YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Би атаархуу ч гэмээр юм уу, их сонин зантай.
Сайн байна уу? Би 16 настай, эмэгтэй. Би атаархуу ч гэмээр юм уу, их сонин зантай. Амжилтын түүх, хайрын түүх уншихаараа тэр түүх нь яг өөрт маань болсон мэтээр төсөөлдөг. Энэ төсөөлөл маш удаан үргэлжилдэг. Аягаа угаахдаа, гэрээ цэвэрлэхдээ төсөөлсөөр, мөрөөдсөөр л.
Ингээд гэнэт ухаан орж бодит байдлыг харахад миний төсөөлөл хэзээ ч биелэхээргүй хоосон байсанд сэтгэлээр унадаг. Гэхдээ энэ занг атаархуу гэж хэлэхэд арай тохиромжгүй л дээ. Би тэр хүмүүст атаархаад, муу санаад байгаа юм байхгүй. Тэр хүний ямар нэгэн зүйл таалагдвал би өөрийгөө тийм мэтээр төсөөлдөг л гэсэн үг.
Гэхдээ ойрд их хэцүү санагдах болсон. Төсөөлж байхдаа аз жаргалтай байдаг ч бодит байдлаа харж, ирээдүйнхээ төлөө ямар нэгэн зүйл хиймээр байна. Гэвч өөрийгөө энэ бодлуудаас аварч чадахгүй. Нэг л мэдэхэд намайг би биш өөр хэн нэгэн удирдаж байгаа юм шиг санагдаж байна. Надад туслаач.
ЗӨВЛӨГӨӨ: Өөрийн бодит амьдралыг хүлээн зөвшөөрөөрэй
Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Бусад хүмүүсийн амьдралын амжилт, бүтээл, сайхан бүхнийг олж харах нь хэвийн зүйл. Гэвч өөрийн амьдралыг бусадтай хэт харьцуулж бодох нь зөв үү? Бид яагаад өөрсдийгөө бусад хүмүүстэй харьцуулж, хэмжиж, жишиж эхэлдэг юм бол?
Үүнд олон хүчин зүйл нөлөөлдөг. Хүүхэд наснаас эхлээд гэр бүлийн гишүүд маань биднийг бусадтай харьцуулах гээд байдаг. Жишээ нь, миний хүүхэд тэр хүн шиг амжилттай, аз жаргалтай, баян чинээлэг болоорой гэж бидэнд хүснэ. Харин сургуульд орох үед дүнгээр жагсааж бусад сурагчидтай харьцуулж өрсөлдүүлдэг. Бусдаас илүү оноо авсан бол чи бусдыг манлайлагч сурагч гэх мэтээр нийгмээс хүссэн хүсээгүй амжилттай нэгэн бай гэсэн шаардлага бидэнд ирсээр байдаг.
Энэ нь нэг талаар давуу зүйл бөгөөд өөрийн чинь сайн сайхан яваасай гэж дэмжиж байгаа харилцааны илрэл юм. Гэвч бид цаг тутамд аз жаргалтай, амжилттай, үр бүтээлтэй, нийгмийн хүрээнд нэр нөлөөтэй байж чадахгүй. Уйтгар гуниг, хожигдол, аз жаргалгүй байх нь хүний амьдралын хэвийн зүйл гэдгийг бид ухамсарлах хэрэгтэй. Үүнээс бид зугтааж чадахгүй. Хэт их нийгмийн эерэг шахалтаас болж бид бодит байдлаа хүлээн зөвшөөрч чадахаа больдог. Бодит байдал болоод төсөөлөл хоорондоо ойр байх тусам сэтгэл зүйн эрүүл мэнд маань хэвийн байдаг.
Эхний ээлжид өөрийн бодит амьдралыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Амьдрал үргэлж сайхан зүйлээр хүрээлэгдэхгүй бөгөөд энэ нь өөрийн чинь хүчнээс давсан зүйл юм. Таагүй зүйлс байвал өөрийн зүгээс хэрхэн өөрчилж болох талаар бодоорой. Нүдээ аниад мөрөөдлөө гээд хүссэн амьдрал чинь бий болохгүй тул бага ч болов үйлдэл хийгээрэй. Үйлдэл хийснээр бид өмнө ажиглаж байгаагүй зүйлсээ мэдэрч эхэлдэг мөн бага ч болов тайвширдаг юм шүү. Чамд амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир
АСУУДАЛ: Танихгүй хүн хажуугаар зөрөхөд сандарсандаа ойлгомжгүй зүйлс үгэлдэг.
Сайн байна уу, Би 13 настай, гадаадад амьдардаг, эмэгтэй. Би өөрийгөө нийгмээс айх өвчтэй гэж дүгнэж байна. Би Монголд байхдаа их нийтэч, яриа, олны анхааралд байх дуртай хүүхэд байсан. Харин гадаадад ирснээс хойш сэтгэл зовоох асуудлууд гарч ирсэн.
