Forbes сэтгүүл “30 ХҮРТЭЛХ 30” жагсаалтаа танилцууллаа


Миау | YOLO.MN
2020-12-04

Forbes сэтгүүлийн редакц жил бүр боловсрол, эдийн засаг, сошиал медиа, спорт, дуу хөгжим, урлаг, тоглоом, шинжлэх ухаан гээд нийтдээ 20 гаруй салбарын 30 хүртэлх насны шилдэг залуусыг тодруулахаар “30 хүртэлх 30” жагсаалтаа гаргадаг билээ.

Ингээд YOLO.mn сайтын зүгээр уншигч залуусынхаа хамгийн ихээр сонирхдог салбар болох дуу хөгжмийн салбарын “30 хүртэлх 30” жагсаалтад багтсан залуусыг танилцуулж байна.

1. RODDY RICCH – 22 НАСТАЙ

АНУ-ын Калифорни мужийн Комптон хотоос гаралтай реппэр Roddy Ricch энэ жагсаалтад багтах эрхтэй нэгэн. Зөвхөн энэ онд л гэхэд тэрээр 20 гаруй сая ам.долларын ашиг орлоготой ажиллажээ. Мөн энэ жил “Racks In The Middle” уран бүтээлээрээ Гремми хөгжмийн наадмын “Шилдэг реп үзүүлбэр” төрөлд ялалт байгуулж, хамгийн анхны Греммигээ авсан. Үүнээс гадна түүний “The Box” хит уран бүтээл TikTok сүлжээнд трэнд болж, ойролцоогоор 1.2 тэрбум бичлэгэнд ашиглагдсан гэсэн тоо гарчээ.

Өнгөрсөн онд нас барсан реппэр Nipsey Hussle Roddy-г дасгалжуулж, менторлож байсан гэдэг нь түүнийг ийн алдарт хүрэхэд багагүй нөлөөлсөн болов уу. Roddy дуу хөгжмийн ертөнцөд хүч үзэхээс гадна өөрийн өсөж торнисон Комптон хотын ард иргэдэд санхүүгийн мэдлэг олгох сан байгуулсан билээ. Уг хотын иргэдийн дөнгөж 8 хувь нь л бакалаврын түвшний боловсролтой юм.

2. INGRID ANDRESS – 29 НАСТАЙ

Каунтри чиглэлээр уран бүтээлээ туурвидаг дуучин Ingrid Andress өнгөрсөн онд гаргасан “Lady Like” цомгийнхоо бүхий л дууны үгийг өөрөө бичиж, продюсерээр нь ажиллажээ. Тэрээр хөгжмийн салбарын шилдгийг тодруулдаг Гремми наадмын 2021 оны “Шилдэг шинэ уран бүтээлч” төрөлд нэр дэвшээд буй юм.

Өөрийнхөө дуун дээр ажиллахаас гадна Bebe Rexha, Charli XCX, Fletcher зэрэг уран бүтээлчдэд дуу бичиж өгдөг авьяаслаг нэгэн аж.

3. GABBY BARRET – 20 НАСТАЙ

2018 оны “American Idol” шоу нэвтрүүлгийн финалист Gabby Barret каунтри хөгжмийн ертөнцөд муугүй хүчирхэг нэгэн. Түүнийг олонд таниулсан “I Hope” хэмээх уран бүтээл нь өнгөрсөн зургадугаар сард Billboard-ийн каунтри дууны жагсаалтыг тэргүүлснээр Gabby уг жагсаалтыг тэргүүлсэн түүхэн дэх анхны эмэгтэй уран бүтээлч болсон юм. Дөнгөж 20 насандаа ийм амжилт гаргана гэдэг ч онцгой хэрэг шүү.

4. MURDA BEATZ – 26 НАСТАЙ

Хип хоп хөгжим сонирхогчид Murda Beatz хэмээх нэрийг дор хаяж нэг удаа сонссон нь лавтай. Түүний продюсерээр нь ажилласан найман цомог Греммийн наадамд нэр дэвшиж байсан бөгөөд 20 гаруй цомог нь Billboard-ийн шилдэг цомгийн жагсаалтыг тэргүүлж байжээ.

Түүний алдартай уран бүтээлүүдээс дурдвал:

  • Drake – Nice For What
  • Travis Scott – Butterfly Effect
  • Ariana Grande – Motive ft. Doja Cat зэрэг байна.

5. AURIELLE BROOKS – 28 НАСТАЙ

Та бүхний харж байгаачлан хөгжмийн салбарын “30 хүртэлх 30” жагсаалтад зөвхөн дуучид, реппэрүүд, аль эсвэл продюсерүүд багтдаггүй байх нь. Aurielle Brooks бол Kevin Gates, Bow Wow, Jeezy зэрэг уран бүтээлчдийг өмгөөлж байсан туршлагатай өмгөөлөгч билээ. Aurielle Billboard-ийн 2020 оны хөгжмийн салбарын шилдэг хуульчаар нэрлэгдсэн байдаг.

6. DOJA CAT – 25 НАСТАЙ

R&B чиглэлийн дуучин Doja Cat яах аргагүй энэ оны шилдэг шинэ уран бүтээлч байлаа. АНУ-ын Лос Анжелес хотод төрж өссөн тэрээр 2013 онд буюу 16 настайдаа өөрийн SoundCloud хаягтаа анхны уран бүтээлээ тавьж байсан ч өнгөрсөн онд гаргасан “Say So” дуугаараа энэ их алдар хүндийн эзэн болсон юм.

Уг дуу хөгжмийн стрийминг үйлчилгээний “Spotify” сайтад хагас тэрбум удаа тоглогдсон гэсэн тоо бий. Doja 2021 оны Гремми хөгжмийн наадмын “Шилдэг шинэ уран бүтээлч” төрөлд нэр дэвшээд байна.

7. CNCO ХАМТЛАГИЙН ГИШҮҮД

  • Richard Camacho – 23
  • Erick Brian Colon – 19
  • Zabdiel DeJesus – 22
  • Joel Pimentel – 21
  • Christopher Velez - 25

30 хүртэлх насны 5 залуусаас бүрдсэн CNCO хамтлаг мөн л эд алдаршиж яваа. Тэд 2017 онд Гремми наадмын “Шилдэг шинэ уран бүтээлч” төрөлд нэр дэвшиж байсан бөгөөд Billboard-ийн “Шилдэг Латин цомог” чартыг хоёр ч удаа тэргүүлж байсан түүхтэй.

8. BRENT FAIYAZ – 25 НАСТАЙ

АНУ-ын дуучин Brent Faiyaz нэг сая ам.долларын үнэ бүхий “Lost Kids” дуу бичлэгийн студийн эзэн билээ. Түүний дуунууд хөгжмийн стрийминг үйлчилгээний “Spotify” сайтад нэг тэрбум гаруй удаа тоглогдсон байна.

9. POLO G – 21 НАСТАЙ 

 

2018 онд "Finer Things" дуугаараа олонд танигдсан реппэр Polo G-гийн хувьд энэ он маш завгүй өнгөрсөн гэж хэлж болно. Хоёрдугаар сард тэрээр өсвөр насныханд сэтгэцийн эрүүл мэндийн талаар мэдлэг олгох ашгийн бус байгууллагад зориулан тоглолт хийсэн. Харин есдүгээр сард "Columbia Records" дуу бичлэгийн студитэй хамтран "Only Dreamers Achieve Records" студиэ үүсгэн байгуулсан билээ. 

10. JUSTIN GOLDMAN – 22 НАСТАЙ

Өдгөө 22 настай хэдий ч тэрээр "JustGold Recordings" дуу бичлэгийн студиэ үүсгэн байгуулж, шинэ залуу уран бүтээлчидтэй сая сая ам.долларын гэрээ хийгээд амжжээ. 

11. DUMARKUS DAVIS – 25 НАСТАЙ

Хийлч, энтрепренер Dumarkus Davis нь Сан Францискогийн хөгжмийн консерваторийн 2018 оны төгсөгч бөгөөд "MusicBuk" компанийн үүсгэн байгуулагч билээ. "MusicBuk" нь оюутнуудад чадварлаг хөгжимчидтэй холбогдон ганцаарчилсан сургалт авах боломжийг олгодог бөгөөд “Google” компаниас санхүүжилт авсан байна.

Тэрээр Сан Францискогийн хөгжмийн консерваторд суралцаж байх үедээ анхны өнгөт арьс оюутны зөвлөлийн даргаар сонгогдсон ба Стэнфордийн их сургуульд урилгаар лекц тавьж байжээ.

12. ELLIOT GRAINGE – 27 НАСТАЙ

Elliot бол "10K Projects" дуу бичлэгийн студийн үүсгэн байгуулагч. Тус студи Surfaces, Iann Dior, Internet Money зэрэг уран бүтээлчидтэй хамтран ажилладаг бөгөөд гаргасан дуунууд нь дэлхий даяар 22 тэрбум гаруй удаа тоглогдсон амжилттай.

13. ASHLEY GRAVER – 29 НАСТАЙ

Өдгөө 29 настай тэрээр хөгжмийн стрийминг үйлчилгээний "Spotify" компанийн Уран бүтээлчидтэй хамтран ажиллах хэлтсийн захирал бөгөөд компанийнхаа хамгийн анхны хиймэл оюун ухаанд суурилсан компанит ажлыг удирдан явуулсан нэгэн. 

Мөн тэрээр Billie Eilish, Anitta, Megan Thee Stallion зэрэг уран бүтээлчдийн сурталчилгааны ажлыг удирдан явуулдаг билээ. 

14. CONAN GRAY - 21 НАСТАЙ

АНУ-ын Техас мужаас гаралтай залуу дуучин Conan Gray анх 12 настайдаа хөгжмийн ертөнцөд хөл тавьжээ. Энэ үеэс хойш нэрт дуучин Elton John, Taylor Swift зэрэг олон уран бүтээлчид түүнийг дуу бичих авьяасыг шагшин биширч байсан билээ.

MTV, Apple, Youtube зэрэг платформууд түүнийг шилдэг шинэ уран бүтээлчээр тодруулсан юм.

Түүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл унших бол ЭНД дараарай. 

15. GIBSON HAZARD – 24 НАСТАЙ

Түүний байгуулсан "Hazard Studios" компани нь аялан тоглолтын бичлэг, дууны клип болон сурталчилгааны визуал бичлэг хийдэг компани билээ. Тэрээр өдгөө Drake, Lil Nas X, Lil Uzi Vert, Billie Eilish, Diddy зэрэг дэлхийн өндөр зэрэглэлийн уран бүтээлчидтэй хамтран ажиллаад байна. 

16. G HERBO - 25 НАСТАЙ

АНУ-ын Чикаго хотоос гаралтай реппэр G Herbo энэ жил гурав дахь студийн цомог "PTSD"-гээ гаргасан нь Billboard-ийн шилдэг цомгийн чартын 7-р байранд жагссан билээ. Үүний дараа тэрээр залуусын сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд хувь нэмрээ оруулахаар "Swervin' Through Stress" аяныг өрнүүлж байна. 

17. LIL BABY – 25 НАСТАЙ

Реппэр Lil Baby-ийн иргэн George Floyd-ийн амийг зүй бусаар хөнөөсөн цагдаа нарт эсэргүүцлээ илэрхийлэн бичсэн “The Bigger Picture” дуу маш олон хүнд хүрснээр түүний “My Turn” цомог нь Billboard-ийн шилдэг цомгийн жагсаалтыг дахин тэргүүлэх болсон билээ.

АНУ-ын Атланта хотоос гаралтай реппэр, нийгмийн шударга ёсны төлөө тэмцэгч тэрээр “4PF Music” хэмээх дуу бичлэгийн студиэ байгуулсан юм.

18. LYDIA LIEBMAN -29 НАСТАЙ

Тэрээр "Lydia Liebman Promotions" хэмээх PR агентлагийн үүсгэн байгуулагч бөгөөд өдгөө 200 гаруй уран бүтээлчидтэй хамтран ажиллаад байна. 

19. MELANIE MARTINEZ - 25 НАСТАЙ

Залуус бидний дунд дуучин Melanie Martinez-ийн танихгүй нэгэн ховор биз. Тэрээр ахлах сургуульд байхдаа “The Voice” нэвтрүүлэгт оролцсон бөгөөд ялагч болж чадаагүй ч тухайн үед маш олон хүний анхаарлыг татаж чадсан юм.

Харин энэ жилийн хувьд түүний 2015 онд гаргасан “Cry Baby” цомгийн дуунууд TikTok дээр трэнд болон гарч ирсэн. Melanie-гийн хувьд “Cry Baby” цомгийн бүхий л клипийг найруулсан бөгөөд, 90 минутын турш үргэлжлэх “K-12” бүрэн хэмжээний киноныхоо найруулга, хувцас дизайн, нүүр будалтан дээр ажилласан, үнэхээр л “төрчихсөн” уран бүтээлч нэгэн билээ.

Түүний тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл унших бол ЭНД дараарай. 

20. TATE MCRAE - 17 НАСТАЙ

Forbes сэтгүүлээс эрхлэн гаргасан "30 хүртэлх 30" жагсаалтын хамгийн залуу уран бүтээлч Tate McRae-тэй танилц! Тэрээр энэ жилийн хөл хорионы үеэр "you broke me first" уран бүтээлээрээ олонд танигдсан билээ. Түүний энэхүү уран бүтээл MTV, Youtube, Billboard зэрэг хөгжмийн платформд 250 сая гаруй удаа тоглогджээ. 

21. BEA MILLER - 21 НАСТАЙ

Дуучин Bea Miller бол дөнгөж 13 насандаа "X-Factor" нэвтрүүлгийн финалистаар шалгарсан авьяаслаг нэгэн. Өнгөрсөн жилийн хувьд дуучин Selena Gomez, Demi Lovato, Fifth Harmony хамтлагийнхантай хамт аялан тоглолтоор явсан билээ.  

Уран бүтээл туурвихынхаа хажуугаар тэрээр феминист үзэл, ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалах тухай дуу хоолойгоо илэрхийлдэг юм. 

22. LONDON ON DA TRACK - 29 НАСТАЙ

Хип хоп хөгжим сонирхогчид “London On Da Track” гэх хэллэгийг цөөнгүй дуунаас сонсож байсан болов уу. Тэрээр зөвхөн хип хоп ч гэлтгүй поп, R&B гээд цөөнгүй төрөл жанрын дууны продюсерээр ажилладаг авьяаслаг нэгэн. Түүний сүүлийн үеийн уран бүтээлүүдээс нэрлэвэл:

  • Ariana Grande – Positions
  • Saweetie – My Type
  • Roddy Ricch – Die Young
  • French Montana – No Stylist ft. Drake зэрэг байна.

23. CYNTHIA PARKHURST - 29 НАСТАЙ

Өдгөө 29 настай Cynthia Parkhurst нь "Teammate" маркетингийн компанийн үүсгэн байгуулагч бөгөөд тус компани Miley болон Noah Cyrus, Meghan Trainor, The Jonas Brothers зэрэг уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, шинэ уран бүтээлийг нь сурталчилж өгдөг байна. 

Мөн тус компани сар бүр #BlackLivesMatter хөдөлгөөн болон "COVID-19" цар тахлын ажилд орлогынхоо тодорхой хувийг хандивладаг билээ. 

24. LILLIA PARSA - 27 НАСТАЙ

Lillia ердөө гуравхан жилийн турш "Universal Music Publishing Group"-д ажилласан хэдий ч өдгөө тус компанийн Уран бүтээлч болон урын сан хариуцсан хэлтсийн захирлаар ажиллаж байна. 

25. WILLIAM ROBILLARD COLE - 28 НАСТАЙ

Түүний үүсгэн байгуулсан WRC MGMT менежментийн компани өдгөө Mercedes, the NBA, Interscope, Google зэрэг дэлхийн томоохон компаниудтай гэрээгээр ажилладаг аж. 

26. OLIVIA RUDENSKY - 24 НАСТАЙ

Olivia энэхүү жагсаалтад багтсан бусад эрхмүүдээс ихээхэн ялгаатай. Учир нь тэр бол уран бүтээлч биш. Тэрээр хамгийн анх сошиал сувгуудад дуучин Miley Cyrus-ийн фэн хаягийг нээж байсан бөгөөд өдгөө шүтэн биширдэг дуучныхаа бизнесийн хамтрагчаар нь ажиллаж байна. 

Суперфэнээс маркетингийн албаны дарга хүртлээ хөгжсөн Olivia одоогоор Miley-гийн арын албанд дижитал сурталчилгаа болон фэнүүдтэй харилцах харилцаа зэргийг удирдан явуулдаг гэнэ. Энэ жилийн хувьд тэрээр Miley-гийн хөл хорионы үеийн ярилцлагын нэвтрүүлэг болох "Bright Minded: Live with Miley" нэвтрүүлгийн ерөнхий продюсерээр нь ажилласан нь дэлхий даяар 10 гаруй тэрбум сэтгэгдэл хүлээн авжээ. 

27. SAWEETIE - 26 НАСТАЙ

Ихэнх хүмүүс түүнийг Migos хамтлагийн гишүүн Quavo-гийн найз бүсгүй гэдгээр нь мэднэ. Өдгөө 26 настай реппэр Saweetie-гийн “My Type” дуу АНУ-д 2 сая хувь борлогдсоноор BET наадмын “Шилдэг эмэгтэй хип хоп уран бүтээлч” төрөлд нэр дэвшсэн юм.

Тэрээр David Guetta, Dua Lipa, Wiz Khalifa, G-Eazy гээд дэлхийн хэмжээний олон уран бүтээлчидтэй хамтран уран бүтээлээ гаргажээ.

28. JAHAAN SWEET - 27 НАСТАЙ

Өдгөө 27 настай Jahaan Sweet бол мэргэжлийн төгөлдөр хуурчаас дуу зохиогч болон дэвшсэн нэгэн. Тэрээр Lil Nas X, The Carters буюу реппэр Jay-Z болон дуучин Beyonce зэрэг олон алдартнуудтай хамтран ажиллаж байжээ. 

Түүний хамгийн алдартай уран бүтээлүүдээс дурдвал: 

  • R&B дуучин Kehlani-гийн хит "You Should Be Here"
  • Реппэр A Boogie Wit Da Hoodie болон Kodak Black нарын хамтарсан "Drowning"
  • Реппэр Drake-ийн "Scorpion" цомог зэрэг байна.

29. JULIAN SWIRSKY -26 НАСТАЙ

Лос Анжелес хотоос гаралтай продюсер Julian Swirsky Нью-Йорк хотын Галлатин Урлагийн их сургуулийг төгссөн бөгөөд өнөөдрийг хүртэл дуучин Justin Bieber, Nicole Scherzinger, The Pussy Cat Dolls, реппэр Bow Wow зэрэг дэлхийн шилдэг гэгддэг уран бүтээлчидтэй хамтран ажилласан байна. 

30. AVA MAX - 26 НАСТАЙ

Поп дуучин Ava Max анхны цомгоо гаргахаасаа ч өмнө алдартай болоод амжсан билээ. Түүний уран бүтээл хөгжмийн платформуудад нийт 4 тэрбум гаруй удаа тоглогдсон гээд бод доо! 

Та бүхний сайн мэдэх "Sweet bur Psycho" дуу нь АНУ-д л гэхэд 3 сая гаруй хувь борлогдож, клип нь YouTube-д 600 гаруй сая үзэлттэй болжээ. Ava богино хугацаанд ийм өндөр амжилт гаргасан учир мэдээжийн хэрэг "The Late Late Show with James Corden", "Jimmy Kimmel Live!" зэрэг шоу нэвтрүүлгүүдэд оролцоод амжсан.

Эх сурвалж: Forbes

#Forbes #Сэтгүүл #Дуу хөгжим #Шилдэг