Алдартай дуучдын зохиосон ХИТ ДУУНУУДЫН талаарх сонирхолтой түүхүүд


Миау | YOLO.MN
2020-11-06

Өнөө цагт бүх дуучид дууны үгээ бичиж, аяа зохиодоггүй нь нууц биш болжээ. Гэвч дуугаа өөрөө бичээд өөрөө дуулчихдаг чадварлаг дуучид байхад бусад уран бүтээлчдэд зориулан бичсэн дуугаараа хөгжмийн томоохон шагнал гардуулах ёслолуудаас хамаг шагналыг нь түүчихдэг, "төрчихсөн" уран бүтээлчид ч байна.

Ингээд алдартай дуучдын зохиосон хит дуунуудын талаарх сонирхолтой түүхүүдийг хүргэж байгааг хүлээн авна уу. 

1. “LITTLE THINGS”

Гудамжинд дуу дуулж хоногийн хоолоо залгуулдаг байсан өсвөр насны хүүгээс дэлхийн топ зэрэглэлийн дуучин болтлоо өсөн дэвжиж чадсан цөөн хэдэн уран бүтээлчдийн нэг бол Ed Sheeran. Тэгвэл чадварлаг дуучин маань дөнгөж 17 насандаа Их Британийн One Direction хамтлагийн дуулсан “Little Things” дууг зохиож байжээ.

Тэрээр уг дууг өсвөр насны хөвгүүн байхдаа найзтайгаа хамт зохиож байсан ч дуу цаг хугацааны явцад мартагдсан гэдэг. Сүүлд найз нь дуугаа сэргээн санаж Ed Sheeran руу явуулахад тэрээр One Direction хамтлагийнханд дуулж сонсгосон аж. Ингээд хамтлагийн залууст энэхүү дуу ихэд таалагдсан тул “Take Me Home” цомогтоо багтаажээ. 

2. “OCEAN EYES”

Чадварлаг дуу зохиогч гэхээсээ илүүтэйгээр Греммигийн таван удаагийн шагналт залуу дуучин Billie Eilish-ийн ах гэдгээрээ олонд танигдсан дуучин, хөгжимчин Finneas O’Connell “Ocean Eyes” дууг мөн л 17 настайдаа бичиж байжээ.

Хачирхалтай нь Finneas уг дууг ахлах сургуулийнхаа хамтлагийнханд зориулж зохиосон ч амьдаар тоглож үзэхэд Billie Eilish л амилуулж чадах юм шиг санагдсан талаар нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Ингээд Billie-гийн дуулахыг сонсоход тэр дуунд төсөөлж байснаас нь илүү их мэдрэмж, сэтгэл шингэсэн мэт санагдсан гэдэг. 

3. “PARTY IN THE USA”

Анх энэ дууг сонсчихоод л “аан, Miley Cyrus гэж ийм дуучин байдаг юм байна даа” гэж бодож байж билээ. Тэгвэл энэ дуу бүтсэн түүх их сонирхолтой.

Юун түрүүнд энэ дууг дуучин Jessie J зохиосон талаар дурдах нь зүйтэй байх. Тэрээр 2015 онд “Glamour UK” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, “Би энэ дуунаас олсон ашгаар бараг гурван жилийн турш байрныхаа түрээсийг төлсөн байх аа. Би дуучин болохоосоо өмнө дуу зохиож, зохиосон дуугаараа л мөнгө олдог байсан” хэмээж байсан билээ.

Та бүхэнд сонирхуулан хэлэхэд Jessie J Miley Cyrus-аас гадна DJ David Guetta, дуучин Chris Brown, Robin Thicke нарт зориулан дуу бичиж өгч байжээ.

4. “JUST A LITTLE BIT OF YOUR HEART”

One Direction хамтлагийн гишүүн асан, дуучин Harry Styles гунигийн өнгө аяс бүхий хайрын дуунуудаараа хэний ч дор орохгүй гэж хэлж болно. Нэгэн удаа тэрээр дуучин Ariana Grande-гийн дуу бичлэгийн студид зочлоход продюсерүүд нь түүнээс Ariana-д зориулан дуу бичихийг санал болгосон гэдэг. Harry ч уг саналыг нь зөвшөөрөөд хэдхэн цагийн дотор “Just a Little Bit of Your Heart” дууг бичсэн аж.

Ariana 2014 онд MTV сувгийн ярилцлагад орох үеэрээ, “Harry энэ дууг нэг их удалгүй бичээд дуусгачихсан. Ингээд дууг нь сонсоод “Хөөх, ямар гоё бадагтай дуу вэ?” гээд алмайраад л... Бадгаас дахилт руу шилжих хэсгийг нь сонсчихоод “Хөөх, ямар гоё хэсэг вэ?” гэж гайхаад л... Харин дахилтыг нь сонсоод бол бараг уйлах шахсан” гэжээ.

5. “IRREPLACEABLE”

“You must not know 'bout me
You must not know 'bout me” дэндүү танил сонсогдож байгаа биз? Бага байхад TV Chat-аар байнга шахуу эгшиглэдэг байсан энэ дууг тухайн үед гялалзаж явсан R&B дуучин Ne-Yo зохиожээ. “Irreplaceable” дуу дуучин Beyonce-гийн хөгжмийн карьерт маш том нөлөө үзүүлсэн гэж хэлж болно. Гэсэн хэдий ч дуучин Ne-Yo уг дууг өөрөө дуулалгүйгээр Beyonce-д өгсөндөө огтхон ч харамсдаггүй аж.

