“Үүнийг уншиж байгаа залуус бизнес эхлүүлэх талаар бодож байгаа бол хийгээд л үз. Ямар нэгэн зүйлийг хүлээх хэрэггүй” гэж ярих залуу бол 25 настай Ц. Ананд. Тэрээр Санхүү, эдийн засгийн их сургуулийг бизнесийн удирдлага мэргэжлээр төгсөөд удаагүй байхдаа оюутан ангийн найзтайгаа нийлж бизнесээ эхлэхээр сэтгэл шулуудаж байв. Харин түүний хамтрагч, дотуур хувцас хийх санааг гаргасан залууг А.Цэрэндорж гэдэг. Тэд хоёул оёдол, эсгүүрийн талаар ямар ч мэдлэггүй хэдий ч Монголын анхны эрэгтэй дотуур хувцсыг үйлдвэрлэхээр 2017 онд бизнесийн зах зээлд хөл тавьсан байна.
Ингээд түүнтэй залуус шинээр бизнес эхлүүлэхэд тулгардаг бэрхшээл, эрэгтэй дотуур хувцас үйлдвэрлэх болсон түүх зэрэг сонирхолтой сэдвүүдээр ярилцсаныг хүлээн авна уу.
YOLO: Өдрийн мэнд! Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. "Эр хүн" брэнд бий болоод хэдийнэ гурван жил болжээ. Бизнесээ эхлүүлэх санаа тань анх хаанаас төрсөн бэ?
- Анх их сургуулийн ангийн найз маань бизнесийн санааг гаргасан. Монголчууд дотуур хувцас үйлдвэрлэдэггүй учир энэ чиглэлээр зах зээлд хоосон орон зай байгааг анзаарсан. Мөн дийлэнх хүмүүсийн худалдан авч байгаа дотуур хувцаснууд чанаргүй, стандартад нийцээгүй гэсэн дүгнэлтэд хүрч, найзынхаа санааг дэмжсэн юм.
YOLO: Залуучууд бизнес эрхлэхэд гарааны хөрөнгө байхгүй, зээлийн шалгуурт тэнцдэггүй асуудлууд байдаг. Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?
- Гэр бүлийнхнээсээ туслалцаа авч бизнесээ эхлүүлж байсан. Зөвхөн хөрөнгө мөнгө гэхээсээ илүүтэйгээр бусад зүйлс дээр ч дэмжлэг үзүүлсэн. Анх 2017 онд өвөө, эмээгийнхээ хуучин байранд дотуур хувцсаа хийж эхэлж байлаа. Тухайн үед түрээсийн зардлаа хэмнэх нь санхүүгийн хувьд маш ашигтай байсан. Одоогоор зээл авч үзээгүй. Гэхдээ банк, санхүүгийн байгууллагуудаас боломжийн хүүтэй зээл олгох санал олон ирж байсан шүү.
YOLO: Өмнө нь бизнес эрхэлж байсан туршлагагүй хүний хувьд бизнесээ эхлүүлэхэд ямар бэрхшээл тулгарч байв? Таны бизнест цар тахал хэрхэн нөлөөлж байна вэ?
- Бизнесээ эхлүүлэхэд буруу шийдвэр гаргахаас эхлээд олон бэрхшээл тулгарч байсан. Миний хувьд хамгийн хэцүү байсан зүйл нь ажилтнуудаа удирдах. Манай үйлдвэрт ажиллахаар ирсэн хүмүүсийн цалингаас эхлээд амьдралынх нь тодорхой хэмжээний хариуцлага бид хоёроос шалтгаалж байсан. Сайн ажиллахгүй, чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл ажилчдынхаа цалинг өгч чадахгүй болох асуудалтай нүүр тулахад үнэхээр цочирдсон. Юу хийхээ мэдэхгүй, хурдан шийдвэр гаргаж чадахгүй үеүд ч олон байлаа.
Хөл хорионы үед Монгол улсын нөхцөлд бид нартай адил өсөлтийн шатан дээрээ явж байгаа жижиг, дунд бизнесийн байгууллагууд маш хэцүү байдалд байна. Гэхдээ ийм зүйл тохиолдлоо гээд гомдоллох, бууж өгөх аргагүй л дээ. Анх бизнесээ эхлүүлэхдээ л эрсдэлээ тооцсон байх хэрэгтэй.
YOLO: Бизнесийн эрсдэлийг тооцсон байх нь чухал гэж хэлсэн шүү дээ. Тэгвэл таны бизнест ямар эрсдэл байна вэ?
- Бизнесийн орчинд эрсдэл хаанаас ч гарч ирэх боломжтой. Чангахан өрсөлдөгч, хүний нөөцийн урсгал, цар тахал, түүхий эдийн нийлүүлэлт буурах зэрэг эрсдэл байдаг. Мөн гаднаас түүхий эдээ авдаг учир валютын ханшны уналт хүртэл нөлөөлдөг. Бид нар бүтээгдэхүүнээ тогтсон үнэтэй байлгах гэж хичээдэг ч түүхий эдийн үнэ өссөнөөр илүү их зардал гардаг. Харин бүтээгдэхүүний үнийг өсгөх нь үйлчлүүлэгчдээ алдах, тогтворгүй байдал үүсэх эрсдэлтэй шүү дээ.
YOLO: Яагаад “Эр хүн” гэж нэрлэх болсон бэ? Нэрнээсээ л ямар бүтээгдэхүүн болох нь ойлгомжтой санагдаж байна.
- Анх бизнестээ ямар ч байсан монгол нэр өгнө дөө гэж бодоод удаан хугацаанд хамтрагчтайгаа ярилцсан. Бүтээгдэхүүнийхээ шинж чанар, агуулгатай нийцүүлсэн минимал нэр сонгохыг зорьсон юм. Би оюутан байхдаа эрчүүдэд зориулсан www.erhvn.mn гэдэг мэдээний вебсайт хөтөлдөг байлаа. Тиймээс “Эр хүн” гэдэг нэр нь маш энгийн, ойлгомжтой санагдсан.
YOLO: Танай бүтээгдэхүүн ямар онцлогтой вэ?
- Хүн дотуур хувцсыг л өдрийн 24 цагийн турш тасралтгүй өмсдөг. Тиймээс дотуур хувцас ямар ч үед биед эвтэйхэн, хөдөлгөөн хязгаарлахгүй байх хэрэгтэй. Бид анхнаасаа л материал болон эсгүүрийнхээ стандартыг чухалчилсан. Манай дотуур хувцас монгол эрчүүдийн биед тохирсон эвтэйхэн, материалын хувьд чанартай, загварын хувьд энгийн, минимал гэдгээрээ онцлог. Минимал дизайн хүнийг илүү хялбар, амар тайван амьдрахад тусалдаг шүү дээ. Манай бүтээгдэхүүний бусад ижил төрлийн бүтээгдэхүүнээс ялгарах онцлог бол яалт ч үгүй материалын чанар, эсгүүр, боломжийн үнэ.
YOLO: Монгол брэнд байж ямар үнэтэй юм гэх хандлага хүмүүс дунд байдаг шүү дээ. Үүнийг юу гэж боддог вэ?
- Ийм хандлагатай хүмүүс цөөнгүй байдаг. Өөр улсаас хямд зардлаар хийгддэг, чанаргүй бүтээгдэхүүний үнийн мэдрэмжид дасчихсан хүмүүс манай бүтээгдэхүүнийг үнэтэй гэж ойлгох нь аргагүй юм. Миний хувьд бүтээгдэхүүнээ үнэтэй гэж боддоггүй. Монгол улс бидэнд шаардагддаг түүхий эдийг дотооддоо үйлдвэрлэдэггүй учраас импортоор л авах шаардлага гарна. Хүмүүс цаад учрыг нь сайн мэдэхгүй учраас ийм хандлага гаргадаг байх.
YOLO: Бүтээгдэхүүнээ чанартай болгох тал дээр ямар арга хэмжээ авсан бэ? Туршлагаасаа хуваалцаач.
- Анх оёдол, материалын талаар анхан шатны ч мэдлэггүй байсан учраас юун түрүүнд эсгүүр, материал, оёдлын машин зэрэг дотуур хувцас хийхэд шаардагдах зүйлсийг сайтар судалсан. Гол зорилго маань дотооддоо чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүнийгээ хэрэглэгчдэд хүргэх байсан учир эхний гаралтуудыг өөрсдөө туршиж үзэхээр болсон юм. Гэр бүл, найз нөхөд, ойр дотнынхондоо дотуур хувцаснуудаа өгч, санал хүсэлтийг нь хүлээн авч, хэрэгжүүлдэг байсан. Эхэндээ манай дотуур хувцсыг угаахад агших, хэлбэрээ алдахаас эхлээд олон асуудал гарсан ч яван чангарна гэдэг шиг бүхий л зүйлээ засаж сайжруулахыг хичээж байлаа. Бүтээгдэхүүнээ худалдаанд гаргасны дараа ч хэрэглэгчдээс санал, гомдол ирэхэд түүнийг нь тоолгүй орхилгүйгээр сайжруулалтаа хийсээр ирсэн. Мөн гадаадын нэртэй, том брэндүүдийн дотуур хувцсыг авч, өөрсдийн бүтээгдэхүүнтэйгээ харьцуулалт хийдэг. Ямартай ч "манай бүтээгдэхүүн тэднийхээс илүү байна уу гэхээс дутуу байж болохгүй" гэсэн уриаг баримталсаар ирсэн дээ.
YOLO: Одоогоор хэдэн хүнтэй баг ажиллаж байна вэ? Ажилтан авахдаа ямар шалгуурыг тавьдаг вэ?
- Манай хамтрагч бид хоёроос гадна 12 хүн ажилладаг. Ажилтан авахдаа тогтвортой ажиллах боломжтой, байгууллагын соёлыг дагаж мөрдөх чадвартай, сөрөг уур амьсгал үүсгэдэггүй, ёс зүйн төлөвшилтэй байх зэрэг шалгуур тавьдаг. Мэргэжлийн ур чадварын хувьд бусдаасаа хол тасархай чадварлаг нэгэн байсан ч хэрүүл маргаан хийдэг, дотоод уур амьсгал эвддэг байвал тухайн хүнтэй хамтарч ажиллах боломжгүй гэж үздэг. Манай байгууллагад ажиллаж байгаа ажилтнууд дунд орлуулж болохгүй хүн гэж байхгүй. Бүх хүнийг орлуулж болох учир тухайн хүн өөрөө хичээх нь л чухал.
YOLO: Одоогоор оймс болон дотуур хувцаснууд үйлдвэрлэж байна. Өмнө нь өөр бүтээгдэхүүн гаргаж байсан уу?
- Өмнө нь өөр бүтээгдэхүүн гаргаж байсан ч тухайн бүтээгдэхүүний чанар, худалдан авалт сайн байгаагүй учир үйлдвэрлэхээ больсон. Богино хугацаанд тодорхой хэмжээний ашиг олоод болих бизнес биш, урт хугацаанд чанараа алдахгүй явахыг хүсэж байгаа учир доголдол гаргахыг хүсээгүй. Энэ алдаанууд маань бид нарын туршлагагүй байдлаас үүссэн ч алдаанаасаа суралцаад явж байна даа.
YOLO: Танай бүтээгдэхүүнийг худалдан авсан хүмүүсээс сэтгэлд тод үлдсэн хэрэглэгч байдаг уу?
