ЗАХИДАЛ: Арванхоёрдугаар сарын захидлын хариу №2


ССҮТөв | YOLO.MN
2020-12-14

mail YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Би яачихсан юм бэ? 

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе! Би 18 настай, эмэгтэй. 12-р ангид сурдаг. Энэ жил ЭЕШ өгнө. Би ээжтэйгээ ЭЕШ-ын сургалтад хамрагдах талаар зөндөө олон удаа ярьсан ч ээж маань “манайх мөнгө муутай байна, багш нараасаа асуу” гэдэг. 

Би анх удаа өөрийгөө болон бусдыг их үзэн ядаж байна. Өмнө нь ингэж ихээр үзэн ядаж байгаагүй. Саяхан багш нараасаа ЭЕШ-ын талаар мэдэхгүй зүйлээ асуугаад л байлаа. Хариу бичихгүй болохоор нь эхэндээ “багш мэдэхгүй юм байна даа” гээд өнгөрөөдөг байсан. Тэгсэн мөртлөө хичээлээ заагаад, оруулаад л байдаг. Би чатаа өдөр болгон шалгадаг. Надад ерөөсөө хариулдаггүй. 

Манай нэг хамаатны эгч бас багш юм. Тэр ч бас надад яг адилхан хандаад байх юм. Би зөндөө олон зүйл асуусан, ямар ч хариу байдаггүй. Нэг өдөр гэр бүлийнхнээрээ уулзав аа. Тэгээд “та миний чатыг харсан уу?” гэсэн чинь “өө, би мэдээгүй юм байна” гэсэн. Тэгсэн саяхан хамаатны дүүгийн хичээлийг чатаар хийж өгөөд л, мэдэхгүйг нь хэлж өгөөд л. Би үнэхээр их гомдож байна. Ер нь яагаад намайг дандаа seen-ддэг юм бэ? 

Хэд хоногийн өмнө манай ангийн нэг хүүхэд надад мэдэхгүй зүйлийг маань учиргүй зааж өгөөд л, тайлбарлаад л, “бие даалтыг чинь хийгээд өгье” гээд байсан юм. Би ч ашгүй дээ гээд баярлаж байсан чинь “өө, чи чинь ... байсан юм уу, би бие даалтыг чинь хийж өгч чадахгүй ээ” гэдэг юм даа. 

Би үнэхээр их үзэж ядаж бас уйлмаар байна. Хүмүүс надад яагаад ингэж хандаад байгаа юм бэ? Би ер нь яасан юм? Одооноос хүнээс тусламж гуйхгүй гэхээр л мэдэхгүй зүйлүүд гарч ирээд байх юм. Асуудал надад байна уу? Тэдэнд байна уу? 

ЗӨВЛӨГӨӨ: Чамд туслах эсэх нь тухайн хүмүүсийн асуудал

Сайн байна уу? Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Ялангуяа төгсөж байгаа, элсэлтийн ерөнхий шалгалт өгөх гэж байгаа хүүхдүүдийн хувьд хөл хорио хүндхэн тусаж байна. Чиний маш их найдсан хүмүүс чамд тоомжиргүй хандаж, үл тоосон мэт мэдрэмж төрүүлсэн нь чамайг гомдоосон бололтой. Ангийн хүүхэд нь чамд юу гэж хэлсэн бэ? Ангийнхаа хүүхдээс яагаад чамайг учраас туслахаа больж байгаа вэ гэдгийг асуусан уу? 

Чиний асууж байгаа зүйлс үнэхээр ганцаараа хийхэд хэцүү, өөрөө судалж мэдэх боломжгүй зүйлсүүд байгаа юу? Магадгүй асууж байгаа зүйлсийг нь өөрөө хийх ёстой гэж үзээд хариулахгүй байж ч болох юм. Мөн тэдэнд чиний талаар буруу ойлголт байгаа юм болов уу гэх мэт олон зүйлс гарч ирж байна. Тиймээс тэднээс яагаад чиний асуултуудад хариулахгүй байгааг асуугаарай. Хэцүү асуулт асуугаад байна уу? Та хариулж чадахгүй эсвэл боломжгүй байвал зүгээр хариу бичихийг хүсээд үзээрэй.

Нөгөө талаас чамд туслах эсэх нь тухайн хүмүүсийн асуудал байдаг. Тэдний шийдвэрийг хүндэтгэх хэрэгтэй. Заавал туслах ёстой биш шүү дээ. Тиймээс бид тэднийг хүчилж чадахгүй ч ойлголцож болно. Тэдэнд өөрт төрж буй мэдрэмжээ илэрхийлсэн үү? Хэрэв үгүй бол бодол, гомдлоо цэгцлэн намуухан дуу хоолойн өнгөөр тайвнаар илэрхийлээрэй. Энэ нь бусад хүмүүс чамд туслахад хүргэнэ гэж хэлэхгүй ч сэтгэл санааны байдлаа тайван болгоход тусална. Сэтгэл санааны тайван байдал нь суралцах чадварыг нэмэгдүүлдэг учраас аль болох тайван байхыг хичээгээрэй. Зөвхөн тэдэнд эсвэл зөвхөн чамд асуудал байгаа биш. Аль алинд нь үл ойлголцол байж болно. 

Бие дааж шалгалтад бэлдэх дараах аргуудаас туршаад үзээрэй. Тухайлбал, чиний л адил олон хүүхдүүд ийм нөхцөл байдалд хичээллэж, ЭЕШ – д бэлдэж байгаа шүү дээ. Тиймээс тэдгээр хүүхдүүдтэй видео дуудлага хийж хичээлээ давтах боломжтой. Энэ нь чамд бас тэдэнд ч ашигтай юм. Харин видео дуудлага хийнгээ хичээлээ хийж байхад саад болохгүй байхыг гэрийнхнээсээ хүсээрэй. Мөн теле хичээлүүдээ зурагтаараа ухрааж эсвэл econtent.edu.mn сайтаар орон хэдэн ч удаа давтан үзэх боломжтой. Мөн ЭЕШ-д бэлдэхэд туслах ном, сурах бичгүүдийг цуглуулж түүн дээрх дасгал ажлуудыг хийж, өөрийн сурах арга барилаа одоогийн нөхцөл байдалтай уялдуулан суралцаарай. Мэдэхгүй зүйл байвал ажлын өдрүүдээр ажлын цагаар багш руугаа эсвэл эгч рүүгээ мейл бичих эсвэл залгаж асуухыг зөвлөж байна. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


АСУУДАЛ: Японд сурна гээд хэлчихсэн болохоор

Сайн байна уу? Би 17 настай, төгсөх ангийн сурагч. Хөл хорио тогтоосны улмаас давтлагадаа явах боломжгүй болоод гэртээ хичээлээ бэлдэж байгаа ч нэг л үр дүнгүй санагдаад байгаа юм. Би хэдэн жилийн өмнөөс Японд суралцана гэж шийдээд, ойр дотнын хүмүүстээ “Японд л сурна аа” гээд хэлчихсэн. Одоо бүгд л намайг явна бодож байгаа байх. Би засгийн газрын шалгалтад бэлдэж байгаа. Энд математикийн шалгалт өгөх ёстой байдаг ч би математикийн хичээлдээ сайн биш. Тэгээд ч шалгалтын агуулга жаахан хүнд байдаг. Би яаж яаж бэлдвэл зүгээр бол, ер нь тэнцэх болов уу гээд зөндөө бодох боллоо. Үүнээсээ болоод нойр ч хүрэхгүй юм. 