Энд ирээд удаагүй болохоор хэлийг нь тийм ч сайн мэдэхгүй. Ази болоод ч тэр үү, заримдаа гадуурхагддаг. Үүнээс болоод бүр ганц хоёр хүнтэй газар байхдаа ч ичиж, санаа зовж, тэр хүн намайг юу гэж байгаа бол гэдэгт анхаардаг. Эсвэл зүгээр л зугтмаар санагддаг. Танихгүй хүн хажуугаар зөрөхөд сандраад өөрийн мэдэлгүй амандаа ойлгомжгүй зүйлс үгэлж эхэлдэг. Гэр бүл, дотнын найзуудынхаа хажууд зүгээр. Тэгээд л хол ойрын хамаатан, ангийн хүүхдүүдийн хажууд байхдаа бас л биеэ барьж, ичдэг.
Бас хүний нүд рүү харж чаддаггүй. Гадуур явахдаа бараг үргэлж газар шагайж явдаг. Нийтэч хүүхдүүдийг хараад атаархдаг. Өөрийгөө яах ёстойгоо ойлгохгүй байна. Гэртээ ганцаараа байх дуртай. Зурагт үзэх, чихэвчээр дуу сонсох дуртай. Заримдаа зүгээр л уйлмаар санагддаг. Уурлаж бухимдсан үедээ юу ч хамаагүй идэж, гашуун зүйл уумаар санагддаг. Том болох тусам биеэ барьж, хянаж чадахгүй муу зүйлд татагдах вий гэхээс айж байна.
Сүүлд нь өнгөрсөн зүйлд харамсаж, тэр хүмүүс намайг юу гэж бодсон бол, буруу үг хэлчихсэн байна, тэнэг юм аа би гэх зэргээр харамсдаг.
ЗӨВЛӨГӨӨ: Шинэ орчинд дасахад хугацаа шаардагдана.
Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Өөрт чинь тохиолдсон таагүй үйл явдалд харамсаж байна. Мөн эдгээр үйл явдлыг даван туулж чадсанд чинь баярлаж байна. Бусдын бодол, хандлага, амнаас гарах үгийг бид хянаж чадахгүй ч тэдгээр хүмүүсээс зайгаа барих, хол явах, бодлыг нь үл ойшоох нь бидний хянах боломжтой зүйл юм. Хэсэг бүлэг хүмүүсийн хандлага өөрийг чинь хэзээ ч бүрэн гүйцэд тодорхойлохгүй юм шүү.
Хэл соёл, ёс заншил, хоол хүнс, хүмүүс гээд бүхий л зүйлс нь өөр орчинд очиход мэдээж олон төрлийн асуудал, түгшүүр мэдрэгдэнэ. Үүнд яах аргагүй дасан зохицох хугацаа шаардагдана. Шинэ орчинд дасахад дунджаар 6-7 сар шаардагддаг гэсэн судалгааны үр дүн бий. Хүн бүрийн онцлогоос хамаарч энэхүү хугацаа сунаж болно. Тухайн улс оронд хурдан хугацаанд дасах хамгийн сайн арга бол хэлийг нь сайтар сураад нийгмийн харилцаанд орж эхлэх юм. Нийгмийн аливаа нэг бүлгийн хэсэг гэж мэдрэх нь биднийг ганцаардлаас салгадаг. Нэгэнт шинэ газар ирсэн тул сонирхож үзмээр зүйлс байвал бага багаар судалж, туршиж үзээрэй. Мөн бүх юм одоо байгаа шигээ байхгүй. Ирээдүйд одоо байгаа газартаа өөрийн гэсэн хүрээлэлтэй, найз нөхөдтэй болсон байна гэдэгт эргэлзэхгүй байна. Чамд амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир
АСУУДАЛ: Надгүй байсан бол хэчнээн аз жаргалтай байх байсан тухайгаа ярьдаг
Сайн байна уу? Би 14 настай. Өсвөр нас эхэлснээс хойш их л сөрөг төрлийн хүн болчихсон. Уг нь их л эерэг, шаргуу зантай, хүчтэй хүүхэд байсан.
Би ухаан орсноосоо хойш л хэцүү зүйлс харж өссөн. Хувийн сургуульд сурч байгаадаа баярладаг ч аав ээж хоёр маань надаас энэ хэрээр их зүйлс шаардах боллоо. "Үргэлж нэгдүгээр байранд ор" гэдэг. Хэрвээ ганц л алдах юм бол уурлаж, надад зарцуулж буй төлбөрийнхөө хэмжээг ярьж уурладаг болохоор галзуурмаар дарамттай үе цөөнгүй. Бага байхаас минь л юу ч болсон үргэлж надаас бурууг хайж загнадаг байсан. Тийм болохоор би өөртөө бурууг өгч, түүнийхээ хэрээр өөрийгөө арчаагүй, буруутай гэж үзэн яддаг өөртөө итгэлгүй нэгэн болсон.
