Бид өмнөх дугаарт “Home Alone” киноны талаар сонирхолтой баримтуудыг хүргэсэн билээ. Харин энэ удаа нээлтээ хийгээд удаагүй ч залуусын дунд алдаршаад буй “Sweet Home” хэмээх аймшгийн, адал явдалт төрлийн цувралыг онцолж байна.
Киноны үнэлгээ /IMDb/: 7.4/10
Киноны үнэлгээ /AsianWiki/: 92%
Эхний анги цацагдсан огноо: 2020 оны арванхоёрдугаар сарын 18
Нийт ангийн тоо: 10
Үйл явдал: Cha Hyun Su гэр бүлийнхнээ автын ослоор алдаад удаагүй байлаа. Ийнхүү тэрээр ганцаараа амьдрах шаардлагатай болсон тул шинэ байранд нүүн ирнэ. Удалгүй тус орон сууцад хачин жигтэй зүйлс тохиолдож эхлэх ба оршин суугчид нь учир битүүлгээр мангас болон хувирч байлаа. Ийнхүү амьд үлдэхийн төлөө Cha Hyun Su болон байрны оршин суугчид тэмцэж эхэлнэ.
WEBTOON-ЭЭС СЭДЭВЛЭСЭН
Энэхүү цувралыг ижил нэрт webtoon буюу комик зохиолоос сэдэвлэн бүтээсэн. Зохиол нь Өмнөд Солонгос улсад маш алдартай ба одоо ч хамгийн их уншигчтай комик зохиолуудын нэгт багтдаг билээ.
ЖҮЖИГЧДИЙН ХАМТРАЛ
“Sweet Home” цувралд Cha Hyun Su-гийн дүрийг бүтээсэн жүжигчин Song Kang болон Lee Eun Yu-гийн дүрийг бүтээсэн жүжигчин Go Min Si нар өмнө нь видео стрийминг үйлчилгээний “Netflix”-ийн албан ёсны бүтээл болох “Love Alarm” цувралд хамтран тоглосон билээ. Тэд өөрсдийгөө илүү шинэлэг, сонирхолтой дүрд сорьж, дахин нэг уран бүтээлд хамтран тоглосон нь үзэгчдэд ихэд таалагдсан гэнэ.
ХАМГИЙН ӨРТӨГ ӨНДӨРТЭЙ БҮТЭЭЛ
Тус цуврал нь “Netlfix”-ийн хамгийн өндөр өртгөөр бүтсэн цувралуудын нэг аж. Нэг анги нь 2.4 сая ам.доллар буюу монгол мөнгөөр 7.8 тэрбум гаруй төгрөгөөр бүтжээ. Цувралын үйл явдал болон аймшигт мангасуудыг бодит мэт харагдуулахын тулд энэ хэмжээний хөрөнгийг зарсан гэнэ.
ГУРВАН КИНОНД ЗЭРЭГ ТОГЛОСОН
Lee Eun Hyeok-ийн дүрийг бүтээсэн жүжигчин Lee Do Hyun нь “Sweet Home” цувралд тоглож байхдаа “Hotel Del Luna” (2019), “Scouting Reporter” (2019) зэрэг кинонуудад ч мөн дүр бүтээсэн гэнэ. Тус бүтээлүүд цаг хугацааны хувьд багагүй зайтай цацагдсан хэдий ч зураг авалтууд нь нэгэн зэрэг болсон учир Lee Do Hyun нэг зураг авалтдаа оролцчихоод шууд л дараагийн зураг авалтруугаа очдог байсан ажээ.
ЭРС ӨӨРЧЛӨЛТ
Жүжигчин Song Kang “Sweet Home” цувралд өмнө нь бүтээж байсан дүрүүдээсээ тэс өөр дүр төрхийг гаргаж, үзэгчдээс чамгүй хэмжээний магтаалыг хүртээд байгаа билээ. Тэрээр анх 2017 онд кино урлагт хөл тавьж байсан ба царайлаг, дөлгөөхөн дүрээр олонд танигдсан. Тиймдээ ч Song Kang-ийн эрс өөрчлөлт үзэгчдийг ихэд гайхшруулж чадсан юм.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Комик зохиолынх нь үйл явдал аль хэдийнэ дууссан ч цувралын эхний бүлгийн төгсгөлийн анги комик зохиол дээрхээсээ огт өөрөөр төгссөн. Үзэгчид хоёрдугаар бүлэг гарна хэмээн таамаглаж байгаа ч одоогоор “Netflix”-ээс албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа билээ.
Ийнхүү та бүхэндээ тус цувралын сонирхолтой хэсгүүдээс хүргэж байна.
Эх сурвалж: Allkpop
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх