Нуруу, цээж хэсгээр гарсан батгыг АРИЛГАХ аргууд


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2021-08-06

Ихэнх хүмүүс нүүрний арьсаа хэрхэн арчлах ёстойг маш сайн мэддэг хэдий ч нуруу болон цээж хэсгээ орхигдуулдаг. Ингэснээр батгашиж сорвитой болох нөхцөл бүрдэнэ.

Хэрвээ таны цээж эсвэл нуруугаар батга гардаг бол энэ нь эрүүл мэнд болон амьдралын хэв маягаас шалтгаалж байна гэсэн үг. Эдгээр шалтгааны аль нь байхаас үл хамааран батганаасаа салахыг хүсвэл дараах зөвлөгөөг хэрэгжүүлж үзээрэй. 

ТОГТМОЛ ГУУЖУУЛАХ

Нүүрний адилаар цээж, нурууны арьс ч гууждаг. Тиймээс нуруу, цээж хэсгийн үхэжсэн арьсаа тогтмол гуужуулах хэрэгтэй. Энэ нь арьсны нүх сүв бөглөж батгыг хүндрүүлэх, батгашилт нэмэгдэхээс сэргийлнэ. Харин гуужуулагч сонгохдоо эмзэг арьсанд зориулсан гелэн аль эсвэл батганы эсрэг заалттай бүтээгдэхүүн сонгох хэрэгтэй.

АМЬСГАЛДАГ МАТЕРИАЛТАЙ ХУВЦАС СОНГОХ

Агаар нэвтрүүлдэггүй материалтай хувцас нь хөлрөлтийг нэмэгдүүлж батга гарах нэг шалтгаан болдог. Тиймээс цэвэр даавуун материалтай хувцас сонгох нь чухал. Мөн дасгал хөдөлгөөн хийхдээ амьсгалдаг материалтай хувцас сонгож, түүнийгээ тогтмол угаах хэрэгтэй.

БАТГАНЫ ЭСРЭГ БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭХ

Батганы эсрэг бүтээгдэхүүн нь зөвхөн нүүрний арьсанд зориулагдаагүй учраас цээж, нуруу хэсэгтээ ч хэрэглэж болно. Арьсны эмч Рэне Роулаугийн зүгээс салицилын хүчил, цайны модны тос, шавар гэх мэт найрлагатай бүтээгдэхүүн сонгож хэрэглэхийг зөвлөсөн байна.

ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ САЛФЕТКА АШИГЛАХ

Нүүрний будаг арилгагч салфеткыг цээж, нуруугаа цэвэрлэхэд ашиглаарай. Таны биеийн илүүдэл тослог, тоосжилтыг ул мөргүй арилгаж арьсны нүх сүвийг чөлөөтэй амьсгалахад тусална. Мөн дээрх найрлага бүхий салфетка батгыг хатаах, арилгахад ч үр дүнтэй шүү.

ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙСНИЙХЭЭ ДАРАА ШҮРШҮҮРТ ОРОХ

Хөлрөх нь арьсны нүх сүвийг бөглөх, улмаар батга гарах шалтгаан болдог гэдгийг бид бүгдээрээ мэддэг. Тиймээс арьсны эмч Рэне “дасгал хийсний дараа шууд шүршүүрт орох хэрэгтэй. Үгүй бол хөлснөөс болж гарсан батга улам хүндэрдэг” хэмээн зөвлөжээ. 

БАТГАА ШАХАЖ БОЛОХГҮЙ

Бие дээр гарсан батгыг ч шахаж болохгүй! Энэ нь бактери тарах, арьс үрэвсэх гол шалтгаан болдог. Иймээс зориулалтын тос түрхэж хатаахыг зөвлөе. 

ҮСНИЙ АНГИЖРУУЛАГЧАА УРСГАХГҮЙ БАЙХ

Үсээ буруу арчилснаас болж нуруу болон цээж хэсгээр батга гарах магадлалтай байдаг. Өөрөөр хэлбэл, үсний ангижруулагч дахь найрлага нь арьсны нүх сүвийг бөглөх, цочроох, батгашилтыг нэмэгдүүлэх нөлөөтэй байдаг. Иймээс ангижруулагчийг нуруу руугаа урсгахаас зайлсхийж үсээ тусад нь угааж хэвшээрэй.

АРИУН ЦЭВРИЙГ ДЭЭД ЗЭРГЭЭР САХИХ

Ор дэрний давуу, дасгалын хувцас зэрэг нь батга үүсгэгч бактерийг үржүүлэх таатай орчин юм. Тиймээс тогтмол угааж, индүүдэж хэвшээрэй.

НЭМЭЛТ ТЭЖЭЭЛ ХЭРЭГЛЭХ

Амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх ёстой гэдгийг хүн бүр мэдэх биз ээ. Энэ нь зөвхөн өвдсөн үед төдийгүй аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх чухал алхам юм. Түүнчлэн, цээж, нуруугаар батга гарсан үед арьсныхаа нөхөн сэргэх үйл явцыг эрчимжүүлэх, эрүүлжүүлэхийн тулд нэмэлт тэжээл хэрэглэхэд ч буруудахгүй гэнэ шүү. 

ЭМЧИД ХАНДАХ

Арьсны эмч Рэнегийн зүгээс эмчид хандах нь хамгийн шилдэг арга хэмээн зөвлөв. Тэрээр багаасаа л ийм төрлийн батгатай тэмцэж, олон ч зүйл хэрэглэж үзсэн бөгөөд хамгийн зөв шийдвэр бол эмчид хандах гэдгийг онцолжээ. 

ДОТРООС НЬ ЭМЧЛЭХ

Арьсны эмч Дэнди Энгэльмэний зүгээс “нурууны арьс нь биеийн бусад хэсэгтэй харьцуулахад маш зузаан байдаг. Тиймээс гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж, түүнийхээ үр дүнг хүртэхийн тулд маш их арчилгаа хийх шаардлагатай гэсэн үг. Хэрвээ нуруун дээрх батга чинь зүгээр болохгүй байвал эмчийн заавраар эм уухад буруудахгүй” гэв. 

НАРНЫ ТОСОО ЗӨВ СОНГОХ

Усан суурьтай нарны тос сонгож хэвшээрэй. Мөн таны сонгож буй нарны тосон дээр “non-comedogenic” гэсэн бичиг байх ёстой. Энэ нь ямар нэг тослог агуулаагүй гэсэн утгатай бөгөөд арьсны нүх сүвийг бөглөхгүй гэсэн үг. 

Эх сурвалж: Teen Vogue

#Зөвлөгөө #Гоо сайхан #Эрүүл мэнд