Элсэлтийн ерөнхий шалгалт хаяанд иржээ. Юу юугүй хавар болж төгсөх ангийн сурагчид маань шалгалтаа өгөн гүйлдэх мөч ойртсоор. Иймээс энэ удаагийн ярилцлагын булангаараа 2017 оны зургийн ЭЕШ буюу ур чадварын шалгалтанд 800 оноо авсан О.Хуншагайг урьж ярилцлаа.
YOLO: Сайн байна уу? Уншигчдад маань өөрийгөө танилцуулаач?
- Сайн байцгаана уу? Намайг О.Хуншагай гэдэг. ШУТИС-ийн Үйлдвэр технологийн их сургуульд интерьер дизайны чиглэлээр суралцдаг. Одоо 1-р дамжааны оюутан.
YOLO: Ур чадварын шалгалт буюу зургийн ЭЕШ-д 800 оноо авсан гэж дуулсан. Математикийн шалгалт, монгол хэлний шалгалт гэж л хүмүүс их ярьдаг болохоос ур чадварын шалгалтыг тэр бүр ярианы сэдвээ болгодоггүй. Хар зургаар ЭЕШ өгөхөд яг хэрхэн яаж өгдөг вэ?
- Зургийн ЭЕШ-ыг сургууль сургуулиасаа хамаарч өгдөг. Албан ёсоор нэг өдөр зарлаад явуулдаг. Хариу нь шалгалт өгсөн яг тэр өдөртөө гардаг учраас шалгалт өгсөн хүмүүс өөрсдөө хүлээж байгаад дүнгээ сонсдог. Шалгалт нийт гурван цаг үргэлжилдэг. Хоёр цагт нь хар зургаар шалгалт өгнө. Хар зургаар шалгалт өгөхдөө нэгт гэрэл сүүдэр, хоёрт харьцаа, гуравт зохиомж гэсэн гурван зүйл анхаардаг. Дараагийн нэг цагт нь зураг зүйн шалгалт авдаг. Энэ хоёр шалгалтын дүнг харьцуулснаар оноо дүгнэгддэг.
YOLO: Хэзээнээс эхэлж зурж эхэлсэн бэ?
- Би 11-р ангиасаа буюу одоогоос хоёр жилийн өмнө зурж эхэлсэн. Зурах юмсан гэж боддог байсан ч зурж чаддаггүй байсан. Ингээд 11-р ангидаа багшаасаа заавар зөвлөгөө аваад зурж эхэлсэн.
YOLO: Ур чадварын шалгалтандаа 800 оноо авахад зургийн уралдаануудад орж байсан туршлага их нөлөөлсөн байх. Оролцож байсан тэмцээнүүдээсээ дурьдаач.
- Тэгэлгүй яахав. Олон улс болон нийслэлийн тэмцээнүүд их байгаа. Олон улсын тэмцээн гэвэл Мөрөөдлийн зүг зургийн уралдаан. Энэ тэмцээнд нэгдүгээр байранд орж байсан. Мөн бас бус зургийн уралдаануудад их оролцдог байсан.
YOLO: Зургийн уралдаанаас авч байсан хамгийн үнэ цэнэтэй шагнал чинь ямар шагнал вэ?
- Хамгийн үнэ цэнэтэй гэвэл “Мөрөөдлийн зүг” уралдаанаас авсан шагнал юм. "Би ч бараг чадахгүй байх даа. ОУ-н тэмцээн юм чинь арай л барахгүй байх" гэж бодож байсан чинь "Тэргүүн байранд орлоо баяр хүргэе" гэж хэлэхэд үнэхээр цочирдсон бас баярласан.
YOLO: Зургаар ЭЕШ өгье гэж бодож байгаа хүүхдүүд хэрхэн бэлдэх хэрэгтэй вэ?
- Би шалгалтандаа хоёр жилийн өмнөөс бэлдэж эхэлсэн. Багштайгаа хамт долоон хоногийн таван өдөр хоёр цагаар бэлддэг байсан. Ер нь хар зургаа түлхүү бэлдсэн нь дээр. Мөн туршлага хуримтлуулахын тулд уралдаан тэмцээнд оролцож, зураг зүйн хичээлээ бэлдэх хэрэгтэй.
YOLO: Аливаа зүйлийг сурахад багшийн үүрэг их чухал байдаг. Багшийнхаа талаар яриач?
- БЗД-ийн 44-р сургуулийн зураг зүйн багш Х.Оюундэлгэр гээд миний багш бий. Багш маань надад бага ангиас минь эхэлж хичээл заасан. Тэгж явсаар 11-р ангид ороход минь намайг шавиа болгон бэлтгэж эхэлсэн дээ. Энэ дашрамд багшдаа талархаж явдгаа илэрхийлье.
YOLO: Зураг зурдаг хүүхэд болгон шалгалтандаа 800 оноо авах боломжтой юу?
- Зурдаг гэлтгүй зурдаггүй хүүхдүүд ч ЭЕШ дээрээ өндөр авсан байдаг. Гэхдээ чи үнэхээр зураг зурдаг, авьяастай л бол чи өндөр оноо авах боломжтой. Түүнээс биш ямар ч зурах сонирхолгүй байж гайгүй байлгүй гээд шалгалт өгч байгаа бол үнэхээр дэмий л гэж зөвлөе.
YOLO: Сургуульдаа элсэж ороход зургаар хэчнээн сурагч 800 оноо авсан байсан бэ?
- Миний санаж байгаагаар 50 гаруй хүүхэд 800 оноо авсан байсан. Зургийн шалгалтанд 600 гаруй хүүхэд оролцсон. Тэр дундаас анги ангиасаа шалтгаалаад 200 гаруй хүүхэд элсэж орсон. 600 хүүхдээс 200 нь гэхээр ер нь их өрсөлдөөнтэй. Босго оноо нь 440 гээд санаа амрах биш чадах чинээгээрээ хийж гүйцэтгэх хэрэгтэй.
Төгсөх ангийн сурагчдадаа бүгдэнд нь амжилт хүсье. Хойшлуулж цалгардуулалгүйгээр хичээнгүйлэн бэлдээрэй. Нэг чиглэлээ дагнаж хичээллээрэй.
О.Хуншагай
YOLO: Зургийн уралдаануудад орох үед сургуулиудаас урилга ирж байсан уу?
- СУИС, ХААИС, МУИС, Их засаг гэсэн сургуулиудаас урилга ирсэн. Гэвч би интерьер дизайны чиглэлээр сурах зорилготой байсан учраас ШУТИС-ийг сонгосон.
YOLO: Яагаад интерьер дизайн гэх мэргэжлийг сонгосон бэ?
- Ирээдүйд бидэнд их хэрэгтэй мэргэжил юм шиг санагдсан. Бид зүгээр л нэг байшинд ороод суугаад байх биш орчноосоо таашаал авах хэрэгтэй. Тэртээ тэргүй гадуур нийгэм зөндөө ачаалалтай, хүмүүс стресстэй ажиллаж байна. Гэртээ ороод стресствэл бүр хэцүү. Гэртээ ороход нэг л тийм тааламжтай дулаахан тухтай тохилог орчин угтвал хэнд ч сайхан байна. Иймээс энэ мэргэжлийг сонгосон.
YOLO: 11-р ангиасаа зурж эхэлсэн гэсэн. Тэрнээс өмнө яагаад зурдаггүй байсан юм?
- Чаддаггүй байсан юм /инээв/. Ямар ч авьяасгүй хэр нь яаж ингэж зурдаг болсон бэ гэвэл маш их хичээл зүтгэл гэж хэлэх байна. Болохгүй байсан ч гэсэн болгох гэж хичээ. Эхлээд өнгөө тавиад үз, зураас цэг нэмээд оролдоод л байх хэрэгтэй. Нэг хувийн авьяас 99 хувийн хөдөлмөр гэдэг дээ.
YOLO: ЭЕШ хаяанд ирлээ. Төгсөх ангийн сурагчдад маань хандаж үг хэлэхгүй юу?
- Төгсөх ангийн сурагчдадаа бүгдэнд нь амжилт хүсье. Хойшлуулж цалгардуулалгүйгээр хичээнгүйлэн бэлдээрэй. Нэг чиглэлээ дагнаж хичээллээрэй. ЭЕШ аз гэж хүмүүс ярьдаг. Гэвч аз ч гэсэн төгсгөлтэй. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө азанд найдалгүй хичээх хэрэгтэй.
YOLO: Төгсөх ангийн сурагчдад маань зөвлөгөө өгч ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье
- Баярлалаа
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх