Өдөрт уух усны хэмжээгээ хэрхэн ТОДОРХОЙЛОХ вэ?


Миау | YOLO.MN
2020-11-30

Хүн өдөрт дунджаар найман аяга ус уух ёстой талаар та хаа нэгтээгээс, аль эсвэл хэн нэгнээс сонсож л байсан байх. Гэхдээ энэ тоо хүн бүрийн хувьд харилцан адилгүй ажээ. Тиймээс өдөрт уух усны хэмжээгээ хэрхэн тодорхойлох талаар бяцхан зөвлөгөөг хүргэж байна.

НАЙМАН АЯГА УСНЫ ТАЛААРХ ЯРИА ХААНААС ҮҮДЭЛТЭЙ ВЭ?

Хүний биеийн 70 гаруй хувийг буюу ихэнх хэсгийг ус бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл биеийн эрхтэн бүр ус агуулдаг. Тухайлбал зүрхний 73 хувь, уушгины 83 хувь, бөөрний 79 хувь нь ус байх жишээтэй. Тиймээс өдөр бүр хангалттай хэмжээний ус уух нь бие махбод, эрхтэн тогтолцооныхоо хэвийн үйл ажиллагааг хангаж буй явдал юм.

Харин "хүн бүр өдөрт найман аяга ус уух ёстой" гэдэг нь хэтэрхий өрөөсгөл ойлголт юм.  Энэхүү зөвлөгөөг алтан дундаж биеийн хэмжээтэй буюу дундаж өндөртэй, тухайн өндөртөө таарсан жинтэй хүмүүст л зориулж зөвлөсөн гэсэн үг. Тиймээс та дунджаас намхан, эсвэл өндөр, эсвэл бүр илүүдэл жинтэй бол өдөрт заавал найман аяга ус уух шаардлагагүй байх нь. 

ХЭРХЭН ТООЦООЛОХ ВЭ?

Өдөрт уух усны хэмжээгээ тодорхойлохдоо дараах томьёог ашиглаарай.

Таны биеийн жин /килограммаар/ x 0.033 = Өдөрт уух усны хэмжээ /литрээр/

Жишээлбэл та 60 килограмм жинтэй байлаа гэж бодъё. Тэгвэл та өдөрт 2 литр ус буюу 8 аяга усаа уух нь. /1 аяганд дунджаар 250 миллилитр ус ордог/

Харин 80 кг жинтэй хүний хувьд өдөрт 2.6 литр ус буюу 10 гаруй аяга ус уух шаардлагатай байна.

НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛС

Та өөрийн биеийн жингээр өдөрт уух усны хэмжээгээ тодорхойлсон ч уг хэмжээнд дараах хүчин зүйлс нөлөөлнө. Үүнд:

- Нас болон хүйс: Хүүхдийн биед агуулагдах шингэний хэмжээ насанд хүрсэн хүний хэмжээтэй харьцуулахад хамаагүй илүү байдаг. Өөрөөр хэлбэл хүүхдийн биеийн жинг биед нь агуулагдах усны хэмжээтэй харьцуулахад их өндөр тоо гарна гэсэн үг. Нас нэмэх тусам энэ хэмжээ буурдаг байна. Мөн эмэгтэй хүний биед агуулагдах усны хэмжээ эрэгтэй хүний биед агуулагдах усны хэмжээнээс бага байдаг. 

- Жин: Судалгаагаар биеийн жингийн индекс өндөртэй насанд хүрэгчид шингэний дутагдалтай байх магадлал өндөр байдаг нь тогтоогджээ. Тиймээс ус гэдэг зүйл нэг талаараа таны шингэний хэрэгцээг хангадаг бол нөгөө талаараа жингээ хасахад тань нөлөөлдөг байна.

- Орчин тойрон: Та халуун оронд амьдардаг бол таны биед харьцангуй их хэмжээний ус шаардагдана. Харин далайтай ойрхон, чийглэг газар амьдардаг бол мэдээж харьцангуй бага хэмжээний ус шаардагддаг байна.

- Дасгал хөдөлгөөн: Та ямар нэгэн спортоор хичээллэдэг, аль эсвэл тогтмол дасгал хөдөлгөөн хийдэг бол дасгал хийдэггүй хүнтэй харьцуулахад биеэс тань хамаагүй их хэмжээний шингэн гадагшилна. Тиймээс алдаж буй шингэнээ нөхөх хэрэгтэй.

- Жирэмсэн болон хөхүүл үед: Эмч мэргэжилтнүүд жирэмсний болон хөхүүл үед эмэгтэйчүүд энгийн үеэсээ илүү их хэмжээний ус уух хэрэгтэй хэмээн зөвлөдөг.

- Эрүүл мэндийн байдал: Ханиад, суулгалт зэрэг өвчний үед бие шингэнээ огцом алддаг. Тиймээс өвдөөд хэцүү байсан ч шингэнээ тогтмол нөхөх хэрэгтэй.

ШИНГЭН АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД

Яаж ч хичээсэн өдөрт ийм олон аяга ус ууж чаддаггүй хүмүүс байдаг. Тэгвэл энэ хүмүүст зориулагдсан нэгэн арга байдаг юм шүү.

Жимс болон хүнсний ногоо их хэмжээний шингэн агуулдаг тул үнэхээр л тийм их хэмжээний ус ууж чадахгүй бол зарим хэсгийг нь эдгээр бүтээгдэхүүнүүдээс авах боломжтой. Жишээлбэл тарвас, жүрж, өргөст хэмх зэрэг бүтээгдэхүүний 80 гаруй хувийг ус дангаараа бүрдүүлдэг. Үүнээс гадна шөл, цай зэрэг ч мөн биед тань шаардлагатай шингэнийг өгөх болно.

Эх сурвалж: Bright Side

#Зөвлөгөө #Эрүүл мэнд #Ус