ЗАХИДАЛ: ЭЕШ-д бэлдэх хэрэгтэй ч санаа зовохоос өөр зүйл алга


ССҮТөв | YOLO.MN
2019-03-12

mail  Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Түүнд сэтгэлээ илчлээд үзэх үү, найз хэвээрээ үлдэх үү?

Сайн байна уу? Би 17 настай. Энэ жил төгсөх анги хэдий ч хичээлдээ төвлөрч чадахгүй, санаа зовохоос өөр зүйл алга. Үнэхээр санаа зовж байгаа ч ерөөсөө төвлөрч чадахгүй юм. Өөртөө ч гутрах шиг. Ямар ч хэрэгцээгүй юманд их цаг үрж байгаагаа мэдсээр байгаа ч цагийг яаж үр дүнтэй зарцуулах тухайгаа, хэрхэн анхаарлаа бүрэн хандуулж сурах вэ гэдгээ сайн мэдэхгүй байна. Энэ тал дээр надад зөвлөгөө өгч туслаач.

Бас ЭЕШ-д бэлдэхэд хэр хугацаа зарцуулах тухай мэдээлэл зөвлөгөө өгнө үү.

ЗӨВЛӨГӨӨ: Стрессээ таних, удирдах, бясалгал хийх талаар бие дааж судлаарай

Сайн байна уу? Захиа илгээсэнд баярлалаа. Бидний хэрэглэж буй технологиуд анхаарлыг сарниулах зохион байгуулалттай байдаг. Жишээлбэл би дөнгөж сая өөртөө тохиолдсон зүйлээ хуваалцъя. Би “Яагаад зарим хүмүүс огт амьдралын зорилгоо (passion) олж чаддаггүй вэ?” гэж гүүглээс хайтал сэтгэл гутралд өртсөн залуу амьдрах сонирхолгүй болсон талаар нийтлэл гарч ирсэн. Ингээд сэтгэл гутралын талаар буюу энэ залуугийн талаар уншиж байтал реклам дээр нь Валентины баяраар өгөх бэлгийн санаанууд гэх цонх гарч ирлээ. Ингээд нэг мэдэхэд би шоколад хараад сууж байлаа. Уг нь би их том асуултад хариулт авах гэж интернет орсон шүү дээ. Тэгэхээр энэ сатаарах, төвлөрч чадахгүй байх асуудал бид бүгдэд их бага хэмжээгээр тохиолдож байгаа. Үүнд технологи, ялангуяа олон нийтийн сүлжээ их нөлөөлдөг шүү. Үүнээс гадна стресстэй байх үед анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү болдог. Тэгэхээр цагаа зөв зохицуулж, үр дүнтэй ашиглахын гол нууц нь анхаарал төвлөрөл. Үүнийг сайжруулдаг гол зүйл нь стрессээ багасгаж сурах, мөн бясалгал хийх байдаг. Чи өсч том болж, ажиллаж эхлэх үед анхаарал төвлөрөл улам л чухал болно. Тэгэхээр одооноос стрессээ таних, удирдах, бясалгал хийх талаар бие дааж судлаарай. Харин одоогоор туслах жижиг алхмууд санал болговол:

  1. Нэг дор нэг л үйлдэл хий. Дуу сонсонгоо хичээлээ хийж байгаа бол чиний сэтгэлийг нэг их хөдөлгөдөггүй, үггүй дуу сонсвол дээр.
  2. Нэг зүйлээ хийж дуусгачхаад дараагийнхыг эхлүүл.
  3. Хийж эхлэхээсээ өмнө “Би юу хийх гэж байгаа билээ?”, “Яагаад хийж байгаа билээ?”, “Хэр хугацаанд хийх вэ?” гэдгээ дотроо бодоод, үүнийхээ дагуу л хий.
  4. Хичээлээ хийж байхдаа фейсбүүк, инстаграмаа лог-аут хийгээд /гарах/, утасныхаа дууг хааж хол тавьж бай.
  5. Төвлөрч чадахгүй байгаадаа битгий өөртөө уурла. Зүгээр л би төвлөрөх хэрэгтэй шүү гэдгээ санаад ахиад төвлөрөх гэж хичээ.
  6. 30 минут төвлөрөөд 5 минут амрах арга байдаг. Зарим хүнд их үр дүнтэй. Туршаад үзээрэй.

Цаг зөв ашиглахын хувьд, цаг хөтөлдөг календарь ашиглаж хэвшээрэй. Үүндээ өдөрт хийх үйлдлүүдээ цагаар нь оруулж өгч бай. Тэгээд чамд байнга хийх зүйлийг чинь календарь чинь сануулж өгч байх болно. Жишээлбэл: гүүгл календарь хэрэглэж болно.

Өөрийгөө хөгжүүлж улам сайн болохыг хүсч бидэнд хандсан баярлалаа. Дээрх зөвлөмжүүдийг хэрэгжүүлээд үр дүнгээ хуваалцаарай. Амжилт хүсье.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Сэтгэл судлаач

Б.Алтанцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. 

#Letter