Тэрээр Америкийн “Choise FM” радиод өгсөн ярилцлагадаа, “Яг үнэндээ би энэ дууг анх өөртөө зориулж бичсэн юм. Энэ дуунаас эрэгтэй, эмэгтэй хүмүүс хорвоог нэг их өөр нүдээр хардаггүй гэдгийг ойлгосон. Гэхдээ яг бичсэнийхээ дараа өөрөө дуулна гэхээр жаахан хачин санагдсан. Үгүй ээ, эрэгтэй хүн "Хувцсыг чинь баглачихсан. Такси дуудаад өгье, яг одоохон манайхаас яв" гээд дуулаад байвал эвгүй биз дээ хэмээжээ. 

6. “TILL THE WORLD ENDS”

Дуучин Kesha дуучны карьераа эхлүүлэхээс өмнө олон алдартай дуучдад зориулан дуу зохиож өгдөг байжээ. Тэдгээрээс онцолбол:

- “Till the World Ends” – Britney Spears
- “Pink Champagne” – Ariana Grande
- “Touch Me” – Flo Rida
- “The Time of Our Lives” – Miley Cyrus
- “Disgusting” – Miranda Cosgrove

Дуучин Kesha маань алдарт “iCarly” цувралын од, жүжигчин Miranda Cosgrove-т хүртэл дуу зохиож өгч байсан байх нь.

7. “PRETTY HURTS”

Дуучин Beyonce-гийн “Pretty Hurts” дуу нэг хэсэгтээ л хөгжмийн сувгуудаар эгшиглэсэн. Тэгвэл энэ дууг дуучин Sia зохиож байжээ.

Сонирхолтой нь тэрээр уг дуугаа дуучин Katy Perry-д зориулж биччихээд и-мэйлээр явуултал Katy тэр и-мэйлийг нь уншаагүй аж. Ингээд дуучин Rihanna-гийн менежер лүү явуулсан ч менежер нь мөн л хариу өгөлгүй найман сар хүлээлгэсэн байна. Эцэст нь дуугаа дуучин Beyonce-д сонсготол тэрээр шуудхан зөвшөөрсөн гэдэг. 

Хамгийн инээдтэй нь уг дуу цацагдсаны дараа Katy Perry Sia-д “энэ дуугаа надад өгчихгүй яасан юм бэ” хэмээн гомдлох гэж оролдоход нь Sia, “зүгээр л и-мэйлээ шалгачих” гэж хэлсэн гэдэг.

8. “WHATAYA WANT FROM ME”

Тэр нэгэн жилийн зун энэ дуу TV Chat-уудаар харин ч нэг хангинах шиг болсон шүү. Дуучин Pink “Whataya Want From Me” дууг өөрийнхөө “Funhouse” цомогт зориулан бичсэн ч эцэст нь “American Idol” шоу нэвтрүүлгийн ялагч Adam Lambert-д өгжээ. 

9. “DIAMONDS”

Дуучин Sia-гийн зохиосон бас нэгэн хит дуу бол “Diamonds”. Та бүхэн уг дууг ердөө 14 минутын дотор бичиж дуусгасан талаар хаа нэгтээгээс сонсож л байсан байх.

10. “STRIP THAT DOWN”

One Direction хамтлаг одоогоос таван жилийн өмнө тарж, гишүүд нь хувь хувийн карьераа хөөх болсон билээ. Хамтлаг тарсны дараа бүх гишүүд ганцаарчилсан уран бүтээлээ гаргасан бөгөөд Liam Payne-ий “Strip That Down” дууг нь Ed Sheeran зохиосон аж.

11. “HOLLABACK GIRL”

2000-аад оны R&B хит дуунуудын нэгт зүй ёсоор багтах “Hollaback Girl” дууг дуучин Gwen Stefani болон "мөнхийн залуу" Pharrell Williams нар хамтран бичсэн түүхтэй.

12. “SLEDGEHAMMER”

Өнгөлөг зураг авалт, хөнгөхөн мессэж бүхий клипүүдээрээ алдартай дуучин Meghan Trainor АНУ-ын Fifth Harmony хамтлагийн “Suga Mama”, “Brave Honest Beautiful”, “Sledgehammer” зэрэг хэд хэдэн дууг бичиж өгч байжээ.

13. “LOVE YOURSELF”

Тийм ээ, бас л Ed Sheeran. Дуучин Justin Bieber-ийн нарциссист экс найз бүсгүйдээ зориулсан “Love Yourself” дууг Justin Bieber, Ed Sheeran, Benny Blanco нар хамтран бичжээ. Уг дуу Ed Sheeran-ий “Divide” цомогт багтах ёстой байсан ч хэтэрхий "ширүүн" үгтэй гэсэн шалтгаанаар өөрөө дуулахаас татгалзсан гэдэг.

Тэрээр 2017 онд CBC радиод өгсөн ярилцлагадаа, “Би зарим дуунуудаасаа болж нөхөрлөл болон хайр дурлалын харилцаагаа алдаж байсан гашуун түүхтэй нэгэн. Хэдийгээр эдгээр дуунууд радио, хөгжмийн нэвтрүүлгүүдээр эгшиглэж, намайг олонд таниулж байгаа нь сайшаалтай ч нөгөө талаараа миний хувийн амьдралд багагүй сөрөг нөлөө үзүүлдэг. “Love Yourself” бол яг л энэ төрлийн дуу” гэжээ.

Эх сурвалж: Insider

#Дуу #Алдартан