“Emily in Paris” цувралын талаар БИДНИЙ МЭДЭХГҮЙ баримтууд


Э.Цовоо | YOLO.MN
2020-11-21

Бид өмнөх дугаарт “Vagabond” цувралын талаар сонирхолтой баримтуудыг хүргэсэн билээ. Харин энэ удаагийн дугаараараа инээдмийн, романтик төрлийн кинонд дуртай уншигчдадаа зориулан “Emily in Paris” цувралыг онцолж байна.

Киноны үнэлгээ /IMDb/: 7.2/10

Киноны үнэлгээ /RottenTomatoes/: 65%

Эхний анги цацагдсан огноо: 2020 оны аравдугаар сарын 2

Нийт ангийн тоо: 10

Үйл явдал: Залуухан, гал цогтой бүсгүй Emily Cooper-д хайр дурлалын хот гэгддэг Парис хотод ажиллах завшаан олдоно. Тэрээр франц хэлээр ярьж чаддаггүйгээс гадна Парис хотод таньж мэдэх хүн ч байхгүй. Гэсэн ч Emily энэ боломжийг алдахыг хүссэнгүй. Ийнхүү тэрээр шинэ амьдрал, шинэхэн орчин, шинэ хүмүүсийн дунд дасан зохицож буйгаар киноны үйл явдал эхэлнэ.

LILY COLLINS ФРАНЦААР ЧӨЛӨӨТЭЙ ЯРЬДАГ 

Жүжигчин Lily Collins-ийн бүтээсэн Emily-гийн дүр бол франц хэлээр огт ярьж чаддаггүй бүсгүйн дүр билээ. Гэвч бодит байдал дээр жүжигчин Lily франц хэлээр чөлөөтэй ярьдаг гэнэ. Тэрээр “Glamour” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа:

- "Би франц хэлээр маш сайн ярьдаг. Өмнө нь өдөр бүр францаар ярьж, тэр ч бүү хэл франц хэлээр зүүдэлдэг байлаа" хэмээжээ.

КИНО БАГИЙНХНЫГ ШОКОНД ОРУУЛСАН ХЭСЭГ

Үзэсгэлэнтэй гэдгээрээ алдартай жүжигчин Lily Collins зураг авалтын үеэр кино багийнхныг шоконд оруулаад амжжээ. Цувралын зургадугаар анги дээр Emily Cooper гайхалтай үс засалт, хувцаслалттайгаар дуурийн театрт очдог хэсэг гардаг. Энэхүү хэсгийн зураг авалтын үеэр Lily үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байсан ба хамтран тоглосон жүжигчин Lucas Bravo нь нэгэн ярилцлагадаа:

- "Lily үнэхээр хөөрхөн харагдаж байсан. Энэ хэсгийн зураг авалтын үеэр Lily-г харсан бүх хүн түүний гоо үзэсгэлэнг биширч, чив чимээгүй болсон. Үгээр хэлэмгүй тийм мөч бидэнд тохиосон доо” хэмээжээ.

ЖИНХЭНЭ ТОГООЧ

Кинонд Gabriel хэмээх царайлаг тогоочийн дүрийг бүтээсэн жүжигчин Lucas Bravo нь жинхэнэ амьдрал дээрээ ч тогооч байжээ. Тэрээр хэдэн жилийн өмнө “sous-chef” буюу ахлах тогоочийн туслахаар ажилладаг байсан ба цувралын зохиолыг уншаад Gabriel-ийн дүр зөвхөн өөрт нь зориулагдсан мэт санагдсан талаар нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. 

ХАМТЫН АМЬДРАЛ

Цувралын зураг авалт 2019 оны наймдугаар сараас эхэлсэн бөгөөд жүжигчин Lily Collins, Lucas Bravo болон Samuel Arnold нар зураг авалтын турш хамт амьдарч байжээ. 

БҮХ ЗУРАГ АВАЛТ ПАРИС ХОТОД ХИЙГДСЭН

Цувралын бүх зураг авалт Франц улсын нийслэл Парис хотноо хийгджээ. Тус цувралыг үзсэнээр та Emily Cooper бүсгүйн хөгжилтэй түүхийг үзэхээс гадна Парис хотын алдартай, үзэсгэлэнтэй газруудыг харах боломжтой юм.

УТГАГҮЙ ХЭСГҮҮД

Хэдий уг цувралыг үзсэн үзэгчдийн сэтгэгдэл чамгүй өндөр байгаа ч киноны зохиолтой авцалдаагүй хэсгүүд бас байгаа аж. Жишээлбэл Emily-гийн төгс мэт найз залуу түүнээс гэнэт салах, Парис хотод буй бүх хүмүүс англи хэлээр төвөггүйхэн ярих, хоёр сая гаруй хүнтэй хотод багын найзтайгаа тохиолдлоор тааралдах гэх мэт бодит амьдрал дээр байж боломгүй олон алдаатай үзэгдлүүд байгааг дурджээ.

ХАЙРЫН ГУРВАЛЖИН БА ХОЁРДУГААР БҮЛЭГ

Арваннэгдүгээр сарын 11-ний өдөр видео стрийминг үйлчилгээний Netflix сайтаас уг цувралын хоёрдугаар бүлэг гарна гэсэн албан ёсны мэдэгдэл хийсэн юм. Мөн цувралын зохиолыг бичсэн зохиолч Darren Star “TV Line” сайтад өгсөн ярилцлагадаа: 

- "Хэрэв цувралын хоёрдугаар бүлэг хийгдэхээр бол нэгдүгээр бүлэгт гарсан хайрын гурвалжингийн үйл явдал цаашид үргэлжлэх болно" гэжээ. 

Эх сурвалж: Cosmopolitan

#Бидний мэдэхгүй баримтууд #Emily in Paris