тулд танд дараах гурван алхам тус болох аж. 

1. ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ

Аливаа муу зуршлаас салах эхний алхам бол өөрийгөө ажиглаж тухайн зуршлаа хүлээн зөвшөөрөх байдаг билээ. Үүний адилаар та ажлыг хойшлуулж байгаагаа тухайн үед нь таньж, тэр дор нь өөртэйгөө хариуцлага тооцоорой.

Тэр ажлыг “хиймээр санагдах үе”-ийг хүлээн суух, эхлүүлсэн ч өөр зүйлд сатаарах, эсвэл өдрийг хэрэгцээгүй ажлууд гүйцэлдүүлсээр өнгөрөөх нь бүгд ажлыг хойшлуулж байгаагийн илрэл билээ.

2. ХОЙШЛУУЛАХ БОЛСОН ШАЛТГААНЫГ ТОДОРХОЙЛОХ

Хийх хичээл, ажил нь уйтгартай, тааламжгүй бол түүнийг хойшлуулах магадлал өндөр. Энэ үед тэр ажлыг заавал хийх ёстой шалтгаануудыг жагсаан бичиж, хийж байгаад шантарсан бол түр завсарлаад үргэлжлүүлээрэй. Мөн энэхүү "хүнд" давааг давчихвал өөрийнхөө дуртай зүйлсийг хийх боломжтой талаар өөртөө сануулах нь өндөр үр дүнтэй байдаг. 

Төлөвлөлт муу байх нь ажлыг хойш тавихад хүргэдэг учир тухайн ажил, даалгаврыг хэсэгчлэн хувааж, аль хэсгийг нь хэзээ хийх талаар нарийвчлалтай төлөвлөгөө гаргаарай. Ингэснээр танд ажлаа хийж дуусгах эерэг хүлээлт бий болох юм. “Энийг хийгээд дуусгачихвал амарч болно”, “ажлаа хийж дуусчхаад дуртай амттанаа иднэ” гэх мэтээр өөрийгөө урамшуулж хүлээлтдээ хүрээрэй. 

Хамгийн сонирхолтой нь перфекционист буюу бүх зүйлийг төгс байлгах гэж хичээдэг төрлийн хүмүүс ажлыг хойш тавих хандлагатай байдаг гэнэ. Ажлыг хийсэн нэртэй дуусгахын оронд тултал нь хийх гэж хичээсэндээ тэд алддаг аж. 

3. "ШАЛТГААНЫГ ҮГҮЙ ХИЙХ"

Буруу зуршил бол ганц удаагийн хүчин чармайлтаар засрах зүйл биш. Тиймээс та доорх зөвлөмжүүдийг тууштай дагаж мөрдөн, ажлыг хойшлуулах зуршлаа ялан дийлээрэй.

- Өөрийгөө уучлах: “Ажлаа байн байн хойшлуулсаар алт шиг үнэтэй цагаа хий дэмий үрж дээ” хэмээн гэмшихийн оронд өөрийгөө уучилж, алдаанаасаа суралцаарай. Ингэснээр асуудлыг илүү эерэгээр харах боломжтой. 

- Өөр өнцгөөс харах: Ажлыг хийхээс өөр аргагүй, хийхгүй бол болохгүй мэт хүндээр хүлээн авахын оронд “энэ ажлыг хийх боломж, завшаан нь надад байна” хэмээн эерэг өнцгөөс нь хараарай.

- Зорилгодоо хүрч чадсан бол өөрийгөө шагнах: Хэцүү ажлыг цагт нь хийж дуусгасан бол өөрийгөө дуртай амттан, эсвэл кофегоор дайлаарай. Цагийг үр бүтээлтэй өнгөрөөх хэчнээн урамшмаар юм бэ?

- Дотнын хүмүүсээр өөрийгөө хянуулах: Ажлаа хойшлуулах бүрд тань анхааруулж, цагийг үр бүтээлтэй өнгөрөөх бүрд тань сайшаах зэргээр зорилгодоо хүрэхэд тань туслах дотнын хүнээ олоорой.

- Анхаарал сарниулах зүйлсийг өөрөөсөө холдуулах: Гар утсаа унтраагаад өөрөөсөө хол тавих, и-мэйлийнхээ мэдэгдлийг унтраах, ажлын ширээгээ цэгцтэй байлгах, уух усаа бэлдэж тавих гэх мэтчилэн тэр ганц ажлыг хийж дуусгахад шаардлагатай орчинг бүрдүүлэх нь ч мөн чухал. 

- Жижиг ажлуудыг тэр дор нь гүйцэлдүүлэх: Хамгийн хэцүү ажлуудаа хамгийн эхэнд хийж дуусгаарай. Ингэснээр өдрийн үлдсэн хугацаанд амархан, тааламжтай ажил дээрээ төвлөрөх боломжтой болно.

"Зуршлын хүч" номын зохиолч Charles Duhigg, “Өөрчлөлт гэдэг богино хугацаанд бий болдог зүйл огтхон ч биш. Гэхдээ удаан хугацааны тууштай хүчин чармайлтын үр дүнд ямар ч зуршлыг өөрчилж болно” хэмээсэн байдаг.

Эх сурвалж: Mind Tools

#Зөвлөгөө #Хувь хүний хөгжил