Бид өмнөх дугаарт “Emily in Paris” цувралын талаар сонирхолтой баримтуудыг хүргэсэн билээ. Харин энэ удаагийн дугаартаа ер бусын ид шид, хайр дурлалын сэтгэл хөдөлгөм түүхийг өгүүлэх “Tale of the Nine Tailed” цувралыг онцолж байна.
Киноны үнэлгээ /IMDb/: 8.4/10
Киноны үнэлгээ /AsianWiki/: 91%
Эхний анги цацагдсан огноо: 2020 оны аравдугаар сарын 7
Нийт ангийн тоо: 16
Үйл явдал: Lee Yeon бол агуу хүчит гэдгээрээ алдартай уулын сахиус буюу есөн сүүлт үнэг. Тэрээр нэгэн золгүй явдлаас болоод хайртай бүсгүйгээ алддаг бөгөөд түүнийгээ дахин төрөхийг 600 жилийн турш хүлээнэ. Эцэст нь бүсгүй дахин төрсөн ч тэднийг тойрсон олон асуудлууд гарч ирэх болно.
АНХНЫ ЭРЭГТЭЙ ЕСӨН СҮҮЛТ ҮНЭГ
Эртний түүх, үлгэр домог дээр есөн сүүлт үнэгийг ихэвчлэн эмэгтэй хүнээр дүрсэлсэн байдаг ба эмэгтэй есөн сүүлт үнэгийн тухай олон кино, цувралууд Өмнөд Солонгос улсад гарч байсан. Харин “Tale of the Nine Tailed” цуврал нь анхны эрэгтэй есөн сүүлт үнэгийн түүхийг өгүүлж буйгаараа онцлог ба тэрхүү дүрийг жүжигчин Lee Dong Wook бүтээснээрээ үзэгчдийн дунд ихэд шуугиан тарьсан билээ.
БОДИТ МЭТ ДҮРСЛЭЛ
Цувралд гардаг ер бусын, үлгэрийн хэсгүүд үнэхээр бодит мэт дүрслэгдсэн гэдгээрээ үзэгчдээс магтаал, сайшаалыг харамгүй хүртсэн билээ. Ялангуяа дараагийн амьдрал руу хөтөлдөг Самдучон гол, нүгэл үйлдсэн этгээдийг шийтгэдэг тамын ёроол, сүнстэй болон тулаант хэсгүүд зэрэг нь хэтэрхий бодит мэт байсан тул үзэгчид зарим хэсэг дээр яг л аймшгийн кино үзэж байгаа юм шиг мэдрэмж авсан гэнэ.
ҮЗЭГЧДИЙН ХАЙРЫГ ТАТСАН ЭСРЭГ ТАЛЫН ДҮР
Киноны эсрэг талын дүр бол уулын сахиус Lee Yeon-ы төрсөн дүү Lee Rang билээ. Гэтэл үзэгчид түүнийг үзэн ядахын оронд харин ч хайрлаж, Lee Rang-ын дүрийг бүтээсэн жүжигчин Kim Beom-ийн жүжиглэлтийг маш ихээр магтсан билээ. Жүжигчин Kim Beom нэгэн ярилцлагадаа:
- “Би өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ямар ч уран бүтээлд оролцоогүй. Гэтэл үнэхээр сэтгэлд хүрсэн нэгэн зохиолтой таарч кинонд нь тоглох гайхалтай саналыг хүлээж авсан. Анх өөрийгөө эсрэг талын дүр бүтээнэ гэхэд бага зэрэг зүрхшээж байсан ч Lee Rang-ийн дүрээр өөрийгөө сорьж чадсан гэж бодож байна” хэмээжээ.
АЛДАРТАЙ НАЙРУУЛАГЧ
Энэхүү цувралыг бид бүгдийн сайн мэдэх “All In” (2003), “Tazza” (2008), “The Heirs” (2013) зэрэг бүтээлүүдээрээ алдартай найруулагч Kang Shin-Hyo найруулжээ. Тийм ч учир цуврал албан ёсоор цацагдахаасаа ч өмнө олон нийтэд хүлээлт үүсгээд байсан.
АНХНЫ СЭТГЭГДЭЛ
Гол дүрийн жүжигчид болох Jo Bo Ah болон Lee Dong Wook нар “Dazed” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа нэгнээ анх хараад төрсөн сэтгэгдлээсээ хуваалцжээ. Тэд:
Jo Bo Ah: “Түүнийг анх харахад үнэхээр итгэж, найдаж болохоор хүн шиг санагдсан. Заримдаа тэр яг л миний төрсөн ах шиг санагддаг”
Lee Dong Wook: “Түүнийг анх харахад зурагтаар гардгаасаа ч хөөрхөн харагдаж байсан. Зураг авалт эхлэхэд харин үнэхээр биеэ даасан, хүчирхэг эмэгтэй шиг мэдрэмж өгч байлаа” хэмээжээ.
ТЕАТРЫН ЖҮЖИГЧИН
Lee Yeon-ы үнэнч туслах, хайр татам малын эмч залуугийн дүрийг бүтээсэн жүжигчин Hwang Hee өмнө нь театрын алдартай жүжигчин байсан гэнэ шүү. Тэрээр 2017 онд кино урлагт хөл тавьсан залуу жүжигчин хэдий ч өмнө нь маш олон театрын жүжигт гол болон туслах дүрүүдийг бүтээж байжээ.
ЖҮЖИГЧДИЙН ХУВИЙН АМЬДРАЛ
Жүжигчин Lee Dong Wook 2018 онд дуучин, жүжигчин Bae Suzy-тэй дөрвөн сарын турш үерхээд хоёр тийш болж байжээ. Тухайн үед тэдний харилцааны тухай мэдээ цацагдахад тэд албан ёсоор болзож эхлээгүй байсан ба мэдээ цацагдсаны дараа л албан ёсоор үерхсэн гэнэ шүү.
Харин Nam Ji A-гийн дүрийг бүтээсэн жүжигчин Jo Bo Ah нь “Surplus Princess” цувралд хамтран тоглосон жүжигчин On Joo Wan-тайгаа хоёр жилийн турш олон нийтэд нээлттэйгээр үерхсэн билээ. Шүтэн бишрэгчид нь тэднийг хуримаа хийх байх хэмээн найдаж байсан ч тэд харамсалтай нь хоёр тийш болсон юм.
Жүжигчин Kim Beom 2018 онд бидний дунд “Урагшаа Жан Бү Ри” цувралаараа алдаршсан жүжигчин Oh Yeon Seo-той үерхсэн ба аль аль тал нь их завгүй байсан тул 10 сарын дараа салсан аж.
Эх сурвалж: Nate, Allkpop
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх