"Би олон зүйл МӨРӨӨДДӨГ ч түүнийхээ төлөө ТЭМЦЭЖ ЧАДДАГГҮЙ"


Сондор | YOLO.MN
2016-09-09

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би олон зүйл мөрөөддөг ч түүнийхээ төлөө тэмцэж чаддаггүй

Сайн байна уу?

Би бол мөрөөдөгч. Өдөр бүр л толгойд минь олон олон сайхан зүйл бодогддог боловч түүнийхээ төлөө тэмцэж чадахгүй байгаа юм шиг санагдаад бна. Яаж мөрөөдлийнхөө төлөө идэвхтэй тэмцэгч болох вэ? Надад туслаач

ЗӨВЛӨГӨӨ: Өдөр болгон өглөө босохдоо зорилгоо бодож сэрэх, тэмдэглэл календар хөтлөх...

Сайн байна уу,

Юуны өмнө хүсч тэмүүлэх мөрөөдөлтэй байна гэдэг хамгийн чухал нь гэдгийг санаарай. Гэхдээ чи чухал зүйлээ өөртөө бий болгосон ч түүнийг амь оруулахын тулд “үйлдэл хийх”-ээ орхигдуулсан байна. Жишээ нь: Маш сайн инженер болмоор байгаа бол эхлээд инженер мэргэжлийн төрөл, ажлын онцлог зэргийг судална. Дараа нь ямар хичээлдээ илүү шамдаж байж инженер мэргэжлийн сургуульд элсэх боломжтойгоо тодорхой болгоно, ингээд үүний дараа дагалдах нэмэлт чадварууд шаардлагатай бол суралцана. Өөрөөр хэлбэл чи хүсээд байгаа зүйлээ яг л дээрхийн ажил жижиг алхмуудад хуваагаад, хийж болохуйц хугацааг нь тодорхой болгоод хийж л эхэл. Ингэж байж хүсэл мөрөөдөл бодит болох боломжтой юм шүү дээ.

Өдөр болгон өглөө босохдоо зорилгоо бодож сэрэх, тэмдэглэл календар хөтлөх, утасны remind application зэрэг өөртөө тус болох хэрэгслүүдийг сонгож ч болно. Зорилгодоо хүрэхийн тулд юу юуг хийж бүтээх шаардалагатайгаа хэсэгчилж бичих нь зорилгодоо хүрэхэд илүү амар юм. Мэдээж энэ бүхэн хэцүү байвал чамд тусалж зөвлөдөг гэр бүлийнхэн болон мэдээж мэргэжлийн хүмүүст ч хандах боломжтой шүү. Мөрөөдөлдөө хүрэхэд чинь амжилт хүсье.

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн 
сэтгэл судлаач И.Тогтуун

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Problem #Асуудал #Мөрөөдөл #Мэргэжил