Кпопын эргэн тойронд: Бүх цаг үеийн хамгийн ШИЛДЭГ ЦОМОГ - “BE”


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-11-23

YOLO.mn сайтын хамт олны зүгээс Кпоп сонсох дуртай уншигчдадаа зориулан өнгөрсөн долоо хоногт Кпопын эргэн тойронд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

БҮХ ЦАГ ҮЕИЙН ХАМГИЙН ШИЛДЭГ КПОП ЦОМОГ “BE”

BTS хамтлаг арваннэгдүгээр сарын 20-ны өдөр "BE (Deluxe Edition)" хэмээх цомгоо олны хүртээл болгожээ.

Гаргасан дуу бүр нь хит болж, цомгийн борлуулалтаараа тэргүүлдэг BTS хамтлагийн шинэ цомог ердөө нэг цаг гаруйн хугацаанд 1,664,514 хувь борлогджээ. Энэ нь тус хамтлагийн сая гаруй хувь цомог борлуулж буй анхны тохиолдол биш аж. Тухайлбал, BTS хамтлагийн "WINGS" цомог нь 1.3 сая, "LOVE YOURSELF: Her" цомог нь 2.22 сая, "LOVE YOURSELF: Tear" цомог нь 2.21 сая, "MAP OF THE SOUL: Persona" цомог нь 3.77 сая, "MAP OF THE SOUL:7" цомог нь 4.17 сая гаруй хувь зарагдсан байна. 

Харин арваннэгдүгээр сарын 21-ний өдөр Hanteo чатаас мэдээлснээр BTS хамтлагийн "BE (Deluxe Edition)" цомог нь есөн цагийн дотор 2 сая гаруй хувь зарагдсан аж. Ийнхүү Өмнөд Солонгосын томоохон сайтуудаас "BE (Deluxe Edition)" цомгийг бүх цаг үеий хамгийн шилдэг Кпоп цомог хэмээн нэрийджээ. Мөн интернет хэрэглэгчид "Хятадад цомгоо зарахгүйгээр ийм их цомог борлуулна гэхээр үнэхээр домогт хамтлаг юм", "Гарын үсэг зурах арга хэмжээ зохион байгуулаагүй байж ганцхан хоногт 2 сая гаруй цомог зарсан байна, гайхамшигтай", "BTS үнэхээр дэлхийд ноёрхож буй хамтлаг бололтой" гэх зэргээр бичжээ.

Өмнөд Солонгосын томоохон чартуудаас уг цомгийн борлуулалт цаашдаа ч өсөх хандлагатай байгааг мэдээлсэн байна.

MAMAMOO ХАМТЛАГИЙН ДҮҮ "PURPLE K!SS" ХАМТЛАГ

MAMAMOO хамтлагийг үүсгэн байгуулсан RBW энтертайнментаас шинэ охидын хамтлаг гаргаж буйгаа олон нийтэд мэдээлсэн байна. Үүгээр ч зогсохгүй тус хамтлаг нь тун удахгүй шинэ уран бүтээлээ олны хүртээл болгох аж.

RBW энтертайнментийн охидын шинэ хамтлаг нь Park Jieun, Na Goeun, Dosie, Ireh, Yuki, Chaein, Swan гэсэн долоон гишүүнтэй бөгөөд уг хамтлагийг PURPLE K!SS гэж нэрлэжээ. Тэд ирэх оны эхээр албан ёсоор уран бүтээл гаргаж, хөгжмийн нэвтрүүлгүүдэд оролцохоор төлөвлөсөн байна. Харин тун удахгүй буюу арваннэгдүгээр сарын 26-ны өдөр "My Heart Skip a Beat" нэртэй дуу цацах аж. 

WANNA ONE ХАМТЛАГ "MAMA 2020"-Д ОРОЛЦОХГҮЙ

Wanna One хамтлагийн гишүүд дахин нэгдэж энэ жилийн "Mnet Asian Music Awards"-д оролцоно гэсэн мэдээлэлд Mnet телевизийн сувгийн зүгээс хариу өгсөн байна. 

"Produce 101" нэвтрүүлэг үзэгчдийн өгсөн саналыг үл хэрэгсэн, зохион байгуулагчдын зүгээс саналыг будлиантуулж, арын хаалгаар “зарим” гишүүдийг сонгосон нь тодорхой болсон юм. Тиймээс шүтэн бишрэгчдийн зүгээс уг нэвтрүүлгийн анхны дугаараас төрөн гарсан Wanna One хамтлагийн залуусыг дахин Mnet телевизийн сувагтай холбохгүй байхыг шаардсан аж.

Ийнхүү олон нийтийн сүлжээгээр Wanna One хамтлагийг "MAMA -2020" наадамд оролцохыг эсэргүүцсэн тул Mnet телевизийн сувгийн зүгээс тус хамтлагийг оролцуулахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн байна. 

TWICE ХАМТЛАГ 9 САЯ ГАРУЙ ЦОМОГ БОРЛУУЛЖЭЭ

“Солонгосын үндэсний охидын хамтлаг” гэгддэг TWICE хамтлаг 2015 онд байгуулагдсан боловч өнөөдрийг хүртэл олон зуун рекорд тогтоож, Кпоп хөгжмийг дэлхийд гаргахад үнэтэй хувь нэмэр оруулж буй шилдэг хамтлагуудын нэг юм. Allkpop сайтаас TWICE хамтлаг 5 жилийн хугацаанд нийтдээ 9 сая гаруй цомог борлуулсан бөгөөд 2021 он гарахад 10 гаруй сая цомог борлуулсан байх магадлалтай байгааг мэдээлжээ.

JAEJOONG ТОГЛОЛТ ХИЙНЭ

Kim Jaejoong арванхоёрдугаар сарын 5-ны өдөр "The Last On-Cert" нэртэй онлайн тоглолт зохион байгуулахаар болжээ.

Jaejoong-ийн хувьд зөвхөн Солонгос төдийгүй Азийн ихэнх оронд алдартай дуучин, жүжигчин учир дэлхийн өнцөг булан бүрд суугаа шүтэн бишрэгчдэдээ зориулж тоглолтоо онлайнаар зохион байгуулахаар болсон байна. Мөн түүний тоглолт KAVECON хэмээх шууд дамжуулалтын сүлжээгээр цацагдах юм байна.

Эх сурвалж: Allkpop, Soompi

#Kpop #BTS #Mamamoo #MAMA-2020 #Jaejoong