Хөл хорионы үед СЭТГЭЛ САНААГАА тайвшруулах ШАЛГАРСАН АРГУУД


Миау | YOLO.MN
2020-11-11

Хэдий мэргэжлийн байгууллагынхны зүгээс ард иргэдийг айж сандрах, тэвдэхгүй байхыг зөвлөж байгаа ч нэг л мэдэхэд Фэйсбүүк найзуудынхаа айдаст автсан, сандралдсан постуудыг уншчихсан санаа алдаж сууна уу? Тэгвэл YOLO.mn сайтын зүгээс эдгээр өдрүүдэд сэтгэл санааны байдлаа хэрхэн тайван хэвээр нь хадгалан үлдэх талаар зөвлөгөөг хүргэж байна. 

1. САНАА ЗОВНИЛОО АНГИЛ

Санаа зовнил гэдэг нь бас тийм ч муу зүйл биш ажээ. Өөрөөр хэлбэл бид санаа зовсноор амин дэмээр баялаг хүнс хэрэглэх, гараа тогтмол угаах, амны хаалтаа зүүх зэргээр эрүүл мэнддээ анхаарч, өөрсдийгөө халдвараас урьдчилан сэргийлэх үйлдлийг хийж эхэлдэг. Тиймээс ямарваа нэг зүйлд их бага хэмжээгээр санаа зовж л байгаа бол тайвшруулах ая сонсох, хичээлээ хийх, найзуудтайгаа видео дуудлага хийх зэргээр дуртай зүйлсээ хийн сэтгэл санаагаа өөдрөг байлгах боломжтой. 

Нөгөө талаас тухайн санаа зовж буй зүйл тань таны хяналтаас гадуур зүйл бол, аль эсвэл үүнийгээ эерэг үйл хөдлөл рүү хувиргах боломжгүй бол зүгээр л хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Жишээлбэл, "Би одоо үүсээд буй энэ нөхцөл байдал, хөл хорионы талаар санаа зовсон ч байдлыг өөрчилж чадахгүй юм байна шүү дээ. Тиймээс өөрийнхөө эрүүл, аюулгүй байдлыг хангахад л болох юм байна" гэж бодох гэх мэт.

2. СТРЕСС ТАЙЛАХ АРГУУДЫГ ЖАГСААН БИЧ

Хүмүүс ингэж айж самгардсан үедээ энгийн үед стрессээ хэрхэн тайлдаг байснаа ч мартаж орхидог. Тиймээс цаасан дээр юу стрессийг чинь тайлдгийг жагсаан бичээрэй. Жишээлбэл:

- Найзтайгаа утсаар ярих

- Дасгал хийн хөлсөө гадагшлуулах

- Амттай хоол хийх

- Гэртээ их цэвэрлэгээ хийх

- Тэжээвэр амьтантайгаа тоглох гэх мэт. 

3. СӨРӨГ БОДОЛТОЙГОО НҮҮР ТУЛ

Маш энгийнээр тайлбарлавал архаг стресс нь байнгын сөрөг бодлын үр дүн юм. Өөрөөр хэлбэл та өөрийг тань түгшүүрт автуулж буй зүйлсийг бодоод, бодож дууссаныхаа дараа ч дахин эхнээс нь бодоод л байвал танд маш таагүй мэдрэмж төрж, үр бүтээмж тань буурч, бүр цаашилбал  сэтгэл гутралд ч хүрэх боломжтой байдаг байна. 

Тиймээс сөрөг бодлуудаа бодоод, хямраад суухгүйгээр нүүр тулах нь тухайн бодлуудыг бодитоор, арай өөр өнцгөөр харахад тань туслах болно. 

4. АЙДАСТ АВТУУЛЖ БУЙ МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖУУДААС ӨӨРИЙГӨӨ ТУСГААРЛА

Нийгэмд юу болж, ямар шийдвэрүүд шинээр гарч буйг цаг тухайд нь мэдэх нь чухал. Гэхдээ зурагтаар өдөржин энэ талаар мэдээ үзэж, утсаараа Фэйсбүүк орсон ч "News Feed"-ээ шинэчлэх тутамд хүмүүсийн бичсэн айдас хүргэм постуудыг унших нь таныг энэ нөхцөл байдалд байх ёстойгоос хэт өндөр ач холбогдол өгөхөд хүргэдэг байна. 

Тиймээс мэдээллийн баттай эх сурвалжуудаар хоёр цаг тутамд нэг удаа хандаж шаардлагатай мэдээ мэдээллээ авна гэх зэргээр өөртөө дүрэм тогтоогоорой. 

5. ОДООД ТӨВЛӨР

Өнөөдөр бид бүхний санаа зовж буй зүйл бол коронавирусийн халдвар олонд хүнд тархсан байх магадлал. "Тарчихсан бол яана", "хэдэн сар хөл хорио тогтоох байх даа", "найзуудтайгаа гарна гэдэг ч өнгөрлөө" гэх мэт. Гэхдээ нэг зүйлийг ойлгоорой. Энэ бол яг одоо болж буй үйл явдал биш, ирээдүйд болох магадлалтай зүйл. Болж ч магадгүй, мөн болохгүй байж ч магадгүй гэсэн үг. 

Тиймээс танд өөрөө өөрийгөө ажиглах буюу бясалгал хийхийг санал болгож байна. Бясалгал хийснээр одоо юу болж байгаа, юу үнэн болон юу худал гэдгийг ялгаж чадах юм.

Бясалгал хийх талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу.  

6. ЦААСАН ДЭЭР БИЧ

Таны санааг юу зовоож, таныг юу айдаст автуулж байна, түүнийгээ цаасан дээр бичээрэй. Өөрийг тань айлгаж, сандаргаж буй зүйлсийн тухай ярих нь асуудлыг бүр л хүндрүүлнэ гэсэн буруу ойлголт хүмүүсийн дунд тархсан байдаг. 

Гэвч судалгаагаар хүмүүс айдас түгшүүрт бодлуудаа хуваалцаж, ил гаргасны дараа өөрийн биеэсээ тэдгээр бодлуудыг аваад хаячихсан юм шиг мэдрэмж төрсөн гэжээ. Тиймээс өөрт төрсөн энэ сөрөг бодлууд, айдсуудаа дотнын хүндээ ярих, аль эсвэл цаасан дээр бичээд хаясан ч болох юм. 

7. ЭЕРЭГ ЗҮЙЛСЭД ТӨВЛӨР

Энэ нь ерөнхийдөө талархлын аргатай төстэй гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл дандаа л сөрөг зүйлсийн талаар уншаад, бодоод байгаа учир одоо сайхан зүйлийн талаар бодох цаг нь иржээ. 

Ямар ч хүнд хэцүү үйл явдлын хажуугаар эерэг зүйлс тохиолдож л байдаг. Тиймээс эерэг зүйлсийн талаар бодоорой. Мөн сүүлийн үед ажил, хичээл ихтэй, өөртөө цаг гаргаж амжихгүй байсан бол хөл хорио тогтоосон эдгээр өдрүүдийг "боломж" хэмээн харах боломжтой шүү. Энэ үеэр эхлүүлчихээд уншиж дуусгаагүй байсан номоо унших, үзэхийг хүссэн ч үзэж амжихгүй байсан киногоо үзэж дуусгаж болох юм. 

Эх сурвалж: Psychology Today

#COVID-19 #Хөл хорио #Зөвлөгөө #Сэтгэлзүй