"БЭЛГИЙН БОЛОВСРОЛ"
Эмэгтэй хүн бүр сарын тэмдгийн талаар өөр өөрийн гэсэн ойлголттой байдаг. Гэвч тэдгээр нь бүгд үнэн байна уу гэвэл үгүй. Сарын тэмдгийн талаарх буруу ойлголтууд эргээд таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй тул олон нийтийн дунд байдаг түгээмэл буруу ойлголтуудыг энэхүү нийтлэлээрээ залруулж байна.
ХУДАЛ: САРЫН ТЭМДЭГ САР БҮР ТОГТМОЛ ӨДӨР ИРЭХ ЁСТОЙ
Юун түрүүнд сарын тэмдэг болон сарын тэмдгийн мөчлөг нь тусдаа зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Ихэнх эмэгтэйчүүд сарын тэмдэг нь эхэлсэн өдрөөс яг 28 хоногийн дараа дараагийн сарын тэмдэг ирнэ гэж боддог. Гэвч зарим сард 30 болон түүнээс ч олон хоноод сарын тэмдэг ирэх үе байдаг шүү дээ.
Сарын тэмдгийн мөчлөгийг дунджаар 28 хоног гэж үздэг боловч ихэнхдээ 28-35 хоногт хэлбэлздэг. /Мөчлөгийн хоног нь тухайн эмэгтэйн биеийн жин, сэтгэл санааны байдлаас хамаарч хэлбэлздэг байна./ Тиймээс таны сарын тэмдэг 28 хоногоос олон хоноод ирэх боломжтой гэсэн үг. Энэ нь хэвийн зүйл юм. Харин 2 сар болон түүнээс дээш хугацаанд ирээгүй тохиолдолд эмэгтэйчүүдийн эмчид заавал өөрийн биеэр хандана уу.
ХУДАЛ: САРЫН ТЭМДЭГ ИРЭХ ҮЕД ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦУС АЛДДАГ
Ихэнх эмэгтэйчүүдийн сарын тэмдэг 2-7 хоногийн хугацаанд ирэх бөгөөд энэ үед 10-80 мл цус алддаг. Энэ нь хэвийн зүйл юм. Харин сарын тэмдгийн үед хэвийнээс хэт их хэмжээгээр цус алдаж толгой эргэх, дотор муухайрах, ухаан алдах шинж тэмдэг илэрвэл эмчид хандаарай.
ХУДАЛ: САРЫН ТЭМДГИЙН ЦУС НЬ БОХИР БАЙДАГ
Та дотнын найзаасаа эсвэл таньдаг хүнээсээ сарын тэмдгийн үеэр гардаг цус нь “бохир цус” байдаг талаар сонсож байсан нь гарцаагүй. Гэвч энэ бол дэлхий даяар тархсан буруу ойлголт юм.
Балба улсад Chhaupadi хэмээх зан үйл байдаг бөгөөд сарын тэмдэг нь ирсэн эмэгтэй хүнийг гэрээсээ хөөдөг гэнэ. Учир нь сарын тэмдгийг бохир зүйл, сарын тэмдэг нь ирсэн эмэгтэй хүнийг “бохир” хэмээн үздэг аж. Хэдийгээр 2017 оноос тус зан үйлийг хуулиараа хориглосон боловч хөдөөгийн зарим тосгонд амь бөхтэй хэвээр байгааг TIME сайтаас дурдсан байна.
Энэ мэтчилэн сарын тэмдэгтэй холбоотой худал домог, яриа түгээмэл байдаг бөгөөд Healthline сайтаас “сарын тэмдэг бол муу цус биш” гэдгийг онцолжээ. Тиймээс та сарын тэмдгийн цусаа бохир цус гэж бодох шаардлагагүй бөгөөд нөгөөтээгүүр энэ бол таны биеэс ялгарч буй шүүрэл учраас санаа зовох хэрэггүй.
ХУДАЛ: БҮХ ЭМЭГТЭЙЧҮҮД САРЫН ТЭМДГИЙН ҮЕИЙН ӨВДӨЛТТЭЙ НҮҮР ТУЛДАГ
Бүх эмэгтэйчүүд сарын тэмдгийн үеийн өвдөлттэй нүүр тулдаг учраас өвдөлт өгдөггүй зарим хүмүүсийг гайхаж, эрүүл бус мэтээр хүлээж авдаг. Гэвч энэ нь худал цуурхал бөгөөд эмэгтэй хүн бүрийн бие организм харилцан адилгүй учир зарим эмэгтэйчүүдэд ноцтой шинж тэмдэг илрэхгүй ч байж болно.
Тухайлбал, АНУ-д л гэхэд дөрвөн эмэгтэй тутмын нэг нь л сарын тэмдгийн үеийн өвдөлттэй нүүр тулдаг. Харин тэдгээр өвддөг эмэгтэйчүүдийн 5 орчим хувь нь хүчтэй өвдөлт өгдөг бөгөөд бусдад нь гэдэс базлах, хөх хөндүүрлэх, ядарч сульдах шинж тэмдэг илэрдэг аж.
ХУДАЛ: ДОТНО НАЙЗУУДЫН САРЫН ТЭМДЭГ ОЙРОЛЦОО ӨДӨР ИРДЭГ
Дотнын найзуудын сарын тэмдэг ойролцоо өдөр ирдэг гэж сонсож байсан уу? Магадгүй таны найзуудын сарын тэмдэг ч таныхтай ойролцоо өдөр ирж байхыг үгүйсгэхгүй. Харамсалтай нь энэ бүхэн ердөө л худал цуурхал юм.
2017 онд Оксфордын их сургуулийн судлаачид дотнын найз, өрөөний хамтрагч, эгч дүүс зэрэг 360 эмэгтэйн сарын тэмдгийн мөчлөгийг судалсан байна. Уг судалгаагаар эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөг нь хоорондоо ямар ч хамааралгүй гэдгийг тогтоосон байна. Тодруулбал, судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 75.8 хувийнх нь сарын тэмдгийн мөчлөг олон хоногийн зөрүүтэй байжээ.
ХУДАЛ: САРЫН ТЭМДЭГ ИРСЭН ҮЕД ЖИРЭМСЭН БОЛОХ БОЛОМЖГҮЙ
Зарим хүмүүс “сарын тэмдэг ирсэн үед бэлгийн харилцаанд орсон ч жирэмсэн болдоггүй” гэж ярьдаг. Гэхдээ бодит үнэн гэвэл таны сарын тэмдэг ирсэн байсан ч хамгаалалтгүй бэлгийн хавьталд орвол жирэмсэн болно. Харин сарын тэмдгийн үед жирэмслэх магадлал буурдаг нь үнэн боловч огт жирэмслэхгүй гэх баталгаагүй аж.
ХУДАЛ: САРЫН ТЭМДЭГ ИРСЭН ҮЕД ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙЖ БОЛОХГҮЙ
Сарын тэмдэг ирсэн өдрүүдэд дасгал хөдөлгөөн хийж болохгүй гэдэг домог нь Мексикчүүдээс гаралтай. Тэд сарын тэмдэг ирсэн үед дасгал хийж, бүжиглэвэл гэдэс өвдөж улмаар үргүйдэлд хүргэдэг гэж үздэг байжээ. Гэвч энэ нь худал цуурхал юм. Харин ч сарын тэмдэг ирсэн үед идэвхтэй дасгал хөдөлгөөн хийснээр стрессээс ангижирч, гэдэс базалж өвдөх мэдрэмж багасдаг.
ХУДАЛ: САРЫН ТЭМДЭГ ИРСЭН ҮЕД УСАНД СЭЛЖ БОЛДОГГҮЙ
Зарим хүмүүс сарын тэмдэг нь ирсэн эмэгтэй хүнийг усанд сэлж болохгүй, усан санг бохирдуулна гэж үздэг. Гэвч энэ нь худал үг бөгөөд эмэгтэй хүн сарын тэмдэг нь ирсэн ч усанд сэлж болдог. Эмэгтэйчүүдийн эмч Жессика Шепердийн (Jessica Shepherd) дурдсанаар: “Усны даралт нь сарын тэмдгийн хэмжээг багасгадаг” гэжээ. Өөрөөр хэлбэл та сарын тэмдэг ирсэн үедээ усанд сэлбэл сарын тэмдэг тухайн цагт бага ирэх магадлал өндөр аж. Мөн сарын тэмдэг ирсэн үед өмсдөг усны хувцас, тампон зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн байдаг тул усанд сэлэхдээ санаа зовох хэрэггүй гэж зөвлөжээ.
Эх сурвалж: Teen Vogue, Healthline
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх