Театрын урлагийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн Муза” наадмаас 2015 онд “Нэг хүний жүжиг” төрөлд шилдэг эмэгтэй жүжигчин, 2018 онд “Драмын жүжиг” төрөлд шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртсэн чадварлаг жүжигчин Д.Оюунзултай ярилцлаа. Тэрээр жүжигчин болох хүсэлтэй хүүхэд, залуучуудад үнэтэй зөвлөгөө өгсөн билээ.
YOLO: Дүр бүтээсэн олон уран бүтээл нь шил даран нээлтээ хийлээ. 2020 оноо дүгнэхгүй юу?
- Юуны өмнө энэ ярилцлагыг уншиж буй уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. 2020 он маань олон уран бүтээлтэй сайхан жил байна. Миний тоглосон кинонууд дундаас энэ онд нээлтээ хийсэн эхний уран бүтээл С.Бямба найруулагчийн “Хэвтрийн хүн” кино байлаа. 2019 онд нялх биетэй байхдаа Радио телевиз, медиа урлагийн сургуулийн фестивальд зориулсан “Айлчлал” кинонд тоглосон. Дараа нь “Black box” театрынхаа “Зэрлэг агийн үнэр дундуур” уран бүтээлд дүр бүтээлээ. Уг гурван киног гурвууланг нь фестивальд зориулж бүтээсэн гэдгээрээ онцлогтой. Мөн МҮОНРТ-ийн “Давхар цагаан шугам” олон ангит кинонд “ММ агентлаг”-ийн нүүр царай болсон сэтгүүлч Ану гэх эмэгтэйн дүрийг бүтээв. Түүнчлэн энэ онд драмын дугуйлангийнхаа үйл ажиллагааг өргөтгөлөө. Жүжигчнийхээ хувьд сурч мэдсэн зүйл ихтэй жил байв. Уран бүтээлийн сайн мууг үзэгчид маань дэнслэн шүүнэ биз ээ.
YOLO: Тэгвэл одоо ямар ажил дээр төвлөрч байна вэ?
- МҮЭСТО-той хамтран кино драм, хөтлөгч, загвар өмсөгч, англи хэлний хосолсон дугуйлан ажиллуулж байна. Бид мэргэжлийн хэмжээнд сургалтаа явуулдаг. Сурагчдынхаа хүсэл мөрөөдөлд тулгуурлан “Z nation” энтертайнментийг байгуулсан. Энэ сард Уильям Шекспирийн “Зуны шөнийн зүүд” сонгодог инээдмийн жүжгийг “Зул сарын зүүд” гэсэн нэр доор олон нийтэд толилуулахаар бэлдэж байлаа. Өнгөрөгч долдугаар сараас бэлтгэл ажил маань эхэлсэн ч хөл хорионоос үүдэн нээлтээ хийх хугацаа хойшилсон.
YOLO: Жүжиг хэзээ олны хүртээл болох вэ?
- Цаг үе хэцүү байгаа учраас төгсөлтийн баяраар буюу хавар олны хүртээл болгох төлөвлөгөөтэй байна. Тэр хүртэл жүжгээ бэлдэж, төгөлдөржүүлэх болно. Жүжгийн үг, өгүүлбэрийг солиогүй ч орчин үеийн хүүхдүүдэд зориулж чихэнд илүү наалдацтай, ойлгомжтой болгосон. Хувцас хэрэглэл, тайз заслыг мөн орчин үеийн байдлаар шийднэ.
YOLO: Сонгодог жүжиг гэхээр алдартай жүжигчид санаанд ордог. Тэд л үүнийг гайхалтай амилуулах ч юм шиг. Та яагаад мэргэжлийн жүжигчидтэй биш, хүүхдүүдтэй ажиллахаар шийдсэн бэ?
- Жүжиг маань өсвөр насны хайр дурлалын талаар өгүүлдэг. Мөн ид шид, инээдэм хосолсон нь хүүхдүүд тоглоход бүр ч тохиромжтой юм. Нэг ёсондоо тоглох ёстой хүмүүс нь л тоглож байгаа. Хүүхдүүд дүр бүтээлээ гээд хүүхдийн жүжиг болохгүй. Уильям Шекспирийн сонгодог зохиол хэвээр байна.
YOLO: Танд дугуйлангийн сурагчидтай холбоотой хөгжилтэй зүйл бишгүй л тохиолддог байх. Сонирхолтой явдлаасаа хуваалцаач.
- Анх чимээ шуугиан ихтэй учраас чанга ярих гэж оролдсоор хичээл тарахад ядарсан байдаг байлаа. Харин одоо ядарч ангидаа орсон бол хүүхдүүдтэйгээ хамт байж, эрч хүч авч чаддаг болсон. Бага насны хүүхдүүдтэй ажиллахад хөгжилтэй байдаг гэхээсээ илүү их зүйл сурч авдаг даа.
Хүүхдүүд үгийг яг үг гэсэн утгаар нь хүлээж авдаг. Би “Ороо буурал үрээ дороо бусгана” гэдэг түргэн хэллэг зааж байлаа. Утгыг нь сурагчдаасаа асуухад үрээ гэж байгаа юм чинь нялх хүүхэд юм биш үү гэхэд, зарим нь буурал гэж байгаа юм чинь хөгшин хүн байх гэж хариулсан. Жоохон хүүхэд учраас мэдэхгүй байж болно. Гэхдээ нэг ёсондоо монгол ахуйтай холбоотой үг хэллэг бидний амьдралаас холдсон гэдэг нь мэдэгдэж байна. Хүүхдүүд хурга, ишгээс цаашаа малын зүс, нас мэдэхгүй байна. Бас нэг хөгжилтэй явдал гэвэл би хичээлээ эхлэхдээ хүүхдүүдийг хооронд нь танилцуулах үүднээс овог нэрийг нь хэлүүлдэг. Бага насны хүүхдүүд овог, нэр гэхээр ойлгохгүй байж магадгүй учраас аав юм уу ээжийнхээ нэрийг хэлээрэй гэж тайлбарласан юм. Гэтэл хүүхдүүд маань ээжийнхээ нэрийг өөрийнхөө нэртэй хамт хэлсэн. Би эндээс хүүхэд хэн өөртэй нь илүү ойр байна, тэр хүнээ шууд санадаг гэдгийг ойлгосон доо. Түүнээс биш дийлэнх нь ааваараа овоглодог, аавтайгаа хамт амьдардаг хүүхдүүд байсан.
YOLO: Тухайн зүйлээ маш сайн мэддэг хэрнээ хүнд зааж чаддаггүй хүн байдаг. Тэгэхээр багшилна гэдэг авьяас, тэр дундаа бага насны хүүхдүүдийн учрыг олно гэдэг бүр том авьяас юм шиг. Та арга барилаасаа хуваалцаач. Зарим сургалт ажиллуулдаг багш нар, эсвэл эцэг эхчүүд үлгэр авна байх.
- Санал нийлж байна. Мэддэг зүйлээ зааж чаддаггүй хүн байхад хэдхэн минутад нүдэнд нь гал асааж чаддаг хүн ч бий. Ийм хүний тод жишээ нь Д.Саранхүү багш маань. Бидний зааж буй хичээл математик, монгол хэл биш. Бид хүний доторх галыг асааж өгөх ёстой. Яаж бусдад ойлгомжтой, сайн заах вэ гэдэг учраа олтлоо гурван жил болсон. Олон хүнд зааж сургахын тулд өөрөө илүү мундаг байх ёстой. Орчин үетэйгээ хөл нийлүүлж, сурагчдадаа гологдохгүй байх гэж хичээдэг. Багш гэлтгүй олон нийттэй харилцдаг бүх хүнд энэ их чухал. Өөрөө бүрэн боловсроогүй, аливаа зүйлд хандах хандлага чинь сул бол хүнд сэтгэл гаргаж, зааж сургаж чадахгүй. Сурагчдаасаа сурч мэдсэн зүйлээ бусад ажил дээрээ ашиглах нь бий. Би багш хүн ингэх ёстой гэж хэлж мэдэхгүй. Хувь хүн талаасаа хөгжөөрэй л гэж хэлж чадна. Түүнчлэн би хүүхдүүд рүүгээ уурлах дургүй. “Би уурламааргүй байна. Битгий намайг уурлуулаарай. Зааж байгааг минь сурахгүй, хүлээж авахгүй бол урам минь хугарах болно. Гэхдээ би та нарыг сурахгүй байгаагаас болж ууртай, муухай хүн болмооргүй байна” гэж эвээр хэлж, их ярилцдаг.
YOLO: Сайн багш байхын үндэс сайн ээж байгаатай холбоотой гэж бодож байна. Хүүхдээ сургаж, хүмүүжүүлэхэд ямар арга барил ашигладаг вэ?
- Хөөрхөн асуулт байна. Би саяхан ээж болсон. Жүжиглэх техник, хувь хүний хандлагын ачаар манай сургалт амжилттай байна гэж бодсон. Одоо бодоход магадгүй ээж болсноос хойш сургалтын чанар сайжирсан байж болох юм. Хүү маань хоёр нас ч хүрээгүй байгаа. Анзаараад байхад над шиг их шартай юм билээ. Ийм хүнтэй ширүүн харьцаж, тулгаж загнавал зөрүүдэлнэ үү гэхээс биш айж, дуугүй болдоггүй. Иймээс жоохон гэж бодолгүй ухааруулж хэлэхээр аяндаа хандлага нь өөр болж байгаа нь анзаарагддаг. Манай сурагчид нэг ярилцлага өгөхдөө “Сургалтын маань онцлог нь хүүхэд болгоныг өөрийнхөөрөө байхыг зөвшөөрдөг. Хүн бүрийг адилхан байхыг шаарддаггүй” гэж ярьсан. Би сонсоод их баярласан. Хичээл заахдаа бүх зүрх сэтгэлээ зориулдгийн минь ач юм болов уу гэж боддог. Гэхдээ заах арга барил тал дээр өөрийгөө магтах арай болоогүй байна. Тогтвортой үйл ажиллагаа явуулж, үр дүн нь сайн гарсны дараа ярих нь зүйтэй байх.
YOLO: Эмэгтэй хүн өнгөлөг, цог золбоотой, хөдөлмөрч байна гэдэг нөхөртэй нь шууд холбоотой юм шиг. Нөхөр тань таныг хэр дэмждэг вэ?
- Үнэхээр үнэн. Хэчнээн мундаг эмэгтэй байлаа гээд хань ижил нь дэмжихгүй бол нэмэргүй. Ганц эмэгтэй хүн биш эрэгтэй хүн ч тэгнэ. Нөхөртэй болж, өөр нэг хүн чамайг дэмжинэ гэдэг их гоё. Нүдний харц хүртэл гэрэлтэж эхэлдэг. Аливаа асуудлыг ганцаараа боддог байсан бол хоёулаа хамт бодож, ачаагаа хуваана. Ингэх гэж л амьдралын хань байдаг байх. Миний хань надад “битгий, хэрэггүй” гэж хэлж үзээгүй. Үргэлж намайг дэмждэг. Харин сүүлд надад эротик киноны санал ирэхэд “Би ийм кинонд тоглуулмааргүй байна” гэж анх удаа хэлсэн. Хүүдээ анхаарал сайн тавьдаг, халамжтай аав, сайн нөхөр.
YOLO: Эмэгтэй хүн хүчирхэг байна гэдэг таны бодлоор ямар утгатай вэ? Ямар эмэгтэйг хүчирхэг эмэгтэй гэх вэ?
- Хүчирхэг эмэгтэй гэж юу ч болсон хөл дээрээ бат зогсож чадах хүнийг хэлнэ байх. Гэхдээ ширүүн дориун, яаж ийж байгаад хийнэ, болгоно гэсэн хүн биш. Сэтгэл зүрхэндээ асар их хайраар дүүрэн хүн юм. Бүх зүйлийг хайраар харж, сайн сайхнаар бодож чадвал тэр хүн л хүчирхэг нэгэн болно доо. Энэ тийм амар биш. Хүн бүр чадаад байдаг ч зүйл биш.
YOLO: Сүүлийн үед эмэгтэйчүүдийн эрх, эмэгтэйчүүдийн манлайлал гэж их ярьж байгаа ч эрчүүдийг орхигдуулаад байна. Та энэ тал дээр юу гэж боддог вэ?
- Өмнө нь охиндоо илүү анхаарч, хүүгээ эр хүн юм чинь гэж хандах тохиолдол их байсан байх. Одоо бол охин, хүү гэлгүй боловсрол, хөгжилд нь анхаардаг болжээ. Сургалтын явцад хөвгүүд маш ухамсартай байж, бусдыг илүү ойлгож байгаа нь анзаарагддаг. Орчин үед эмэгтэй, эрэгтэй хүмүүс хоёулаа гэрийн ажил хийх ёстой гэх мэтээр их ярих болсон. Энэ бол байх ёстой зүйл. Гэтэл үүнийг буруугаар ашиглаад, эрчүүдийг дорд үзэх хандлага мэр сэр бий. Эмэгтэй хүн өөрөө ухаантай байж, гэр бүлээ залж чиглүүлэх ёстой.
YOLO: Жүжигчин мэргэжлийг яагаад сонгосон бэ? Мэргэжлээ сонгож чадахгүй тээнэгэлзэж байгаа хүүхдүүдэд мэргэжил сонголт тал дээр өөрийн туршлага дээр үндэслэн бяцхан зөвлөгөө өгвөл?
- Би багаасаа жүжигчин болохыг хүсэж мөрөөддөг байсан. Ээж аав маань ч их дэмждэг байлаа. Хүүхдүүд нь хэчнээн хүсэл сонирхолтой байсан ч эцэг эх нь дэмжихгүй байх тохиолдол бий. Энэ үед би сурагчдадаа “Чиний амьдрал бол чиний л амьдрал. Чи сайхан амьдарвал ээж, аав чинь баярлана. Чи дургүй мэргэжлээ сонгоод, сэтгэл дундуур, гүйцэтгэлгүй амьдарвал аав ээж чинь ч, чи ч харамсана. Тиймээс өөрийнхөө дотоод сэтгэлийг нэгт тавих хэрэгтэй. Гэхдээ эцэг эх чинь чамайг төрсөн цагаас мэдэх учраас үгийг нь сонсож, тунгаагаарай” гэж захидаг. Маш сайн бодож, би үнэхээр чадах уу гэж өөртэйгөө ярих хэрэгтэй. Сэтгэл хөдлөлөөр шийдэж, шалгалт өгөөд азаар тэнцчихвэл дараа нь их эрсдэлтэй шүү дээ. Иймээс сургалтад суугаад үз, мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав. Зүрх сэтгэл чинь татагдаж, ирээдүй минь энэ юм байна гэж бодогдож байвал сонгоорой. Хүн ер нь дуртай юмаа хийж байгаа тохиолдолд цалингийн хэмжээнээс үл хамааран юуг ч даваад гардаг. Дуртай юмаа аз жаргалтай хийж буй хүнд заавал амжилт ирнэ.
YOLO: Сургалт дээрээ та “Анх заалгуулаад шууд чадна гэдэг хэцүү. Гэхдээ би чаддаг байсан” гэж ярьж байсан. Их хичээл зүтгэлтэй хүүхэд байсан юм шиг. Мөрөөдлийнхөө төлөө яаж хөдөлмөрлөдөг байсан бэ?
- Мэдээж бүх зүйлийг чадахгүй. Гэхдээ багшийн өгсөн даалгаврыг маш сайн гүйцэтгэдэг хүүхэд байсан. Л.Лхаасүрэн багш маань нэгдүгээр курст байхад “Охид оо, та нар үнэхээр жүжигчин болъё гэж бодож байвал хүнтэй битгий үерхээрэй” гэж хэлсэн. Би үнэхээр жүжигчин болохыг хүссэн учраас үүнийг нь ч дагаж биелүүлсэн. Багш маань цаг зав нь өөр зүйлд зарцуулагдаж, оюун ухаан нь сатаарна гэсэн үүднээс хэлсэн байхад хүнтэй үерхвэл багш мэдээд сургуулиас гаргачих юм шиг санадаг байжээ. Ингэж багшийн хэлсэн үгийг биелүүлдэг байсан. Сүүлийн үед хүүхдүүд өгсөн даалгаврыг гүйцэтгээгүй үедээ шалтаг тоочдог болсон байна. Жүжигчний мэргэжил шалтаг тоочдог мэргэжил биш.
YOLO: Мэргэжлийн бус хүмүүс кинонд тоглох нь ихэссэн. Та үүнийг юу гэж боддог вэ?
- Дэлгэцийн уран бүтээлд дүр нь тохироод, найруулагч сонгосон бол болохгүй зүйл үгүй. Жүжигчин хүн байвал ажиллахад илүү амар. Баг хамт олноо ойлгож, хурдан хүлээж авдаг. Мэргэжлийн болон мэргэжлийн бус хүн хандлагын хувьд асар их ялгаатай.
YOLO: Жүжигчин мэргэжлээр төгссөн хүмүүсээс цөөн хэд нь л мэргэжлээрээ ажилладаг. Тиймээс жүжигчин болох гэсэн хүүхдүүдэд эцэг эх нь ирээдүйгүй, хэрэггүй гэж зөвлөх нь бий. Үнэхээр ажлын байр олддоггүй юу эсвэл хичээвэл болох л асуудал уу?
- Олны үг ортой гэдэг дээ. Тийм амар ажил биш. Ядаж л манайд хэдэн театр байгаа билээ. Олон театртай, зах зээл нь өргөн байж чадвал дуртай ажлаа хийж, цалингаа аваад сайхан амьдарна. Би оюутан байхдаа мэргэжлээсээ өөр ажил бараг хийж үзээгүй. Маркетингийн ажил аргагүйн эрхэнд хийсэн ч аз жаргалтай байж чадаагүй. Монголд ажлын байр цөөхөн. Иймээс би сургалтдаа англи хэл оруулсан нь гадаадын зах зээлд хүүхдүүдээ гаргаж, хөдөлмөрөө үнэлүүлж, цалин мөнгөнд санаа зовдоггүй амьдраасай гэж хүссэн. Манайд жүжигчид өөрийнхөө хүчээр л өдий зэрэгтэй явж байна. Түүнээс биш улсаас дэмжиж байгаа зүйл алга даа.
YOLO: Жүжигчин хүнд заавал байх ёстой чадвар, зан чанар юу вэ?
- Хүн чанартай байх хэрэгтэй. Бусдыг ойлгож, хүндэлж харьцдаг байж л энгийн хүнээс түрүүлж алхаж, нийгмийн толь болно.
YOLO: Жүжигчин болохоор шийдсэн хүүхэд, залуучуудад хандаж хэлэх үг хэлэхгүй юу.
- Хүсэл мөрөөдлөө дагах хэрэгтэй. Ямар нэг ажил хийгээд хажуугаар нь кинонд тоглоно гэж бодож хобби байдлаар хандвал чи хэзээ ч дэлхийн алдартай тайз дээр гарч чадахгүй. Мэргэжлийн бус хүн авьяастай, мэдрэмжтэй байж болно. Гэхдээ яасан ч театрын жүжигчин болдоггүй нь үнэн. Тэр бол заавал усыг нь ууж, ёсыг нь дагаж байж бий болдог зүйл. Урлагийн сургуульд сурахаар шийдсэн бол зөвхөн Монголоор өөрийгөө битгий хязгаарлаарай. Мөрөөдлөө том тавьж, дэлхийн хэмжээний жүжигчин болно гэж зориорой. Би тэгээгүйгээдээ хааяа харамсдаг. Гэхдээ жүжигчний мэргэжил дипломоор хэмжигддэггүй. Сурсан зүйл чинь л чухал. Би одоо ч сурч, боловсрохыг хүсдэг. Гэхдээ надад сайхан гэр бүл маань байна. Миний сонголт гэр бүлд минь нөлөөлөх учраас би ганцаараа нэг тийшээ яваад өгч болохгүй. Тиймээс сурах насандаа сайн сураад аваарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх