Архитектор Г.Лхагвабаяр: Санаандгүй зурсан нэг ч зураас байх учиргүй...


Хөвсгөл аймгийн малчны хотноос ирээдүйн мөрөөдөлдөө хөтлөгдөн их хотыг зорьж, архитектур хэмээх мэргэжлийг сонгон суралцсан Г.Лхагвабаярыг бид энэ удаагийнхаа зочноор урьж ярилцлаа. Тэрээр сурсан мэдсэнээ хөгжүүлэхийн тулд арлын Япон улсад ажиллаж байгаа бөгөөд бидэнтэй туршлага болоод мэргэжлийнхээ тухай сонирхолтой яриаг өрнүүлсэн юм. Уншигч та бүхэн түүний ярилцлагаас сонирхсон асуултынхаа хариултыг олно гэдэгт итгэлтэй байна.


YOLOТанд энэ өрийн мэнд хүргэе. Ярилцлагаа таны хүүхэд насны мөрөөдлийн тухай яриагаар эхлүүлье гэж бодлоо. Ихэнх хүүхдүүд багадаа эмч, цагдаа болно гэж мөрөөддөг бол таны хувьд ямар мэргэжилтэй болно гэж мөрөөддөг байсан бэ? Багадаа юунд сонирхолтой хүүхэд байв?

- Би Хөвсгөл аймгийн Арбулаг сумын малчин айлын дунд охин болж мэндэлсэн. Намайг бага байхад ээж маань лааны гэрэлд үлгэр, хууч яриа ярьж өгдөг байлаа. Тухайн үед яг тийм мэргэжилтэй болно гэж төсөөлдөггүй ч үлгэрт гардагчлан эрдэм ном сурахаар холын аянд гарна даа гэж боддог байсан. Би хүүхэд байхын л ямар нэгэн зүйл төсөөлж, ургуулан бодох дуртай хүүхэд байлаа. Хонь хариулж байхдаа “бороонд нордоггүй, гадуураа шилэн бүрхүүлтэй, хонь, мал үргээдэггүй, өөрөө явагч сүйх тэргэнд суугаад ном уншингаа хонио хариулдаг бол гоё оо” гэж төсөөлдөг байснаа одоо ч мартдаггүй юм /инээв/.

YOLOОдоогийн энэхүү мэргэжлээ өөрийн хүслээр сонгосон уу? Гэр бүлийнхэн болон бусад хүчин зүйлс нөлөөлсөн үү?

- Миний бодлоор ихэнх эцэг эх, үр хүүхдээ ямар төрлийн мэргэжил эзэмшвэл тохирох вэ гэдгийг эртнээс ажиглаж, мэддэг байх гэж боддог. Ээж маань намайг аливаа зүйлд анхаарлаа бүрэн төвлөрүүлж, удаан нямбай хийх дуртай болохоор төв, суурин газраар явсан нь дээр гэж хэлдэг байсан юм. Нэг удаа хонио хураах гээд чадахгүй сууж байтал аав маань өөдөөс тосож ирээд “Миний охин хичээл, номоо сайн хийгээд сайхан мэргэжил эзэмшиж, төв суурин газар амьдраарай” гэж захисан тэр үеэс л миний чиглэлээ олох эхлэл тавигдсан юм даа.


YOLOОдоогийн мэргэжлээ сонгоход гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээн авсан бэ?

- Би зургадугаар ангид байхдаа санаандгүй байдлаар зохион бүтээх хичээлийн сонгонд элсэж орсон юм. Удалгүй төгсөх ангийн сурагчидтай хамт олимпиадад оролцоод "Шилдэг 10 оролцогчид"-ийн нэгээр нь шалгарсан. Тэгтэл багш маань сонгоныхоо хичээлийг таслахгүй яваарай гэхэд нь би дотроо жаахан эргэлзэж байсан. Одоо эргээд бодоход багшдаа маш их баярлаж явдаг. Учир нь математик, физик, нийгэм зэрэг бусад хичээлүүддээ илүү сайн байсан болохоор тэр хичээлүүдээрээ л элсэлтийн шалгалт өгнө гэж боддог байлаа. Гэтэл зохион бүтээх хичээл надад маш их таалагдаж эхэлсэн. Ингээд ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн дизайны сургуулийн, Интерьер дизайны ангид урилгаар орж, сургалтын төлбөрийн тодорхой хувийг хөнгөлүүлэх боломж олдсон учир гэр бүлийнхэн маань маш баяртай хүлээж авсан.

YOLOЗургийн хичээл, математиктаа сайн хүүхдүүд л ирээдүйд архитектор болох боломжтой гэж хүмүүс боддог шүү дээ. Үнэхээр л архитектор болоход математик болон зургийн хичээлдээ авьяастай байх шаардлагатай байдаг уу?

- Миний хувьд математикийн хичээлдээ онц биш ч гайгүй дүнтэй суралцдаг байсан. Их сургуульд орохдоо хар зургаар элсэлтийн шалгалт өгөлгүй, шууд урилгаар орсон болохоор анхандаа зурж чадахгүй, өөрийгөө авьяасгүй гээд голдог байлаа. Багш нараараа өдөр бүр заалгаж, уйгагүй хичээснээр удалгүй бусадтайгаа адилхан, боломжийн зурчихдаг болсон. Би дизайны сургуулиа төгссөнийхөө дараа архитектороор суралцсан. Суралцсан хоёр мэргэжил маань нэг зүйлийн хоёр тал учраас үнэхээр гүн гүнзгий судалж, мэддэг болохыг хүссэн юм. Хүнд хүсэл эрмэлзэл хичээл зүтгэл байхад хэзээ ч оройтохгүй мөн боломжгүй зүйл байхгүй гэж боддог шүү.


YOLOИх сургуулиа архитектур чиглэлээр суралцаж төгссөн бол ирээдүйд өөр ямар чиглэлээр ажиллах боломжтой байдаг вэ? Ер нь энэ чиглэлээр мэргэшихийн давуу тал юу вэ?

- Архитектурын мэргэжил дотроо маш олон төрөл байдаг. Жишээлбэл, Монголд иргэний барилгын архитектур, хот байгуулалтын архитектур, ландшафтын архитектур, интерьер экстерьер дизайн зэрэг олон чиглэлээр ажиллаж, суралцах боломжтой. Мөн сэргээн засварлалтын архитектур, гэрлийн архитектур, судлаач архитектур гэх мэт олон төрөл байдаг. Зөвхөн нэг төрлийн барилгаар дагнаж зурдаг архитектур ч болох боломжтой. Аль эсвэл амьтны хүрээлэнгийн зураг зурдаг архитектур байсан ч болно шүү дээ. Давуу талын хувьд тавилга, график дизайн гэх мэт дизайны төрлийн мэргэжил рүү хөрвөхөд ойрхон. Хэрэв урлагаар ажиллах сонирхолтой бол тайз дэлгэцийн бүтээлийн орон зайн төлөвлөлт, хөшөө дурсгал, уран баримал тал руугаа хөгжүүлж болно. Ер нь тухайн мэргэжилтэн юунд илүү сонирхолтой байна тэр тал руугаа хөрвөх боломжтой гэхээр үнэхээр сонирхолтой мэргэжил шүү.

YOLOАнх удаа ажлын байран дээр гарахад ажлын байр тань өмнө нь оюутан байхдаа ч юм уу, сурагч байхдаа төсөөлж байснаас хэр өөр байсан бэ?

- Нэгдүгээр курсийн шинэхэн оюутан байхдаа өвлийн амралтаараа "Хамаг" үйлдвэрт 20 хоног хүчээ шавхтал ажиллаад анхны цалингаа авсан юм. Цалингаараа гэрийнхэндээ юм авах гэсэн боловч огт хүрэлцээгүй. Бага цалин авсандаа урам хугарсан ч гэлээ хичээлээ улам сайн хийж, мэргэжлээрээ л ажиллах хэрэгтэй гэдгийг ойлгосон доо. Удалгүй гуравдугаар курсээ төгсөөд барилгын зураг төслийн “Монар” ХХК-д дадлагажигчаар орсон юм. Хамгийн анхны дааж авсан ажил маань жижиг кафены зураг зурах байлаа. Би хоёр долоо хоног орчим оролдоод юу ч хийж чадаагүйдээ сэтгэлээр унаж, захиралдаа үнэнээ хэлээд тусламж асуусан юм. Тэгэхэд захирал маань “Хийж чадахгүй гэдгээ цаг алдалгүй эрт ойлгосон чинь сайн хэрэг. Одооноос хичээх хэрэгтэй шүү” гэж хэлж билээ. Түүнээс хойш энэ үгийг би марталгүй байнга санаж, үргэлж шинээр суралцаж байхыг хичээх болсон.


YOLOЭнэхүү мэргэжлээр ажиллахын давуу болон сул талаас дурдаач. Бусад мэргэжлээс юугаараа давуу талтай вэ?

- Маш олон цагаар төвлөрч суух үе цөөнгүй гардаг болохоор тэвчээр шаардахаас гадна гэр бүлийнхэн нь ойлгодог байх нь чухал. Хийсэн ажлын үр дүн нь бодитоор харагдахын зэрэгцээ алдаа оноо бүр нь олон жилийн настай тул маш хариуцлагатай мэргэжил гэж боддог. Мөн өөрийн үзэл бодлыг хамгаалж чадахуйц өөртөө итгэх итгэл зайлшгүй байх шаардлагатай. Аливаа хүн өөртөө итгэх итгэлийг мэдлэг туршлага, чадвараас олж авдаг тул цаг үргэлж л хөгжиж байх хэрэгтэй шүү.

YOLOТа одоо Япон улсад мэргэжлээрээ ажиллаж байгаа шүү дээ. Анх Японд ажиллах болсон үеэ дурсвал?

- Барилгын салбарт нэлээд хэдэн жил ажиллаж байгаа болохоор ерөнхийд нь ямар асуудлууд тулгардгийг ойлгодог болсон. Японд ирэхээсээ нэг жилийн өмнө найзуудтайгаа хамтран улсаас зарласан жижиг тендерт оролцож улсын ажил хийж үзсэн юм. Улсын ажил хийхэд ойлгомжгүй бөгөөд жаахан хэцүү санагдсан. Зорилгоо ойлгоогүй хүмүүс нийлэхээрээ ямар ч ажлыг зөвхөн мөнгө болгож хувиргах хандлагатай байдаг. Хийж бүтээе гэсэн нэгэн зорилго доор нэгдээгүй учраас итгэлцэл, хүндлэл байхгүй байсан нь миний хувьд үнэхээр таагүй санагдсан. Мөн хамгийн дотны зөвлөгч хайртай аав минь бурхан болсон учраас гадаад явж шинэ зүйл сурч, мэдье гэсэн бодол төрж Япон явах шийдвэрээ гаргасан даа.


YOLOЦаашид карьераа хэрхэн хөгжүүлэх талаар төлөвлөж байгаа юу? Ирээдүйд зорьж байгаа хамгийн том зорилгоосоо хуваалцаач?

- Одоохондоо өөрийгөө хөгжүүлээд суралцахын хажуугаар нэг хүнд ч болов байшингаа зөв барихад нь тусалчих юмсан, ганц довжоо зурсан ч зөв зураад яг зурсан зураг шигээ чанартай цэвэрхэн бариулчихдаг байх юмсан гэж боддог. Тав тухтай хотыг бий болгох ажилд жижиг гэлтгүй шийдлүүд гаргаж эх орондоо хувь нэмрээ оруулна гэж төлөвлөж байна.

YOLOӨдөрт нийт хэдэн цагийг ажилдаа зориулдаг вэ? Илүү цагаар ажиллах шаардлага гардаг уу?

- Японд ихэвчлэн 8 цагаар ажилладаг. Ажлаа төлөвлөсөн хугацаандаа дуусгасан бол илүү цаг ажиллах шаардлагагүй. Монголд байхдаа олон зүйлийг зэрэг амжуулах гээд орой болтол суудаг байсан шүү. Барилгын ажил явагдахад чухал биш ч захиалагчдаа ийм болно гэж харуулахын тулд бодит мэт 3D зураг зурахад цаг нэлээн зарцуулдаг байсан. Японд бол захиалагчидтайгаа сайтар ярилцаж ойлголцвол 3D зураг зурж харуулах шаардлага бараг гардаггүй, зөвхөн ажлын зургаа л сайн зурахад хангалттай байдаг. 


YOLOӨнөө цагт дэлхий нийтээрээ автоматжиж, роботчилогдож байна. Энэ хэрээр ирээдүйд зарим мэргэжлүүд устана гэсэн таамаглал гараад эхэлсэн. Тэгвэл таны мэргэжил ирээдүйд устах болов уу? Эсвэл хүний тархиар л хийх боломжтой мэргэжил үү?

- Архитектур бол хүний анхдагч хэрэгцээний орон байр, амьдрах орчинг бүрдүүлэхэд оролцдог хамгийн чухал мэргэжил. Энэ хэрэгцээ дуусахгүй, харин ч ирээдүйд улам хөгжинө. Нөгөө талаас урлагийн нэг төрөл учраас хүний мэдрэмжид зайлшгүй тулгуурладаг. Харин техник технологи хөгжихийн хэрээр ирээдүйд шинээр олон төрлийн архитектурын чиглэлүүд бий болох байх гэж бодож байна.

YOLOТехник технологийн чиглэлээр суралцах бол техник технологи өндөр хөгжсөн Япон, Хятад зэрэг улсад дадлага туршлага хуримтлуулбал илүү сайн боловсон хүчин болно гэдэг шиг аль улсад архитектор чиглэлээр чадварлаг боловсон хүчин болох боломжтой вэ?

- Миний хувьд Монголдоо суралцаж, ажиллаж байгаад одоо Японд мэргэжлээрээ ажиллаж байна. Манай орон архитектурын өөрийн гэсэн түүх соёлтой улс. Сургалтын чанар нь бас сайн. Манай залуучууд хамгийн сүүлийн үеийн программуудыг ч англи хэл дээр сурчихсан байдаг. Гол нь мэргэжлээ эртнээс сайтар төлөвлөөд, хандлагаа бага зэрэг өөрчлөх хэрэгтэй юм шиг санагдсан. Ингэж чадвал хаана ч сурсан чадварлаг боловсон хүчин болж чадна. Манай улсад цаг агаараас шалтгаалаад барилга барих боломжтой хугацаа маш богино болохоор хурд зайлшгүй шаардлагатай байдаг. "Бид яагаад хурдан мөртлөө Япончууд шиг цэвэрхэн, чанартай хийж чадахгүй гэж" гэсэн “цагаахан атаархал” хааяа төрөх л юм.


YOLOМонгол улсад ер нь энэ чиглэлийн эрэлт хэрэгцээ хэр байдаг вэ? Дутагддаг уу, аль эсвэл хүрэлцээтэй байдаг уу?

- Миний бодлоор жил бүрийн төгсөгчдийн тоог харахаар хангалттай юм шиг боловч архитектурын шийдэл гаргаад хотоо хөгжүүлснийг нь харахаар дутагдалтай юм шиг. Дэлхийд байхгүй барилга барих мөрөөдөлдөө автаж юу ч хийхгүй байснаас мөрөөдлөө зүрхэндээ нандигнаад, дэргэдэх хүмүүстээ байшингаа зөв барихад нь тусалдаг хүн олон байгаасай гэж боддог. Жижиг гэж гололгүйгээр бүх зүйл дээр архитектурын шийдэл гаргаж, ард иргэддээ ойлгуулснаар жинхэнэ архитекторын бүтээл хүссэн захиалагчид хүрнэ. Ингэж байж л архитекторуудад мөрөөдлийн бүтээлээ хийх боломж гарах байх. Өнөөдөр бид түүхийн хуудас болсон уран барилгуудаа арчлах, хамгаалах тал дээр юу ч хийж чадахгүй болтлоо үнэ цэнгүй болсон байна шүү дээ. Архитектор хүн мөнгө төлөхөөр архитектор болж шийдэл гаргадаг, бусад үед ямар ч асуудлыг олж харах нүдгүй байж болохгүй. Архитектурын шийдэл хэрэггүй нэг ч орон зай гэж байхгүй. Хамгийн гол нь бид хүрч ажиллах сэтгэлтэй байх хэрэгтэй. Наад зах нь хүүхдийн тоглоомын талбайг архитектурын шийдлээр тооцоолж хийсэн бол хүүхэд гэмтэхгүй байх жишээтэй.

YOLOТа мэргэжлээ урлагийн нэг төрөл гэсэн шүү дээ. Ер нь таны хувьд барилгын загвар зохиомж хийх үедээ санаагаа хэрхэн бодож олдог вэ?

- Архитектур хэрэглээ, урлаг хоёрын зөв зохицол учраас захиалагчийн хүсэл сонирхол, шаардлага дээр тулгуурлаж шийдлээ боловсруулдаг. Би захиалагчдаа хамгийн багадаа 2-3 хувилбар танилцуулж, сонголт хийх боломж олгодог. Захиалагчтайгаа нэг шийдэлд хүрэхийн тулд хэдэн ч удаа өөрчилж магадгүй тул огтхон ч эрч хүчээ алдахгүйгээр ажлаа урагшлуулж хийхийг зорьдог. 


YOLOЭнэ чиглэлээр суралцаж буй оюутнууд, суралцахаар сонирхож буй хүүхэд залууст хандаж юун дээр илүү анхаарах хэрэгтэй талаар зөвлөгөө өгөөч.

- Архитектор хүн бол аливаа зүйлийг олон талаас нь бодох чадвартай, маш тэвчээртэй бөгөөд эхэлсэн ажлынхаа эцсийг харж байж санаа амардаг хариуцлагатай байх хэрэгтэй гэж боддог. Жирийн нэг иргэн 20 жилийн турш цуглуулсан мөнгөөрөө байшин барих гэсэн юм, зураг төсөл хийгээд өгөөч гээд ирлээ гэж бодъё. Эхний ээлжид тухайн хүнээ сайтар сонсоод ямархуу орон сууц хүсэж байгааг нь төсөөлөөд зурж эхэлнэ. Ингэхэд санаандгүй зурсан нэг ч зураас байх учиргүй. Зурсан зураас бүрээ бүх талаас нь бодож тооцоолно. Ядаж л тэр хүний 20 жилийн турш өдөр бүр хөдөлмөрлөсөн мөнгийг нь хайрлах хэрэгтэй шүү дээ. Ирээдүйд байшиндаа аз жаргалтай амьдрах 30 жил байгаа гэж бодон тав тух, сэтгэл ханамжийг нь бодох ёстой. Ингэж бодохоор маш олон талаас нь бодож, балансыг нь тохируулж сурах нь чухал юм. Мөн архитектор хүнд хийсэн ажлынхаа үр дүнг үздэг тууштай чанар байх хэрэгтэй. Ингэж чадаагүйн наад захын жишээ, хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан налуу зам /пандус/-ыг стандартын дагуу зурдаг боловч барилгын талбайд хэрхэн хийгдсэнийг шалгаад буруу хийсэн бол эргээд засдаггүй тэр чигээр нь орхих нь олонтаа. Тиймээс мэргэжлээ сайтар судалж, эзэмшсэн мэргэжлийнхээ эзэн нь байхын тулд хүнлэг, тууштай, зарчимч байх хэрэгтэй шүү гэж уншигч хүүхэд, залуустаа зөвлөмөөр байна. Боломжгүй зүйл гэж байхгүй гэдгийг үргэлж санаарай.

YOLOСонирхолтой ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа.

#Мэргэжил #Career #Архитектор