Аав маань согтууруулах ундаа хэрэглэх дуртай хүн л дээ. Сүүлийн үед бие нь тэр зүйлийг дааж чадахаа больсон ч уухаа болихгүй л байгаа. Бас уучхаад дандаа л ямар нэгэн байдлаар асуудал үүсгэдэг. Уурлах болгондоо амьдрал нь надаас болж ямар хэцүү байгаа тухай, бас би байгаагүй бол хэчнээн аз жаргалтай байх байсан тухайгаа ярьдаг. Хайртай хүмүүсээсээ тийм үгсийг хэчнээн олон сонссон ч дасна гэж байдаггүй юм билээ.
Саяхан манай гэрт архинаас болж маш том зөрчилдөөн гарч нэг аймшигтай үйл явдал харсан. Ингээд бороотой хар шөнөөр гэрээсээ гарч яваад хэдэн өдөр очоогүй. Мэдээж өөр хүнтэй хамт байсан л даа. Одоо гэртээ байгаа ч тав тухтай, аз жаргалтай байж чадахаа больсон. Байнга л ямар нэгэн зүйлээс айж, хар дарж, тэр хүнийг харахаар хоолой зангираад зүрх өвддөг болсон. Тэр үйл явдал толгойноос гарахгүй болохоор их айж, өөрийгөө гэмтээх, үхэх тухай боддог боллоо.
Гэхдээ би өөрийгөө хэд хэдэн удаа гэмтээж, хямрах бүрдээ арьсаа хуулартал хумсалж, өөрийгөө гэмтээж байж тайвширдаг зуршилтай болсон. Өөрийгөө цаг үргэлж харааж, өөрийнхөө бахархал гэх зүйлгүйгээр өдөр хоногийг өнгөрөөж байна.
ЗӨВЛӨГӨӨ: Уур бухимдлаа зөвөөр гадагшлуулж чадахгүй байгаа нь аавынх нь хувь хүний асуудал. Үүнд чиний буруу байхгүй
Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Гэр бүлийнхнээсээ мэдэрсэн таагүй, түгшүүртэй, муухай мэдрэмж бүрд чинь харамсаж байна. Хүүхэд бол хүссэн үедээ яаж ч бол яаж харьцаж болох ямар нэгэн өмч биш юм. Хүүхэд эцэг эхийнхээ өмнө хариуцлага хүлээх гэхээсээ илүүтэй эцэг эх хүүхдийнхээ өмнө хариуцлага үүрэх ёстой. Хүүхдийнхээ хоол хүнс, хувцас, амьдрах гэр орон, сурах сургуулийг хангаж өгөх нь зайлшгүй суурь хэрэгцээ бөгөөд энэ нь тансаг хэрэгцээ биш юм. Эдгээр суурь хэрэгцээг хангаж өгөх нь эцэг эхийн заавал хүлээх ёстой үүрэг юм.
Өөрийн амьдралын уур бухимдлыг зөвөөр удирдаж гадагшлуулж чадахгүй байгаа нь аавынх нь хувь хүний асуудал бөгөөд өөрийн чинь шийдэж чадах асуудал биш юм. Насанд хүрсэн хүн өөрийн асуудлыг зохицуулж чадахгүй байгаад хүүхдийн буруу гэж байхгүй юм шүү.
Ямар үйл явдал болсон гэдгийг мэдэхгүй ч үнэхээр хүнд цочрол авсан бололтой. Өөрт чинь сэтгэл зүйн зөвлөгөө биечлэн авах боломж байгаа юу? Өөрт чинь тусалж чадах хамаатан садан, нийгмийн ажилтан, багш гээд өөр бусад насанд хүрсэн хүнд хандаарай. Зөвхөн өөрөө зовоод явж болохгүй шүү. Шаардлагатай бол хүүхдийн тусламжийн утас 108-д хандаарай. Өөрийгөө хамгаалахад буруу зүйл гэж байхгүй.
Өөрийгөө гэмтээх эрсдэлтэй хурц ирмэгтэй, шил, төмөр, гэр ахуйн хэрэгсэл гэх мэт зүйлсийг өөрөөсөө холдуулаарай. Уйлмаар байвал уйлж, орилмоор байвал орил, мэдрэмжээ өөртөө хадгалаад зовох хэрэггүй. Мөн өөрийгөө шийтгэх хэрэггүй. Бусад хүмүүс чамайг хангалттай гэмтээсэн байхад өөрийгөө шийтгэх хэрэггүй. Ирээдүйд одоо байгаа шиг таагүй үйл явдлууд үргэлж тохиолдохгүй байж болох тул амьдралд бага ч болтугай итгэхийг хүсэж байна. Чи өөрийн хүссэн зүйлсээ хийж, хэн нэгнийг хайрлаж, хайрлуулах бүрэн эрхтэй нэгэн юм шүү. Тийм учраас өөрийгөө битгий гэмтээгээрэй. Мөн ирээдүйдээ итгээрэй. Ирээдүйгээ өөрөө бүтээгээрэй.
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх