Үсний ургалт УДААШРАХАД нөлөөлдөг долоон шалтгаан


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2021-08-12

Үс чинь хэтэрхий удаан ургаж аль эсвэл огт ургахгүй байгаа юм шиг санагдаж байсан уу? Үнэндээ хүний үс ямар ч нөхцөлд ургаж байдаг. Харин ургасан үс нь үзүүр хэсгээрээ хугараад байгаа учраас л огт ургахгүй байгаа юм шиг санагддаг гэнэ шүү.

Тиймээс ямар шалтгааны улмаас гэмтэж байгааг тодруулцгаая.

1. ЧИЙГ ДУТАГДСАН

Үс ч бас арьсны нэгэн адил чийг авч байх ёстой. Хуйхнаас ялгарсан тослог нь үсийг үзүүр хүртэл нь чийгшүүлэх ёстой боловч будагтай үсэнд хангалттай чийг өгч чаддаггүй. Тиймээс үс хугарах эрсдэлтэй болдог гэсэн үг.

Иймээс үснийхээ онцлогт тохирсон сайн чанарын тос сонгож хэрэглээрэй. Мөн нэгэнт гэмтсэн үсээ эмчлэхээр шийдсэн бол зөв тос сонгохоос гадна хоол хүнсэндээ онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Тухайлбал, хангалттай хэмжээний ус уух, жимс жимсгэнэ, хүнсний ногоо хэрэглэж үсний уутанцраа шим тэжээлээр хангах нь чухал. 

2. ХАНГАЛТТАЙ УС УУДАГГҮЙ

Дээр дурдсанчлан үсээ эрүүл байлгахыг хүсвэл хангалттай ус ууж, шим тэжээлтэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай. Хангалттай ус уудаггүй хүмүүсийн үс нь хуурайшиж, хугарч гэмтдэг аж.

3. ҮСНИЙ ИНДҮҮ БАЙНГА АШИГЛАДАГ

Ихэнх эмэгтэйчүүд үснийхээ хэлбэрийг өөрчилж, шинэлэг байхыг эрмэлздэг. Гэсэн хэдий ч буржгар, шулуун байлгахын тулд байнга үсний индүү ашигладаг бол үс хуурайшиж эмзэг болдог. Тиймээс үсийг гэмтэхээс хамгаалах цацлага, үсний тос, серум хэрэглээрэй. Мөн үсний индүүг ойр ойрхон хэрэглэхгүй байхыг зөвлөе. 

4. БАЙНГА ҮСЭНДЭЭ ГАР ХҮРДЭГ

Үс хангалттай сайн ургахгүй байгаа нэг шалтгаан нь үргэлж үсээрээ тоглож байгаатай холбоотой ч байж мэднэ. Үсээ будах, хэт их самнах, гараараа оролдох зэрэг нь үсийг эмзэгшүүлж байдаг. Тиймээс үсээ аль болох оролдохгүй байхыг хичээгээрэй.

5. УДАМШИЛ

Үсний ургалт нь тухайн хүний генээс хамаарч янз бүр байдаг гэнэ шүү. Зарим хүний үс гурван жил ургаад хэсэг хугацаанд ургалт нь удааширдаг бол зарим хүнийх таван жил ургах зэргээр өөр өөр байдаг аж. Тиймээс үс чинь хэтэрхий удаан ургаж байгаа юм шиг санагдвал гентэй холбоотой ч байж болох юм.

6. ҮСЭЭ ОГТ ТАЙРДАГГҮЙ

Үсээ огт тайрахгүй байх нь үсний удаан ургаж буй шалтгаан болдог гэвэл чи итгэх үү? Улирал тутамд үснийхээ үзүүрийг бага зэрэг тайруулснаар эрүүл байх, урт ургах эхлэлийг тавьдаг. 

7. ЭРҮҮЛ МЭНДИЙН ШАЛТГААН

Үс нь бидний бие махбодын нэг хэсэг учраас дотор эрхтнүүдийн өвчлөлөөс үүдэн ургахгүй байх магадлалтай. Тиймээс хангалттай урт ургахгүй байвал үс арчилгааны мэргэжилтэнд хандаж зөвлөгөө авах хэрэгтэй. Тэдгээр хүмүүс чамайг ямар эмчид үзүүлэх шаардлагатайг хэлээд өгнө. Мөн үс унаж буй хамгийн том шалтгаан нь стресс байдаг юм шүү. 

Эх сурвалж: The Mielle Blog

#Эрүүл мэнд #Гоо сайхан #Үс