ЗӨВЛӨГӨӨ: Хүмүүс чамд итгэж байгаа шиг чи ч бас өөртөө итгээрэй

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Зорилгынхоо төлөө шалгалтдаа бэлдэж хичээж байгаа боловч бусдын итгэл найдварыг алдах вий гэж айж байгаа бололтой. Ийнхүү айж түгших нь чамайг өөрөө өөртөө эргэлзэхэд хүргэж, сэтгэлээр унагаах гээд байдаг талтай. Гэвч эргэн тойрны хүмүүс чинь чамд итгэж байгаа шиг чи ч гэсэн өөртөө итгэж аль болох тайван байхыг хичээгээрэй.

Сэтгэл санааны тайван байдал нь суралцах чадварт нөлөөлдөг учраас сандарч байвал дасгал хөдөлгөөн хийж, түгшүүрлээд байвал юунд түгшүүрлэж байгаагаа тодорхойлж цаасан дээр бичээрэй. Тухайлбал, орой унтах гэхээр шалгалтдаа санаа зовоод унтаж чадахгүй байвал заавал хэвтээд байх хэрэггүй. Орноосоо босоод маргааш ямар хичээлийн ямар агуулгыг давтах, мөн хэдэн бодлого бодох зэргээ төлөвлөөд цаасан дээр бичээрэй. Энэ нь маргаашийн чиний хийх зүйлсийг тодорхой болгож байгаа тул түгшүүрийг багасгахад тусална.

Харин одоо хэрхэн бэлдэж болох талаар ярилцъя. Чиний хувьд яаж бэлдэх нь илүү үр дүнтэй санагддаг вэ? Хичээлээ хийж, шалгалтдаа бэлдэхэд ямар орчин шаардагддаг вэ? Мөн ямар арга барилаар шалгалтдаа бэлдэж байна вэ? Хүн болгонд өөр өөрсдийн гэсэн суралцах арга барилууд байдаг. Түүнийгээ тодорхойлоорой. Тухайлбал, ганцаараа хичээлээ хийх нь илүү үр дүнтэй байдаг бол өөрт тохирсон чимээгүй орчинг бүрдүүлэхийг хичээж гэрийнхнээсээ энэ талаар тусламж хүсээрэй. Хэрэв хүмүүстэй ярилцаж хийх нь илүү үр дүнтэй байдаг бол ижил төрлийн шалгалтад бэлдэж байгаа найз нөхдөөсөө тусламж хүсэж хамтдаа шалгалтдаа бэлдээрэй. Мөн шалгалтдаа бэлдэж байна гээд тасралтгүй олон цагаар хичээлээ хийхээс зайлсхийгээрэй. Учир нь тархи тодорхой хэмжээгээр амарч өөрийн эрч хүчээ нөхөх хэрэгтэй байдаг. Тиймээс 50 минут хичээллээд 10 минут амрах зэргээр зохицуулан хичээлээ хийгээрэй. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


АСУУДАЛ: Түүнээс салснаас хойш сэтгэлээр маш их унасан

Сайн байна уу? Би 20 настай, оюутан. 16 настай байхаасаа 19 нас хүртлээ найз залуутайгаа байсан. Тэр гадаад руу гараад надтай холбоо барих нь багассан. Нэг л өдөр надад салъя гэж хэлсэн. Би огт хүлээн зөвшөөрч чадаагүй. Түүнээс салснаас хойш сэтгэлээр маш их унаж, өөртөө урам хугарч, түүнгүй амьдрах маш хэцүү байсан. Миний амьдралдаа анхны удаа маш хүчтэйгээр мэдэрсэн хагацал байсан юм. Өөртөө дургүй болж, жилийн өмнө бүр үхэх талаар бодож, оролдлого ч хийж байсан.

Одоо бол тийм биш. Би бүгдийг хүлээн зөвшөөрсөн. Амьдрах хүсэлтэй, өөртөө хайртай. Бусдыг алдаа гаргахаар уучилж, бусад хүмүүст урам зориг өгдөг хэрнээ өөрийгөө уучилж өөртөө урам зориг өгч чадахгүй байх юм. Ноднин жил юу ч миний сонирхлыг татдаггүй байсан. Харин одоо бол бүх зүйл сонирхолтой бас сайхан байгаа. Гэхдээ эрэгтэй хүнтэй холбоо тогтоохоос айгаад байна. Надтай найз болох хүсэлтэй хүмүүсээс зугтдаг болчихсон.

Би хүнд итгэхээ больсон, хүнийг дахиж хайрлахгүй гэж бодох болсон. Уг нь хүн бүр өөр л дөө. Гэхдээ мэдэж байгаа хэрнээ л чадахгүй байна. Би аавгүй өссөн. Ер нь бол эрэгтэй хүнтэй хэрхэн харьцах талаар юу ч мэддэггүй байсан. Тэр надаас 6 насаар ах. Бас үнэхээр ухаалаг. Надад амьдралд хэрэгтэй зүйлсийг зааж тусалдаг байсан.

Тэр намайг жоохон бас арчаагүй гэж хэлсэн. Тэрнээс хойш би хүнд эрхэлж бас хүнтэй ойр байж чадахаа больчихсон. Хүн миний биед хүрэхэд би үнэхээр дургүй. Үнэхээр амиа хичээдэг болсон. Мэдэж байгаа хэрнээ л гунигтай бас хоосон байна.

Хүнтэй халуун дулаан харьцахаа ч больсон муухай дурсамжуудаа даван туулахыг хүсэж байна. Гэхдээ чадахгүй байна. Түүнтэй байсан дурсамжууд, түүний нэр, бүх зүйлс намайг маш их шархлуулдаг. Би өвдөлтөөс, шархалсан дурсамжаасаа холдохыг, мартахыг хүсэж байна. Өнгөрсөн зүйлийг өнгөрсөнд нь үлдээмээр байна. Гэхдээ чадахгүй байна.

Би өөрөөрөө байхыг бас аавдаа очоод маш их хичээж амьдарсан шүү гэж хэлэхийг хүсэж байна. Карантинлагдаагүй байхад маш их завгүй байсан. Би эмч мэргэжлээр сурдаг л даа. Одоо бол гэртээ байгаа болохоор бодолд минь орох нь ихсээд байна. Надад туслаач…

ЗӨВЛӨГӨӨ: Алхам тутамд түүнийг санагдуулах зүйл гарч ирнэ

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Биднийг хүрээлж буй хүмүүс өөрсдийн орон зайг бидэнд үлдээж байдаг. Бидэнд мэдрэгдэж байсан орон зай алга болох үед мэдээж таатай байхгүй. Үерхэж байсан хос хоёр бие биендээ олон сайхан мэдрэмж өгдөг. Энэхүү мэдрэмж өгч байсан хүн салаад явахад таатай санагдахгүй. Алхам тутамд түүнийг санагдуулах зүйл гарч ирнэ. Үүнээс зугтах боломжгүй. Энэхүү гунигласан, хэцүү мэдрэмж хүмүүсээс хамаараад өөр хугацаагаар үргэлжилдэг. Салалтын дараа:

- Өөрт төрч байгаа мэдрэмжийг хүлээн зөвшөөр. Өөрийн мэдрэмжийг эсэргүүцэх тусам нөхцөл байдал дээрдэхгүй. Гунигтай байвал уйл, өөрийн мэдрэмжийг эсэргүүцэх хэрэггүй. 

- Бид хүмүүстэй харилцаж байж сэтгэл зүйн хэрэгцээгээ хангаж байдаг. Өөрт төрч байгаа мэдрэмжээ дэргэд байгаа хүмүүстэй хэлээрэй. Мэдрэмжээ дотроо дарах тусам өөрт чинь л хэцүү. Захиа бичих нь хүртэл өөрийн мэдрэмжийг ил гаргах нэг хэлбэр юм.

- Салалтын дараа хүнтэй танилцана гэдэг хэцүү. Хэн нэгнийг мартахын тулд өөр хэн нэгэнтэй харилцаа тогтоох нь цаашид эрүүл харилцааг бий болгоход ч хэцүү. Өөрийг чинь гэж байгаа залуусаас татгалзах нь гайхаад байхаар буруу зүйл биш юм.

