Ханиах чимээгээр "COVID -19"-ийн халдвар авсан эсэхийг тогтооно


Эдгээр өдрүүдэд зүгээр хоолойгоос засаж ханиахаас хүртэл санаа зовдог болжээ. Арай "COVID-19"-ийн халдвар авчихсан юм биш биз дээ? Эсвэл зүгээр л хамрын ханиад юм болов уу гэж айна. Тэгвэл Массачусетсийн Технологийн хүрээлэнгийн судлаачдын хөгжүүлж буй хиймэл оюун ухааны алгоритмын ачаар бид коронавирусийн халдвар авсан эсэхээ хялбархан шалгах боломжтой болж байна. 

Судалгааны багийн гишүүн Brian Subirana-гийн хэлж байгаагаар хүн "COVID-19"-ийн халдвар авахад хоолойны өнгө тодорхой хэмжээнд өөрчлөгддөг бөгөөд тус вирусийн шинж тэмдэг илрээгүй байсан ч мөн адил байдаг гэнэ. 

Тэгвэл Массачусетсийн Технологийн сургуулийн судлаачдын хөгжүүлж буй уг технологийн нэг сүлжээ нь хоолойн хөвчний хүч дуу хоолойтой хэрхэн хоршиж буйг тодорхойлох бол нөгөө сүлжээ нь сэтгэлзүйн байдлыг тодорхойлох чадвартай байна. Харин гурав дахь сүлжээ нь амьсгалын замын үйл ажиллагаанд ямар нэгэн өөрчлөлт гарсан эсэхийг тогтоох аж. Ингэснээр ханиалгаас өөр ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй халдвар тээгчийг ч илрүүлэх боломжтой болсон байна. 

Энэхүү алгоритмын анхны туршилтууд амжилттай буюу маш өндөр нарийвчлалтай гарч байгаа аж. Судалгааны багийнхан энэхүү технологио 70 мянга гаруй ханиалга, харилцан ярианы дуу бичлэгэн дээр туршиж үзсэн бөгөөд коронавирусийн халдвартай судалгаанд оролцогчдын 98,5 хувийг нь үнэн зөв илрүүлж чаджээ. Мөн ямар ч шинж тэмдэг илрээгүй халдвар тээгчдийг 100 хувь илрүүлсэн гэнэ. 

Эрдэмтэд энэхүү технологийг хэрэглэгчдийг "COVID-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлэхэд туслах зорилготойгоор хөгжүүлж байгаа хэрэв амжилттайгаар утасны апликэйшн хэлбэрээр бүтээж чадвал бид утас руугаа ханиагаад л халдвар авсан эсэхээ тодорхойлох боломжтой байна. 

Эх сурвалж: Engadget

#COVID19 #Цар тахал #Шинжлэх ухаан