Harry Styles: Хувцсыг ХҮЙСЭЭР ЯЛГАХАД ач холбогдол өгөхөө больсон


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-12-01

Алдарт One Direction хамтлагийн гишүүн асан, дуучин Harry Styles-ийг танихгүй хүн ховор биз ээ. Тэрээр дуу хөгжмийн ертөнцөд нэр хүндтэй нэгэн бөгөөд сүүлийн жилүүдэд загварын ертөнцийн нөлөө бүхий оддын тоонд багтаж буй юм. Ийнхүү уншигч та бүхэнд зориулан Harry Styles-ийн VOGUE сэтгүүлийн арванхоёрдугаар сарын дугаарт өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.


VOGUE: Есдүгээр сарын нэгэн бүрхэг өглөө Хампстидэд байрладаг эрчүүдийн цөөрөмд хөгжмийн ертөнцийн амьд домог, загварлаг, сэтгэл татам Harry Styles-тай анх удаа уулзсан юм. Хорин зургаан настай супер од залуу VOGUE сэтгүүлд зургаа авахуулахын тулд “зургаан өдрийн шүүстэй цэвэрлэгээ” хийжээ. Мөн тэрээр бясалгал хийдэг бөгөөд 2020 оны таагүй байдлыг бясалгалын ачаар даван туулж буйгаа дурдсан юм. Harry-гийн хувьд 2020 оны хөл хорио тийм ч муу зүйл байсангүй. Тэр эхлээд Лос Анжелес хот дахь гэртээ, дараа нь гурван найзынхаа хамтаар хөл хорионд оржээ. 

- Даваа гарагт кино үзэх, оройн хоол хийх, дасгал хөдөлгөөн хийх зэргээс сонголтоо хийнэ. Найзуудтайгаа өнгөрүүлсэн өдрүүд минь өнөөдөртөө амьдарна гэдэг ямар чухал болохыг надад ойлгуулсан. Би тэдний хажууд байх дуртай.


VOGUE: Harry өнгөрсөн жил хоёр дахь бүрэн хэмжээний цомгоо худалдаанд гаргасан байна.

- Би хамтлагийнхаа гишүүдийн өмнө буруутай юм шиг санагддаг учраас тэднээс уучлалт гуйхыг хүсдэг. Гэхдээ тэдэнтэй өнгөрөөсөн цаг хугацаагаа их хайрладаг. 

Харин энэ эхлэл миний хувьд цоо шинэ зүйл учир чадах чинээгээрээ л суралцахыг хүссэн. Хоёр дахь цомог дээрээ ямар нэгэн алдаа гаргах вий гэж айхын оронд эрх чөлөө, аз жаргалыг мэдэрсэн. Өөрөөр хэлбэл дууны клип хийх, гоё хувцас өмсөх гээд бүхий л зүйлээс аз жаргал мэдрэх нь чухал гэж бодсон хэрэг. Соло уран бүтээлчийн хувьд харин өөрийнхөө жанрыг олсон гэж бодож байна. 

VOGUE: Энэ онд Black Lives Matter хөдөлгөөн эрчийг авсан шүү дээ. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

- Энэ бол нэгдэж, сонсож сурах цаг болсны илрэл гэж бодож байна. Зөв төлөвшилтэй нэгэн байхын тулд би аливааг уншиж судалсаар ирсэн. Мөн карма байдаг гэдэгт итгэдэг болохоор бусдад тусалж, сайхан сэтгэл гаргаж, сонсож бас хөгжиж амьдрах ёстой гэж боддог. 


VOGUE: Harry Styles Их Британийн нэгэн жижигхэн тосгонд өсөж торнисон бөгөөд арван зургаан настайдаа Лондон хотод хөл тавьж, “X Factor” нэвтрүүлэгт оролцсон байна. Ийнхүү дэлхийд алдартай хөвгүүдийн хамтлаг болох One Direction (1D) хамтлагийн гишүүн болсон ба тус хамтлагийн залуус дэлхий даяар 70 сая гаруй цомог борлуулжээ.

- Би "X Factor" нэвтрүүлэгт өөрийгөө дуулж чаддаг эсэхийг шалгуулахаар очсон юм. Ингээд Лондонд иртэл тэс өөр улсад оччихсон юм шиг санагдаж байсан. Карьерынхаа эхэн үед тайзан дээр гарч дуулахаас өмнө асар их бэлтгэл хийж, маш их айдсыг мэдэрдэг байлаа. Гэхдээ шүтэн бишрэгчид маань үнэхээр гайхалтай хүмүүс байсан учир тайзан дээр тэдний өмнө гараад бүх сандрал, айдсаа мартаж, оронд нь тэднээс ирж буй эрч хүч, хайрыг мэдэрдэг болсон. 

VOGUE: Энэ зун Styles өөрийн найз Tomo Campbell-ийн хамт Франц, Италиар аялжээ.

- Би ихэвчлэн анир чимээгүй орчинд ганцаараа байхыг илүүд үздэг. Намайг хэн ч хаана байгааг мэдэж чадахгүй тийм газарт эрх чөлөөг мэдэрдэг гэх үү дээ. Ерөнхийдөө тийм ч их аялаад байдаггүй. Гэхдээ энэ аялал үнэхээр хөгжилтэй байсан.


VOGUE: Harry-гийн эгч: “Harry багаасаа л янз бүрийн хувцас сольж өмсөх дуртай хүүхэд байсан” гэж хэлсэн юм. 

- Би бага байхаасаа л гоёмсог даашинзад дуртай байсан. Нэг удаа сургуулийн жүжигт Барни хулганын дүрд тоглохоор болсон юм. Тэгэхэд анх удаа трико өмсөж үзээд үнэхээр галзуу мэдрэмж төрж билээ. Магадгүй бүх зүйл тэндээс л эхэлсэн байх.

VOGUE: Harry Styles 2017 онд “Dunkirk” (2017) кинонд тоглосон билээ. Хэдийгээр залуу жүжигчин боловч олон жилийн туршлагатай жүжигчдээс дутахааргүй сайн жүжиглэж чадсан байна.

- Тэр кино маш том цар хүрээтэй, харин би түүний өчүүхэн хэсэг нь байсан. Азаар миний бүтээсэн дүрийн онцлог нь юу хийгээд байгаагаа ч мэдэхгүй залуухан цэрэг байсан. 

VOGUE: Harry Styles Olivia Wilde-ийн “Booksmart” (2019) киноны үнэнч шүтэн бишрэгч бөгөөд Olivia-гийн найруулж буй “Don’t Worry Darling” хэмээх киноны гол дүрд тоглож байгаа юм. Америкийн алдарт загвар зохион бүтээгч Ariana Phillips “Бид Harry Styles-ийг кинонд тоглохыг сонсоод ялалтын бүжиг хийсэн. Яагаад гэвэл тэр загварын тал дээр үнэхээр мэдрэмжтэй” гэж хэлсэн юм.

- Би янз бүрийн хувцас өмсөх дуртай. Үнэхээр сонирхолтой байдаг юм.


VOGUE: Хувцсыг утгаар нь амилуулж чаддаг Harry Styles Gucci брэндийн нүүр царай болж Alessandro Michele-тэй хамтран ажилласан юм. Michele Harry-гийн талаар: “Ажил хийж буй байдал, уран сэтгэмж зэрэг нь үнэхээр хүчтэй. Ингэж ажилладаг хүнтэй хамтрах маш урамтай байдаг. Тэр бол шинэ үеийн залуусын төлөөлөл” хэмээн хэлсэн юм. Тэд анх Лондонд сурталчилгааны ажлаар танилцсан бөгөөд одоо харин найзууд болжээ. 

- Хувцас бол хөгжилдөж, сэтгэлийн таашаал авахад зориулагдсан зүйл. Миний хувьд хувцас өмсөхөд маш их аз жаргал мэдэрдэг. Хүмүүс амьдралд нэг стандарт тогтоогоод түүндээ баригдаж амьдардаг. Харин би хувцсыг эрэгтэй эсвэл эмэгтэй хүнд зориулагдсан гэдэгт ач холбогдол өгөхөө больсон. Энэ хүйсийн ялгааг арилгачихвал бид хүссэнээрээ байж чадна. Дэлгүүр хэсэж байхдаа эмэгтэйчүүдийн хувцсыг хараад “үнэхээр гайхалтай” ч гэж бодох үе бий.


VOGUE: Harry Styles-ийн загварын мэдрэмжийг үнэлдэг Michele: “Тэр бол залуу үеийнхэнд өөрийнхөөрөө байхыг харуулж буй хүн. Миний бодлоор тэр бол хувьсгалч” хэмээн ярьсан юм.

Harry Styles-ийн VOGUE сэтгүүлд зориулсан зураг авалт дуусахад гадаа яг л Turner-ийн “Sunset” зураг шиг үзэсгэлэнтэй байсан юм. Harry бидэн рүү хараад “Баярлалаа Антверп, баярлалаа загвар” гэж хэлээд бөхийн ёслов.



#Алдартан #Ярилцлага