- Ойр дотнын хүмүүс биднийг шүүмжилж, сул талыг маань хэлэх үед бидэнд хүндээр тусаж байдаг. Гэвч тэдгээр шүүмж биднийг бүрэн илэрхийлж байдаггүй. Шүүмж бол хувь хүний бодол давамгайлсан байдаг. Найз залуугийн чинь хэлсэн үг чамайг бүрэн гүйцэд тодорхойлохгүй, тийм үү? Тэгж хэллээ гээд чи өөрийн үнэ цэнийг ч алдахгүй.

- Магадгүй тэр хүнд гомдсоноос болж өөрөөс чинь уучлал гуйгаасай гэж дотроо хүсэж болох юм. Гэвч тухайн хүнийг өөрчлөгдөхийг хүлээхээс илүүтэй өөрийгөө өөрчлөх дээр анхаараарай. Нэг л хүнээс хамааралтай болж мөн түүнээс л өөрийн чинь сэтгэл санаа хамаарч байгаа юм шиг хүлээхийн оронд өөрөө өөрийнхөө сэтгэл санааны эрүүл мэндэд анхаараарай.

Бид харилцаан дээр алддаг. Салалтын шалтгаан ямар ч байж болно. Тэглээ гээд салалтад өөрийгөө буруутгах хэрэггүй. Энэ бол хоёр талаас хамааралтай зүйл. Өөрийгөө буруутгаж зэмлэх хэрэггүй. Өөртөө зөөлөн хандаарай. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Сүүлийн үед түүнд маш их уурлаж гомдох боллоо

Сайн байна уу? Найз залуутайгаа үерхээд хоёр жил шахуу болох гэж байна. Сүүлийн үед түүндээ маш их уурлаж, тоохгүй хэдэн цаг болоход нь гомдож уурлаад байдаг боллоо. Одоо түүнийгээ уурлуулчихсан, сар шахуу олигтой юм ярьж чадсангүй. Уучлалт гуйгаад ч нээх тоосон шинжгүй байгаад байх юм. Би одоо яг яавал болох вэ? Яаж энэ харилцааг хэвээр нь авч үлдэх вэ? 

ЗӨВЛӨГӨӨ: Хосын харилцаа үргэлж жаргалтай байдаггүй

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Хосын харилцаа үргэлж аз жаргалтай, догдолсон байдаггүй. Энэ бол хэвийн зүйл. Харилцаанд бий болоод байгаа үл ойлголцлыг яг юунаас болж бий болоод байгааг анхаарч ажиллах нь чухал. Үл ойлголцлыг хоёр тал хамтдаа хичээл зүтгэл гаргавал асуудал хурдан шийдэгдэх боломжтой.

Ярилцах бол хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга байдаг. Өөртэй нь ярилцах хэрэгтэй байна, цаашид харилцаа маань энэ байдлаараа удаан үргэлжлэх юм бол хэцүү санагдаж байна гэдгээ өөрийн зүгээс ойлгуулаарай. Ер нь өөрт төрч байгаа эерэг болоод сөрөг мэдрэмжийг зөвөөр илэрхийлэх нь биднийг тайван байдалд оруулахаас гадна аз жаргалтай мэдрэмж өгч байдаг. Мэдрэмжээ зөвөөр ил гаргахгүй бол бидний үйлдэл болоод харилцаанд нөлөөлж байдаг. Тиймээс энэ бий болоод байгаа үл ойлголцлыг хамтдаа ярилцаж шийдэхийг хүсэж байна гэдгээ хэлээрэй. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Хэрхэн өөртөө итгэлтэйгээр мэргэжлээ сонгох вэ?

Сайн байна уу? Би одоо 18 настай. 1-р курсийн оюутан. 12-р ангиа төгсөхдөө мэргэжлээ яг таг болгоогүй байсан л даа. Тэгээд өөрт тохирохоор нь нь гээд хэд хэдэн мэргэжлээс сонгох гээд жагсаасан. Гэхдээ тэр дунд миний илүү дур сонирхолтой байсан нь жүжигчний мэргэжил байсан. Багаасаа л урлагт хайртай хүүхэд байсан тул урлагаар явахаар шийдсэн боловч аав маань зөвшөөрөөгүй. Их хэцүү, тууштай явахгүй бол хэцүү гэсэн. Яаж ч ятгаад нэмэр байгаагүй тул Төрийн удирдлага мэргэжлээр суралцаад явж байна. 

Нийгмийн идэвх, бусдыг манлайлан удирдах чадвар байдаг тул ингэж шийдсэн. Гэтэл одоо би үнэхээр насаараа энэ мэргэжлээрээ ажиллаад л явна гэж үү дээ гэж бодогдох боллоо. Уул нь надад энэ мэргэжлээрээ явсан ч цаашлаад хийх зүйл, зорилго байгаа хэдий ч нэг л итгэлгүй болоод байна. Яг яах хэрэгтэй бол? Байнга л эргэлзэх юм. Урлагаа хаяхгүй хослуулаад явах гэж оролдсон боловч тэгж чадахгүй юм байна лээ. Нэг зүйлээрээ л дагнаж явж байж амжилтад хүрэх болохоор. Одоо яг яах ёстой вэ? Яавал өөртөө бат итгэлтэйгээр нэг мэргэжлээ сонгох вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Ирээдүйн амьдралаа төсөөлөөд, бичээд үзээрэй

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Мэргэжил сонголт тийм амархан шийдэгддэг зүйл биш. Мэргэжил сонголт хийх үед ихэнх хүүхдүүд эцэг эхээсээ хамааралтай байдаг. Эцэг эхийн хүмүүжлийн арга барилаас хамаараад хүүхдүүдийн мэргэжил сонголт шийдэгдэх магадлалтай. Зарим талаараа зөв байж болох ч мэргэжил сонголтод хүсэл сонирхол гэдэг зүйл чухал байр суурийг эзэлж байдаг. Мэргэжил сонголтод ур чадвар, нийгмийн эрэлт мөн зорилго чухал байдаг.

Аль ч мэргэжил нь чамд болмоор санагдаж байгаа бололтой. Аль нэгийг нь сонирхол, хоббигоо болгож авч үлдэх талаар бодож байсан уу? Төрийн удирдлага мэргэжлээр ажиллавал хийх зүйл, зорилго нь тодорхой байгаа гэж ойлголоо. Тэр ирээдүйн зорилго нь жүжигчин мэргэжлээр явах юм бол биелэх боломжтой юу? Өөрөөр хэлбэл чиний амьдралын зорилго юу вэ? Чи ирээдүйд ямар хүн байхыг хүсэж байна вэ? Юутай болмоор байна? Юуг хийж бүтээмээр байна вэ? Хаана баймаар байна вэ? Ямар хүмүүсээр хүрээлүүлмээр байна вэ гэх мэт чи юу ч хүсэж байж болно. Ирээдүйн амьдралаа төсөөлөөд, бичээд үзээрэй. Тэр төсөөллөө зорилгоо болгон төлөвлөөд үзээрэй. Зорилгодоо хүрэхэд аль мэргэжил чамд илүү туслах талаар бодоод үзээрэй. 

Хүний тархи хангагдаагүй зүйл рүү ихээхэн татагдаж байдаг. Нэг үгээр гүйцэд хийгээгүй зүйлийг гүйцэлдүүлэх гээд бодоод байдаг. Зарим үед энэ байдалд нь одоо хийж байгаа зүйлд садаа болж байдаг. Жүжигчнээр сурч чадсангүй гэсэн бодол байгаад, тэрэндээ харамсаад, түүнийхээ араас явмаар санагдаад байгаа байх. Гэвч энэ гүйцэгдээгүй мэдрэмж үү эсвэл үнэхээр чинь хүсэл чинь үү гэдгийг бодоорой. Шаардлагатай гэж үзвэл мэргэжил сонголтынхоо талаар аавдаа хэлж ярилцаж үзэж болно. Өөрийн бодлыг нэг удаа хэлээд ойлгуулах тийм амар зүйл биш бөгөөд хэд хэдэн удаагийн оролдлого ч гаргах шаардлага бий болж болно. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Найз залууг маань хүлээн зөвшөөрөхгүй байна

Сайн байцгаана уу? Би 18 настай. Энэ цар тахлаас болоод бага зэрэг асуудал үүсээд байгаа юм л даа. Найз залуу маань 19 настай. Бид хоёр оюутны байранд хамт байдаг юм. Аав ээждээ хэлээгүй учраас намайг хөл хорионы үеэр ахындаа очихыг зөвлөсөн юм. Би ч аав ээжийнхээ хэлснээр ахындаа ирээд сар болж байна. Үерхээд удаагүй ч хол байхаар бие биенээ их санах юм. Энд 10 хоноод буцах гэсэн боловч аав ээж зөвшөөрөхгүй байсаар нэлээн удчихлаа. Тэгээд найз залуутайгаа ярилцаж байгаад аав ээждээ хэлэх шийдвэр гаргасан юм. Аав ээж хоёр маань их тайван хүлээж авсан ч намайг буцахыг эсвэл найз залуутайгаа уулзахыг зөвшөөрөхгүй л байна. 

Аав маань их тайван хүлээж авсан ч найз залууг маань хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Аав маань хараагүй, ядаж нэг ч гэсэн удаа яриа өрнүүлээгүй байж яагаад зөвхөн төрсөн нутгаар нь дүгнээд байгааг би огт ойлгохгүй л байгаа. Өмнө нь үерхэж байсан хүүхдийг маань аав ээж хоёр таньдаг юм л даа. Энэ нь бас их том нөлөө үзүүлж байх шиг. Аав бол байнга өмнө нь үерхэж байсан хүүхдийн тухай яриад байгаа. Надад их хүнд тусаад байгаа юм л даа. Энэ тохиолдолд би яах ёстой вэ? Эцэг эх маань намайг сэтгэл санааны дарамтад оруулаад байна гэдгээ ойлгох болов уу? Эсвэл аавынхаа үгэнд орж салах ёстой юу? Надад туслаач. Гуйя. 

ЗӨВЛӨГӨӨ: Эцэг эхтэйгээ ярилцаарай. 

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Өөрт төрч байгаа мэдрэмжээ ил гаргаж байж харилцааны асуудал шийдэгдэх боломжтой. Дотроо шаналаад бодоод байх нь асуудлыг шийдэхгүй ээ. Эцэг эхтэйгээ ярилцаад өөрийн мэдрэмжийг хэлэх боломжтой юу? Эерэг ч бай сөрөг ч бай, мэдрэмжээ ил гаргаж илэрхийлэх нь бидний сэтгэл санаанд эерэгээр нөлөөлж байдаг. Өөрийн мэдрэмжийг хэлэлгүйгээр салах шийдвэр гаргавал нөгөө талд хэцүү.

Нэг талын хүсэлт эсвэл шахалтаас болж салах нь зөв үү? Тиймээс эцэг эхтэйгээ ярилцаарай. Ярихад хэцүү байгаа бол энэ захиагаа ч уншуулж болно шүү дээ. Бид гэр бүлийнхэнтэйгээ ойр байгаа юм шиг болов ч тэр бүр угтаа юу хүсэж, мэдрээд байгаагаа хэлж чаддаггүй. Зарим тохиолдолд биднээс их хүч шаардагдах ч тохиолдол гарч болно. Тиймээс гүнзгий амьсгаа аваад гэрийнхэндээ мэдрэмжээ хуваалцаж, бодлоо ойлгуулаарай. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter