Ихэнх хүмүүс зуны халуун өдрөөс бусад үед халуун шүршүүрт ордог байх. Тэгвэл аль ч улиралд хүйтэн шүршүүрт орохын давуу талыг энэхүү нийтлэлээрээ хүргэж байна.
Хүйтэн шүршүүрт орох нь дараах давуу талтай. Үүнд:
1. Загатнасан, харшилсан арьсыг тайвшруулах - Арьс загатнасан, харшилсан үед халуун бүлээн устай шүршүүрт орсноос хүйтэн бүлээн усанд орох нь арьсны загатнааг багасгадаг байна.
2. Нойр сэргээх - Хүйтэн усанд шүршүүрт орсноор биед бага хэмжээний цочрол үүсэж, улмаар нойр сэргэж, анхаарал төвлөрөлт нэмэгддэг.
3. Цусны эргэлт сайжруулах - Бид хүйтэн усанд орсноор биеийн өнгөн хэсгийн хэм буурдаг бөгөөд бие махбод хэвийн хэмээ хадгалахын тулд цусны эргэлтийг илүү хурдасгаж өгдөг байна. Тиймээс хүйтэн шүршүүрт орох нь цусны эргэлтийг сайжруулах хамгийн үр дүнтэй арга гэгддэг.
4. Дасгал хийсний дараа булчин булрахад - Дасгалжуулагчид дасгал хийсний дараа биеийн булчин булрахад хүйтэн шүршүүрт, харин булчин чангарахад халуун шүршүүрт орохыг зөвлөдөг билээ.
5. Өөх шатаах - Сонирхолтой сонсогдож магадгүй ч хүйтэн шүршүүрт орсноор жин хасах боломжтой. Хүний биед цагаан, шаргал, бор гэсэн гурван төрлийн өөхний эс байдаг бөгөөд хүйтэн усанд орох нь бор өөрийг шатаах давуу талтай. Энэ төрлийн өөх хүзүү, мөр хэсгээр түлхүү байх аж.
6. Үс болон арьсыг гялалзуулах - Хэдийгээр хүйтэн шүршүүрт орох нь гоо сайханд шууд нөлөөлдөг тухай судалгааны ажил хязгаарлагдмал байдаг ч гоо сайхны мэргэжилтнүүд гялалзсан үс болон арьстай болохыг хүсвэл хүйтэн шүршүүрт орохыг зөвлөдөг.
Дээр дурдсанчлан хүйтэн усанд ороход цусны эргэлт хурдасдаг учир арьсны өнгө илүү гэрэлтсэн мэт харагдахын зэрэгцээ чангардаг байна.
Харин NaturallyCurly.com сайтад нийтлэгдсэн нэгэн өгүүлэлд үсээ хүйтэн бүлээн усаар угаахад үсний уг чангарч, улмаар үс уналт багасдаг талаар дурджээ.
7. Дархлаа дэмжих - “PLos One” сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгааны өгүүлэлд хүйтэн шүршүүрт ордог хүмүүс халуун шүршүүрт ордог хүмүүстэй харьцуулахад ажил, сургуулиасаа өвчтэй хэмээн чөлөө авах магадлал 29 хувиар бага байсан талаар дурджээ.
8. Сэтгэл гутрал - Харин “Medical Hypotheses” сэтгүүлд хэвлэгдсэн нэгэн судалгаанд хүйтэн шүршүүр сэтгэл санааг эерэг болгодог талаар бичжээ.
Тухайлбал хүйтэн шүршүүрт орсноор хүний симпатик мэдрэлийн систем идэвхэждэг байна. Энгийнээр тайлбарлавал хүмүүс хүйтэн шүршүүрт орсны дараа гутрах, гуних зэрэг сөрөг сэтгэл хөдлөл гаргах нь бага байжээ.
ХЭРХЭН ХҮЙТЭН ШҮРШҮҮРТ ОРОХ ВЭ?
Та бүхэн хүйтэн шүршүүрт орно гэхээр биеэ угааж дуусах хүртлээ хүв хүйтэн усанд зогсоно гэж айж магадгүй. Гэхдээ ингэх шаардлагагүй гэнэ. Мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар та эхлээд халуун бүлээн буюу өөрт тухтай хэмтэй усанд орсны дараа 30 секундээс 2 минутын туршид усны хэмээ бууруулж, хүйтэн болгох хэрэгтэй гэнэ.
Хүйтэн шүршүүрт ороод сурсан хүмүүс харин шууд л 5-10 минутын дотор хүйтэн шүршүүрт ороод болчихдог. Мөн хүйтэн шүршүүрийн температур дунджаар 20 хэмтэй байх нь тохиромжтой тухай хэд хэдэн судалгааны ажилд дурджээ.
Гэхдээ та хүйтэн шүршүүрт орж дасаагүй бол усны хэмийг заавал 20 руу бууруулалгүйгээр өөрт хүйтэн гэж санагдсан хэмд шилжүүлэх маягаар биеэ бага багаар дасгаарай.
ХҮЙТЭН ШҮРШҮҮРТ ОРОХОД АНХААРАХ:
Даарсан үед хүйтэн шүршүүрт орох нь тийм ч сайхан санаа биш. Биеийн тань хэм нэгэнт буурсан байгаа тул хүйтэн шүршүүрт орсноор дулаацах хугацаа улам уртасна гэсэн үг. Мөн ямар нэгэн өвчний үед хүйтэн шүршүүрт орох нь тохиромжгүй байна.
Эх сурвалж: Health Line, Medical News Today
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх