Хөл хорионы үед БҮТЭЭЛЧЭЭР хөгжсөн урлагийн төрлүүд


2020 он бидний төсөөлсөн шиг гайхалтай жил байгаагүй ч бэрхшээлийг боломж хэмээн харах, өөрсдийгөө хөгжүүлэх, эх дэлхийгээ хайрлах, эрүүл мэнддээ анхаарах зэрэг олон боломжийг олгосон билээ. Зарим нь өдрийг зүгээр л унтах, идэхэд зарцуулж байхад зарим нь гэртээ байх хугацаагаа ашиглан хөдөлмөрлөж, суралцаж, шинийг бүтээсээр байна.

Ингээд энэхүү нийтлэлээрээ хөл хорионы үед хүмүүсийн хийж бүтээсэн хамгийн бүтээлч 8 бүтээлийг онцолж байна. Уншигч та ч бас дэлхийн өнцөг булан бүрд хүмүүс ямар гайхалтай бүтээлүүд туурвисныг хараад цаг хугацааг ашиглан өөрийгөө хөгжүүлээрэй.

1. ГЭРЭЛ ЗУРАГ

АЯЛЛЫН ГЭРЭЛ ЗУРАГЧИН ERIN SULLIVAN-ЫН БҮТЭЭЛ

АНУ-ын Лос Анжелес хотод амьдардаг аяллын гэрэл зурагчин Erin Sullivan хөл хорионы үеэр аялах боломжгүй болсон тул бүтэн нэг жилийг гэртээ өнгөрүүлжээ. Тэрээр энэ хугацаандаа бүтээлч сэтгэлгээгээ ашиглан гар доорх материалаар сонирхолтой гэрэл зураг авах санаа бодож олсон байна. Ингээд Erin тоглоомон баримал, хоол хүнс болон ахуйн эд зүйлс ашиглан “Our Great Indoors” нэртэй цуврал гэрэл зургуудаа олон нийтэд цацаж эхэлжээ. Түүний цуврал хүмүүст гэрээсээ гаралгүйгээр өөр нэгэн сонирхолтой ертөнцөөр аялах боломжийг олгосон байна.

Erin Sullivan-ын цуврал зургуудыг ЭНД дарж үзээрэй. 

ШУВУУДЫН ГАЙХАЛТАЙ НИСЛЭГ

Амьтны гэрэл зурагчин Mark Harvey морьдын үзэсгэлэнт хөргөөрөө алдартай нэгэн билээ. Тэрээр нэгэнт хол явж зураг дарж чадахгүй болсон учир гэртэйгээ ойрхон, зураг авахад тохиромжтой газруудыг хайж эхэлсэн байна. Ингээд эцэст нь тэрээр гэрийнхээ ойролцоох Норфолк хэмээх аглаг буйд газар жигүүрт амьтдын зургийг авч эхэлжээ. Түүний зургууд шувуудын нисэж буй үеийн өвөрмөц дүр төрхийг харуулсан гайхалтай бүтээл болсон байв.

Бусад шувуудын гайхалтай зургийг ЭНД дарж үзээрэй. 

ТҮҮХЭН БАРИМТ БОЛСОН ГЭРЭЛ ЗУРАГ

Агаарын гэрэл зурагчин Tom Hegen нисдэг тэргээр дүүлэн нисэж, агаараас гайхалтай дүр зургуудыг камерын дуранд буулгадаг гэдгээрээ алдартай. Тэрээр хөл хорионы үеэр Германы нийт зургаан нисэх онгоцны буудалд зураг авалт хийсний нэг нь та бүхний харж буй энэхүү зураг билээ. Уг зургийг авахдаа тэгш хэмийн харьцаа, дүрсний ялгарлыг цогцлоосон нь эмх цэгцтэй бөгөөд амар амгалан мэдрэмж төрүүлнэ. 

Дэлхийн дахины өнөөгийн байдлыг дүрслэн харуулсан түүний 100 цуврал гэрэл зургийг ЭНД дарж үзээрэй. 

ФОТО ЦУГЛУУЛГА

Нийт хүн төрөлхтний эрүүл мэндийн төлөө өдөр шөнөгүй ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилчдад зориулж Nathan Wyburn хэмээх уран бүтээлч гэрэл зургийн цуглуулгаар эмчийн хөрөг бүтээжээ.

2. ГУДАМЖНЫ УРЛАГ

ХӨЛ ХОРИОНЫ ҮЕИЙН ДУРЛАЛ

Уран бүтээлч Hijack гудамжны ханын зургуудаараа алдартай нэгэн бөгөөд бүтээлээрээ дамжуулан хөл хорионы дүр төрхийг илэрхийлэхийг зорьжээ. Түүний “Хөл хорионы үеийн дурлал” нэртэй бүтээл нь хүн төрөлхтний амьдралын шинэ хэв маяг гэлтэй.