- Олон сэтгэгдэл ирдэг ч нэг удаа маш сонирхолтой тохиолдол гарч байсан. Монголд байхдаа манай бүтээгдэхүүнийг хэрэглэдэг байсан залуу Японд очоод “Танай бүтээгдэхүүнийг авмаар байна. Япон луу явуулах боломжтой юу” гэж асуухад нь бид нар тээврээр явуулсан юм. Уг нь Японд манайхаас илүү нэр хүндтэй олон брэндүүд байдаг шүү дээ. Энэ үед маш гоё санагдсан. Мөн манайхыг үндэсний үйлдвэр гэдэг талаас нь дэмждэг хүмүүс олон байдаг. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, хэрэглэж байгаа нь сайшаалтай хэдий ч манай бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэсэн гэдэг талаас нь харж битгий аваасай гэж боддог. Бүтээгдэхүүнийг маань чанартай, биед эвтэйхэн байсан учраас л дахин аваасай гэж хүсдэг. Миний хувьд Монголд үйлдвэрлэсэн гэдэг утгаараа гадаадын бүтээгдэхүүнээс давуу байдал илэрхийлэх нь зөв санагддаггүй.
YOLO: Хөл хорионы үед танай бүтээгдэхүүнийг хаанаас авах боломжтой вэ?
- Одоогоор манай бүтээгдэхүүн Улаанбаатар хотын томоохон супермаркетууд болон Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Дорнод, Замын-Үүдэд худалдаалагдаж байгаа. Мөн зөвхөн онлайн дэлгүүрүүдтэй хамтарч, хүргэлтээр үйлчлэх болсон.
YOLO: Сүүлийн үед цахим орчинд бизнесээ сурталчлах нь түгээмэл болсон. Таны хувьд сошиалыг бизнестээ хэрхэн, ямар арга барилаар ашигладаг вэ?
- Бид нар одоогоор сошиал медиа маркетинг тал дээр анхаарлаа хандуулж чадахгүй л байна. Бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, нийлүүлэлтээ тогтмол байлгах зэрэг үндсэн үйл ажиллагаандаа илүү төвлөрч байгаа учир сошиал орчинд дутагдалтай тал олон бий. Гарааны бизнес эрхэлж байгаа хүмүүст сошиал медиа маш чухал платформ учир цаашдаа илүү сайжруулах болно.
YOLO: Ирээдүйд өөр төрлийн бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөж байгаа юу? Таны цаашдын зорилго юу вэ?
- Цар тахлын өмнө бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэх тал дээр төлөвлөгөө гаргаж, тест бүтээгдэхүүнээ хийхэд бэлэн болсон. Харамсалтай нь туршилтын ажилдаа орох гэж байхад бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, энэ ажил маань түр хугацаагаар хойшиллоо. Цаашдаа эрэгтэйчүүдэд хэрэгцээтэй, чанартай, шинэ бүтээгдэхүүн нийлүүлэх нь бидний зорилго.
YOLO: Бизнесээ эхлүүлэх гэж буй залууст хандан зөвлөгөө өгөөч. Залуучууд зах зээлд өрсөлдөхөд боломж хэр их байдаг вэ?
- Залуучууд зах зээлд өрсөлдөхөд асар их боломж байна. Хэрвээ үүнийг уншиж байгаа залуучууд бизнесээ эхлүүлэх гэж байгаа бол хийгээд үз. Ямар нэгэн зүйлийг хүлээх хэрэггүй. Хүмүүс бизнесээ эхлүүлэх гэж маш их цаг алддаг. Хамгийн гол нь хийж эхлэх нь чухал учир сайтар төлөвлөөд, хүн бүртэй очиж уулзаад, асуудал гарч ирсэн ч гацах хэрэггүй. Аливаа зүйлд тууштай хандаж байгаарай. Хэдэн сар, ганц, хоёр жилийн дотор шууд үр дүнгээ өгдөг, ашигтай ажилладаг бизнес ховор. Тиймээс дор хаяж гурван жилийг хэцүү, эрсдэлтэй нөхцөл байдалд өнгөрөөхийг тооцоолж сэтгэлзүйн бэлтгэлтэй эхлэх хэрэгтэй.
YOLO: Ярилцсанд баярлалаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх