У.Билигтсайхан: Материалаа тухайн тэтгэлэгт тэнцэх хүртлээ явуул


Энэ удаа бид ЮНЕСКО-гийн “Цагаан хэрэм 2020” тэтгэлэгт хөтөлбөрөөр Хятадын Цинхуа их сургуульд зочин судлаачаар суралцаж буй У.Билигтсайхантай ярилцлаа. Тэтгэлэгт хөтөлбөрүүдийн мэдээллийг цаг алдалгүй хэрхэн авах, тухайн хөтөлбөрүүдэд материалаа илгээхдээ юун дээр илүү анхаарах хэрэгтэй талаар уншигч та бүхэнд өгсөн зөвлөгөөг хүлээн авна уу.


YOLOУрилгыг минь хүлээн авсанд маш их баярлалаа. Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу.

- Намайг Билигтсайхан гэдэг. Одоогоор ЮНЕСКО-гийн “Цагаан хэрэм” тэтгэлэгт хөтөлбөрөөр Хятадын Цинхуа их сургуулийн Улс төр, олон улсын харилцааны тэнхимд судлаач оюутнаар суралцаж байна. Энэ хөтөлбөрт жилдээ 75 хүн сонгодгийн 25 нь хятад хэлний багш мэргэжилтэй хүн байх ёстой. Тус хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд хүссэн сургуультайгаа бие даан холбогдоод судлаач оюутнаар очдог. Монголоос хоёр хүн хамрагддагийн нэг нь судалгааны салбарт туршлагатай хүн байдаг бол нөгөө нь залуу судлаач байдаг. Хоёр жил тутамд зарлагддаг тус тэтгэлэгт өмнө нь өргөдлөө илгээж байсан л даа. Тухайн үед сургуулиа хараахан төгсөөгүй байсан болохоор тэнцээгүй. Энэ жил тэнцээд Цинхуа их сургуульдаа өөрийн биеэр очиж суралцах байсан ч цар тахлын улмаас хичээлдээ онлайнаар сууж байна. Хөтөлбөр маань дахин нэг жилээр сунгагдсан болохоор удахгүй сургуульдаа очиж сурна гэж найдаж байна.


YOLOӨмнө нь ямар тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдаж байсан бэ? 

- Сэтгэлд хамгийн тод үлдсэн нь Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг. Төгсөх курсдээ авч байсан болохоор бусад тэтгэлгийг бодвол их дотно санагддаг. Харин Японд хамрагдсан оюутан солилцооны хөтөлбөрийнхөө ачаар цаашид нийгмийн ухааны чиглэлээр суралцах шийдвэрээ гаргаж байлаа. Үүний дараа Хятадын Харбины технологийн их сургуулийн зуны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан. Тус хөтөлбөрөөр Хятадын эдийн засаг, улс төр, гадаад харилцааны асуудал болон “Бүс ба зам санаачилга” төсөлтэй нэг сарын турш танилцсан.

Одоо хамрагдаж байгаа ЮНЕСКО-гийн “Цагаан хэрэм” тэтгэлэгт хөтөлбөр маань ийм залуудаа зочин судлаач болох боломжийг олгож байгаа учраас хамгийн сонирхолтой нь гэж хэлнэ. Нэг жилийн турш хүссэн хичээлээ судална, хүссэн профессортойгоо холбогдоод судалгаа хийнэ, хажуугаар нь илтгэл тавьж, хэлэлцүүлэх боломжтой гэдгээрээ онцлогтой. Тус тэтгэлэгт хөтөлбөрөөр аль ч сургуулийг сонгон суралцах боломжтой байдаг. Би Хятадын хамгийн шилдэг гурван сургуулийг сонгоод “энэ гурав л биш бол аль нь ч биш” гэж зориглосон маань маш зөв шийдвэр болсон байна лээ. Анх энгийн, дундаж сургуулийг сонгох уу эсвэл өмнө нь явж байсан Харбины технологийн их сургууль руугаа явах уу гэж их бодсон. Энэ тэтгэлэгт тэнцэхийн тулд ямар их шалгуурыг давснаа бодоод Азийн шилдэг их сургуулийн нэгт бичигддэг Цинхуагийн их сургуулийг сонгож байлаа. 


YOLOЦинхуагийн их сургууль бол хятад хүүхэд болгоны сурахыг мөрөөддөг үндэсний сургууль шүү дээ. Хэдийгээр онлайнаар хичээлээ үзэж байгаа боловч таны туршлагаар шилдэг сургуулийн сургалтын хэв маяг нь ямар байдаг юм байна? Суралцмаар зүйлүүд нь юу байна вэ?

- “COVID-19” цар тахал гарсан учраас үүнийг хийж чадаагүй” гэх хандлага нийгэмд маш их байна. Харин надад энэ үеийг яаж үр өгөөжтэй ашиглах вэ гэдэг бодол л төрж байлаа. Цар тахал гарснаар дэлхийн даяараа нэг тавцан дээр буюу цахим орчинд шилжсэн. Энэ нөхцөл байдлаас үүдээд дэлхийн топ сургуулиуд олон хичээл, сургалтаа цахимд үнэгүй байршуулж, зуны хөтөлбөрүүдээ дижитал болгосон.

Би “Цагаан хэрэм” хөтөлбөрт тэнцсэнээ мэдэхээс өмнө Цинхуа их сургуулийн зуны хөтөлбөрт материалаа илгээчихсэн байсан. Уг хөтөлбөр нь 1000 орчим оюутан шалгаруулж гурван долоо хоногийн турш цахимаар хичээллэсэн. Хөтөлбөрт хамрагдах хугацаандаа тус сургуулийн инноваци, техник хангамж, онлайн орчинд хэрхэн нэг анги бий болгож байгаа арга барилыг нь хараад биширч байлаа. Хамгийн чухал нь мэдээллийг хүн бүрд хүртээмжтэй хүргэж, асуудлыг хурдан шийдвэрлэдэг явдал. Жишээлбэл, би их сургуульд сэтгэл ханамжийн судалгааныхаа үр дүнг хэзээ ч харж байгаагүй. Гэтэл Цинхуа их сургуулийн зуны хөтөлбөрт урьд өдөр нь бөглөсөн сэтгэл ханамжийн судалгааны үр дүнг маргааш нь нийтэд харуулсан гээд суралцмаар зүйл их байсан.


YOLOТэтгэлэгт хөтөлбөрийнхөө мэдээллийг хаанаас авдаг вэ?

- Миний хувьд хамгийн чухал нь харилцаа холбоо. Зөв цагтаа зөв хүмүүстэйгээ нөхөрлөөд, хүссэн асуултаа санаа зоволгүйгээр асууж чаддаг байх хэрэгтэй. Дараа нь хувийн цахим хаягуудаараа олон улсын томоохон байгууллагууд болох Дэлхий банк, ЮНЕСКО, НҮБ-ын бусад төрөлжсөн агентлагууд, дэлхийн шилдэг их сургуулиудын албан ёсны хуудсыг дагадаг. Ингэснээр хэрэгтэй мэдээллээ цаг алдалгүй авч чаддаг.

YOLOТаны CV-г харж байхад өөрийгөө цаг тутамд хөгжүүлэхийг эрмэлздэг юм шиг санагдсан. Юу таныг ийм эрч хүчтэй, өөрийгөө байнга дайчлахад сургасан юм бол?

- “Хаана асуудал байна, тэнд боломж үргэлж байдаг” гэдэг бодол надад эрч хүч, урам зориг өгдөг. Цар тахал гарснаар миний өмнө маш олон боломжууд нээгдсэн. Жишээлбэл, онгоцоор нисэх боломжгүй ч гэсэн Америкийн төрийн бус байгууллагуудтай холбогдоод гэрээсээ дадлага хийсэн. Судалгааны ажлаа олон улсын хуралд танилцуулах гэхээр шаардлагатай зардал мөнгө нь байдаггүй байсан бол энэ жил хоёр ч хуралд онлайнаар оролцож илтгэлээ танилцуулсан гэх мэт. Боломж үргэлж байдаг. Тэр боломжийг чи ашиглахгүй бол өөр хэн нэгэн хүн ашиглана.


YOLOЭнэхүү хөтөлбөр англи хэлний өндөр мэдлэгтэй байхыг шаардсан байсан. Та англи хэлээ хэрхэн сайжруулсан талаараа уншигчдад маань зөвлөгөө өгөөч.

- Хамгийн гол нь тасралтгүй суралцах. Зорилго тавиад түүнийхээ төлөө тэмцэж болох бүх аргаар тэмцэх хэрэгтэй. Хэрвээ чи мөнгөгүй бол хүнээс гуй. Тэгээд ч мөнгө олдохгүй бол үнэгүй явах боломжийг эрэлхийл. Тэр нь болохгүй байгаа бол байгууллагуудад ханд, холбогд. Чамд асуудал тулгарч байна гэдэг нь бусдад ч гэсэн тулгарч байгаа гэсэн үг. Мөн даван туулсан хүмүүс ч байгаа. Тэр даван туулсан хүмүүс шийдлийг нь мэддэг.

Зун Америкийн төрийн бус байгууллагад дадлага хийх хугацаандаа Америкийн соёлын талаар маш олон зүйлийг мэддэггүй байснаа ойлгосон. Англиар яриад байхад л хүмүүс миний ярьж байгаа зүйлийг ойлгохгүй байх ч юм уу, би тэд нарын наргиаг ойлгохгүй байх тохиолдлууд гарч байсан. Би BBC мэдээний сувгийг байнга сонсохыг хичээдэг. Ойлгохгүй байх нь хамаагүй. Хамгийн гол нь байнга суралцах. Би 1-р курсдээ англиар илтгэл тавьж чаддаггүй байлаа. Англиар олны өмнө илтгэл тавина гэхээр академик үг орж ирэхгүй байх, эсвэл бусад хүмүүс юу гэж бодож байгаа бол гэх айдас байдаг байсан. Тэгээд бүтэн нэг жилийн турш Улаанбаатар хотын бүх англи хэлний ярианы клубүүдэд сууж үзэх зорилго тавиад “EARC”, Нацагдоржийн номын сангийн “American Corner”, “Cafe de Amour” зэрэг газруудын ярианы клубүүдэд долоо хоногийн таван өдөр нь хамрагдсан. Хоёрдугаар курсдээ англи хэлний ангид элсэж ороход хэлний мэдлэг маань эрс сайжирсан нь мэдэгдэж байлаа. Одоо ч гэсэн шинэ үг хэллэг байнга цээжилдэг.


YOLOХүмүүс ямарваа нэг хөтөлбөрт тэнцэхийн тулд маш олон удаа бүтэлгүйтсэн байдаг шүү дээ. 

- Эргээд харахад тэтгэлэг, хөтөлбөрүүдэд тэнцээгүй тохиолдол олон. Заримд нь тэнцээгүйдээ маш их сэтгэлээр унаад уйлах үе ч байлаа. Одоо бодоход хөтөлбөрийн комисс надад тухайн хөтөлбөрийг тохирохгүй гэж үзээд тэнцүүлээгүй тохиолдол ч байжээ. Миний материалаа илгээсэн хөтөлбөр бүр намайг хөгжүүлж чадахуйц, эсвэл би тэр хөтөлбөрт хангалттай хэмжээний хөрөнгө оруулалт оруулж чадахуйц байдаггүй. Тийм болохоор хамгийн түрүүнд тухайн хөтөлбөрөө өөрт тохирох хөтөлбөр мөн үү үгүй юу гэдгийг маш сайн судлах хэрэгтэй.

Нэгт, давуу талаа ашиглах хэрэгтэй. Би professional development буюу мэргэжлийн ур чадвар, байгууллагын шинэ залуу мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрүүдэд тэнцдэггүй. Ярилцлагад нь ч орж чаддаггүй. Харин судалгааны чиглэлийн хөтөлбөрүүдэд тэнцэх магадлал өндөр байдаг. 

Хоёрт, тэнцэх хүртлээ материалаа өг. Тухайн хөтөлбөрт 28 хүртэлх насны хүмүүс хамрагдах боломжтой гэж тусгасан байвал 28 нас хүртлээ материалаа өг. Хүний амьдралд ганц л тохиох боломж гэж байдаг. Түүнийгээ олохын тулд хөдөлмөрлөх хэрэгтэй. Бас аз зүгээр ч ирдэггүй. Тухайн хөтөлбөрт хамрагдахад юун дээр, аль хэсэг дээр нь алдаад байгаагаа өмнө нь тухайн хөтөлбөрт хамрагдаж байсан хүмүүсээс асуу. Тэр хүнийхээ Фэйсбүүк, Инстаграм, Линкэдин юу л байна тэрүүгээр нь холбогд. Ажлынх нь гадаа материалаа барьж очоод ч хамаагүй асуу. Би бол байнга тэгдэг.


YOLOТаны хувьд хамрагдаж байгаагүй ч гэсэн хамрагдвал маш их зүйл сурах боломжтой гэж боддог хөтөлбөр бий юу?

- Сингапурын Наняанг технологийн их сургуулийн Тэмасэк сангаас зохион байгуулдаг Азийн улс төр, олон улсын харилцаа чиглэлээр суралцдаг залуучуудын уулзалтыг онцолмоор байна. Миний бодлоор тухайн улс орныг таньж мэдэхэд туслах хөтөлбөрт хамрагдвал илүү үр өгөөжтэй санагддаг. Энэ хөтөлбөрт би хараахан хамрагдаж үзээгүй боловч өмнө нь хамрагдсан хүмүүсийн сэтгэгдлүүд нь маш өндөр байсан. Азийн залуучууд Сингапурын гадаад бодлого, ирээдүйг юу гэж бодож байна, Сингапуртай дипломат харилцаагаа хэрхэн хөгжүүлмээр байгаа зэрэг асуудлыг хэлэлцдэг, олон талын мэдлэгийг олгодог хөтөлбөр. Их сургуулийн аль ч түвшний оюутан хамрагдах боломжтой.

Энэ хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дараарай. 


YOLOЯрилцлагын төгсгөлд уншигчдад маань хандан зөвлөгөө өгвөл?

- Би маш олон хөтөлбөрөөс тэнцээгүй гэсэн хариу авч байсан. Манай найзууд “Чи одоо болно оо. Чи угаасаа тэнцэхгүй” гэж хэлэх үе ч цөөнгүй. Мэдээж эхэндээ хүмүүс намайг дэмжинэ л дээ. Гэтэл би маш олон хөтөлбөрт өргөдлөө явуулаад тэнцэхгүй болохоор найзууд маань намайг өрөвдөөд тэгж хэлдэг байсан байх. Би тэр үед найзууддаа “Тэгвэл би дэлхийн хамгийн анхны, хамгийн олон татгалзсан хариу авсан гэдгээрээ музей байгуулна” гэж хариулдаг байсан юм. Би боломжгүй зүйлээс хүртэл боломж хайдаг. Намайг “Ms. Rejection” гэж хочилж байхад хүртэл би тэрийг нь асуудал гэж бодолгүйгээр тэнцээгүй бол дахиад явуулна гэж хэлдэг байсан. Тууштай чанар л бүх зүйлийг даван туулдаг. 

Японд оюутан солилцоогоор сурч байхдаа гурван удаа зургийн үзэсгэлэн гаргасан маань бид нар аливаа юмыг маш томоор, мөн хүндээр хүлээж авдаг юм байна гэдгийг ухааруулсан. Зургийн үзэсгэлэн гаргана гэхээр галерей түрээслэх ёстой гэж боддог байлаа. Гэтэл хичээлийнхээ хажуугаар хамрагдсан Урлагийн клубынхан маань зургийн үзэсгэлэнгээ Токио хотын галт тэрэгний буудал дээр гаргана гэхэд нь надад маш том, бүтээл маань ч тийм сайн биш юм шиг санагдаж билээ. Токио хотын захиргаанаас зөвшөөрлөө аваад галт тэрэгний буудал дээр үзэсгэлэнгээ гаргасны дараа надад “Монголд хүртэл галт тэрэг, сургуулийн кафед зургийн үзэсгэлэн гаргаж болох юм байна” гэсэн бодол төрж байсан. Үүнээс суралцах гол санаа бол чамд ямар нэгэн чадвар байгаа бол тэрийгээ үнэлж сурах юм. Аливаа юмыг энгийнээр, сонирхолтойгоор сэтгэдэг байх хэрэгтэй гэж залуучууддаа хэлмээр байна.

YOLOЯрилцсанд маш их баярлалаа.


#Ярилцлага #Боловсрол #Тэтгэлэг #Тэтгэлгийн ярилцлага