3. ХООЛНЫ УРЛАГ

ГОЁМСОГ ЧИМЭГЛЭЛТЭЙ ТАЛХ

Цар тахал гарснаас хойш бид ихэнх цагаа гал тогооны өрөөнд өнгөрүүлэх болсон. Тэгвэл зөвхөн идэхийн төлөө биш урлахын төлөө гал тогооны өрөө рүү ордог бол ямар вэ? Ахлах сургуулийн түүхийн багш Hannah, Rye нар хамтран талхан дээр төрөл бүрийн гоёмсог хээ зуран, түүнийгээ сийлбэр мэт хэлбэрт оруулан чимэглэх санааг олжээ.

Тэдний урлагийн бүтээл мэт талхны зургуудыг ЭНД дарж үзээрэй.  

4. ГЭРИЙН ТЭЖЭЭМЭЛ АМЬТДАД ЗОРИУЛСАН БЯЦХАН ӨРӨӨ

GEBRIL УРЛАГИЙН МУЗЕЙ

Лондонд амьдардаг нэгэн хос хөл хорионы өдрүүдийг нэгэн хэвийн, уйтгартай бус, бүтээлч өнгөрүүлэхийн тулд Pandoro, Tiramisu нартаа зориулж бяцхан урлагийн музей хийж өгчээ. Картон цаас, мод, бичгийн цаасаар урласан энэхүү музейд дэлхийн сонгодогт тооцогддог алдарт уран зургуудын хуулбарыг байршуулсан нь бүтээлч бөгөөд маш их хөдөлмөр шингэсэн бүтээл болсон байв.

5. ГЭРТЭЭ УРЛАГИЙГ БҮТЭЭЛЧЭЭР ХӨГЖҮҮЛЭХҮЙ

ГЭРТЭЭ УРАН ЗУРАГ АМИЛУУЛСАН НЬ

Энэ жил олон нийтийн үзвэр үйлчилгээний газрууд хаалгаа барьж, үзэгч хүлээн авах боломжгүй болсон билээ. Тэгвэл Лос Анжелес дахь “J. Paul Getty Museum” музей олон нийтийн сүлжээгээрээ үзэгчдийг тус музей дэх уран зургуудыг бүтээлч байдлаар дуурайлган хийхийг уриалжээ. Уг уриалгад маш олон хүн нэгдэж өөрсдийн гар доорх материал, эд зүйлс, нүүр будгаар уран зургуудын хувилбарыг бүтээсэн байна.

Тэдний гэртээ хэрхэн бүтээлч байдлаар урлагийн бүтээлүүд амилуулсныг ЭНД дарж үзээрэй.  

6. ГЭР АХУЙН ЧИМЭГЛЭЛҮҮД

ЦЭЦГЭН ХАНА

Францын уран зураач Nathalie Lete мөн л гэртээ байх хугацааг дэмий өнгөрөөхийг хүссэнгүй. Тэрээр гэрийнхээ бүх л ханан дээр олон өнгийн үзэсгэлэнт цэцэг зурж хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлжээ.

Түүний гайхалтай урлагийн бүтээл мэт гэрийн зургийг ЭНД дарж үзээрэй.

7. ЦАР ТАХЛЫН ҮЕИЙГ ДҮРСЭЛСЭН ХОШИН ЗУРГУУД

IRINA BLOK-ИЙН ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН АМЬДРАЛ

Irina Blok хэмээх бүсгүй цар тахлын үеийн амьдралаас санаа аван цуврал хошин зургууд хийжээ. Тэрбээр цар тахал эхэлснээс хойш хүмүүсийн амьдрал хэрхэн өөрчлөгдсөнийг “өмнө ба дараа нь” хэмээн харьцуулан хийсэн нь олон хүний сэтгэлд хүрч, бүтээлүүд нь алдаршсан байна.

Бидний амьдралын шинэ хэв маягийг тусгасан бүтээлүүдийг ЭНД дарж үзээрэй.

8. МАСКНЫ БҮТЭЭЛЧ ЗАГВАРУУД

ЭНГИЙН ЗАГВАРТАЙ МАСКНААС УЙДСАН БОЛ ЭДГЭЭР ЗАГВАРУУДЫГ ТУРШААД ҮЗ

Энэ жил бүтээлч байдлыг хамгийн ихээр шаардсан зүйл бол амны хаалт буюу маск байсан гэж хэлж болох юм. Өдөр тутамдаа амны хаалт заавал зүүх шаардлагатай тулгарсан энэ үед чих өвдөхөөс эхлээд, нүдний шил цантах, амьсгаа давчдах гэх мэтчилэн олон асуудал тулгардаг. Тэгвэл энэхүү асуудлуудыг шийдвэрлэсэн төрөл бүрийн загвартай амны хаалтууд бүтээгдсээр байна.

Эх сурвалж: My Modern Met

#Сонин хачин #Урлаг #Бүтээл #Цар тахал